Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                      Хэргийн индекс: 114/2015/0004/3/

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 5 дүгээр байрны 43 тоотод оршин суух Нэргүйгийн Энхжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хөдөмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг тус тус даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

                        Нэхэмжлэгч:                                                  Н.Энхжаргал

                        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                     Б.Цэдэндамбаа

                        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэвээндорж                                                           Хариуцагчийн өмгөөлөгч:                            Т.Цэрэндагва   нар оролцов. 

  

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                           

            Нэхэмжлэгч Н.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн  хэлтсийн  даргын  2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлт, нийтлэг үйлчилгээний албаны ажилд зуучлах үйлчилгээний мэргэжилтнээр,  хөдөлмөрийн  гэрээгээр  ажиллаж  эхэлсэн  бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын       

                                                                                                               Documents and Settings\ Захиргаа\Шийдвэр.doc

 

26-нд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагч болсон.

            Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхболд 2 байгууллага нэгдэн шинэ бүтцээр байгуулагдсан хэдий ч миний ажлын байр  хэвээр байхад Төрийн албаны тухай хууль зөрчин 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар ажлаас халсныг эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Гомдлын хариуг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаар албан бичгээр өгөхдөө Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга С.Энхболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар тушаал хэвээр үлдсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ниймгийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас албан тушаал нийлсэнтэй холбоотойгоор 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/87 дугаар тушаалаар  албан тушаалтнуудыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн. Н.Энхжаргалд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдлийг өгөөд 8 хоногийн дараа ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан. 40.5-д бөөнөөр нь ажлаас халах тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан. Хариуцагч тал сонгон шалгаруулах ажиллагааг явуулаагүй.  Н.Энхжаргалыг чөлөөлөхөөс өмнө 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тушаалаар Э.Золжаргал гэдэг хүнийг томилсон гэж үзнэ. Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргахад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Б.Урантуяа гэдэг хүнийг томилсон. Б.Урантуяа хөдөлмөрийн хэлтэс байх үед албан тушаал буураад Хонгор суманд мэргэжилтнээр ажиллаж байхад нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах албан тушаалд томилсон. Энэ албан тушаал дээр Энхжаргал, Нармандах, Отгонбаатар гэдэг гурван хүн байсан. Ямар ч үндэслэлгүйгээр сонгон шалгаруулалт зарлахгүйгээр мэдэгдэл өгсний маргааш нь Э.Золжаргалыг томилсон учраас ажил мэргэжийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах энэ албан тушаалд томилохыг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхийг тус тус даалгаж өгнө үү  гэв.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Монгол Улсын Засгийн Газрын 09 дүгээр тогтоол, Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар батлагдсан орон тооны дээд хязгаар нь /44 орон тоо/-г багтаан 2 хэлтсийн нийт 79 албан хаагчдаас 44 албан хаагчийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сонгон шалгаруулах тухай хурал хийж 2 хэлтсийн 79 ажилтнуудаас ажилтан нэг бүрийн 2015, 2016 оны хагас бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлт, ур чадвар, ажлын дадлага, туршлага, улсад болон хөдөлмөр, халамжийн салбарт ажилласан жил, төрийн албан хаагчийн ёс зүйн байдал, тухайн ажлын байрандаа гаргаж байсан зөрчил дутагдал, тухайн ажилтны идэвхи зүтгэл, шагнал урамшуулал зэргийг харгалзан үзэж төрийн албан хаагчийн хувийн хэрэгт авагдсан материалуудыг үндэслэн шалгаруулж 44 ажилтныг ажилд томилсон болно /хурлын тэмдэглэлийг хавсаргав/.

            Н.Энхжаргал болон одоо ажиллаж байгаа Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн Б.Урантуяа нарын ажил байдлыг харьцуулсан чанарын үзүүлэлтүүдийг гаргасан болно /танилцуулгыг хавсаргав/.

            Миний бие С.Энхболд нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зөрчин нэг ч хүнийг ажлаас халаагүй гэж үздэг ба орон тооны цомхотголд орсон албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн дагуу тэтгэмж олгох нөхцөл бүрдүүлэхийн тулд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудас өгч, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, түүнээс хойш 45 хоногийн хугацаанд багтаан 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж, цалин, бусад нэмэгдэл, амралтын мөнгийг бүгдийг нь цаг хугацаанд нь олгосон болно. /Н.Энхжаргалын тушаалыг хавсаргав/.

            Засгын газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нэгдэхийн өмнө ажил зуучлал хариуцсан 2 мэргэжилтэн, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгө өгөх 1 мэргэжилтний орон тоо байсныг дээрх орон тоо баталсан тушаал шийдвэрийн дагуу ажил зуучлалын 2 орон тоог хасаж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх 1 орон тоонд нэгтгэж 3 ажлын байрыг одоо 1 мэргэжилтэн хийхээр баталж ирүүлсэн тулд иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх туршлагатай, зөвлөн туслах чадвартай өмнө нь сурган хүмүүжүлэх ажил эрхэлж байсан, эдгээр ажлын ачааллыг даан ажиллах боломжтой, ахмад ажилтнаа сонгон ажиллуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар тушаал хуульд заасны дагуу гарсан. Хууль зөрчсөн гэх үндэслэлгүй. Хуулийн дагуу Н.Энхжаргалын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй гарсан. Ингэж үзэх үндэслэл нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх ажилд зуучлах хөдөлмөр эрхлэлтийн чадвар олгох сургалт хариуцсан мэргэжилтны албан тушаалуудад эргүүлэн томилуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан ба Энэ албан тушаал шинээр байгуулагдсан хөдөлмөр үйлчилгээний хэлтэс болон тэр дундаа хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн гол цөм болсон албан тушаал. Учир нь хөдөлмөр халамж үйчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар батлагдсан Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийг 6 орон тоотойгоор баталсан үүнээс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил мэргэжилд зуучлах мэргэжилтэн нэг байхаар батлагдсан. Энэ албан тушаалуудын эрхлэх албан тушаал нь хэлтсийн дарга удирдах албан тушаалаа хийнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хариуцсан мэргэжилтэн энэ талаар томоохон төсөл хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Маргаж байгаа албан тушаалтан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол суурь болсон ажил хайгч болон ажилгүй иргэдэд зөвлөгөө өгөх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах гэсэн суурь дэвсгэр болох чухал албан тушаал байсан учраас энэ албан тушаалд ажлын байрны тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан ажлын туршлага мэдлэг ур чадвар гээд бүх талыг хамгийн илүү хангасан албан тушаалыг томилох шаардлагатай байсан. Ажлын байранд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар сонгон шалгаруулах ажиллагаа хийж гуравдагч этгээд Б.Урантуяаг томилсон. Шалгаруулах үйл ажиллагааг бүтцийн өөрчлөлт орсон хоёр байгууллагийн тухайн үед хүний нөөцийн асуудлыг хариуцаж байсан холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулж 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хурал хийж 2015, 2016 оны бүтэн хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлт, ур чадвар ажлын дадлага туршлага, улсад болон хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр халамжийн салбарт ажилласан жил, төрийн албан хаагчийн ёс зүйн байдал, тухайн ажлын байранд гаргаж байсан зөрчил дутагдал, идэвхи зүтгэл, шагнал урамшуулал гэсэн бүх талыг харгалзан шалгаруулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Мөн өдрийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Маргаж байгаа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох албан тушаал дээр Н.Энхжаргал нь ажиллаж байгаагүй. Н.Энхжаргал нь ажил зуучлал, ажил хайгч иргэдийн бүртгэл түүнтэй холбоотой тайлан гаргах ийм чиг үүрэгтэй албан тушаалыг эрхэлж байсан. Маргаж байгаа албан тушаалын гол чиг үүрэг нь иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх сургалт хариуцсан албан тушаал учраас нэгдүгээрт Н.Энхжаргал энэ албан тушаал дээр ажиллаж байгаагүй. Хоёрдугаарт шинээр гурван албан тушаалыг нэгтгэсэн шинэ албан тушаал юм. Сонгон шалгаруулалтыг нэгтгэгдсэн бүх албан тушаалтнуудын дунд сонгон шалгаруулалтыг явуулсан. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын ажил мэргэжлийн туршлага болон боловсрол мэргэжил албан тушаалын шаардлага хангаж байгаа үзүүлэлтүүдийг харьцуулсан судалгааг гаргаж шүүхэд өгсөн. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор нийгмийн халамжийн хэлтэс хөдөлмөрийн хэлтэс нэгдэхийн өмнө Н.Энхжаргал нь ажилд зуучлах ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтнээр  ажиллаж байсан бөгөөд шинээр батлагдсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох,ажилд зуучлах мэргэжилтэн нэг байхаар. Маргаж байгаа албан тушаал зөвхөн ажилд зуучлах гэсэн чиг үүрэг хэрэгжүүлнэ. Бусад чиг үүрэг нь хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны шилжилт чиг үүрэг хариуцсан хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалуудад хувиарлагдан чиг үүрэгүүд нь шилжсэн.  Томилуулах гээд байгаа албан тушаалын гол чиг үүрэг нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх гэж хэлсэн. Ажилд зуучлах чиг үүрэг нь салж энэ албан тушаал шилжсэнээр миний ажлын байрны чиг үүрэг байгаа учраас энэ албан тушаалд томилогдох ёстой гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Гуравдагч этгээд Б.Урантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. 2007 онд Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн байхдаа Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч тэнцэн Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс бүтэц зохион байгуулалтар өөрчлөгдөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон үйл ажиллагаа эрхэлж байгаа ба Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан. Батлагдсан бүтцээр ажилд зуучлалын мэргэжилтний орон тоо цөөрч нэг болсон ба давхар Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нэмэгдсэн тул уг албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлэг, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын дагуу “Төрийн албан хагагчийн үйл ажилагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”. гэснийг үндэслэн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ДҮТОГ-ч С.Энхболдын гаргасан тушаалаар Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалт хариуцсан мэргэжилтний ажлыг гүйцэтгэж байна.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлал хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагад багш мэргэжилтэй, хөдөлмөрийн салбарт ажиллаж байсан, зөвлөх бэлтгэх сургалтад хамрагдсан байхаар заасан тул би өөрийнхөө ажил, мэргэшлийн ур чадварыг шаардлагад тохирно гэж үзэж байна гэжээ.

 

Гэрч Т.Отгонбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн хэлтэст ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнээр Ц.Нармандах, Ажил зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэний 2 орон тоо байсан ба үүнд Н.Энхжаргал бид 2 ажиллаж байсан юм. Дээрх 3 хүний хийж байсан ажлыг 1 хүн гүйцэтгэхээр болж Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэнээр одоо Б.Урантуяа гэдэг хүн ажиллаж байгаа, өмнө нь Хонгор сум хариуцсан хөдөлмөрийн мэргэжилтэн байсан өмнө нь манай ахлах мэргэжилтэн байсан. Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тушаалаар томилогдсон, миний саналыг авсан. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэнээр ажиллах хүсэлт гаргаж байгаагүй гэжээ.

 

Гэрч Ц.Нармандах шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 6 дугаар сараас эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ныг хүртэл Хөдөлмөрийн хэлтэст Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнээр би, Ажил зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэний 2 орон тоо байсан ба үүнд Т.Отгонбаатар, Н.Энхжаргал нар ажиллаж байсан юм. Дээрхи 3 хүний хийж байсан ажлыг 1 хүн гүйцэтгэхээр болж Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэнээр одоо Б.Урантуяа гэдэг хүн ажиллаж байна. Б.Урантуяа нь  өмнө нь Хонгор сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн байсан. Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Дархан сумын мэргэжилтнээр Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тушаалаар томилогдсон. Энэ ажилд анх тавихдаа санлыг минь авсан. Миний  ажлын орон тоо байна гэдгийг тухайн үед дарга С.Энхболдод хэлж байсан, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Дархан сумын мэргэжилтнээр ажил гэсэн тэгээд ажилллаж байна энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Дарга С.Энхболд Хөдөлмөрийн хэлтэс дээр ирээд хурал хийхдээ Бүх ажилчидын хувийн хэрэг материалуудтай танилцаад шалгаруулалт хийсэн л гэсэн л болохоос яг бид 3 ыг хэлэлцсэн асуудал байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

            1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгч С.Энхболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг даалгах” шаардлагын тухайд:

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхболд нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дүгээр тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны Б/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн Н.Энхжаргалыг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

 

            Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан  гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Захиргааны байгууллага болох Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандсан байх ба нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 115 тоот албан бичгээр хариуг ирүүлсэн нь урьдчилан  шийдвэрлэх ажиллагаа хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн А\85 дугаар “Нэр бүхий албан тушаалтнуудыг шилжүүлэх тухай” тушаал түүний хавсралтаар  Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Нармандах, Ажил зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн Н.Энхжаргал, Т.Отгонбаатар нарыг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлжээ.

 

            Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоо батлах” тухай тушаал түүний хавсралтаар Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог батлахдаа “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн ” 1 байхаар шийдвэрлэсэнээс үзэхэд Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Ажил зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг нэгтгэж улмаар  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан ”... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал(ажлын байр)-ын орон тоо цөөрсөн...”  болох нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 9 дүгээр тогтоол, хариуцагчийн “...бүтцийн өөрчлөлтийн дагуу ажил зуучлалын 2 орон тоог  ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх 1 орон тоонд нэгтгэж 3 ажлын байрыг одоо 1 мэргэжилтэн хийхээр баталж ирүүлсэн...” гэх тайлбар,  2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дүгээр тушаал, “Ажил зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн” болон “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

            Гэтэл хариуцагч нь хөдөлмөр зуучлалын мэргэжилтэний албан тушаал цөөрсөн гэх үндэслэлээр  нэхэмжлэгч Н.Энхжаргалыг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах заалтыг баримтлаагүй,  27.2.4 ”...орон тоо нь хасагдсан ...”, 23 дугаар зүйлийн 23.4” Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэх хуулийн заалтуудыг баримталсан нь хуульд нийцээгүй,  мөн нэхэмжлэгч “төрийн захиргааны албан хаагч” болох нь хэрэгт авагдсан Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын хуудас, Монгол Улсын төрийн Захиргааны албан хаагчийн тангараг, ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байхад Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан ”Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэх хуулийн заалтыг  буруу тайлбарлан Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг  зохицуулаагүй  Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг  үндэслэсэн нь буруу байна.

 

            Хариуцагчийн “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан ажлын байранд  Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар сонгон шалгаруулах ажиллагаа хийж гуравдагч этгээд Б.Урантуяаг томилсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь:

            Сонгон шалгаруулах ажиллагаа хийсэн гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан ажлын байранд Б.Урантуяа, Н.Энхжаргал 2-ыг харьцуулан судалж улмаар уг албан тушаалд Б.Урантуяаг, болон Э.Золжаргалыг томилохоор шийдвэрлэсэн асуудал яригдаагүй, тэмдэглэлд тусгагдаагүй байна. Харин Н.Энхжаргалыг Ажил зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэний албан тушаалаас чөлөөлөөгүй байж Э.Золжаргалыг Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтээр, Ц.Нармандахыг Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Дархан сумын мэргэжилтнээр, Т.Отгонбаатарыг Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн  хариуцсан  мэргэжилтнээр  тус тус томилсон нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр тушаал түүний хавсралтаар, 2016 оны 10 дүгээр сарын 10-ны өдрийн Б/43 дүгээр тушаалаар Э.Золжаргалыг чөлөөлж, мөн өдрийн Б\42 дугаар тушаалаар Б.Урантуяаг Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэнээс чөлөөлж, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох,зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон зэрэг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн ”...Э.Золжаргал, Б.Урантуяа нар нь тухайн үед Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Ажил зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байгаагүй, ...миний ажлын байр хэвээр байгаа...гэх тайлбар гэрчүүдийн мэдүүлэгээр давхар  нотлогдож байгаа болно.

 

            Иймд хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ”... орон тоо цөөрсөн бол  уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар,ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг болон 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасныг тус тус зөрчөн тухайн үед Э.Золжаргалыг одоо Б.Урантуяаг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр томилж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байх тул нэхэмжлэгч Н.Энхжаргалыг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр” томилохыг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Мөн хариуцагч нь Ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн Н. Энхжаргалыг  ажлаас  чөлөөлөх шийдвэр гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан ”Захиргааны акт...батлан  гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” 26.2 ”Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” 27 дугаар зүйл “Сонсох ажиллагааг явуулах”,15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй   дээрхи хуулийн заалтуудыг зөрчжээ.

            Засгын газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нэгдсэнээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “... орон тоо цөөрсөн ...” гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байхад хариуцагчийн өмгөөлөгч тайлбараа 27.2.4-т “... орон тоо хасагдсан ...” гэж өөрчилж байна, нэхэмжлэгч нь Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажилд томилуулах хүсэлтийг хариуцагчид гаргаж байгаагүй  тул ажилд томилохыг даалгах шаардлага байхгүй” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 15 дугаар зүйл, 27 дугаар зүйл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах заалтыг зөрчөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байх тул Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон, бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Энхжаргалыг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг даалгах” нь зүйтэй гэж үзлээ.

 

            2.Нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлагын тухайд: 

            Нэхэмжлэгч Н.Энхжаргалыг ажлаас чөлөөлөлсөн тушаал нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна”,  Хөдөлмөрийн  тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1”... ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй  тэнцэх олговор...” гэж заасан болон  Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин халс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Энхжаргалд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг 2016 оны 9 дүгээр сарын 30-наас эхлэн шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцож нөхөн олговорт 2.629.984 /хоёр сая зургаан зуун хорин ёсөн мянга ёсөн зуун наян дөрвөн/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт тус тус даалгаж шийвэрлэх нь зүйтэй байна.

                    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2,15 дугаар зүйл, 27 дугаар зүйл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.4,  Хөдөлмөрийн  тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгч С.Энхболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг, ажилгүй байсан хугацааны олговор 2.629,984 / хоёр сая зургаан зуун хорин ёсөн мянга ёсөн зуун наян дөрвөн/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт тус тус даалгасугай.   

 

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНЧИМЭГ