| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0697/э |
| Дугаар | 747 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунбилэг, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агь овогт Мөрөнгийн Батсайханд холбогдох эрүүгийн “1811020090725” дугаартай, 186/2018/0697/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1982 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 60-1783 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, А овогт М.Б /РД:……………… /,
Холбогдсон хэргийн талаар:
М.Б нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт охин Б.Батцэнгүүнийг өмөөрч иргэн Н.Нарангоог зодож түүний биед зүүн шуу, гуянд цус хуралт, сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Нарангоогийн: 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрийн баруун талд байрлах Иврошэй гоо сайхны урд 15-16 насны эмэгтэй наанаасаа зайлаач бузар эм минь гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд чи яагаад хүн доромжлоод байгаа юм гээд би тэр охины нуруулуу нь цохьсон чинь ээж нь гэх нэг эмэгтэй машинаас бууж ирээд миний цээж хэсэгрүү 2 удаа хүчтэй түлхсэн. Тэгээд байж байтал манай эгч хүрч ирээд юу болоод байгаа юм гээд тэр эгчээс намайг салгаад байж байхад нөгөө ээж нь дахиад миний гарнаас барьж байгаад хуруунуудыг хойш нь дараад мөн гэдэс, хөл хэсэгрүү өшиглөж зодсон ба манай эгч цагдаа дуудаад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх 18-19/
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Н.Наранцацралын:...2018 оны 06 сарын 29-ны өдөр би дүү Нарангоогийн эрхэлдэг гар дээрээс наймаа эрхэлж байгаа газар нь очсон. Тэгэхэд Нарангоо нь надад аниа энд 2, 3 хоног энэ хүн хажууд ирээд юм зараад байна дүү нь хөөчихөөд ирье гэсэн. Тэгсэн 15 орчим минутын дараа би лангууны араас нь гарч ирээд харахад Нарангоо нь тэр хажууд нь юм зараад байсан хүнтэй зодолдож байсан. Би очоод салгах гэтэл ээж нь гэх эмэгтэй Нарангоог салгах хооронд гэдэсрүү нь өшиглөөд гарыг нь хойш нь болгоод дарчихсан. Тэгээд би болиоч та нар битгий хоорондоо муудалцаад бай та нар ч гэсэн зөвшөөрөлгүй зогсчихоод явахгүй яасан юм гэсэн битгий хуц гээд хэрэлдээд байсан ба Нарангоогийн гар нь өвдөөд байна гэхээр нь би цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 45-46/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Батцэнгүүний:...Нарангоо гэх эмэгтэй тухайн өдөр бид нар дээр өөрөө хүрч ирээд бид нарыг жимс заруулахгүй гээд хэрүүл маргаан хийсэн ба миний мөрлүү цохихоор нь ээж намайг өмөөрөөд тэр эмэгтэйд гар хүрсэн. Тэрнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй гэх мэдүүлэг. /хх-47/
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8219 тоот актын:
1. Б.Батцэнгүүний биед зүүн шуу, гуянд цус хуралт, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Г.Ханхүү /хх-23/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8207 тоот акт:
1. Н.Нарангоогийн биед баруун гуянд цус хуралт, зүүн сарвуу, 2 хацарт зулгаралт, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. шинжээч эмч С.Чулуунсүх гэсэн дүгнэлт /хх-22/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс улсын яллагч: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэрийн 10 дугаар хуудас гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл, 18, 15, 19 дүгээр хуудас хохирогч Н.Нарангоо, Б.Батцэнгүүн нарын мэдүүлэг, 45, 46 дугаар хуудас гэрч Н.Наранцацралын мэдүүлэг, 43 дугаар хуудас ¹8207 дугаартай шинжээчийн дүгнэлт, 28, 29 дүгээр хуудас яллагдагч Б.Батсайханы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт охин Б.Батцэнгүүнийг өмөөрч иргэн Н.Нарангоог зодож түүний биед зүүн шуу, гуянд цус хуралт, сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Нарангоогийн: 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрийн баруун талд байрлах Иврошэй гоо сайхны урд 15-16 насны эмэгтэй наанаасаа зайлаач бузар эм минь гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд чи яагаад хүн доромжлоод байгаа юм гээд би тэр охины нуруулуу нь цохьсон чинь ээж нь гэх нэг эмэгтэй машинаас бууж ирээд миний цээж хэсэгрүү 2 удаа хүчтэй түлхсэн. Тэгээд байж байтал манай эгч хүрч ирээд юу болоод байгаа юм гээд тэр эгчээс намайг салгаад байж байхад нөгөө ээж нь дахиад миний гарнаас барьж байгаад хуруунуудыг хойш нь дараад мөн гэдэс, хөл хэсэгрүү өшиглөж зодсон ба манай эгч цагдаа дуудаад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх 18-19/, мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Н.Наранцацралын:...2018 оны 06 сарын 29-ны өдөр би дүү Нарангоогийн эрхэлдэг гар дээрээс наймаа эрхэлж байгаа газар нь очсон. Тэгэхэд Нарангоо нь надад аниа энд 2, 3 хоног энэ хүн хажууд ирээд юм зараад байна дүү нь хөөчихөөд ирье гэсэн. Тэгсэн 15 орчим минутын дараа би лангууны араас нь гарч ирээд харахад Нарангоо нь тэр хажууд нь юм зараад байсан хүнтэй зодолдож байсан. Би очоод салгах гэтэл ээж нь гэх эмэгтэй Нарангоог салгах хооронд гэдэсрүү нь өшиглөөд гарыг нь хойш нь болгоод дарчихсан. Тэгээд би болиоч та нар битгий хоорондоо муудалцаад бай та нар ч гэсэн зөвшөөрөлгүй зогсчихоод явахгүй яасан юм гэсэн битгий хуц гээд хэрэлдээд байсан ба Нарангоогийн гар нь өвдөөд байна гэхээр нь би цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 45-46/, мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Батцэнгүүний:...Нарангоо гэх эмэгтэй тухайн өдөр бид нар дээр өөрөө хүрч ирээд бид нарыг жимс заруулахгүй гээд хэрүүл маргаан хийсэн ба миний мөрлүү цохихоор нь ээж намайг өмөөрөөд тэр эмэгтэйд гар хүрсэн...гэх мэдүүлэг. /хх-47/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8207 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Батсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч М.Батсайханг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун таван/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ