Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/299

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г.А-д холбогдох эрүүгийн 1838003300369 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Их-Уул сумын 1 дүгээр багт иргэн Ч.Эийн нүүрэн тус газар нь цохиж зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Их-Уул сумын 1 дүгээр багт иргэн Ч.Эийн нүүрэн тус газар нь цохиж зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Их-Уул суманд хадам аав Цогтсайханы гэрт Мөрөн орохоор ортол Э нь утсаа авахад яадаг юм хаяад явчихлаа гэж уурласан. Тэрнээс болж Этэй муудалцаж нүд рүү нь нэг удаа цохиж ор руу түлхэж унагаасан. Тэгээд гараад явсан өөр зүйл бол болоогүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 сарын 13-ны өдөр гэртээ охинтойгоо хоёулаа байж байтал гаднаас хүргэн ах Г.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу орж ирэхээр нь таныг Мөрөн авч явах машины жолооч хүрч ирээд явчлаа. Та хаачдаг юм, машиндаа сууна гэж хэлээд гараад яваа биздээ гэж хэлтэл...миний утсыг аваад шидэхээр нь би уурласан чинь над руу сандал авч далайхаар нь сандлыг нь булааж авах гэж татсан чинь сандлаа тавьтал би хойшоогоо болж ор тулан орон дээр хальт сууж унасан. Тэгтэл миний нүүр рүү 2-3 удаа цохиж авахаар нь би зөрүүлээд өшиглөж аваад охиноо аваад гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-15 дугаар хуудас/,

Гэрч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 16-17 цагийн хооронд болов уу ...гаднаас Э хүүхдээ тэвэрсээр гүйж орж ирсэн. Эийн нэг талын нүд нь юм харахааргүй хавдаж овойсон. Хамарнаас нь цус гоожсон байдалтай орж ирэхээр нь яасан юу болсон талаар нь асуухад нэг хүн намайг зодчихлоо гэсэн үг хэлсэн. Тэгтэл гаднаас Г.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу манай гэрт орж ирснээ манай орон дээр суусан. Тэгтэл Э хүүхдээ тэврээд Г.Атэй зөрөөд гараад явсан...Г.А орж иртэл Э дуугуй зөрөөд гарахаар нь Г.А Эийг зодсон юм байна гэдэг ойлголт төрсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Д.Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Чулуунчимэг эмч манай гэрт хүрч ирээд Эийг Г.А зодсон талаар Э хэлсэн. Эийн нүд нь домбоогоод хавдсан. Мөн уруул нь хавдсан, ураг хөдөлсөн байж болзошгүй тул эмнэлэгт хэвтүүлсэн. Хамарнаас нь цус гоожоод тогтохгүй байсан талаар нь хэлж ярьсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 13-ны орой 20 цаг өнгөрч байхад ...Эийг эмнэлэгийн өрөөнд орж үзэхээр ороод юу болсон юм хэнд зодуулсан талаар болон биед нь ямар зовиур өвдөлт байгаа талаар асуухад манай эгчийн нөхөр намайг утсаа авсангүй гээд зодсон гэж хэлснээ нүүр рүү 3 удаа цохисон, өөр газар бол цохиж зодоогүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Болороогийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 203 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Э биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Э нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 81 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838003300369 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Г.А нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 66 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Ц.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838003300369 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Г.А Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Г.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн  1838003300369 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР