Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/290

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Гэрч Р.Мөнгөншагай,

Шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгч Ж.З, Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж. З, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э нарт холбогдох эрүүгийн 1838000100303 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.З нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг “Олны өтөг” гэх газар Т.Э-той малаа услуулсангүй гэснээс болж маргалдан улмаар заамдан авч түлхэснээс Т.Э нь баруун өвдгөөрөө өмнөө байсан труба руу мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд,

 Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг “Олны өтөг” гэх газар Ж.З-тэй худгийн мөнгө бүрэн өгсөнгүй гэснээс болж маргалдан зүүн гарын сарвууг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.З нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг “Олны өтөг” гэх газар Т.Этой малаа услуулсангүй гэснээс болж маргалдан улмаар заамдан авч түлхсэнээс Т.Э нь баруун өвдгөөрөө өмнөө байсан труба руу мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг “Олны өтөг” гэх газар Ж.Зтэй худгийн мөнгө бүрэн өгсөнгүй гэснээс болж маргалдан түүний зүүн гарын сарвууг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

Шүүгдэгч Ж.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Худаг дотор Т.Э гуай крантныхаа хажууд зогсчихоод крантаа тавихгүй байсан. Худаг дотор байх жижиг цонхны тавцан дээр трубаны төмөр байсныг Т.Э гуай аваад над руу дайрахаар нь би гарнаас нь бариад авсан. Т.Э гуай ханцуйгаа надад бариулсан чигтээ хойшоогоо нэг алхаад миний өөрийн гар руу тонгойж миний зүүн талын гарыг хазахаар нь би гарыг нь тавихад шууд худагнаас гүйгээд гараад явсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...З эхнэртэйгээ бас нэг хоньчин гэх хүнтэй гурвуулаа орж ирээд шууд усаа нээ гэхэд би та хоёрыг хорин мянгыг нэмж өг гэж хэлээ биз дээ, тооцоогоо хий тэгвэл би усаа тавина гэж хэлтэл эхнэр нь үхэж далд ороод өгөөч үхээсэй энэ балай авгайг гаргаад хаяач гээд намайг заамдаж аваад орилоод байсан. Тэгэхээр нь би гарыг холдуулах гээд түлхтэл гарынхаа үзүүрээр миний уруул руу хальт цохиод уруул хавдсан. Тэгтэл нөхөр нь миний хоёр гарыг барьж аваад хүчтэй таттал урд байсан турба руу хөлөөрөө очоод мөргөчихсөн. Өвдөг хавиар аймаар өвдсөн...Би ингээд унах юм байна гээд гарыг нь хазаж тавиулсан...Гарыг нь хазсандаа гэмшиж байгаа. Тэгэхдээ би эрүүгийн хэрэг гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...З эхнэртэйгээ бас нэг хоньчин гэх хүнтэй гурвуулаа орж ирээд шууд усаа нээ гэхэд би та хоёрыг хорин мянгыг нэмж өг гэж хэлээ биз дээ тооцоогоо хий тэгвэл би усаа тавина гэж хэлтэл эхнэр нь үхэж далд ороод өгөөч үхээсэй энэ балай авгайг гаргаад хаяач гээд намайг заамдаж аваад орилоод байсан. Тэгэхээр нь би гарыг холдуулах гээд түлхтэл гарынхаа үзүүрээр миний уруул руу хальт цохиод уруул хавдсан. Тэгтэл нөхөр нь миний хоёр гарыг барьж аваад хүчтэй таттал урд байсан турба руу хөлөөрөө очоод мөргөчихсөн .Өвдөг хавиар аймаар өвдсөн... Би ингээд унах юм байна гээд гарыг нь хазаж тавиулсан. Тэгээд гадаа гараад арайхийж гэртээ очоод цагдаад дуудлага өгсөн. Баруун гуя, хөл хөх алаг болсон, өвдөгний нүд мэдээгүй болоод гишгэж чадахгүй байгаа. Өвчин намдаах тариа байнга хийлгэж байна...Саяхан Улаанбаатар явж үзүүлчихээд ирсэн. Тэгэхэд яаралтай хагалгаанд ор шөрмөс залгана гэж байсан...Би 3 удаа хот явж эмчилгээ хийлгэсэн. Хөл атигар болоод байхаар нь хот явсан. Үенээс маань ус авсан. Шинжээч эмч Болороо үе гэмтсэн байна гэхээр нь хот явж зураг авхуулсан. Мэс заслын хагалгаанд орох гэж байгаа. Өмнө нь 1.152.975 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. цаашид гарах эмчилгээний зардал 3.865.200 төгрөг, нийт 5.018.175 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Худаг дотор Т.Э гуай крантныхаа хажууд зогсчихоод крантаа тавихгүй байсан. Худаг дотор байх жижиг цонхны тавцан дээр трубаны төмөр байсныг Т.Э гуай аваад над руу дайрахаар нь би гарнаас нь бариад авсан. Т.Э гуай ханцуйгаа надад бариулсан чигтээ хойшоогоо нэг алхаад миний өөрийн гар руу тонгойж миний зүүн талын гарыг хазахаар нь би гарыг нь тавихад шууд худагнаас гүйгээд гараад явсан...Одоогоор нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Олны өтөг гэх газар манай мал байдаг, тэрийгээ услах гээд очоод худаг дээр очтол нэг худаг ажиллуулдаг гэх эмэгтэй танай малыг услахгүй. Тэгээд мөнгөө өг өгөхгүй бол услахгүй гээд байсан...нөхөр бид хоёр ороод карантыг нь нээх гэсэн чинь төмөр бариад цохих гээд дайрсан. Тэгээд манай нөхөр хоёр гарыг нь бариад авсан. Тэр хооронд нь би худгийн карантыг нээсэн юм. Тэгсэн манай нөхрийн гарыг хазаад авсан. Намайг нэг удаа өшиглөсөн. Би гараад явчихсан юм. Тэгсэн араас гарч ирээд намайг утсаа барьж байхад нэг удаа цохиод утас унагаасан. Тэгээд явж нөхрөө дуудаж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 55-59 дүгээр хуудас/,

Гэрч С.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Олны өтөгт дандаа мал бүхий иргэд байдаг ба энэ мал нь дандаа хувийн мал байдаг юм. Худаг ажиллуулснаар надад цалин хөлс гэж олгодоггүй. Хувийн мал бүхий иргэд малаа усалж харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр төлдөг. З гэдэг айл нь урьд байсан дөрвөн зуугаад хонин дээрээ нэмж дахин дөрвөн зуугаад хонь авчирч усалдаг болсон. Урьд авдаг байсан хорин мянган төгрөгөн дээрээ нэмж 20.000 төгрөг өгч байж малаа усал гэдэг шаардлагыг миний зүгээс тавьсан. Мөнгөө гүйцэд өгөөгүйгээс л З, Т.Э нарын хооронд асуудал болсон юм билээ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 60-61 дүгээр хуудас/,

Гэрч О.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Олны өтөгт байх худаг дээр малаа услах гээд малын эзэн З ах, эхнэрийн хамт очсон. Намайг худаг руу хальт шагайж харахад худагны эгч Т.Э, З ах, эхнэр нь маргалдаад байж байсан. Би цаашаа хонио эргүүлэхээр явсан. Буцаад худаг дээр ирэхэд З ахын аль гарыг нь санахгүй байна гарнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 66-67 дугаар хуудас/,

Гэрч Р.М-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Ээж Т.Э маань аав Ренчинхандын хамт Мөрөн сумын 9-р баг “Олны өтөг” гэдэг газар амьдардаг юм. 2017 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ээж миний гар утас руу залгаад хүнд зодуулсан гэхээр нь очиход З, Отгончимэг гэдэг хүмүүст зодуулсан гээд хөлөө үзүүлж байсан. Ээжийн баруун талын хөл нь хавдсан гуя орчмоороо хөхөрчихсөн, уруул нь хавдсан нүүр нь улайсан байсан...Өмнө нь хөл нь өвдөж байгаагүй. Хониндоо явдаг байсан хүн байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 68 дугаар хуудас/,

Гэрч С.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын эхээр манай эхнэр Т.Э маань өглөөний 07 цагийн үед Олны өтөгт ажлуулдаг худгаа онгойлгохоор явсан. Тэгж явчихаад өглөөний 09 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ доголчихсон, намайг хүн зодчихлоо гэж хэлсээр орж ирсэн. Эхнэр Т.Эыг маань манай Олны өтөгт шинээр буусан айлын хүн болох З гэх залуу худаг дотор байхад нь татаж гаргахдаа өвдөгөөр нь труба мөргүүлсэн гэж хэлж байсан. З нь худгын мөнгөнөөс болж л манай эхнэртэй маргалдсан юм шиг байсан. Эхнэр Т.Э маань урьд өмнө хөлөндөө ямар нэгэн гэмтэл авч байгаагүй. Харин ч байнгын хонь малдаа явдаг адуу шиг хүн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 70-71 дүгээр хуудас/,

Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аавын гэрт очиход хадам ээж Т.Эын маань баруун хөлний өвдөг нь битүү хавдчихсан гишгиж чадахгүй байдалтай байсан. Худгын уснаас болоод шинээр малтай ирсэн айлын залуутай маргалдахад тэр залуу хүчээр худгын усыг нээхдээ намайг түлхэж унагаасан. Тэгж унагаахдаа худаг дотор байх төмөр лүү хөлөөр маань цохиулчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 73-74 дүгээр хуудас/,

Гэрч У.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын эхээр байх би худгаас гахайгаа услах ус авахаар машинтай очсон. Намайг худаг дээр очиход малчин Улаанаа, З, түүний эхнэр нь гэх эмэгтэй нар байсан. Тухайн үед Т.Э худгаас доголчихсон гарч ирсэн. Т.Э эгчийг худгаас гарч ирэхэд З гэх хүний эхнэр утсаараа бичлэг хийгээд Т.Э эгчтэй хэрэлдээд байсан. Т.Э эгч доголсон чигээрээ гэрлүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 76-77 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08 тоот

1.2 Ж.Зийн биед зүүн сарвуунд шарх болон зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хазах үйлчлэлээр үүсгэгджээ.

4. Ж.Зийн биед учирсан гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 81 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Болороогийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181 тоот

1. Т.Эын биед шинээр авч ирсэн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд баруун өвдөгний үений урд чагтан холбоосны бүрэн тасрал, дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн бүрэн бус урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 99 дүгээр хуудас/,

Шинжээч эмч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.Эын биед учирсан гэмтэл нь өвдгөөрөө юманд цохигдох, өвдгөөрөө унах үед үүсэх, үүсгэгдэх боломжтой...Дээрх гэмтэл нь гэмтлийн гаралтайгаар үүсдэг, тэрнээс биш өвчний гаралтайгаар үүсдэггүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 102-103 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838000100303 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ж.З, Т.Э нар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 124, 134 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.З, Т.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүдэгч Т.Э нь 62 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Т.Э нь шүүгдэгч Ж.З-ээс эмчилгээний зардал 1.152.975 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 3.865.200 төгрөг нийт 5.018.175 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хохирогчийн нэхэмжилсэн нийт 5.018.175 төгрөгийн хохирлоос эмчилгээний зардал нийт 1.152.975 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримт /ХХ-ийн 181-186 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Зээс 1.152.975 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Эт олгох нь зүйтэй байна.

Харин цаашид гарах эмчилгээний зардал 3.865.200 төгрөгийн хохирол нь хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч Т.Э нь цаашид гарах эмчилгээний зардал 3.865.200 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ж.З-ээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Ж.З нь шүүгдэгч Т.Эоос хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Т.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838000100303 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ж.З хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Т.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч            Т.Э-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ж.З, Т.Э нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ж.З-ээс 1.152.975 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга есөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг олны өтөгт оршин суух Т.Э /РЮ56060965/-т олгосугай.

      6. Эрүүгийн 1838000100303 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

       7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Э нь цаашид гарах эмчилгээний зардал 3.865.200 / гурван сая найман зуун жаран таван мянга хоёр зуу/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ж.З-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.З, Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР