Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01740

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01740

 

 

 

 

 

 

 

2022 09 16 210/МА2022/01740

 

 

Ж.Н- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/02114 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ж.Н

Хариуцагч: Т- ХХК, Н.М- нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 86,416,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ж.Н-тэй байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21/06 дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж, худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцлах; гэрээний дагуу бэлнээр шилжүүлсэн 100,000,000 төгрөг, Ж.Н- нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73а байрны 3 өрөө, 85.04 м2 талбайтай орон сууцыг буцаан авах; экскаваторт хийсэн засвар, үйлчилгээний зардалд 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч Т- ХХК-ийг төлөөлж Н.М- нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Машин механизм худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 40-68 улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, Хьюндэй робекс 520 эл си /Hyandai Robex520LC/ маркын экскаваторыг 365,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Төлбөрт 100,000,000 төгрөгийг бэлнээр, 3 өрөө орон сууцыг 178,584,000 төгрөгт тооцож, нийт 278,584,000 төгрөгийг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Т- ХХК-ийг татсан бөгөөд гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан. Харин барьцааны гэрээг Н.М-тай байгуулсан. Иймд үлдэгдэл төлбөр болох 86,416,000 төгрөгийг хариуцагч Н.М-ас гаргуулах, эрхийн улсын Ү-2204111864 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 73а байрны 1 давхар 4а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Т- ХХК-ийн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Т- ХХК нь 2012 оноос гадаад худалдаа болон төмөр хийц, барилга уул уурхайн чиглэлээр үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байна. Тус компани нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ж.Н-тэй Машин механизм худалдах-худалдан авах гэрээ байгуулж, экскаваторыг 365,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Нийт 278,584,000 төгрөгийг гэрээний үүрэгт төлсөн. Эрхийн болон биет байдлын доголдолтой машин механизм худалдан авснаас болж өнөөдрийг хүртэлх хугацаанд 306,000,000 төгрөгийн хохирол хүлээгээд байна. Нэхэмжлэгч нь доголдолтой эд хөрөнгө худалдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Н.М-ын тайлбарын агуулга: Миний бие компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан. Өөрийн эзэмшилд тухайн механизмыг аваагүй гэжээ.

4. Хариуцагч Т- ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Машин механизм худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 40-68 улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, Хьюндэй робекс 520 эл си /Hyandai Robex520LC/ маркын экскаваторыг 365,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тухайн механизм нь ажлын ачаалал даахгүй удаа дараа эвдэрсэн. Бид энэ талаар Ж.Н-д хэлж, засварлаж өгөхийг шаардсан боловч худалдагч талаас ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй байснаас худалдан авагч компани өөрийн зардлаар 25,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Иймд дээрх гэрээг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцалж, гэрээний дагуу бэлнээр шилжүүлсэн 100,000,000 төгрөг, Ж.Н- нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73а байрны 3 өрөө, 85.04 м2 талбайтай орон сууцыг буцаан олгуулах, машин механизмд засвар үйлчилгээ хийсэн зардал 25,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай операторын хамт экскаваторыг 8 дугаар сард ирж асаалгаж, ажил хийж үзсэн. Н.Мөнгөнтулгын явуулсан н.Батсайхан гэх хүн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр экскаваторыг хүлээж авсан болно. Бид хүлээлгэж өгөхдөө тос, маслийг сольж, хашаанаас гарч ажил хийж үзсэн. Н.М- нь өөрийн гэсэн мэргэжпийн оператор байхгүй, экскаватор барих чадваргүй оператораар бариулаад техникийн тохиргоог алдагдуулсан байсан. Экскаватор нь 2010 үйлдвэрлэгдсэн 12 жил ашигласан хуучин техник юм. Бидний хувьд эд хөрөнгийн ямар нэгэн доголдолгүй техник хүлээлгэж өгсөн гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т- ХХК-аас 86,416,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2204111864 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 73а байрны 1 давхар, 4а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ж.Н-д холбогдох, Ж.Н-тэй байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21/06 дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж, худалдах-худалдан авах гэрээг цуцлах, гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөг, Ж.Н- нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73а байрны 3 өрөө, 85.04 м2 талбайтай орон сууцыг буцаан авах, экскаваторт хийсэн засвар, үйлчилгээний зардалд 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай Т- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэл гаргагч талыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж дүгнэжээ. Гэтэл тус хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн М.Сайнжаргал дээрх экскаватор нь 2 жилийн өмнө шатаж байсан гэж мэдүүлсээр байхад анхан шүүх мэдүүлгийг үнэлсэнгүй, буруу дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн гэрч Ч.Б- нь ...ерөнхий үзлэг хийж дээрх экскаваторыг хүлээж авсан, тэрнээс биш нарийн шалгаж авсан зүйл байхгүй, ажлын талбар дээр гараад л доголдож эхэлсэн гэж мэдүүлсээр байхад дээрх мэдүүлгүүдийг үнэлж дүгнэсэнгүй.

Анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21/06 дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж, худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн боловч тус гэрээний 5.1.1-т заасан заалтыг үнэлсэнгүй, учир нь тухайн гэрээгээр худалдагч тал эрхийн доголдолгүй механизм нийлүүлэх ёстой атал тухайн механизм нь эрхийн болон биет байдлын доголдолтой байсан талаар гэрч нар хэлсэн, тухайн үед нэхэмжлэгчтэй холбогдож болсон асуудлын талаар хэлэхэд өөрийн зардлаар засварчид аваачиж янзлуулж байгаа нь тухайн механизм нь доголдолтой байгааг илтгэж байна.

Иймд анхан шатны шүүх тухайн хэрэгт үнэн зөв дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэхэд эргэлзээтэй байх тул шийдвэрийг хүчигүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хэрэв доголдолтой эд хөрөнгө байсан бол шалгаж авах үүрэгтэй. Өөрсдийгөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг гэдгээ хариу тайлбартаа мэдэгдсэн бөгөөд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг компани нэн даруй шалгаж авах үүрэгтэй. Хэрэв уг үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдана гэж хуульд заасан. Уг техник хэрэгсэл нь 2010 онд үйлдвэрлэгдсэн, 12 жил ашиглагдсан, хуучин техник гэдгийг харгалзаж үзэх ёстой. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээр ашиглах боломжтой тээврийн хэрэгслийг өгсөн тул хууль зөрчөөгүй. Бид хүлээлгэж өгөхдөө улсын үзлэг, оношилгоонд оруулж, татварын төлж өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ж.Н- нь хариуцагч Н.М-, Т- ХХК нарт холбогдуулан машин механизм, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 86,416,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, Т- ХХК нь Ж.Н-тэй байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21/06 дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж, худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцлах, гэрээний дагуу бэлнээр шилжүүлсэн 100,000,000 төгрөг, Ж.Н- нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73а байрны 3 өрөө, 85.04 м2 талбайтай орон сууцыг буцаан авах, экскаваторт хийсэн засвар, үйлчилгээний зардалд 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. /хх 1-2, 33/

3.а. Ж.Н- болон Т- ХХК-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Машин механизм, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ж.Н- нь 40-68 УН улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, Hyandai Robex520LC /Хьюндай робекс 520 эл си / маркын экскаваторыг өмчлөлд шилжүүлэх, Т- ХХК нь 365,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

3.б. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н.Мөнгөнтулгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204111864 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 73а байрны 1 давхар, 4а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ./хх. 5-10/

3.в. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д зааснаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулж, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

4. Ж.Н- нь гэрээний зүйл болох 4068УН улсын дугаартай Hyundai Robex 520 LC /Хьюндай Робекс 520 эл си/, QB021021 арлын дугаартай экскаваторыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ны Ч.Б-д хүлээлгэн өгч, акт үйлдсэн, Төмөрт өргөө ХХК нь гэрээний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр 100,000,000 төгрөг төлж, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73а байр, 85.04м2 талбайтай 3 өрөө орон сууцыг 178,584,000 төгрөгт тооцон өмчлөх эрхийг шилжүүлсэн, одоо 86,416,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй талаар талууд маргаагүй.

Хариуцагч нь экскаваторыг зориулалтын дагуу ажиллаж байсныг шалгаж хүлээн авсан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн техник хүлээлгэж өгсөн акт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн экскаваторын засварыг хийж хүлээлцсэн гар бичмэл, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдов. /хх, 8, 60-62, 95/

5. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Экскаватор нь биет байдлын доголдолтой, ажлын ачаалал даахгүй эвдрэл гарсан тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг биет байдлаар нь харилцан буцааж өгнө гэж тайлбарласан.

6.а. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

Машин механизм, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ-ээр шилжүүлсэн Hyundai Robex 520 LC /Хьюндай Робекс 520 эл си/, QB021021 арлын дугаартай экскаватор нь биет байдлын доголдолтой болохыг худалдан авагч нь нотлох үүрэгтэй.

6.б. Т- ХХК нь Ж.Н-г Hyundai Robex 520 LC /Хьюндай Робекс 520 эл си/, QB021021 арлын дугаартай экскаваторыг 365,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч доголдолтой механизмыг нийлүүлсэн гэж Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3988 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, уг тогтоолыг Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/20 дугаар тогтоолоор тус тус хянаж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх. 74-86/

Дээрх прокурорын тогтоолд экскаваторын биет байдлыг доголдолтой холбоотой үйл баримтыг тогтоогоогүй болохыг дурдах нь зүйтэй.

6.в. Т- ХХК нь Hyundai Robex 520 LC /Хьюндай Робекс 520 эл си/, QB021021 арлын дугаартай экскаватор нь 2010 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр импортлогдсон хуучин экскаватор худалдан авчээ. /хх. 12/

6.г. Талууд хуучин эд хөрөнгө худалдан авсан атлаа гэрээнд эд хөрөнгийн биет байдлын доголдолгүй гэж ерөнхий байдлаар зааснаас өөрөөр нарийвчлан чанар байдлын талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар Ж.Н- нь зориулалтын дагуу ашиглаж болох эд хөрөнгө нийлүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. /хх. 108-110/

Түүнчлэн, Уул, уурхайн чиглэлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг Т- ХХК нь худалдан авсан экскаваторын доголдлыг нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-д зааснаар шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй. /хх. 8, 60-62, 95/

7.а. Гэрч М.С, Э.Э, Ч.Б- нарын өгсөн гэрчийн мэдүүлгүүдээр Хьюндай Робекс 520 Эл Си /Hyundai Robex 520 LC/ Экскаваторт учирсан гэх эвдрэл гэмтэл нь "Т-" ХХК-аас шилжүүлэн авснаас хойшхи хугацааны ашиглалтаас үүссэн эсэх, эсхүл өмнө нь байсан доголдол эсэхийг тогтоох боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нотолгооны хэрэгсэл мөн боловч гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон байх учиртай. Экскаватор биет байдлыг доголдлыг нь гэрчийн мэдүүлгээр бус, харин энэ талаар тусгай мэдлэг бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдох асуудалд хамаарах тул гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

7.б. Т- ХХК нь биет байдлын доголдолтой холбоотой сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

8. Т- ХХК болон Ж.Н- нарын хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Машин механизм, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ-ний оролцогч тал нь Н.М- биш тул энэ гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг хүлээхгүй. Харин, Н.М- болон Ж.Н- нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байгуулсан Барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад ...хариуцагч Т- ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Н.М-ын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох... гэж нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/02114 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дах заалтын хариуцагч гэсний ард Т- ХХК гэж, тохиолдолд гэсний ард хариуцагч Н.М-ын өмчлөлийн гэж тус тус нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,107,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР