Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 211/МА2022/00031

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          А.Е-ын нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00510 дугаартай шийдвэртэй

А.Е-ын нэхэмжлэлтэй

С.Ө-д холбогдох

5.947.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.А, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарын агуулга:

1.1. Худалдан авсан автомашины эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан  зардал 5.947.500 төгрөг гаргуулна.

А.Е миний бие 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр С.Өаас түүний эзэмшлийн цагаан өнгийн 93-01 УБН улсын дугаартай Аллион А1.5 маркийн автомашиныг 14.400.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Ингээд худалдан авахаар машиныг унаж явах үед машин өндөр хааз авахад доголдоод байсан ба би энэ талаар худалдагч С.Өаас асуухад тэрээр машин ямар ч асуудал байхгүй, мотор, кропны асуудал юу ч байхгүй, ямар нэгэн асуудал гарвал хэлээрэй, сэвчээ солиход л болно, хот дотор унаж байгаа машин гэж хэлсэн. Ингээд миний бие С.Өаас түүний цагаан өнгийн Аллион А1.5 маркийн  автомашиныг 14.400.000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь түүний ... тоот дансанд шилжүүлсэн ба тэрээр машиныг шилжүүлэн өгөөгүй. Тэрээр машин манай ахын нэр дээр байгаа танд манай ах машиныг шилжүүлэн өгнө гээд машиныг хүлээлгэж өгөөд явсан. Гэтэл миний С.Өаас худалдан авсан автомашин маань ажил, гэр хооронд, хот дотор унаж явах үед 10 хоногийн дараа эвдрэл гараад эхэлсэн. Машин өглөө заримдаа асахгүй, заримдаа маш хүндрэлтэй асдаг болсон. Би тэр үед тухай бүр С.Өад хэлж асууж, лавлаж байдаг байсан. Харин машин маань худалдаж аваад хорь ч хоноогүй байхад миний бие шинэ нисэх онгоцны буудал хүн хүргэж өгөөд буцаж явах замд мотор нь цохиж, “МВ моторс” ХХК-аас 2.000.000 төгрөгийн шинэ мотор худалдан авч тавьсан. Гэтэл удаагүй машиныхаа мотороо солиулаад хоёр хоног ч болоогүй машин маань дахин асахаа байсан. Ингээд машинаа дахин засварын газраар оношлуулахаар очиход кроп нь эвдэрсэн байна, кроп нь ямар ч тосгүй, тосоо солиогүй удахаар тосны чанар муудаж, хөлдсөнөөс, бүх араа нь эвдэрч, гэмтсэн байна гэж оношилсон. Ингээд миний бие машиндаа дахин шинэ кропыг 3.200.000 төгрөгөөр худалдан авч тавьсан. Энэ бүх машины эвдрэл, гэмтэл, доголдлын талаар худалдагч С.Өад тухай бүр хэлдэг байсан боловч тэрээр эхэндээ хоёулаа машины засварын хөлсийг тэнцүү хувааж гаргая гэдэг байдаг байсан боловч, сүүлдээ бүр утсаа ч авахгүй алга болсон. Миний бие иргэн С.Өад эвдрэл гэмтэлтэй, эд хөрөнгийн доголдолтой машин зарсанд нь туйлын их гомдолтой байгаа бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй”, 254.6-д “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасныг үндэслэн С.Өаас худалдан авсан автомашины доголдлыг арилгахад гарсан зардал 5.947.500 төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөрийн задаргааны талаар мотор солих үйлчилгээний төлбөр 2.415.000 төгрөгөөс 2.000.000 төгрөг нь шинэ моторын үнэ, 415.000 төгрөг нь мотор солих болон тос маслоны төлбөр, кроп солих үйлчилгээ 3.532.500 төгрөг болсон, шинэ кроп 3.200.000 төгрөгөөр “Имай амка” ХХК-аас худалдаж авсан, 332.500 төгрөг тос солих болон кроп солих үйлчилгээний хөлсөнд өгсөн. Жич: Машиныг засварын газар хүргэж ачуулахад 115.000 төгрөг, бусад жижиг сажиг засварын хөлсөнд гарсан 537.000 төгрөгийг нэхэмжлээгүй болно. Иймд хариуцагч С.Өаас худалдан авсан автомашины эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал нийт 5.947.500 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь хариуцагч С.Өаас 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдан авсан. Худалдаж авснаас хойш гурван долоо орчим хоногийн дараа тухайн тээврийн хэрэгслийн моторыг солиулахад 2.415.000 төгрөгийн зардал гарсан. Мөн мотор сольсны дараа тухайн тээврийн хэрэгсэл нь асахгүй байсан тул кроп нь эвдэрсэн байсан. Нэхэмжлэгч нь кропыг засуулахад 3.532.500 төгрөгийн зардал гарсан. Засварын явцад бусад урсгал зардал гарч байсан хэдий ч нэхэмжлэгч нь тухайн урсгал зардлуудыг нэхэмжлээгүй. Одоогийн байдлаар нийт 5.947.500 төгрөгийг нэхэмжилж байгаа. С.Ө, А.Е нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн гэрээний гол нөхцөл нь худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь түүнд гэрээгээр харилцан тохиролцсон үнийг төлөх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч А.Еын хувьд 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр талуудын гэрээгээр тохирсон үнэ болох 14.400.000 төгрөгийг хариуцагч С.Өын дансанд шилжүүлсэн. Харин хариуцагч С.Ө нь биет байдлын догололгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь тухайн үед техник хэрэгслийг шалгаж авсан боловч тухайн доголдлыг энгийн нүдээр харахад мэдэх боломжгүй байсан. Доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэж байгаа бол 1 сар хүрэхгүй хугацааны дараа эвдрэл гэмтэл гарах ёсгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тос масло өөрөө солиод явах ёстой байсан, солиогүйгээс болоод эд хөрөнгийн доголдол бий болсон, ийм учраас бид хохирлыг төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Эхний байдлаар мотор цохисон.  Мотор эвдэрсний дараа кроп нь эвдэрсэн засварын газар үзүүлэхэд засварчид кроп эвдэрсэн шалтгаан нь тосоо солихгүй удаан явсны улмаас тосны чанар мууддаг, муу тостой явахаар өвөл тос амархан хөлддөг, хөлдсөн тосноос болж кроп нь ажиллагаагүй болсон байна гэсэн тайлбар өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь Монгол улсад явж байсан, байнгын эзэмшиж ашиглаж байсан тээврийн хэрэгсэл учраас тос масло нь хэвийн гэж бодсоны улмаас солих шаардлагагүй гэж үзсэн. Машины тос масло нь сар тутамд солиод байдаг зүйл биш өвөл нэг солино, дулаан ороход нэг солигддог. Тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч 01 дүгээр сард худалдаж авахад худалдагч нь тухайн тээврийн хэрэгслийн өвлийн бэлтгэлийг хийсэн байх ёстой. А.Е Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдаагүй, гэрээ цуцлах шаардлагыг гаргаагүй, доголдлыг арилгахад гарсан зардлаа хариуцагчаас нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарын агуулга:

Би ”Аллион” маркийн 93-01 УБН машиныг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр худалдан авсан бөгөөд унах хугацаанд ямар нэгэн доголдол илэрч байгаагүй. Уг машиныг М.Г гэдэг хүний нэр дээр шилжүүлэн авсан. Уг машиныг 2021 оны 12 дугаар сарын сүүлчээр эрүүл мэндийн шалтгааны улмаас яаралтай мөнгөний хэрэг гарсан тул зарын группүүд рүү зар оруулсан. Зарын дагуу А.Е нь миний нэр дээр байдаг ... дугаар руу залган хоёр хүнтэй ирж унаж үзээд техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасны үндсэн дээр худалдан авахаар болсон тул 2022 оны 01 дүгээр сарын 08-нд А.Еад машинаа 14.400.000 төгрөгөөр зарсан. Миний ХААН банкны данс руу мөнгөө шилжүүлэн машинаа унаад явсан. Уг машин М.Г гэдэг хүний нэр дээр байсан тул М.Г нь хөдөө орон нутагт ажлаар явсан тул ирэхээр нь нэрээ шилжүүлэхээр болсон. Мөнгө шилжүүлснээс хойш худалдан авагч нь машины эд ангийн доголдлын талаарх ямар нэгэн гомдол мэдүүлээгүй тул 12 хоногийн дараа буюу машины бичиг баримтыг А.Еын нэр дээр шилжүүлэхээр М.Г очиход машинаа зүгээр унаж ирсэн ба эвдрэлийн талаар ямар нэгэн асуудал яриагүй. Хэрэв эвдэрсэн бол наймаа буцаая гээд машиныг нэр дээрээ шилжүүлж авахгүй байх боломж байсан боловч тэгээгүй. Би өөрийн нэр дээр байдаг ... дугаарыг 02 дугаар сарын 01-ний өдөр төлбөр гарах хүртэл барьсан. Энэ хугацаанд бас залгаж гомдол ирүүлээгүй бөгөөд төлбөр өндөр гараад байсан тул дугаараа түр хугацаагаар хадгалуулж байгаа. А.Е нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны үед миний ... дугаарыг М.Гоос авсан гээд машин авснаас хойш анх удаа залган машин чинь эвдэрсэн ирж үз гэдэг гомдол тавьсан. Тэрнээс өмнө А.Е надтай ярьж машинд чинь эвдрэл гэмтэл гараад байна, зардлаа хувааж төлье гэж хэлсэн тухай нэхэмжлэл гаргасан нь огт худлаа юм. Ийм зүйл яригдаагүй. Миний бие хөдөө адуундаа явж байна, дараа долоо хоногоос очно гэдэг хариулт өгсөн. Уг машиныг аав Ц.Айлтгүй хөдөө унадаг байсан тул машины талаар асуу гээд ... дугаарыг нь А.Еад өгсөн. 2022 оны 03 дугаар сарын эхний долоо хоногт байн байн залгаад байсан тул би очиж чадахгүй гэдгээ хэлсэн. А.Е нь өөрөө машины тос масло үзэлгүй эвдсэн учир энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

Би С.Өад маргаан бүхий машиныг худалдаж авч өгсөн. С.Өын эхнэрийнх нь биеийн байдал муудаж бамбайн хавдар болсон тул яаралтай мөнгө хэрэг болоод байна гэхээр нь  би машинаа зарчих гэж хэлэхэд С.Ө машинаа зарсан байсан. Машинаа зараад 14 хоногийн дараа шилжүүлсэн. Тухайн машин нь С.Өын хүргэн ахынх нь нэр дээр байсан тул хүргэн ах нь нэхэмжлэгч А.Етай хамт очиж нэрээ шилжүүлэн авсан байсан. Нэр шилжүүлж авч байхад А.Е нь дөрвөн сэвчээ сольсон талаараа хэлсэн байсан. Машин худалдаж авсан нэхэмжлэгч нь тухайн үед машины эвдрэл гэмтэл гарсан бол тэр даруйд нь хариуцагчид мэдэгдэх ёстой. Тэгтэл мэдэгдээгүйгээр засвар үйлчилгээ хийсэн байсан. Тухайн этгээд нь өөрөө машиныхаа тос маслыг солиод үзээд явж байсан бол энэ машин зүгээр байх боломжтой байсан. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Ө-аас 5.947.500 /таван сая есөн зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Е-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.110 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: А.Еын нэхэмжлэлтэй С.Өад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч А.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А би дараах үндэслэлээр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00510 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч А.Еын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа “Нэхэмжлэгч эд хөрөнгийг худалдаж авах үедээ доголдолтой байсныг мэдсэн буюу мэдэх боломжтой байхад автомашиныг худалдаж авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл маргаан бүхий машины эд хөрөнгийн доголдол болох мотор, кропны тосыг шалгаж авах боломжтой байтал шалгалгүйгээр хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.” гэж заажээ. С.Ө нь А.Еад машиныг хүлээлгэж өгснөөс хойш 6 сарын дотор ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд А.Е нь С.Өын эсрэг шаардлага гаргах эрхтэй байх юм. Нэхэмжлэгч нь хариуцагчаас машиныг 2022 оны 01 дүгээр сард шилжүүлэн авсан бөгөөд үүнээс хойш 6 сарын дотор буюу 2022 оны 03 дугаар сард доголдлыг илрүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Энэ талаар ч нэхэмжлэлдээ тодорхой тайлбарласан байдаг. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7 дахь хэсэгт “Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл автомашиныг шилжүүлэн авах үед тухайн доголдлыг илрүүлсэн эсхүл илрүүлэх боломжтой байсан эсэх нь ач холбогдолгүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээний баталгаат хугацаа болох 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн бол тухайн доголдлыг арилгахад гаргасан зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй байх юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй байна.

            2. Шүүхийн шийдвэрийн 7 дугаар талд “Нэхэмжлэгч А.Е нь машины доголдол, эвдрэл гэмтлийн талаар хариуцагч С.Өад байнга утсаар ярьж, машины засварын мөнгийг хуваах талаар хэлдэг байсан гэж тайлбарладаг. ... машины эвдрэл гэмтлийн талаар мессеж илгээсэн нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд худалдан авагчийн эрх, үүргийг хуульчилсан байх бөгөөд тус зохицуулалтаас үзэхэд доголдлын талаар заавал худалдагчид мэдэгдсэн байх, доголдолтой холбоотойгоор нэмэлт хугацаа тогтоох гэх мэт шаардлагууд тавигдаагүй байна. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний зүйлийн доголдлыг илрүүлсэн бол доголдлыг арилгаж гарсан зардлаа төлүүлэхийг шаардах эрхийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тодорхой зохицуулсан байна. Нэхэмжлэгчийн хувьд худалдан авсан машиныг доголдолтой гэдгийг мэдсэн даруй тухайн доголдлыг арилгасан бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргасан билээ.

            Шүүхийн шийдвэрийн 6 дахь талын 8 дахь хэсэгт “Нэхэмжлэгч А.Е ...машины доголдлыг арилгахад нийт 5.947.500 төгрөг зарцуулсан болох нь ...тогтоогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэгч А.Еыг тухайн эд хөрөнгийн доголдлыг арилгахад зардал гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Иймд хариуцагчаас 5.947.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээ болох 5.947.500 төгрөгөөс бодож 110.110 төгрөг төлсөн болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А би давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох тул шүүх хуралдааны товыг ... дугаараар мэдэгдэхийг хүсье.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: ...Нэхэмжлэгч нь тухайн автомашиныг буруу ашиглаж хэрэглэсний улмаас учирсан эд хөрөнгийн доголдлын зардлыг шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авах үедээ тухайн эд хөрөнгийн доголдлыг шалган авах бүрэн боломжтой байсан. Тухайн автомашиныг худалдаж байх үед уг автомашин нь эд хөрөнгийн доголдолгүй байсан. Ийм учраас эд хөрөнгийн доголдлыг арилгуулах талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

 

Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч А.Е нь хариуцагч С.Өад холбогдуулан худалдан авсан автомашины эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал болох 5.947.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан байна.

 

 3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр С.Өаас түүний эзэмшлийн цагаан өнгийн 93-01 УБН улсын дугаартай “Аллион А1.5” маркийн автомашиныг 14.400.000 төгрөгөөр худалдан авахаар болж, машиныг унаж явах үед машин өндөр хааз авахад доголдоод байсан. Энэ талаар худалдагч С.Өаас асуухад машин ямар ч асуудал байхгүй, мотор, кропны асуудал юу ч байхгүй, ямар нэгэн асуудал гарвал хэлээрэй, сэвчээ солиход л болно, хот дотор унаж байгаа машин гэж хэлэхээр “Аллион А1.5” маркийн автомашиныг 14.400.000 төгрөгөөр худалдан авсан. С.Өаас авсан автомашиныг ажил, гэр хооронд, хот дотор унаж явах үед арав хоногийн дараа эвдрэл гарсан. С.Өаас автомашин худалдаж аваад хорь ч хоноогүй байхдаа шинэ нисэх онгоцны буудал руу хүн хүргэж өгөөд буцаж явах замд машины мотор нь цохисон учраас “МВ моторс” ХХК-аас 2.000.000 төгрөгөөр шинэ мотор худалдан авч машинд тавьсан. Машиныхаа мотороо солиулаад 2 хоног ч болоогүй байхад машины кроп эвдэрсэн байсан. Ингээд машиндаа 3.200.000 төгрөгөөр шинэ кроп худалдан авч тавьсан. Машины энэ бүх эвдрэл, гэмтэл, доголдлын талаар худалдагч С.Өад тухай бүр мэдэгддэг байсан боловч тэрээр эхэндээ хоёулаа машины засварын хөлсийг тэнцүү хувааж гаргая гээд байдаг байсан боловч, сүүлдээ бүр утсаа ч авахгүй алга болсон. Төлбөрийн задаргааны талаар мотор солих үйлчилгээний төлбөр 2.415.000 төгрөг, шинэ моторын үнэ 2.000.000 төгрөг, 415.000 төгрөг нь мотор солих болон тос маслын төлбөр, кроп солих үйлчилгээ 3.532.500 төгрөг, шинэ кроп 3.200.000 төгрөгөөр “Имай амка” ХХК-аас худалдаж авсан, 332.500 төгрөг тос солих болон кроп солих үйлчилгээний хөлсөнд өгсөн. Иймд хариуцагч С.Өаас худалдан авсан автомашины эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал нийт 5.947.500 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэж,

хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...“Аллион” маркийн 93-01 УБН машиныг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр худалдан авсан бөгөөд унах хугацаанд ямар нэгэн доголдол илэрч байгаагүй. А.Е нь миний нэр дээр байдаг ... дугаар руу залган хоёр хүнтэй ирж машиныг унаж үзээд техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасны үндсэн дээр худалдан авахаар болсон. Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А.Еад машинаа 14.400.000 төгрөгөөр зарсан. А.Е миний ХААН банкны данс руу мөнгөө шилжүүлэн, машинаа унаад явсан. Уг машин М.Г гэдэг хүний нэр дээр байсан тул М.Г нь хөдөө орон нутагт ажлаар явсан тул ирэхээр нь нэрээ шилжүүлэхээр болсон. Мөнгө шилжүүлснээс хойш худалдан авагч нь машины эд ангийн доголдлын талаарх ямар нэгэн гомдол мэдүүлээгүй тул 12 хоногийн дараа буюу машины бичиг баримтыг А.Еын нэр дээр шилжүүлэхээр М.Г очиход машинаа зүгээр унаж ирсэн ба эвдрэлийн талаар ямар нэгэн асуудал яриагүй. А.Е нь миний ... дугаар руу 2022 оны 02 дугаар сарын 25-ны үед анх удаа залгаж машин чинь эвдэрсэн ирж үз гэдэг гомдол тавьсан. Тэрнээс өмнө А.Е надтай ярьж машинд чинь эвдрэл гэмтэл гараад байна, зардлаа хувааж төлье гэж хэлсэн нь огт худлаа юм. Ийм зүйл яригдаагүй. А.Е нь өөрөө машины тос маслоо үзэлгүй эвдсэн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна...” гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Хавтаст хэрэгт А.Е-ын ХААН банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, А.Е-ын Голомт банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, “Имай-Амка” ХХК-ийн 3.200.000 төгрөгийн үнийн дүнтэй нэхэмжлэх,  “Имай-Амка” ХХК-ийн үйлчилгээний хуудас, “Тобот” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын баримт, Жавхлант хүлэг авто сервисийн 332.500 төгрөгийн үнийн дүнтэй 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэх, 55-66 УАУ улсын дугаартай Toyota.Allion-T260 маркийн тээврийн хэрэгслийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03671737 дугаар техникийн тодорхойлолт, гэрэл /фото/ зураг, А.Еын “Голомт банк” ХХК-тай байгуулсан 2022 оны 03 сарын 07-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үүрэн телефоны “Мобиком корпораци” ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд ..., ..., ... дугаарын гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт болон үүрэн телефоны “Юнител” ХХК-аас ... дугаарын дуудлагын лавлагаа, гэрч М.Гын мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд авагдсан байна.

 

5. Нэхэмжлэгч А.Е нь хариуцагч С.Өаас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Аллион А1.5” маркийн 93-01 УБН улсын дугаартай автомашиныг 14.400.000 төгрөгөөр худалдан авч, үнийг нь шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

 

Харин хариуцагч нь тухайн автомашиныг зарах үед ямар нэгэн доголдол байгаагүй, нэхэмжлэгч нь өөрөө автомашины тос маслоо үзэлгүй эвдэлсэн тул тухайн автомашины эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардлыг хариуцахгүй гэж давж заалдах шатны шүүхэд мэтгэлцжээ.

 

6. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтууд болон автомашины үнийг нэхэмжлэгчээс хариуцагч С.Өын дансанд шилжүүлсэн үйл баримтаас дүгнэвэл А.Е, С.Ө нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

7. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч А.Е нь автомашины үнийг хариуцагч С.Өын дансанд шилжүүлж, автомашиныг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан талаар талууд маргадаггүй, харин автомашиныг биет байдлын доголдолтой байсан эсэх талаар маргажээ.

 

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн ба нэхэмжлэгч нь эд хөрөнгийг худалдаж авах үедээ доголдолтой байсныг мэдсэн буюу мэдэх боломжтой байхад автомашиныг худалдаж авч улмаар авто машиныг тодорхой хугацаанд ашиглаж байсан, худалдан авагч авто машиныг ашиглах явцад доголдол гарсан тул эд хөрөнгийн доголдлыг арилгуулах талаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй байна.

 

Мөн уг машины эд анги болох мотор, кроп устаж, гэмтсэний эрсдэл Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар худалдан авагч буюу А.Еад шилжсэн гэж үзнэ. Худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан үндэслэлээр шаардах эрхээ алдсан тохиолдолд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан эд хөрөнгийн доголдлын талаарх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Е нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр УБН улсын дугаартай “Аллион А1.5” маркийн 93-01 УБН улсын дугаартай автомашиныг худалдаж авах үедээ тухайн автомашины мотор, кропны тосыг шалгаж авах боломжтой байтал шалгалгүйгээр хүлээн авсан нь нэхэмжлэгчийг шаардах эрхээ алдсан гэж үзэх бөгөөд уг шаардах эрхээ алдсанаас хойших автомашины эд анги устаж, гэмтсэн эрсдэл нь нэхэмжлэгчид өөрт нь шилжсэн тул доголдлыг арилгахад гаргасан зардлаа хариуцагчаар төлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

Дээрх доголдол нь нуугдмал буюу шалгаж авахад мэдэгдэхгүй байх үндэслэл тогтоогдохгүй юм.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул нэхэмжлэгчийн гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.110 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00510 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч А.Е-ын давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.110 /нэг зуун арван мянга нэг зуун арав/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

                ШҮҮГЧИД                                    Т.ДАВААСҮРЭН

                                                              Н.ЭНХМАА