| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0698/э |
| Дугаар | 749 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч Т.Б, хохирогч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөрбаатар овогтой Баярхүүд холбогдох эрүүгийн “1803002660153” дугаартай, 186/2018/0698/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 83 дугаар гудамжны 128 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 387 тоотод оршин суудаг гэх, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогтой Т.Б /РД:…………… /,
Холбогдсон хэргийн талаар:
Т.Б нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 387 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч С.Оюунтуяаг зодож түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..миний бие мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Хохирогч С.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр намайг унтаж байхад зүүн шанаан тус газар цохьсон. Тэгээд би дүүгийнхээ гэрт очоод шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Би өөрөө эм авч уусан. Эмчилгээний зардал бол аваагүй. Бид эвлэрсэн хамт амьдарч байгаа, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Оюунцэцэгийн:...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэртээ ирэхэд миний хамтран амьдрагч Баярхүү гэртээ нэг эмэгтэй хүнтэй хамт 2 шил архи уугаад байж байсан. Тэгээд Баярхүү унтсан. Шөнө сэрээд миний зүүн талын нүдрүү баруун гараараа 2 удаа цохиж намайг боож унагаад миний үснээс чирээд гэрээс гаргасан. Миний зүүн нүд хөхөрсөн, зүүн баруун 2 мөр хөхөрсөн байгаа гэх мэдүүлэг. /хх-10/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Оюунтуяагийн:....би гэртээ байж байхад манай дүүгийн хадам надруу залгаад эгч чинь Баярхүүд зодуулчихсан байна гэж хэлээд би очсон. Намайг эгчийнд ирэхэд манай эгчийн нүд хөхөрчихсөн, 2 гарын булчин нь хөхөрсөн байдалтай байж байсан. Тэгээд би цагдаа дуудаад бариулж цагдаад өгөөд явуулсан гэх мэдүүлэг. /хх-13/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9519 тоот актын:
1. С.Оюунцэцэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт. /хх-19/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас Т.Бгийн мэдүүлэг, 19 дүгээр хуудас ¹9519 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 387 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч С.Оюунтуяаг зодож түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Оюунцэцэгийн:...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэртээ ирэхэд миний хамтран амьдрагч Баярхүү гэртээ нэг эмэгтэй хүнтэй хамт 2 шил архи уугаад байж байсан. Тэгээд Баярхүү унтсан. Шөнө сэрээд миний зүүн талын нүдрүү баруун гараараа 2 удаа цохиж намайг боож унагаад миний үснээс чирээд гэрээс гаргасан. Миний зүүн нүд хөхөрсөн, зүүн баруун 2 мөр хөхөрсөн байгаа гэх мэдүүлэг. /хх-10/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Оюунтуяагийн:....би гэртээ байж байхад манай дүүгийн хадам надруу залгаад эгч чинь Баярхүүд зодуулчихсан байна гэж хэлээд би очсон. Намайг эгчийнд ирэхэд манай эгчийн нүд хөхөрчихсөн, 2 гарын булчин нь хөхөрсөн байдалтай байж байсан. Тэгээд би цагдаа дуудаад бариулж цагдаад өгөөд явуулсан гэх мэдүүлэг. /хх-13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9519 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Баярхүүг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч С.Оюунтуяа нь шүүгдэгч Г.Б бид хоёр эвлэрсэн тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Б, хохирогч С.Оюунтуяа нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогтой Т.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төрбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ