| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0695/э |
| Дугаар | 748 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунбилэг, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч Г.И, хохирогч Б.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гэрэлмаагийн Ивээл-Очирт холбогдох эрүүгийн “1811023440801” дугаартай, 186/2018/0695/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 3 дугаар байрны 43 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г.И /РД:................../,
Холбогдсон хэргийн талаар:
Г.И нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны 43 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Тэгшжаргалыг зодож түүний биед тархи доргилт, уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн хөмсөг, зүүн гуянд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Г.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... миний бие мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Хохирогч Б.Тэгшжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Тухайн үед ажлаасаа тараад ядраад гэртээ ирэхэд бид хоорондоо учраа олохгүй байсан. Ивээлт-Очир гар утсаараа тоглоом тоглоод байсан. Би гар утсыг нь булууж аваад шидэх гэж байгаа юм шиг зангахад намайг татаж унагааж цохьсон гэв.
Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Тэгшжаргалын:..2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаа тараад Ивээл-Очирийн гэрт 19 цагийн үед очсон бөгөөд Ивээл-Очир гэртээ ганцаараа байсан. Ивээл-Очир ирээд “хаагуур яваад байдаг юм, ямар орой ажил чинь тардаг юм” гэхээр нь би “чамтай хэрүүл хийх тэнхэл алгаа, амармаар байна” гэсэн чинь Ивээл-Очир жоохон уурлаад том өрөөрүүгээ явчихсан. Би жижиг өрөөнд хэвтэж байгаад босч 00-н өрөө орох замдаа Ивээл-Очирт хандаж “чи яагаад надад уурлаад байгаа юм бэ, ингэж хэрүүл өдөх ямар хэрэг байсан юм бэ” гэсэн чинь Ивээл-Очир “зайлаа, манайхаас зайл” гээд утсаараа тоглоом тоглоод байхаар нь би чи наад тоглоомоо дуусгачих, тэгээд сайн бод гэж хэлчихээд 00-н өрөөрүү орчихоод гарч ирсэн чинь Ивээл-Очир тоглож байсан тоглоомондоо хожигдчихсон байсан. Тэгээд надруу уурлаад “чамайг зайл гээд байгаа юм бишүү” гээд тоглоомонд хожигдсон уураа надад гаргаад байхаар нь би утсыг нь булаагаад авчихсан чинь миний хойноос гараа зангидаж ирж далайснаа “чи ер нь юу вэ, аятайхан тоглуулчихгүй, чамаас болоод хожигдчихлоо, утас өг” гээд уурлаад байхаар нь би утсыг нь шидэх гэж байгаа юм шиг зангах хөдөлгөөн гаргасан чинь Ивээл-Очир “одоо битгий давраад бай, утас өг” гээд гарнаас зуураад сэгсчээд байхаар нь би болиоч гэсэн чинь зайл гэж байхад зайлахгүй яасан юм, одоо би чамайг явуулахгүй гэж хэлээд толгойруу 5-6 удаа мөргөсөн бөгөөд би уйлаад намайг одоо явуул, би явмаар байна гэсэн чинь явуулахгүй гээд өрөөнийхөө хаалгыг хааж байгаад хананд толгойгоор нь цохиод, миний гараар өөрийг маань цохиод байхаар нь би болиоч гээд чанга орилсон чинь дуугуй бол гээд гараа зангидаж байгаад амруу гараа чихэж оруулах гэж цохиод, дээрээс дарж дуугуй бол гэж цохиод байсан бөгөөд би ахдаа хэлнэ, цагдаа дуудна гээд утсаа авсан чинь миний утсыг булаагаад авчихсан. Миний аман дээр дэрээр дараад би хэсэг ухаан балартсан бөгөөд Ивээл-Очир тэр үед чи яагаад худлаа маяглаад байгаа юм гэж хэлээд больсон юм. Тэгээд би утсаа аваад цагдаа дуудсан. Ивээл-Очир бид хоёр 2014 онд танилцаж байсан бөгөөд тэрнээс хойш үерхэж байгаа. 2017 оны зун Ивээл-Очирын гэрт байж байхад Ивээл-Очир намайг зодож би бас цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан 2017 оны 01 сард Ивээл-Очиртой маргалдсан чинь миний хувцсыг нуучихаад гаргахгүй зодож байсан, энэ үед цагдаагийн байгууллагад хандаагүй 2017 оны 07 сард намайг зодсон тул би түүнээс салсан бөгөөд 2018 оны 07 сараас уулзаж эхэлж байсан чинь 08 сард намайг зодсон гэх мэдүүлэг. /хх 16-17/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батзаяагийн:....2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хайрхан 10 буюу жижүүрээс ирсэн иргэн Б.Тэгшжаргалаас “хамтран амьдрагч зодоод байна” гэх дуудлагын дагуу очиж ажилласан бөгөөд Тэгшжаргал нь хамтран амьдрагч Ивээл-Очирт зодуулсан, гомдлоо гаргана гэсэн. Ивээл-Очир гэж эрэгтэй нь Тэгшжаргал гэх эмэгтэйтэй гэртээ маргалдаад, нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөсөн гэж хэлж байсан бөгөөд тухайн үед Тэгшжаргалын дух хэсэгт овойж хавдсан байсан гэх мэдүүлэг. /хх-24/ ,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Дүүрэнбаярын:....2017 оны хавар Тэгшжаргал над дээр “Ивээл-Очир намайг цохьчихлоо” гээд нүүр нь улайсан байдалтай ирж байсан бөгөөд би Ивээл-Очиртой уулзахаар гэрт нь очсон чинь хаалгаа тайлж өгөөгүй. Өөр зодож цохиж байсан зүйлийг бол мэдэхгүй байна. Харин сая зодохдоо Ивээл-Очир нь Тэгшжаргалыг цагдаагаараа яв, би мөнгийг нь төлөөд гарчихна гэж хэлсэн байсан гэх мэдүүлэг. /хх 25-26/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Гантулгын:...2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Ивээл-Очир яриад цагдаагийн хэлтэс дээр байна, ирээд авчих гэхээр нь би очсон чинь Тэгшжаргал гомдол гаргасан гэж хэлсэн. Тэгээд би Ивээл-Очироос юу болсон юм бэ гэж асуусан чинь “Тэгшжаргалтай маргалдаад санаандгүй мөргөчихсөн чинь цагдаад өгчихлөө гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-21/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9449 тоот актын:
1. Б.Тэгшжаргалын биед тархи доргилт, уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн хөмсөг, зүүн гуянд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт /хх-34/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 7 дугаар хуудас гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл, 17, 18 дугаар хуудас хохирогч Б.Тэгшжаргалын мэдүүлэг, 24-26 дугаар хуудас гэрч Б.Батзаяа, Б.Дүүрэнбаяр нарын мэдүүлэг, 34 дүгээр хуудас шинжээчийн дүгнэлт, 37, 38 дугаар хуудас шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлэг, 42 дугаар хуудас Г.Ивээлт-Очирын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Г.И нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны 43 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Тэгшжаргалыг зодож түүний биед тархи доргилт, уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн хөмсөг, зүүн гуянд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Тэгшжаргалын:..2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаа тараад Ивээл-Очирийн гэрт 19 цагийн үед очсон бөгөөд Ивээл-Очир гэртээ ганцаараа байсан. ИвээлОчир ирээд “хаагуур яваад байдаг юм, ямар орой ажил чинь тардаг юм” гэхээр нь би “чамтай хэрүүл хийх тэнхэл алгаа, амармаар байна” гэсэн чинь ИвээлОчир жоохон уурлаад том өрөөрүүгээ явчихсан....одоо би чамайг явуулахгүй гэж хэлээд толгойруу 5-6 удаа мөргөсөн бөгөөд би уйлаад намайг одоо явуул, би явмаар байна гэсэн чинь явуулахгүй гээд өрөөнийхөө хаалгыг хааж байгаад хананд толгойгоор нь цохиод, миний гараар өөрийг маань цохиод байхаар нь би болиоч гээд чанга орилсон чинь дуугуй бол гээд гараа зангидаж байгаад амруу гараа чихэж оруулах гэж цохиод, дээрээс дарж дуугуй бол гэж цохиод байсан...Ивээл-Очир бид хоёр 2014 онд танилцаж байсан бөгөөд тэрнээс хойш үерхэж байгаа. 2017 оны зун Ивээл-Очирын гэрт байж байхад Ивээл-Очир намайг зодож би бас цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан 2017 оны 01 сард Ивээл-Очиртой маргалдсан чинь миний хувцсыг нуучихаад гаргахгүй зодож байсан, энэ үед цагдаагийн байгууллагад хандаагүй 2017 оны 07 сард намайг зодсон тул би түүнээс салсан бөгөөд 2018 оны 07 сараас уулзаж эхэлж байсан чинь 08 сард намайг зодсон гэх мэдүүлэг. /хх 16-17/, гэрч Б.Батзаяагийн:....2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хайрхан 10 буюу жижүүрээс ирсэн иргэн Б.Тэгшжаргалаас “хамтран амьдрагч зодоод байна” гэх дуудлагын дагуу очиж ажилласан бөгөөд Тэгшжаргал нь хамтран амьдрагч Ивээл-Очирт зодуулсан, гомдлоо гаргана гэсэн. Ивээл-Очир гэж эрэгтэй нь Тэгшжаргал гэх эмэгтэйтэй гэртээ маргалдаад, нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөсөн гэж хэлж байсан бөгөөд тухайн үед Тэгшжаргалын дух хэсэгт овойж хавдсан байсан гэх мэдүүлэг. /хх-24/ ,гэрч Б.Дүүрэнбаярын:....2017 оны хавар Тэгшжаргал над дээр “Ивээл-Очир намайг цохьчихлоо” гээд нүүр нь улайсан байдалтай ирж байсан бөгөөд би Ивээл-Очиртой уулзахаар гэрт нь очсон чинь хаалгаа тайлж өгөөгүй. Өөр зодож цохиж байсан зүйлийг бол мэдэхгүй байна. Харин сая зодохдоо Ивээл-Очир нь Тэгшжаргалыг цагдаагаараа яв, би мөнгийг нь төлөөд гарчихна гэж хэлсэн байсан гэх мэдүүлэг. /хх 25-26/, гэрч Н.Гантулгын:...2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Ивээл-Очир яриад цагдаагийн хэлтэс дээр байна, ирээд авчих гэхээр нь би очсон чинь Тэгшжаргал гомдол гаргасан гэж хэлсэн. Тэгээд би Ивээл-Очироос юу болсон юм бэ гэж асуусан чинь “Тэгшжаргалтай маргалдаад санаандгүй мөргөчихсөн чинь цагдаад өгчихлөө гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9449 тоот дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.ИвээлОчирыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Тэгшжаргал нь шүүгдэгч Г.И бид хоёр эвлэрсэн тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.И, хохирогч Б.Тэгшжаргал нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.И-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.И-ыг 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Ит оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 / гурван / цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.И нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ