Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 211/МА2022/00030

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          Б.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШШ2022/00477 дугаартай шийдвэртэй

Б.Г-ийн  нэхэмжлэлтэй

“АУУ” ХХК-д холбогдох

тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч “АУУ” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г, хариуцагчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Ажлаас халах тухай тушаал хүчингүй болгуулах,

1.2. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох,

1.3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулна.

Б.Г миний бие Архангай аймгийн “АУУ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч албан тушаалд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 6/12 тоот тушаалаар томилогдсон. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа ирэхэд шинээр томилогдсон С.Б гэх захирал, Д.Х гэх ерөнхий нягтлан нар нь “чамайг н.Т захирал ажлаас халсан” гээд намайг өрөөнд оруулаагүй. Миний хувьд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас халагдсанаа мэдсэн бөгөөд ажлаас халсан тушаалыг гардан аваагүй бөгөөд энэ тухай огт мэдээгүй болно. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгчтэйгөө орж уулзахад 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “АУУ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Гийг ажлаас халах тухай гэх тушаал гарсныг мэдлээ. Тухайн тушаал нь хуурамч тушаал байна. Яагаад хуурамч тушаал гэж үзсэн бэ? гэхээр Ч.Т гэх захирлын гаргасан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1 тоот тушаал нь “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 тоот тушаалтай давхцаж байгаа тул хуурамч тушаал гэдэг нь тодорхой байна. Мөн миний оронд томилогдсон гэх Д.Хын 2 тоот тушаал нь Б-ийн цалинд өөрчлөлт оруулсан тушаалтай давхардаж байна. Иймд байгууллагын албан баланкийг ашиглан хуурамч тушаал үйлдсэн байна. Мөн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “АУУ” ХХК-ийн захирлын 1 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь миний албан тушаал бол ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч юм. Гэтэл уг тушаалд ерөнхий нягтлан бодогч гэсэн албан тушаалаар халжээ. Миний бие “АУУ” ХХК-ийн ажилтан гэтэл “ АУУ” ХХК-ийн ажилтныг халсан байдаг. Ажил олгогч нь надад хууль ёсны үүрэг даалгавар огт өгөөгүй, ажил үүрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээллийг шаардаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй болно. Уг тушаалын 2 дахь хэсэгт ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг томилсон. Уг ажлын хэсгийн ахлагч нь мөн “АУУ” ХХК-н ерөнхий инженер гэтэл “АУУ” ХХК-ийн ерөнхий инженерийг томилжээ. Мөн гишүүн Б.Б нь “АУУ” ХХК-ийн ашиглалтын инженер гэтэл “АУУ” ХХК-ийн инженер гэх албан тушаалтныг томилжээ. Ч.Ц нь “АУУ” ХХК-ийн ажилтан гэтэл “АУУ” ХХК-ийн ажилтныг гишүүнээр томилжээ. Иймд тухайн хууль бус “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1 тоот тушаалыг хүчингүй болгож Б.Г намайг урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Миний бие ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй ажиллаж байхад үндэслэлгүйгээр мэдэгдэл өгч, хариу тайлбар бичгээр авалгүй ажлаас халсан. Мөн компанийн ёс зүйн болон үйлдвэрчний хорооны саналыг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу бичгээр аваагүй байдаг. Миний бие “АУУ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчаар ажилладаг. Иймд дээр дурдсан байдлаар хууль зөрчиж гаргасан “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Г намайг “АУУ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас нөхөн гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нэхэмжлэгч Б.Г нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтан ажлын цагийг нарийн баримтлах, ажил таслах, хоцрохгүй байх, мөн удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, гүйцэтгэлийг бичгээр тайлагнах, хөдөлмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах зэрэг үүргүүдийг огт биелүүлэлгүй 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны үе хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид огт мэдэгдэлгүйгээр удаа дараа ажлаа тасалж, өөртэй нь холбогдох гэхээр утсаа авдаггүй, ажлын цаг ашиглалтын бүртгэлд чөлөөтэй гэж бүртгүүлсэн мөртлөө ямар шалтгаанаар хэдэн өдрийн чөлөө авсан талаар нотлох баримт байхгүй, сургалттай гэсэн гэдэг зүйлийг зарим ажилчид хэлдэг боловч ямар сургалтад хэдэн өдрөөр хамрагдаж байгаа талаар огт ярьж хэлж мэдэгдээгүй атлаа цалин хөлсийг бүтэн сараар бодож авдаг зэрэг алдаа зөрчлүүдийг гаргаж, ажилдаа ирэхгүй дарга удирдлагадаа яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар ярьж хэлэхгүй удаа дараа ажлаа тасалсан зөрчил гаргасан. Ажлын цаг ашиглалтын бүртгэлд ажилдаа ирээгүй өдрөө ажилласан гэж тэмдэглүүлж, тухайн сарын цалин хөлсөө бүрэн авсан зэрэг алдаа зөрчлийг гаргасан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Мөн “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай  Б.Гийг ажлаас халах тухай тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б.Гийн өрөөнд тус байгууллагын нярав ажилтай Ч.Ц-аар дамжуулан оруулж өгөхөд уг тушаалыг гардаж аваад ширээнийхээ ард шидчихсэн гэдгийг нотлох гэрч байхад 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр уг тушаалыг мэдлээ, хуурамч тушаал байна гэх мэтээр тайлбарлаж байгаа нь худал зүйл юм. Түүнчлэн Б.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа ирэхэд ажлаас халагдсанаа мэдлээ гэж тайлбарлаж байгаа нь 2022 оны 03 дугаар сарын сүүл үе болон 2022 оны 04 дүгээр сарын 25-ны үе хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй гэдгээ өөрөө нотолж хэлж байгаа харагдаж байна. Дээрх дурдсан зүйлүүдийг нотлох гэрчүүд байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуулгах хүсэлт өгнө. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар “АУУ” ХХК-ийн захирлаар Ч.Т-ийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилсон бөгөөд Ч.Т нь тус компанийн захирлаар томилогдоход тус компанийн өмнөх захирал болон зарим ажилтан, албан хаагчид компанийн бичиг баримт болон холбогдох бүртгэл зэргийг нуун дарагдуулж, ажлаа хүлээлгэж өгөхгүй байх зэргээр эсэргүүцэж, тушаал шийдвэрийн бүртгэл, албан хэрэг хөтлөлтийн бүртгэлүүд бүгд байхгүй алга болсноос шалтгаалж тушаал шийдвэр гаргахдаа тухайн оны тушаал шийдвэр ямар дугаар дээр явж байгааг мэдэж чадахгүй байсан учраас 1 гэсэн тушаал шийдвэр гаргасан байдаг.  Үүнийг тус компанийн өмнөх захирлаар ажиллаж байсан Ч.Т гэдэг хүн гэрчилнэ. Мөн Ч.Т нь тухайн “АУУ” ХХК-ийн захирлаар хуулийн дагуу томилогдон ажиллаж байсан тухайн байгууллагын удирдах албан тушаалтан мөн учраас байгууллагын албан бланкыг ашиглаж хуурамч тушаал гаргасан гэж үзэхгүй юм. Мөн түүнчлэн Б.Г нь тус компанийн ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа ажлын цагийг удаа дараа таслахаас гадна ээлжийн амралтын цалингаа 1 жилд 2 удаа тушаал шийдвэр гаргалгүйгээр давхардуулан авсан, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан хоцроосон мэргэжлийн хариуцлага алдсанаас торгуулийн арга хэмжээ ноогдуулсныг байгууллагын данснаас төлж барагдуулсан, хууль тогтоомж зөрчин байгууллагын данснаас мөнгө шилжүүлсэн, 2021 оны шатахууны үнийг шилжүүлсэн атлаа орлогот аваагүй, үлдэгдлийг үндэслэлгүйгээр хассан зэрэг олон олон зөрчил алдаануудыг гаргасан бөгөөд эдгээр нь зохих шатны байгууллагуудаар хянагдан шалгагдаж байгаа болно. Цаашид манай байгууллага уг хүнтэй хамтарч ажиллах боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоох боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Гийн Архангай аймаг дахь сум Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 “АУУ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.Гийн үндсэн нэхэмжлэлд гаргасан 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаартай хариу тайлбартаа түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар тодорхой дурдсан. Мөн түүнийг Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил албан тушаалаа гүйцэтгэхдээ алдаа зөрчил гаргасан зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн учраас түүнийг ажилд нь эргүүлэн тогтоох боломжгүй талаар дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас нөхөн гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай компанийн зүгээс алдаа зөрчил гаргаагүй ажилтнаа халах ашиг сонирхол огт байхгүй. Б.Г нь ажилдаа ирэхгүй, дарга удирдлагадаа хэлж мэдэгдэлгүй олон хоногоор ажил тасалсан, захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүйгээр тогтохгүй компанийн бичиг баримт, санхүүгийн баримт материал зэргийг цоожилж лацдаад алга болсон зэрэг олон алдаа зөрчил гаргасан. Энэ талаар нь өөрт нь хэлж сануулж байсан гэдгийг тухайн үеийн захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан Ч.Т нь өөрөө хэлдэг. Иймд дээрх дурдсан үндэслэлүүд нь Б.Гийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй, мөн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох боломжгүй учраас үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Г нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтан ажлын цагийг нарийн баримтлах, ажил таслах, хоцрохгүй байх, мөн удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, гүйцэтгэлийг бичгээр тайлагнах, хөдөлмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргүүдээ огт биелүүлээгүй. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид огт мэдэгдэлгүйгээр удаа дараа ажлаа тасалж, өөртэй нь холбогдох гэхээр утсаа авдаггүй, ажлын цаг ашиглалтын бүртгэлд чөлөөтэй гэж бүртгүүлсэн мөртлөө ямар шалтгаанаар, хэдэн өдрийн чөлөө авсан талаарх нотлох баримт байхгүй, сургалттай гэдэг зүйлийг зарим ажилчид хэлдэг боловч хаана, ямар сургалтад хэдэн өдрөөр хамрагдаж байгаа талаар хэлж мэдээлээгүй атлаа цалин хөлсийг бүтэн сараар бодож авдаг зэрэг алдаа зөрчлүүдийг гаргаж, ажилдаа ирэхгүй, дарга удирдлагадаа яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар ярьж хэлэхгүй удаа дараа ажлаа тасалсан зөрчил гаргасан. Ажлын цаг ашиглалтын бүртгэлд ажилдаа ирээгүй өдрөө ажилласан гэж тэмдэглүүлж, тухайн сарын цалин хөлсөө бүрэн авсан зэрэг алдаа зөрчлийг гаргасан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Мөн “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 тоот “Б.Гийг ажлаас халах тухай” тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус байгууллагын нярав н.Ц-аар дамжуулан оруулж өгөхөд уг тушаалыг гардаж аваад ширээнийхээ ард шидсэн гэдгийг нотлох гэрч байгаа талаар тайлбарлаж байгаа. Түүнчлэн Б.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа ирэхдээ ажлаас халагдсанаа мэдлээ гэж тайлбарлаж байгаа нь 03 дугаар сарын сүүл үе болон 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй гэдгээ өөрөө нотолж хэлж байгаа харагдаж байна.  Би хэргийн материалтай танилцсан. Би энэ байгууллагад ажилд орсноос хойш Б.Гийн хөдөлмөрийн гэрээг олж үзээгүй. Өмнөх захирал н.Т ч гэсэн Б.Гийн хөдөлмөрийн гэрээг олж үзээгүй. Б.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ манай байгууллагад байгаа материал дунд байхгүй байсан. Бусад материалуудыг өмнөх захирал нь жишээ нь тушаал, шийдвэрүүдийг ч юм уу аваад явсан байх магадлалтай гэж бид нар үзэж байгаа. Түүнээс байх ёстой юмнууд байхгүй байгаад байгаа. Одоо хүртэл бид нар авч чадаагүй явж байгаа. Би энэ гэрээг анх удаа хэргийн материалтай танилцахдаа харсан. Энэ гэрээг хэзээ байгуулсан юм болдоо. Ер нь манай байгууллагын ажилчдын гэрээ шинэчилж хийгдээгүй байгаа. Б.Б гэдэг хүн 2022 оны шинэ Хөдөлмөрийн тухай хууль гарсантай холбогдуулан шинээр байгуулах ёстой байсан боловч гэрээ байгуулаагүй. Ер нь гэрээг жил болгон байгуулж, сунгаж явах ёстой. Гэрээ нь 1 жилийн хугацаатай. Тэгээд гэрээгээ байгуулаагүй, үр дүнг нь тооцоогүй байгууллагыг хүлээж авсан байдаг. Энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Манай байгууллагад энэ гэрээ байхгүй бөгөөд тамганы дардас маш бүдэг байгаа. Ерөнхийдөө үүн дээр судалгаа хийлгэх хүсэлттэй байна.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6, 61дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гийг “АУУ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчийн ажилд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гийг урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч “АУУ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч “АУУ” ХХК-ийн  давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7-д “Ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх”, мөн хуулийн 42.2.9-д “ажил ологчийн шаардсанаар ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах” ажилтны үүргийг заасан. Хэрэгт авагдсан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрч Ч.Ц, Э.С нарын мэдүүлэг, хариуцагч нарын тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.Г нь ажил олгогч байгууллагын удирдлагатай утсаар харилцахгүй гэсэн шалтгаанаар албан томилолтоор ажиллаж байгаа тухайгаа ажил олгогчид буюу “АУУ” ХХК-ийн шинээр томилогдсон захиралд мэдэгдээгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9-д заасан “ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг гаргаж өгөөгүй, ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандаагүй” зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна гэж дүгнэлт хийж, талуудаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2021, 2022 онуудад байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэн уг гэрээнүүдийг дүгнэсэн атлаа уг гэрээнд ажилтныг ямар үед ноцтой зөрчил гаргасан гэж үзэх талаар тусгаагүй тул нэхэмжлэгчийн дээрх гаргасан зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан /2 ба түүнээс дээш удаа/ гэж дүгнэх үндэслэлгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч Б.Гтэй 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т “ажилтан дараах ноцтой зөрчлүүд гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална.” Үүнд: Тус гэрээний 7.3.1-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан”, мөн гэрээний 7.3.22-т “Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлыг удаа дараа биелүүлээгүй” зэрэг зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна. Нэхэмжлэгч Б.Гийн гаргасан ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг гаргаж өгөөгүй, ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандаагүй зөрчил нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчилтэй утга нэг бөгөөд өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Гийн гаргасан “ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг гаргаж өгөөгүй, ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандаагүй” зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд үг үсэггүй тусгагдах ёстой, ингэж тусгагдаагүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Гийн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчсөн үйлдэл нь өөрөө сахилгын зөрчил мөн юм. Үүнийг шүүх анхаарч үзэн ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжтой байсан. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Г нь 02 дугаар сарын 14-25-ны өдөр хүртэлх хугацаанд чөлөө авсан гэж ажлын цагийн бүртгэлд бүртгэгдсэн учраас тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт хийсэн байх ба нэхэмжлэгч Б.Г нь эдгээр өдрүүдэд чөлөө авах талаар хүсэлт өргөдөл гаргаагүй, дарга удирдлагадаа чөлөө авах талаар ярьж хэлж мэдэгдээгүй, ямар шалтгаанаар, ямар үндэслэлээр чөлөө авсан талаараа нэхэмжлэгч нотолж чадаагүй байхад ажлын цагийн бүртгэлийн дэвтэр дээр чөлөөтэй гэж бичсэнийг нотолгоо болгон чөлөөтэй байсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Мөн хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Б.Гийг ажлын цагийн бүртгэлд зориуд худлаа бүртгүүлсэн гэж үзэж маргадаг бөгөөд ажлын цагийн бүртгэлд ажлаа тасалсан өдрүүдийг чөлөөтэй гэж бүртгүүлсэн талаар тайлбарлаж маргадаг. Гэтэл чөлөө хүссэн, чөлөө олгосон баримт огт байхгүй байхад дан ганц цагийн бүртгэлд чөлөөтэй байсан гэж үзэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаа тасалсан зөрчил гаргаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэл бүхий болоогүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Г нь албан томилолтоор ажилласан тухай албан томилолт нотлох баримтаар хэрэгт авагдсан бөгөөд шүүх энэхүү нотлох баримтаар 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд томилолтоор ажилласан болох нь тогтоогдож байна гэж дүгнэжээ. Уг нотлох баримтаар өгсөн албан томилолт нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр анх олгогдсон, мөн албан томилолтын хугацааг сунгасан даргын гарын үсэг дээр тамга дарагдаагүй зэрэг алдаа зөрчилтэй нотлох баримтыг шүүх үнэлж, ийнхүү дүгнэлт гаргасан нь үнэн бодит байдалд нийцэхгүй байна. Үүнийг шүүх анхаарч үзэн албан томилолтын хуудсыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэх боломжтой байсан боловч түүнийг үнэлж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэл муутай болсон гэж хариуцагчийн зүгээс үзлээ. Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШШ2022/00477 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон дэлгэрэнгүй тайлбар гаргах болно.” гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: ... Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 477 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 Харин улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгт холбогдох хэсэгт хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “АУУ” ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие “АУУ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчаар ажилладаг. Иймд дээр дурдсан байдлаар хууль зөрчиж гаргасан “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Г намайг “АУУ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас нөхөн гаргуулж өгнө үү...” гэж

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  “...Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Гийн Архангай аймаг дахь сум Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Дээрх дурдсан үндэслэлүүд нь Б.Гийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй, мөн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох боломжгүй учраас үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тус тус тайлбарлажээ.

           

4. Хавтаст хэрэгт “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай “Б.Гийг ажлаас халах тухай” тушаалын хуулбар, “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаартай “Д.Хыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, “АУУ” ХХК-ийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн б/12 дугаартай “Б.Гийг ажилд томилох тухай” тушаал, “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн б/01, б/02 дугаартай “Цалингийн хэмжээг өөрчлөх тухай” тушаал, томилолтын тэмдэглэл, хөдөлмөрийн гэрээ, гараар бичсэн протокол, “АУУ” ХХК-ийн ажилчдын ажлын цаг ашиглалтын бүртгэлийн хуулбар, Архангай аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №17/02/17/03/02 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” актын хуулбар, Архангай аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №17/02/17/09/03 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” актын хуулбар, Архангай аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №17/02/17/03/04 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” актын хуулбар, Архангай аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №17/02/17/03/05 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” актын хуулбар, Архангай аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №17/02/17/03/06 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” актын хуулбар, Архангай аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №17/03/30 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын хуулбар, Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 03 дугаар сард санхүүгийн гүйлгээ хийсэн баримтууд, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай “АУУ” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай хяналт шалгалтын танилцуулгын хуулбар, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн б/09 дугаартай “Б.Бийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар болон эх хувь, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрч Ч.Ц, Э.С нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд авагдсан байна.

 

5. Нэхэмжлэгч Б.Г нь “АУУ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Б.Гийг ажлаас халах тухай” 1 тоот тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2021-01-12-ны өдрөөс ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж байсан нь нотлогдсон, энэ талаар 2021-01-12-ны өдрийн б/12 дугаар тушаалд заасан байгаа тул хөдөлмөрийн гэрээнд ерөнхий нягтлан бодогч гэсэн тухай хариуцагчийн тайлбар Б.Гийг ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж байсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Б.Г нь ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох  шаардлага гаргасан, уг шаардлагад хариуцагч тайлбар өгч мэтгэлцсэн, 2022-03-30-ны өдрийн тушаалд нэхэмжлэгчийг ерөнхий нягтлан бодогч ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

 “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Б.Гийг ажлаас халах тухай” 1 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9, 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан тус компанийн ерөнхий нягтлан бодогч албан тушаалтай Б.Гийг ажил олгогчийн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг ажил олгогчид гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаа тасалсан гэх үндэслэл заан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ерөнхий нягтлан бодогч ажлаас нь чөлөөлжээ. /1-р хх-ийн 22-р тал/

 

6. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх үндэслэл болсон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргасан эсэх үйл баримтын талаар маргаж байна.

 

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7-д “ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.9-д “ажил ологчийн шаардсанаар ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах”, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан /2 ба түүнээс дээш удаа/” гэсэн хуулийн зохицуулалтуудаас харахад хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах талаар зохицуулсан байна.

 

6.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн ба нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын хооронд 2021, 2022 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдэд ажилтныг ямар үед ноцтой зөрчил гаргасан гэж үзэх талаар тусгаагүй тул нэхэмжлэгч Б.Гийн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9-д заасан зөрчил гаргасан үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан /2 ба түүнээс дээш удаа/” заасан үндэслэл тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6.3. Хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байхаар зохицуулсан бол ажил олгогч нь ажилтны гаргасан уг зөрчлийг тогтоох ажиллагааг явуулсан байх учиртай.

 

6.4. Хэрэгт авагдсан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрч Ч.Ц, Э.С нарын мэдүүлэг, хариуцагч талын тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.Г нь ажил олгогч байгууллагын удирдлагатай утсаар харилцахгүй гэсэн шалтгаанаар албан томилолтоор ажиллаж байгаа тухайгаа ажил олгогчид буюу тус байгууллагын шинээр томилогдсон захиралд мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9-д заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байгаа боловч талуудын 2021, 2022 онуудад байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтныг ямар үед ноцтой зөрчил гаргасан гэж үзэх  талаар тусгаагүй нь ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогчоос тогтоосон гэж үзэхгүй юм.

 

6.5. Иймд ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогчоос тогтоосон гэж үзэхгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

7. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.Гийг хуулиар тогтоосон амралтын өдрүүдээс бусад ажлын өдөр болох 2022 оны 02 дугаар сарын 11, 28, 03 дугаар сарын 01, 15-18, 22-25-ны өдрүүдэд ажилласан, 2022 оны 02 дугаар сарын 14-25-ны өдөр чөлөө авсан, 03 дугаар сарын 02-11, 28-30-ны өдрүүдэд томилолттой байсан талаар тэмдэглэсэн “АУУ” ХХК-ийн ажлын цаг ашиглалтын бүртгэл /1-р хх-ийн 56-63-р тал/, мөн нэхэмжлэгчийг 2022 оны 03 дугаар сарын 02-09, 9-14, 20-27, 27-31-ний өдрүүдэд томилолтоор ажилласан талаар тэмдэглэсэн “АУУ” ХХК-ийн 05 дугаартай томилолтын хуудас /1-р хх-ийн 36-р тал/ тус тус авагджээ.

 

7.1. “АУУ” ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Б.Гийг ажлаас халах  тухай” 1 тоот тушаалд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан гэх үндэслэлийг заасан бөгөөд хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил тасалсан зөрчил гаргасан гэж маргасан.

 

7.2. Дээрх “АУУ” ХХК-ийн ажлын цаг ашиглалтын бүртгэл болон 05 дугаартай томилолтын хуудас зэргийг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч нь хэзээ ажил тасалсан болох нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

7.3. Ажилтны гаргасан зөрчил, үйлдэл, эс үйлдэхүй тодорхой байх ёстой бөгөөд үйлдэл, үр дагавар, шалтгаант холбоо нотлогдсон байх ёстой юм.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Гийг урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

9. Анхан шатны шүүх нь шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтдаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгосугай” гэжээ.

 

9.1. Нэхэмжлэгч Б.Гийн шүүхэд гаргасан уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” заасан хуулийн зохицуулалтад  хамаарна.

 

9.2. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн ч гэсэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөөгүй тул хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлгүй юм.

 

9.3. Анхан шатны шүүх нь шийдвэрийн тогтоох хэсэгтээ улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

10. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2   хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШШ2022/00477 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “нэхэмжлэгч Б.Г-т олгосугай” гэснийг “орон нутгийн орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хариуцагч “АУУ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

                ШҮҮГЧИД                                    Т.ДАВААСҮРЭН

                                                              Н.ЭНХМАА