Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 487

 

                                                 Т.Ц холбогдох эрүүгийн

                                                          хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 150 дугаар цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар магадлалтай Т.Ц холбогдох эрүүгийн 2018001210125 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1967 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт асрагч ажилтай, урьд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан М овогт Тын Ц

Т.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.Баянцагааны өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 2 дугаар 30 айлын 14 тоот 2 өрөө орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдаж авахаар С.Баянцагаантай харилцан тохиролцож, байрны төлбөрийг төлж дуусах хүртэл  буюу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд орон сууц хөлслөх гэрээ байгуулан тухайн байрыг түрээслэн амьдарч байхдаа уг байрны үлдэгдэл мөнгийг өгөх боломжгүй болсны улмаас 2018 оны 10 дугаар сард иргэн Ж.Ц 35,000,000 төгрөгөөр уг байрыг худалдаж, урьдчилгаа төлбөрт 17,500,000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 150 дугаар цагаатгах тогтоолоор Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ц яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 Прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж 50 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Л.Цуурай нар хамтран гаргасан гомдолдоо: ”Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Т.Ц дээрх орон сууцыг авах боломжгүй, өөрөө мөнгөгүй бусдад өртэй, бусдын байранд түрээсээр амьдарч байгаа атлаа хохирогч Цэдэн-Ишийг төөрөгдөлд оруулж бусдын өмчлөлийн байрыг өөрийн өмчлөлийн байр мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар ...хуурч мэхлэн 17,500,000 төгрөгийг залилан авсан гэж үндэслэл муутай дүгнэсэн, шүүхийн энэ дүгнэлт бодит байдлыг зөв дүгнээгүй зөвхөн хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хүрээнд явцуу дүгнэлт хийсэн гэж үзэхээр байгаа.

Цэцгээ С.Баянцагаантай байрыг нь зээлээр худалдан авах гэрээ хийсэн юм байна гэдгийг хохирогч Цэдэн-Иш мэдсэн. Т.Ц “би хүнээс байр аваад мөнгөө бүрэн төлж чадахгүй болоод зарах гэж байгаа гэдгээ Цэдэн-Ишид гэрээгээ үзүүлэн хэлж ярьсан. Үүнийг Цэдэн-Иш мэдсэн атлаа Цэцгээд урьдчилгаа гэж 17,500,000 төгрөг өгсөн. Үлдсэнийг нь дараа өгөхөөр тохирсон боловч Цэдэн-Иш өөрөө эхэлж мөнгө бүтэхээ болилоо 17,500,000 төгрөгөө буцаан авъя гэдгээ хэлсэн.

Эрүүгийн хуульд залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо  зохиомол байдлыг зориуд бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нууж, төөрөгдүүлэх, итгэлийн урвуулан ашиглаж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах гэжээ.

Гэтэл Цэцгээгийн Цэдэн-Ишээс 17,500,000 төгрөгийг авч буй үйлдэлд дээрх шинжүүдийн нэг нь ч байгаагүй. Бодит байдлыг нуугаагүй зохиомол байдлыг бий болгоогүй харин ч С.Баянцагаантай хийсэн гэрээгээ үзүүлсэн. Үүнийг хохирогч өөрөө үзэж харсан, мэдсэн гэдгээ анхан шатны хурал дээр хэлж мэдүүлдэг.Мөн 17,500,000 төгрөгөө буцаан авъя үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй нь гэдгийг Цэдэн-Иш өөрөө эхэлж тавьсан.

Шүүх Баянцагаанаас авсан мөнгөнөөс Цэдэн-Ишид өгөх боломж байхад өгөөгүй гэж үндэслэл муутай дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Т.Ц хэдийгээр С.Баянцагааны байрыг бүрэн дүүрэн худалдан авч чадаагүй ч гэсэн нотариатаар баталгаажуулсан хэлцлээр зээл авахаар тохирсон байсан. Давж заалдах шатны шүүх 17,500,000 төгрөгийг Цэдэн-Ишээс ямар аргаар авч, яагаад буцаах болсныг дүгнэх болохоос биш С.Баянцагаанаас ирсэн мөнгөнөөс Цэдэн-Ишид өгөх боломж байтал өгөөгүй тул залилах гэмт хэрэг гэж үзэж болохгүй гэж ойлгоно. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Шүүгдэгч Т.Ц нь бусдыг төөрөгдөлд оруулаагүй, хуурч мэхлээгүй боловч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг эвдэх аргаар “залилах” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл хийсэн гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг.

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл юм.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх боловч зөрчил бүр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Харин хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцож, шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгодог билээ.

Үүнтэй уялдуулан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох эсхүл өөрчлөх гурван үндэслэлийг хууль тогтоогч дээрх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд эдгээр үндэслэлд ямар нөхцөл байдал хамаарах талаар мөн хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд тодорхой заасан байна.

Гагцхүү тэдгээр нөхцөл  байдал нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтад үндэслэсэн, хэргийн бодит байдалд тулгуурласан байхаас гадна анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдийн аль нэг эсхүл хэд хэдэн зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болох юм.

Т.Ц холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, уг дүгнэлт нь хоёр дугаар шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Учир нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтыг анхан шатны шүүх тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитойгоор нь хянаж чадаагүйн улмаас хэргийн үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, Т.Ц холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасан ноцтой зөрчил гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан арван нөхцөл байдлын аль нэг нь (эсхүл нэгээс дээш) тогтоогдсон тохиолдолд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгоно.

Т.Ц холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэр нь дээр дурдсан хуулийг ноцтой зөрчөөгүйн гадна мөн шүүх эрүүгийн хариуцлагатай холбогдох асуудлыг шийдвэрлэж Эрүүгийн хуулийг хэрэглээгүй байх тул магадлалыг хүчингүй болгох талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Т.Ц, түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН