Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 403

 

“О-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

МУЗГ-т холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                      Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                        Х.Батсүрэн

                                        М.Батсуурь

                                        Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын “О-У” ХХК-д холбогдолтой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын “О-У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, MV-011839 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 889.0 сая.төгрөг гаргуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0139 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 298 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-г оролцуулж,

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0139 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, 43 дугаар зүйлийн 43.6-д тус тус заасныг үндэслэж нэхэмжлэгч “О-У” ХХК-ийн “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын “О-У” ХХК-д холбогдолтой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын “О-У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, MV-011839 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 889.0 сая төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 298 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 139 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн “16.1, …” гэснийг “16.1.3,” гэж өөрчлөн, “…43 дугаар зүйлийн 43.6…” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, “О-У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол нь Улсын Их Хурлаас 2002 оны 06 дугаар сарын 07-нд батлагдсан “Газрын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Засгийн газрын  2010 оны 140  дүгээр тогтоолын үндэслэл болсон тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад “энэ хуулийн 16.1.5-16.1.8-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж газрыг тусгай хэрэгцээнд авах  төрийн гүйцэтгэх дээд байгууллагын эрх хэмжээг тогтоохдоо “шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ашиглалтын талбай, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай” гэж тодорхойлсон.

4. Харин Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-д “Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэсэн заалтыг нэмж, 18 дугаар зүйлийн 18.1.2-т “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13. 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж өөрчлөн найруулсан байдаг. Хэдийгээр Газрын тухай хуульд 2015 онд тус нэмэлт өөрчлөлт орсон боловч, өөрчлөн найруулахаас өмнө байхгүй хуулийн заалтад үндэслэж “О-У” ХХК-ийн эзэмшлийн хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 78,86% буюу 76,26 гектар талбайг нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт зориулан тусгай хэрэгцээнд авсан нь Засгийн газар хуулиар өөрт нь олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн буюу эрх хэмжээгээ хэтрүүлсэн.

5. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Энэ нь хариуцагч МУЗГ- нь Газрын тухай хуульд заасан зориулалтын бусаар, өөрөөр хэлбэл олон улсын нисэх онгоцны буудал барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан нь уг 140 дүгээр тогтоолын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалттай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн “...Засгийн газарт 140 дүгээр тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй ...” гэх тайлбар үндэслэлтэй ...”, давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад дэд бүтэц, бүтээн байгуулалт хийх, олон улсын нисэх буудал барих зориулалтаар нэхэмжлэгчид олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 80 орчим хувийг хамруулан улсын тусгай хэрэгцээнд авсан нь энэхүү тогтоол гарах үед мөрдөгдөж байсан уг хуулийн 18.1.12-т нийцээгүй” гэж дүгнэсэн хэрнээ 140 дүгээр тогтоолоос шалтгаалж үйл ажиллагаа явуулж чадаагүй гэх гомдол цаг хугацааны хувьд үндэслэлгүй, 2006 оноос хойш Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангаж, ашиглалтын үйл ажиллагаагаа явуулах эрх 2010 оныг хүртэл хугацаанд хязгаарлагдаагүй, Засгийн газрын шийдвэрийн 12 дахь талд магадлалын 6 дахь талд тогтоолуудын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь баримтаар тогтоогдохгүй, Тухайлбал ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтыг огт хийгээгүй, олборлолт явуулаагүй, татвар, төлбөр хураамж төлөөгүй атлаа үйл ажиллагаа явуулснаас олж болох цэвэр ашгийг урьдчилан тооцсон дүнгээр өөрт учирсан хохирлыг тодорхойлж буй нь утгагүй” гэх дүгнэлтүүдийг хийсэн нь үндэслэлгүй байна.

6. “О-У”  ХХК нь МV-011839 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдөр авсан бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл гарснаар ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. 2013 онд техник эдийн засгийн үндэслэлээ, 2014 онд уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад байсан. Тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг 2010 онд тусгай хэрэгцээнд авсан талаар огт мэдэгдээгүй байдаг. 2014 онд уулын ажлын төлөвлөгөө батлагдсаны дараа Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан талаар олж мэдсэнээр эдгээр ажиллагаа хэрэгжих боломжгүй болсон. Үүнд нэхэмжлэгчийг ямар ч ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй, газрын төлбөр, хураамж төлөөгүй гэж буруутгах үндэслэл байхгүй. Нөгөө талаас давж заалдах шатны шүүхээс “...тухайн газарт очиж үзэхэд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй, орон нутагт огт бүртгэлгүй байсан, ...зөвхөн ТЭЗҮ-д тусгагдсанаар нэхэмжлэгчид 889,0 төгрөгийн хохирол учруулсан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон гэж үзэж байна.

7. Засгийн газрын дээрх тогтоолын улмаас “О-У” ХХК нь эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас олгосон хүчин төгөлдөр МV-011839 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон ашигт малтмал ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд үүний улмаас 2013 онд батлуулсан ТЭЗҮ-ээ хэрэгжүүлж чадаагүй, улмаар уг ТЭЗҮ-г хэрэгжүүлснээр олох ёстой байсан орлогоо олж чадахгүй нөхцөлд хүрч хохирсон. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосноор захиргааны байгууллага хууль бус шийдвэр гаргасан гэдэг нь тогтоогдох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу “О-У” ХХК-д тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээс учирсан хохирлоо шаардах эрх үүснэ, мөн Засгийн газрын 140 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгч нь  учирсан хохирлоо гаргуулах замаар зөрчигдсөн эрхээ сэргээх бүрэн боломжтой юм. Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан. Ийнхүү өөрчлөлт оруулснаар “О-У” ХХК-ийн ашиглалтын  тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ тусгай хэрэгцээний газарт орсон.

8. Засгийн газрын  2016 оны 154 дүгээр тогтоол гарах үед Улсын Их Хурлаас 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын  эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн заалтыг шинээр нэмж хуульчилсан. Гэтэл Засгийн газар уг заалтын дагуу “О-У” ХХК-д нөхөн олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан.

9. Давж заалдах шатны шүүхийн “Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын тухайд ...тухайн газарт үүссэн бодит байдал буюу нэгэнт баригдсан нисэх онгоцны буудал, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал, хохирлоо гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлага, зөрчигдсөн эрхийг сэргээх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгын хүрээнд тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Иймд уг эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актад нэмэлт өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоол нь мөн хууль бус юм.

10. ...Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс “...Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 80 орчим хувийг хамруулан улсын тусгай хэрэгцээнд авсан нь тогтоол гарах үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуульд нийцээгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхгүй байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад дэд бүтэц, бүтээн байгуулалт хийх, олон улсын нисэх буудал барих зориулалтаар нэхэмжлэгчид олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 80 орчим хувийг хамруулан улсын тусгай хэрэгцээнд авсан нь энэхүү тогтоол гарах үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т нийцээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч эрх зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан нь хууль бус юм.

13. Гэвч 2015 онд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар”-ыг Засгийн газар тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхтэй болсноор маргаан бүхий актын алдаа арилсан буюу үндсэндээ хууль ёсны болсон учир одоо уг тогтоолыг илт хууль бусад тооцож, эрх зүйн үйлчлэлийг нь зогсоох боломжгүй, мөн нэхэмжлэгчийн хувьд нэгэнт баригдсан онгоцны буудал бүхий тусгай хэрэгцээний газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийнхөө дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий актыг илт хууль бусад тооцсон ч нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй бодит нөхцөл байдал бий болсон байна.

14. Энэ тохиолдолд хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий тогтоолыг “илт хууль бусад тооцуулах”, “хүчингүй болгуулах”, “хууль бус актын улмаас учирсан хохирлоо гаргуулах” гэж бие даасан байдлаар тодорхойлсон байх боловч агуулгын хувьд буюу нэхэмжлэгчийн хүсэл зориг нь үндсэндээ “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулах”-д /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2/ чиглэгдэж байгаа, энэ утгаараа шүүх хэргийг энэхүү нэхэмжлэлийн хүрээнд ч шийдвэрлэх боломжтой юм.

15. Гэвч, дээр дурдсанаар Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол илт хууль бус боловч, уг актын улмаас нэхэмжлэгчид бодит хохирол учирсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

16. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “... “О-У” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 2006 онд анх олгогдсон, иймд дээрх 140 дүгээр тогтоолоос шалтгаалж үйл ажиллагаа явуулж чадаагүй гэх гомдол цаг хугацааны хувьд үндэслэлгүй, өөрөөр хэлбэл 2006 оноос хойш Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангаж, ашиглалтын үйл ажиллагаагаа явуулах эрх 2010 оныг хүртэл хугацаанд хязгаарлагдаагүй, Засгийн газрын тогтоолуудын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь баримтаар тогтоогдохгүй, тухайлбал ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтыг огт хийгээгүй, олборлолт явуулаагүй, татвар, төлбөр хураамж төлөөгүй атлаа үйл ажиллагаа явуулснаас олж болох цэвэр ашгийг урьдчилан тооцсон дүнгээр өөрт учирсан хохирлыг тодорхойлох нь үндэслэлгүй.

17. Нэг үгээр хэлбэл, маргаан бүхий тогтоол илт хууль бус боловч түүний улмаас нэхэмжлэгчид бодит хохирол учраагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл зөв байна, иймд “...Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол илт хууль бус, үүний улмаас нэхэмжлэгч нь ашигт малтмал ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй, олох ёстой байсан орлогоо олж чадахгүй нөхцөлд хүрч хохирсон, шүүх маргаан бүхий тогтоолыг хууль бус гэдгийг зөвшөөрсөн хэрнээ нэхэмжлэгчид хохирол учраагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-7, 9-10-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

18. Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын тухайд хэдийгээр солбицлын хувьд нэхэмжлэгчид олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь хамруулсан боловч цаг хугацааны хувьд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дараа гарсан байх тул уг тогтоолыг “эрх зүйн үндэслэлгүй” хууль бус акт гэж үзэж, хүчингүй болгох боломжгүй.

19. Нэгэнт маргаан бүхий 154 дүгээр тогтоол хууль ёсны тохиолдолд “хууль бус актын улмаас учирсан хохирол”-ын асуудал яригдахгүй, харин холбогдох хууль тогтоомжийн дагуу “нөхөх олговор”-ын асуудал яригдана.

20. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх аваагүй, иймд уг хуульд заасан нөхөх олговрыг шаардах эрхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөхөх олговрыг шаардах боломжтой.

21. Гэвч нэхэмжлэгч анхнаасаа “хууль бус актын улмаас учирсан хохирлоо гаргуулах” агуулгаар маргасан, өөрөөр хэлбэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг хариуцагчаас тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор /хууль ёсны актаар/ “нөхөх олговор” авах асуудлаар маргаагүй тул “Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-ын дагуу нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан...” гэх /Тодорхойлох хэсгийн 8/ түүний хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

22. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 298 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ

                         ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ