Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01771

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01771

 

 

 

 

 

 

2022 09 19 210/МА2022/01771

 

Э-ХХК, Д.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01339 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э-ХХК, Д.Б- нар

Хариуцагч: Э к- ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 267,494,222 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Э к- ХХК-тай орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Э к- ХХК-аас 111111 дугаар байрны өргөтгөлийн 210 м.кв талбай бүхий байрыг 504,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 2013 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын 01-ний хооронд нийт 467,000,000 төгрөгийг төлж, 37,000,000 төгрөгийн төлбөр үлдсэн. Гэрээ байгуулах үед худалдан авч буй барилгын каркас нь боссон, дутуу гүйцэтгэлтэй байсан ба ажлаа гүйцээж өгөхийг шаардахад үлдэгдэл 37,000,000 төгрөгөөсөө ажлын хөлс төлөөд ажлаа эхлүүлж бай, бид материалыг нь гаргаж өгье гэсэн атлаа материалаа гүйцэд өгөөгүй. Энэ ажлыг бусдаар гүйцэтгүүлж, барилгын цахилгааны материал, ажлын хөлс, сантехникийн материалын зардал, барилгын засал чимэглэлийн материал, ажлын хөлс, дээврийн материал, гадна фасадны ажлын хөлсөнд нийт 267,949,222 төгрөгийг Э к- ХХК-ийн өмнөөс төлсөн. 

Гэрээний үүргээ биелүүлж, төлбөр тооцооны үүрэг дууссан мэтээр баримт бичиг үйлдэгдэж байсан нь дүр үзүүлсэн хуурамч бичиг баримтууд юм. Учир нь Э к- ХХК-аас худалдан авсан барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсны үндсэн дээр Капитал банкнаас зээл авч үлдэгдэл төлбөрөө төлөхийн тулд барилгын төлбөр төлөгдөж дууссан, тооцоо нийлсэн мэт дүр үзүүлсэн шинжтэй хуурамч бичиг баримтууд үйлдэгдсэн болно. Манай Э-ХХК нь Э к- ХХК-аас худалдан авсан дутуу гүйцэтгэл бүхий барилгын ажлыг гүйцээхийн тулд өөрсдийн зүгээс 267,949,222 төгрөгийн зардал гаргаснаас үүдэн байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учирч Капитал банк болон бусад байгууллагаас авсан зээлийн төлбөрийг төлж чадалгүй их хэмжээний хохирол учирсан.

Иймд хариуцагч Э к- ХХК нь гэрээний 4.1-д зааснаар орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул барилгын ажлыг гүйцээхийн тулд хариуцагчийн өмнөөс төлсөн зардал болох 267,949,222 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б- болон Э-ХХК нарт олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нь Д.Б-тэй 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний 2.1 болон 3.1-т заасны дагуу 111111 байрны өргөтгөлийн 210 м.кв барилгыг барьж хүлээлгэн өгөх, худалдан авагч Д.Б-т үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр болох 504,000,000 төгрөгийн төлөхөөр харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч Э-ХХК, Д.Б- нар нь 467,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 37,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөөгүй. Улмаар талууд харилцан тохиролцож дотоод засал бүрэн хийгдээгүй байсан тул 37,000,000 төгрөгийн үнийн дүнг Э к- ХХК-аас авахгүйгээр тэд өөрсдөө засвар хийхээр болсон. Үлдэгдэл 37,000,000 төгрөг дээр засвараа хийж дуусга өөр танай компанитай тооцоо байхгүй гэж хэлсний дагуу Э-ХХК нь өөрийн хөрөнгөөр засварыг хийж дуусгасан болно. Талууд аль аль нь үлдэгдэл авлага өглөг байхгүй болохыг тодорхой болгосон.

Гэрээний 4.1-т барилгыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэж өгнө гэж зааснаас биш барилгыг худалдан авагч талд үйл ажиллагааны онцлогт тохируулан дотоод заслаас гадна тухайн байгууллагын ажилд тохируулан өгөх тохиролцоо байхгүй. М ХХК нь нэг давхар барилгыг 2 давхар болгож өөрчилж засвар хийсэн. 2 давхар болгож өөрчилсөнтэй холбоотой цахилгааны ажил, сантехникийн ажил, галын ажил хийсэн дотоод засалд өөрчлөлт оруулсан ажлын хөлсийг нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй.

2012 оны 10 сард гэрээ байгуулсан боловч 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Капитал банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээ байгуулахад зайлшгүй Э к- ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байх шаардлагатай. Иймээс нэхэмжлэгч талаас хэлж байгаа барилгын ажлыг дутуу хийсэн гэдэг нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал 9-10 жил хэтрүүлсэн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э к- ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 267,949,222 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Э-ХХК, Д.Б- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,497,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох үед тухайн барилга бүрэн ашиглалтад ороогүй байсан бөгөөд цахилгаан, дотор засал, гадна фасад, сантехникийн ажлууд дутуу хийгдсэн байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө тул талуудын шаардлага гаргах хугацаа 6 жилээр тооцогдоно. Маргаан бүхий барилгад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон нь тухайн барилгын ажлыг бүхэлд нь гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор улсын комисс ажиллаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан ямар нэгэн акт үйлдэгдээгүй.

4.б. Нэхэмжлэгчид нь тухайн барилгын үлдэгдэл төлбөрийг төлөхийн тулд Капитал банкнаас зээл авч, банк тухайн барилгын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахын тулд гэрчилгээ шаардсанаар хариуцагч Э к- ХХК нь дутуу гүйцэтгэлтэй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хариуцагч барилгын сантехникийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгснөөс хойш захиалгын барилгын үнэ нэмэгдсэн учраас үлдэгдэл 37,000,000 төгрөгөөс бусад ажлаа дуусга гэж хэлээд цахилгаан, сантехник, дотор засал, гадна фасадын ажлуудыг дутуу орхисныг нэхэмжлэгч Д.Б-, Э-ХХК нь М- ХХК-тай хөрөнгө оруулалтын болон барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гүйцэтгүүлэн нийт 387,990,421 төгрөг төлсөн. Гүйцэтгүүлсэн ажлаас давхар дундын цутгалт, засварын нэмэлт ажлыг хасч, хариуцагчийн дутуу орхисон цахилгаан, сантехник, дотоод засал, гадна фасадын ажлыг гүйцэтгүүлэхэд нийт 267,949,222 төгрөгийн төлбөр төлж хохирсон.

 

4.в. Нэхэмжлэгчид нь учирсан хохирлоос өөрийн санхүүгийн боломжийн хүрээнд 10,000,000 төгрөгийг гаргуулахаар 2017 оны 10 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тухайн үед шийдвэрлүүлэх боломжгүй болж нэхэмжлэлээ татан авсан. Ингэснээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолоход шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

 

4.г. Хариуцагч нь тухайн маргаан бүхий барилгаас дотор заслын ажлаас бусдыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа боловч сантехникийн ажлыг хийж хүлээлгэж өгсөн акт үйлдсэнээс өөр ямар нэгэн ажил хүлээлгэж өгсөн баримт, акт үйлдээгүй, гаргаж өгөөгүй. Дотор заслын ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэж байгаа боловч ийм тохиролцоо талуудын хооронд болоогүй, гэрээнд энэ талаар заагаагүй.

 

4.д. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж нэхэмжпэгчийн гэрч оролцуулах, холбогдох байгууллагаас нотлох баримт бүрдүүлэх хүсэлтүүдийг хүлээн аваагүйгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээр өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Э-ХХК, Д.Б- нар нь хариуцагч Э к- ХХК-д холбогдуулан 267,494,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 114/

 

3.а. Э-ХХК болон Э к- ХХК-ийн хооронд 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлчилгээний зориулалттай өргөтгөлийн барилгыг захиалгаар барих тухай гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Э к- ХХК нь 111111 тоотын 210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай өргөтгөлийн барилгыг 2012 оны 04 дүгээр улиралд багтаан, хүлээлгэн өгөх, Э-ХХК нь 504,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон /1хх. 8-9/ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

3.б. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

4.а. Э-ХХК нь ажлын хөлс 467,000,000 төгрөгийг төлсөн, барилгын засал бүрэн хийгдээгүй байсан тул үлдэх 37,000,000 төгрөгийн хөлсөнд нь барилгыг дотоод заслын ажилд зарцуулахаар тохиролцсон талаар маргаагүй. /1 хх. 10, 13/

 

4.б. Нэхэмжлэгч нар нь ... Э к- ХХК нь 37,000,000 төгрөгөөр ажлаа эхлүүлж бай гэж хэлээд барилгын материалыг гүйцэд өгөөгүй тул бусдаар гүйцэтгүүлсэн. Барилгын материалын зардал, мөн ажлын хөлс 267,949,222 төгрөгийн зардал гарсан гэж, хариуцагч нь ...Дотоод засал бүрэн хийгдээгүй байсан тул 37,000,000 төгрөгийг авалгүйгээр Э-ХХК-ийг өөрөө засварыг хийж дуусгахаар тохиролцсон. Бидний хооронд өр авлага байхгүй болох нь үнэн болно гэж албан бичиг хийж өгч, бүх тооцоо дууссан. Барилгын давхар нэмж илүү ажил гүйцэтгэсэн. Гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарлан талууд маргасан байна.

 

4.в. Э-ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Э к- ХХК-д 1 дугаартай албан бичигт ...Барилгын засварын ажлыг дуусгаж өгөөч гэж хүсэлт илгээхэд үлдэгдэл өгөх 37,000,000 төгрөгөөс бүх засварыг хийж дуусга өөр танай компанитай тооцоогүй гэж хэлсний дагуу Э-компани өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг дуусгасан болно. Иймд, 2 компанийн хооронд өр авлага тооцоо байхгүй нь үнэн болно гэсэн албан бичиг хийж өгч, тус мөнгийг манай тооцооноос хасаж өгнө үү гэж дурдсанаас дүгнэхэд гэрээний үлдэгдэл төлбөрт барилгын засварын ажилд зарцуулж, үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

 

4.г 111111 тоотын 210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай өргөтгөлийн барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023217 эрхийн дугаарт анх бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Э-ХХК-д олгожээ. /хх, 131-167/

 

4.д. Талуудын хооронд барилга хүлээлцсэн акт үйлдээгүй боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, барилгыг бодитоор шилжүүлсэн үйл баримтыг хүлээлгэн өгсөнтэй адилтган үзэх боломжтой.

 

5. Анхан шатны шүүх энэ үйл баримттай холбоотойгоор Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Тодруулбал, талууд гомдлын шаардлага гаргах хугацааг дээрх гэрээгээр тохиролцоогүй бөгөөд маргаан бүхий үйлчилгээний талбайд Ү-2206023217 эрхийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шаардах эрхийн хугацааг тоолоход 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дууссан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сард Э к- ХХК-д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч нь Д.Б- нь тухайн хугацаанд шийдвэрлүүлэх боломжгүй болсон тул уг нэхэмжлэлээ татан авсныг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2018/01097 дугаар шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингэснээр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан... гэх агуулгатай гомдол гаргасан боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул гомдлыг хангах боломжгүй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох гэрээний үүрэгт шаардлага гаргах хугацаа нь доголдлыг мэдсэн хугацаанаас буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан хугацаанаас хойш тоологдоход 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болжээ.

 

Хэрэв, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан бол нэхэмжлэгч субъектив эрхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон гэж үзэх тул хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Иймд гомдол үндэслэлгүй байна.

 

7. Э-ХХК нь М ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ, 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулж, уг гэрээгээр М ХХК нь Э-ХХК-ийн эзэмшлийн 108/А байранд хөрөнгө оруулалт хийж обьектыг барьж ашиглалтад оруулах, Э-ХХК нь гурван давхар эмнэлэг хөрөнгө оруулагч талд төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд 108А байрны 1 давхрын 105 м.кв талбайтай 6 өрөөг үл маргах журмаар шилжүүлэхээр тохиролцож, уг объектын засварын ажлыг гүйцэтгүүлсэн нь Э к- ХХК-аас худалдсан авсан барилгын доголдлыг арилгасан гэж үзэх боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгч Э-ХХК нь бусдаар хийлгэсэн ажлын хөлсийг хариуцагч Э к- ХХК-аас шаардаж байгаа нь үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Э-ХХК-ийн 2 давхар барилгын дотоод хийцийг өөрчилж, 3 давхар болгож нэмж засварлаж өөрчилсөн хугацаа нь гомдол гаргах хугацаа тасалдах, зогсох үндэслэл болохгүй.

 

8. Иймд нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээний дагуу доголдолтой ажил хүлээлгэж өгсөн талаарх шаардах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй, шаардах эрхийн хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан баримтаар тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

9. Гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2022/07606 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслээд гэрчээр асуулгах Ж.Г, н.А нарын хувийн мэдээлэл бичигдээгүй, нэг гэрчээс тодруулах асуулт тодорхойгүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байгаа учраас хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01339 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,497,696 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

С.ЭНХБАЯР