| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0700/э |
| Дугаар | 750 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 750
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч М.Э, Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяныхан овогт Мөнхбадамын Энхбат, Сансар овогт Баттогоогийн Зоригтбаатар нарт холбогдох эрүүгийн “1811021100789” дугаартай, 186/2018/0700/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, өвөө, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун алтан өлгий 30 дугаар гудамж, 505 тоотод оршин суух бүртгэлтэй, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б овогт М.Э /РД:…………….. /,
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны 138 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, С овогт Б.З, /РД:………….. /,
Холбогдсон хэргийн талаар:
М.Э нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB”-17 зочид буудлын гадна Б.Хишигжаргалыг зодож түүний биед дух, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зулгаралт, нуруу, баруун шуу, баруун өвдөг, баруун тохойн цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.З нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB”-17 зочид буудлын 202 тоот өрөөнд М.Эыг зодож түүний биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бид“Ойнжим”амралтын газраас буцах гэхэд хохирогч Хишигжаргалын машины дугаар явдаггүй хязгаарлалттай өдөр байсан. Хишигжаргалын найз охин ирээд бид төв зам руугаа орохгүйгээр 7 буудлын “Далай хүү” худалдааны төвөөс жаахан юм худалдаж аваад зочид буудалд орсон. Тэгээд бид 4 хамт байж байгаад 18 цагаас хойш нэг харахад Хишигжаргал байхгүй байсан. Тэгээд Зоригтбаатар бид 2 Хишигжаргалын машинд очиход машинаа хөдөлгөсөн байсан. Би яагаад архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж машинаа хөдөлгөж байгаа юм бэ гэж хэлэхэд уурлаад урдаас тоохгүй маазраад байсан учраас би ууж байсан пивоны шилээ машины хаалга руу нь шидсэн. Тэгээд Хишигжаргал миний араас хөөж гүйж байгаад машины хаалганы эрмэг мөргөөд унасан. Тэгээд Хишигжаргал араас залгаад “за за чи намайг цохиогүй юм чинь хүрээд ир ” гэж хэлсэн. Хүн ингэж хэлж байхад очихгүй байх муухай байх гэж бодоод очиход нэг залуу ирсэн байсан. Намайг чи машины шил хагалдаг хэн бэ гэж томроод байсан. Тэгээд би Хишигжаргалд намайг дуудаад байсан хүнтэй муудалцуулах гээд байсан юм уу гээд тэр залууг нь цохиод гараад гүйсэн. Манай найз цагдаа дуудсан. Бид харилцан зодолдсон. Хохирогчид 250.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
1.2. Шүүгдэгч Б.Зшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хишигжаргалын:... 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн орчим танил Зоригтбаатар, Энхбат нартай уулзаж UB-17 буудал руу орсон буудалд архи, пиво уусан миний машин Далайхүү төвийн гадаа байсан бид 3 миний машинаас тамхи авахаар очсон, юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Энхбат пивоны шил шидтэл миний машины салхины шилийг оноод шил цуурч хагарсан тэрнээс болж би Энхбаттай маргалдсан гэх мэдүүлэг. /хх 13-15/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Эын:...2018 оны 07 сарын 22-ны өдөр Ойн жим гэх амралт руу найз Зоригтбаатар, Хишигжаргал болон бусад танил хүмүүстэй очоод хонож, маргааш өдөр хотруу орж ирэхэд Хишигжаргалын машины номер явахгүй өдөр таараад 7 буудлын тэнд машинаа тавьсан, бид 3 дэлгүүрээс архи, пиво авч UB-17 буудал руу орсон, Хишгээ согтож машинаа хөдөлгөөд жаахан явчихсан байсан тэрнээс болоод маргалдаад боль гэтэл үгэнд орохгүй байсан, би ууж явсан пивоныхоо шилийг шидтэл машиных нь салхины шил хагарсан. Тэгтэл Хишгээ машины цонх хагалчихлаа төлж өгөөрэй гээд гарч ирэхдээ согтуудаа хаалгаа мөргөөд унасан. Тэгээд учраа олчихоод буцаад буудал руугаа ирсэн, уур амьсгал жаахан онцгүй байхаар нь би явлаа гээд гараад явж байтал Зоригоо намайг буцаад хүрээд ир гэж дуудсан, буцаад иртэл нэг танихгүй залуу сууж байсан. Хүний машин тэрэг хагалаад нүүр ам нь ийм болсон байна гэхээр нь би учир явдлаа ойлгуулсан, тэгтэл Зоригоо орж ирсэн, би Зоригоог чи хүнээр намайг зодуулах гэж дуудсан юм уу гэж уурлаад Зоригоог би нэг удаа цохьсон Зоригоо сууж байгаад буцаагаад намайг нэг удаа хамар луу цохьсон гэх мэдүүлэг./хх 18-20/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9097 тоот актын:
1. Хишигжаргалын биед дух, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зулгаралт, нуруу, баруун шуу, баруун өвдөг, баруун тохойн цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинж тэмдгүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-31/
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9142 дугаартай актын:
1. М.Эын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт. /хх-29/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1 Улсын яллагч: шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас гэрч Б.Хишигжаргалын мэдүүлэг, 11-15 дугаар хуудас хохирогч Б.Хишигжаргалын мэдүүлэг, 31 дүгээр хуудас ¹9097 дугаартай шинжээчийн дүгнэлт, 6-7 дугаар хуудас М.Эаас гарсан хэргийн талаарх гомдол, 16-20 дугаар хуудас М.Эын хохирогчоор өгсөн мэдүүлэг, 29 дүгээр хуудас ¹9142 дугаартай шинжээчийн дүгнэлт, 25-26 дугаар хуудас гэрч Б.Хишигжаргалын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч М.Э нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB”-17 зочид буудлын гадна Б.Хишигжаргалыг зодож түүний биед дух, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зулгаралт, нуруу, баруун шуу, баруун өвдөг, баруун тохойн цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.З нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB”-17 зочид буудлын 202 тоот өрөөнд М.Эыг зодож түүний биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.Хишигжаргал, М.Э нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9142, 9097 дугаартай дүгнэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Э, Б.Знарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон шүүгдэгч нарт торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч Б.Хишигжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Э нь хохиролоо бүрэн төлж баргдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал, гомдолгүй гэж бичгээр өгсөн байх тул М.Эыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, харин шүүгдэгч Б.Знь хохирогч М.Эад 338.650 /гурван зуун гучин найман мянга зургаан зуун тавин/ мянган төгрөгний хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг шүүх дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Зоригтбаатараас 338.650 /гурван зуун гучин найман мянга зургаан зуун тавин/ мянган төгрөгний хохирлыг гаргуулж хохирогч М.Эад олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.Э, С овогт Б.З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Э, Б.З нарыг тус бүр 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Э, Б.З нартоногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Э, Б.З нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, М.Э бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Зоригтбаатараас 338.650 /гурван зуун гучин найман мянга зургаан зуун тавин/ мянган төгрөгний хохирлыг гаргуулж хохирогч М.Эад олгож, хохирогч М.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зоригтбаатар, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8 .Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ