2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2026/06136

 

 

 

 

                                      2026          05           28

              192/ШШ2026/06136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *************тоот хаягт оршин суух ***************овогт Цэрэнноровын ***** /регистрийн дугаар: *************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *****************тоот хаягт оршин суух **************** овогт Энхжаргалын ***** /регистрийн дугаар:***********/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*****, түүний өмгөөлөгч Б.Ариунболд, хариуцагч Э.*****, түүний өмгөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.***** нь хариуцагч Э.*****д холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Бид 2010 онд танилцан 2012 оноос хойш хамтран амьдрах болсон ба ************** өдөр охин Ц.*********, ************* өдөр хүү Ц.***** төрсөн. Хамтран амьдарч эхэлсэн эхний 3-4 жилд бид маш сайн харилцаатай байсан. Ц.***** миний бие барилгын буюу хувийн орон сууц барих, бетонон хийц цутгалтын бригад ажиллуулах, хувийн сонирхлоор цэвэр Монгол Банхарын шигшмэл үүлдрийн үржүүлэг, хөгжүүлэлтийн чиглэлээр ажилдаг бөгөөд энэхүү ажил, сонирхлоор гэр бүлийн санхүүг бүрдүүлдэг. Эхнэр Э.***** нь 2010 онд танилцах үед “***********” ХХК ажилдаг байсан ба удалгүй ажлаасаа гарснаас хойш гэртээ хүүхдээ харах болсон. Э.*****гийн ааш зан 2015 оноос хойш хамт амьдрах, гэр бүлийн харилцаанд маш их хүндрэлтэй болж эхэлсэн ба ажлын, найз нөхдийн хүрээнд хардах байдлаар өдөр ирэх тусам хэцүү болж ирсэн. Хамт ажилдаг хүний эхнэртэй хардах, маргаан үүсгэх, тэр ч бүү хэл машинд зохиолын дуу тавьж сонсох, дагаж дуулахад хүртэл хэнтэй хардаж байгаа нь үл мэдэгдэж маргаан үүсгэх, гэртээ амарч байх үед хэн нэгэн нь ажил хэрэг, найз нөхдийн журмаар утсаар ярих зэрэг нь хэрүүл маргаан үүсгэх үндэслэл болдог зэрэг нь гэр бүлийн уур амьсгалыг хүйтэн хөндий болгох үүсвэр болдог. Мөн Э.***** нь гэр бүлийн үнэн ч байдлыг нэг бус удаа гаргаж байсныг миний бие уучилж байсан. Ц.***** миний бие өөрийн хөдөлмөрөөр бий болгосон мөнгөн хөрөнгөөс гэр бүлийн хэрэгцээнд болон өөрийн сонирхолд зориулах ямар ч эрх мэдэлгүй болсон ба олсон бүх орлогыг эхнэр Э.*****д бүхэлд нь шилжүүлэхийг шаардаж тэр ч ёсоор өөрт болон бусад хэрэгцээнд нэг ч төгрөгийг үлдээлгүй шилжүүлж, машины бензин бусад зүйлд зарцуулж ирсэн. Ц.***** миний бие гэрийн тэргүүн, эр нөхөр, эцэг хүний байр суурь гэж үгүй болж зөвхөн мөнгө олох хэрэгсэл мэт үзэгдэх болж гэртээ сэтгэл санааны болон санхүүгийн, бие махбодийн хүчирхийлэлд байнга өдөр бүр байх болж хэрүүл маргаан өдөр бүр тасрахгүй болж үүний улмаас хүүхдүүдийн хүмүүжилд ч ноцтойгоор нөлөөлж эхэлсэн тул арга буюу гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Энэхүү нэхэмжлэлийг гаргахаас өмнө эвлэрүүлэн зуучлахаар хамтдаа орсон ба ***** миний бие яг ямар байвал энэ гэр бүл бүрэн бүтэн байхыг асууж үзсэн боловч ямар ч хариу хэлэхгүй гарсан болно. Иймд Ц.*****, Э.***** нарын гэрлэлтийг цуцлах, хүүхдийн асран хамгаалагчаар эцэг Ц.***** миний биеийг тогтоож өгнө үү. Мөн бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй буюу бидний одоо амьдарч байгаа Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, 58-10 тоот үл хөдлөх хөрөнгө нь хувь хүний өмч буюу миний төрсөн эгч Ц.******** Ц.***** бидний хувь хөрөнгө болно. Харин эхнэр Э.*****д Ц.***** миний бие Lecsus RX 450 маркын 9161 автомашиныг 55.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авч өгсөн ба 38.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Энэхүү зээлийн үлдэгдлийг эхнэр Э.***** үргэлжлүүлэн төлөөд авна гэвэл миний бие татгалзахгүй болно.” гэж тайлбарласан.

2. Хариуцагч Э.*****д 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Бид 2010 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. Хүүхдүүд төрсөн цагаас хойш хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд олон үйл явдал өрнөсөн. Араараа тавиулж, элдэв бусаар хэлүүлж, зодуулж, хөөгдөж ч байсан. 2023 оны 05 дугаар сард энэ хүн намайг зодсон тул цагдаад дуудлага өгсөн. Энэ нь салах шалтгаан болсон. Энэ хүн огцом ууртай, уурлахаараа гартаа тааралдсанаа шиддэг. Өөдөөс нь сөрөөд нэг үг хэлэхэд л орилж босож ирдэг. Үр хүүхдийнхээ дэргэд ч намайг зодож байсан түүх бий. Сүүлд зодуулаад хоёр хүүхдэдээ амьд харагдъя гэж бодсон. Энэ хүн хэзээ ч засрахгүй гэдгийг ойлгосон. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоод, эд хөрөнгийг хуулийн дагуу хуваарилуулах хүсэлтэй байна.” гэж тайлбарласан.

3. Хариуцагч Э.***** нь нэхэмжлэгч Ц.*****ид холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний бие Ц.*****тай 2010 оны 06 дугаар сард танилцаад 08 дугаар сард хамтын амьдралаа эхлүүлсэн. Бидний дундаас охин *************, хүү ************* нар төрсөн. Бид гэрлэлтээ 2020 оны 02 дугаар сарын 03-ын өдөр батлуулсан. Ингээд 2023 оны 05 дугаар сар хүртэл хамт амьдарсан. 2023 оны 05 сараас хойш би хүүхдүүдээ аван тусдаа амьдарч байгаа, хүүхдүүд маань одоо миний асрамжид сургуульдаа сурч хүмүүжиж байгаа. Бидний хамтран амьдрах хугацаанд Сүхбаатар дүүрэг, ******************** 2 давхар зуслангийн барьж ашиглалтад оруулсан. Энэ байшингийн газрын гэрчилгээ Ц. *****ийн нэр дээр байдаг харин байшиндаа үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаагүй байсан. Мөн 2013 оны 09 дүгээр сарын үед 2008 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Тундра маркийн машин авч байсан. Бид хоёр хоёулаа нохойнд хайртай учраас өөрсдийн хоббигоороо цэвэр цусны монгол банхар, монгол тайга, акита үүлдрийн нохойнууд үржүүлж өрхийн төсөвтөө нэмэрлэдэг байсан. Биднийг салах үед нийт 13 цэвэр цусны нохойнуудыг Ц.***** авч үлдсэн. Энэ нохойнууд бүгд удам гарал үүслийг нь нотлох гэрчилгээтэй байдаг. Бидний гэрлэлтээ цуцлуулах шалтгаан нь Ц.***** байнга гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг, сүүлдээ намайг байнга зодож дарамталж хувийн жаргалаа хөөн гадуур явах болсон. Бид эвлэрүүлэн жуулчлалаар ороод эвлэрэх боломжгүй гэдэг бичиг авсан байгаа. Үндсэн нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, харин хүүхдүүдийг эх миний асрамжид үлдээн, Ц.*****аас хүүхдүүдэд тэтгэмж гаргуулж өгнө үү. Гэрлэлт бүртгүүлэхээс өмнө хамтын амьдралтай байхад бий болсон дундын хөрөнгө болон гэрлэлтээ батлуулснаас хойш бий болсон гэр бүлийн дундын хөрөнгийн хувьд зуслангийн байшин газрын хамт 200,000,000 төгрөг, 2008 оны Тоёота Тундра маркийн машин 70,000,000 төгрөг, 13 цэвэр цусны нохойнууд нэг бүрийг нь дунджаар 800,000 төгрөгөөр бодоход 10,400,000 төгрөг буюу нийт 280,000,000 төгрөг болж байгаа. Үүнээс хоёр хүүхэд бид гуравт ногдох хувь буюу 210,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч Ц.*****д 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  “Хүүхдүүдийг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч байна. Учир нь Э.***** нь хүүхдүүдийн сурч боловсрох болон хэвийн амьдран суух бололцоог хангах бололцоогүй бөгөөд тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тодорхойгүй, хүүхдүүдийг тэжээн тэтгэх, сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд өсгөх санхүүгийн эх үүсвэргүй. Бид хамтран амьдрах хугацаанд ажил хөдөлмөр хийхийг, удаа дараа гуйж хүсэж байсан боловч шаардлагагүй, чи л гэр бүлээ тэжээх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан. 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч ажил хөдөлмөр эрхэлж өөрийн гэсэн орлогогүй байгаа тул хүүхдүүдийг эрүүл, сурч боловсрох нөхцөлөөр хангах боломжгүй. Мөн хоёр хүүхдүүдийг төрснөөс нь хойш цэцэрлэгт хүргэх, авах, сургуульд хүргэх, сургуулиас авах, өдрийн, оройн хоолыг нь өгөх, угаалга, цэвэрлэгээ хийх гэх мэт асран тэжээх үүргийн миний төрсөн эгч Ц.******** дангаар гүйцэтгэдэг байсан. Иймд хүүхдийн асран хамгаалах эрхийг Э.*****д олгохыг зөвшөөрөхгүй болно. Дундын эд хөрөнгийн хувьд бидний дунд гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэвэл Э.*****д авч өгч байсан ************ маркийн автомашиныг дотнын таньдаг хүнээс 65,000,000 төгрөгөөр тооцож зээлээр авч байсан. Үүнээс өөрөөр дундын эд хөрөнгө байхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурдсан зуслангийн байшин нь миний хувь хөрөнгө бөгөөд гэрлэхээс өмнө Ц.***** миний бие өөрийн эрхэлж буй ажил хөдөлмөрийн шаардлагаар бий болгосон хөрөнгө болно. Дээрх эд хөрөнгөд Э.***** нь аливаа байдлаар хамтран хөрөнгө оруулаагүй тул хувь хөрөнгийг дундын хөрөнгө гэж шаардах эрхгүй болно. Нохдын гэж тодорхойлсон 10,400,000 төгрөгийн ногдох хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Тоёота Тундра маркийн автомашин 28,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн, үүний ногдох хэсгийг төлөхөд мөн татгалзах зүйлгүй.” гэж тайлбарласан.

5. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, бүртгэлийн ************дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 274 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 25/101 дугаар Богд банк ХК-ийн тодорхойлолт, 5007105499 тоот депозит дансны хуулга, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30д1-5/737 дугаар Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 89104800 дугаар дуудлагын лавлагааны хуудас.

6. Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ************дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *********** дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ЗШ1547 дугаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, *********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 825 дугаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, **************тоот депозит дансны хуулга, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 9 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Санни Мода ХХК-ийн тодорхойлолт, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийн 148 дугаар гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа.

7. Шүүхээс дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 185 дугаар Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *********** дугаар Баянгол дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн албан бичиг, шинжээчийн багийн дүгнэлтийн хамт, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 260 дугаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн албан бичиг, хөрөнгө үнэлсэн тухай тайлангийн хамт, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Монголын нохой судлалын холбоо” ГҮТББ-ын үнэлгээ, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б1/00 дугаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүнд өөрчлөлт оруулах тухай албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02в/2900 дугаар Төрийн банк ХК-ийн тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 405 дугаар Ариг банк ХК-ийн тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Д1538 дугаар Капитрон банк ХК-ийн тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5в/4374 дугаар Хас банк ХК-ийн тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн СА/356 дугаар Чингис хаан банк ХХК-ийн тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/4496 дугаар М банк ХК-ийн тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 29/5509 дугаар Хаан банк ХК-ийн тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/01-528 дугаар Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 14/ХХ/03-1715 дугаар Голомт банк ХК-ийн тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10/688 дугаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 05/4292 дугаар Богд банк ХК-ийн тодорхойлолт, харилцагчийн дансны хуулга, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6/6796 дугаар Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн тодорхойлолт, 456186480 тоот дансны хуулга, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/6167 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, гэрч Ц.Цогтбаатар, Ц.********, Ж.Дорждаваг, М.Энхзул нарын мэдүүлэг, хүүхдийн санал асуулга, үзлэг хийсэн тэмдэглэл.

ҮНДЭСЛЭХ нь:

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Ц.***** хариуцагч Э.*****д холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг, хариуцагч Э.***** нэхэмжлэгч Ц.*****ид холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Ц.***** болон хариуцагч Э.***** нар нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх ба хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин Ц.*********, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Ц.***** нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, *************дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ************ дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6, 28-29 дугаар тал/

 

3. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, зан байдлын зөрчлийн улмаас 2023 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь гэрлэгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. /хавтаст хэргийн 1-3, 22 дугаар тал/

 

4. Гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдүүд болох Ц.*********, Ц.***** нар нь өсвөр насны хүүхдүүд байх ба өнгөрсөн хугацаанд эхийн хамт өсөж хүмүүжсэн, хамтдаа ээнэгшин дассан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд хүүхдүүдийн нас, хүйс ээнэгшин дассан орчин зэргийг харгалзан үзэж тэднийг эх Э.*****гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид болон хүүхдүүдийн зан төлөв, амьдрах орчин, нөхцөл байдлын талаар шинжээч дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлжээ. Шинжээчдийн зүгээс хүүхдүүдийг эх Э.*****гийн асрамжид үлдээх нь тэдний ашиг сонирхолд нийцэх талаар дүгнэлт гаргасныг шүүхээс үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

5. Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан нь насанд хүрээгүй хүүхдүүдээ тэжээн тэтгэх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг, эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг тэжээн тэтгэх, асарч хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш оролцох үүрэгтэй байдаг. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ц.*****аас  тэтгэлгийг гаргуулан Ц.*********, Ц.***** нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундын эд хөрөнгийн маргааны талаар

6. Гэрлэгчид Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18644325650117 дугаартай 672 м.кв талбай бүхий газар, мөн хаягт зэргэлдээ байрлах нэгж талбарын 18644325676119 дугаартай 627 м.кв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар, эдгээр газар дээр баригдсан 182 м.кв талбай бүхий хувийн сууц, гараж, Lexus RX маркийн тээврийн хэрэгсэл, Богд банкны зээлийн өр, Тоёота Тундра маркийн 82-98 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 13 ширхэг цэвэр цусны нохойны өмчлөх эрх болон ногдох хэсгийн талаар маргасан. Эдгээрээс өөр хөрөнгийн талаар гэрлэгчид шүүхэд мэдүүлээгүй, маргаагүй.

6.1 Хариуцагч Э.***** эдгээр хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй гэж үзэж, улмаар нийт хөрөнгийн үнийн ¾ болох 210.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. 

6.2 Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах 2 ширхэг зуслангийн газар болон уг газар дээр баригдсан 182 м.кв талбай /шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар/ бүхий хувийн сууц, гараж нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д заасан Ц.*****ийн хуваарьт хөрөнгө болох нь дор дурдсан баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Нэгж талбарын 18644325650117 дугаар бүхий 672 м.кв талбайтай газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаартай захирамжаар, нэгж талбарын 18644325676119 дугаартай 627 м.кв газрыг тус дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаартай захирамжаар тус тус Ц.*****д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.  

6.3 Гэрлэгчид гэрлэлтээ 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх тул энэ хугацаанаас хойш бий болсон эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг гэрлэгчид хамтран өмчлөх эрх үүсэх талаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан байна. Харин гэрлэгчдийн хэн нэгний хуваарьт хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмч мөн гэж үзэх хоёр тохиолдлыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 126.4-т заажээ.

6.4 Дээрх газар эзэмших эрхүүдийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 126.4-т зааснаар хамран өмчлөх дундын хөрөнгө гэж шүүхээс тогтоох боломжгүй байна. Тодруулбал:

- Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т: “Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно.” гэж заажээ. Газар эзэмших эрхүүдийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2010, 2012 онуудад Ц.*****ид олгосон нь тэднийг анх гэр бүл болоход зориулж олгосон /авсан/ гэж шүүхээс дүгнэхэд цаг хугацааны хувьд шалтгаант холбоогүй байна. Түүнчлэн, эдгээр эрхүүдийг олж авахад гэрлэгч Э.***** болон гэр бүлийн бусад гишүүд оролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

- Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т: “Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.” гэж заажээ. Сүхбаатар дүүрэгт байрлах 2 ширхэг газар эзэмших эрхийг мөн хуулийн энэ үндэслэлээр хариуцагч Э.***** болон хүүхдүүд хамтран эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

6.5 Эдгээр газар дээр баригдсан 182 м.кв талбайтай хувийн сууц болон гараж нь нэг талаас Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан газрын бүрдэл хэсэгт тооцогдохоос гадна мөн хуулийн дээрх үндэслэлээр Э.***** болон хүүхдүүд хамтран өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал:

- Гэрлэгчид 2010 онд анх танилцсан болох нь тэдний шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлээр тогтоогдож байна. Газар эзэмших эрхийг эрх бүхий этгээдээс 2010, 2012 онд Ц.*****д олгосон байна. Улмаар эдгээр газрууд дээр 182 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийг барьсан боловч өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Энэ хувийн сууцанд гэрлэгчид болон хүүхдүүд байнга амьдардаггүй тул гэр бүл болохдоо зориулж хувийн сууц, гаражийг барьсан гэж дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн, өөр бусад этгээдийн зүгээс гэр бүл болоход нь зориулж мөнгөн туслалцаа үзүүлсэн буюу барьсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

- Хувийн сууц болон гаражийг барихад хариуцагч Э.*****гийн мөнгөн хөрөнгийн оролцоо байсан гэж үзэх үндэслэл мөн хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна. Хариуцагч Э.***** өөрийн хувийн дэвтэрт бичигдсэн барилгын материалын үнэ, ажлын хөлсний бүртгэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн /шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн/ боловч энэ баримтыг үндэслэн Э.*****г хувийн сууц, гаражийг барихад мөнгөн болон ажиллах хүчний хөрөнгө оруулсан, эсхүл түүний оролцооны улмаас хувийн сууцны үнэ үлэмж нэмэгдсэн гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй байна.

- Гэрлэгчид 2010 онд танилцсан, тэдний дундаас 2013, 2014 онд хүүхдүүд төрсөн, гэрлэлтээ 2020 онд бүртгүүлсэн зэргээс үзвэл хариуцагч Э.***** болон хүүхдүүдийг мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т заасан үндэслэлээр хувийн сууц болон гаражийг хамтран өмчлөх эрхтэй гэж дүгнэх боломжгүй байна. Иймд эдгээр хөрөнгүүдээс Э.***** болон хүүхдүүдэд оногдох хувийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

7. Тоёота Тундра маркийн автомашин болон 13 ширхэг нохойны тухайд нэхэмжлэгч Ц.***** нь эдгээр хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцож оногдох хувийг мөнгөн хэлбэрээр хариуцагчид төлөхийг зөвшөөрсөн болно. Энэ тохиолдолд шүүхийн зүгээс хөрөнгөтэй холбоотой нотлох баримтыг үнэлж, шүүх хууль хэрэглэх замаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн.

7.1 Гэрлэгчид нэг нохойны үнэлгээг 800.000 төгрөгөөр тооцож нийт 10.400.000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн Тоёота Тундра маркийн автомашиныг 28.800.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Иймд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар хуваах ёстой хамтран өмчлөх дундын хөрөнгийн нийт үнэлгээ 39.200.000 төгрөг болж байна.

7.2 Шүүх гэрлэгчдийн дундаас төрсөн 2 хүүхдийг эх Э.*****гийн асрамжид үлдээсэн тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар дээрх үнийн дүнгийн ¾ буюу 29.400.000 төгрөгийг хариуцагч Э.***** авах үндэслэлтэй юм. Гэвч гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдүүдийн ашиг сонирхлыг шүүхээс харгалзан үзэж хамтран өмчлөх дундын хөрөнгө /39.200.000 төгрөг/-ийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар бүхэлд нь хариуцагчид хуваарилах /нэхэмжлэгчид 0 хувь/ нь зүйтэй гэж үзсэн.

8. Нэхэмжлэгч Ц.***** нь Богд банкнаас авсан зээлийн гэрээнд хариуцагч Э.*****г хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хэмээн тайлбарласан тул уг зээлийн өр /42.046.755 төгрөг/ -ийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн оногдох хувиас хасаж тооцох үндэслэлгүй байна. /Иргэний хуулийн 242 дугаар зүйл/

8.1 Нэхэмжлэгч Ц.***** нь Lexus RX маркийн автомашиныг эхнэр Э.*****д худалдаж авч өгсөн хэмээн тайлбарласан тул энэ хөрөнгө нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т заасан Э.*****гийн хуваарьт хөрөнгө байна. Иймд энэ хөрөнгийн үнэ, түүнд хамаарах өр төлбөр /Ж.Дорждавагт төлөх ёстой гэх 10.000.000 төгрөг/-ийг мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн оногдох хэсгээс хасаж тооцох боломжгүй юм. Энэ хөрөнгийн өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн талаар зохигчид тайлбарласан тул өмчлөх эрхийн талаар шийдвэрт тусгайлан дурдах шаардлагагүй гэж үзэв.     

9. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох,  хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул зохигчдоос тус бүр 70,200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна. Харин хариуцагчийн хувьд тэрээр сөрөг нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байх тул илүү төлсөн 1,208,800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгоно.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

11. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь шинжээчийн зардалд 550.000 төгрөг нэхэмжилсэн баримтыг шүүхэд ирүүлжээ. Энэ төлбөрийг зохигчид төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг үнэлсэн байх тул дундын хөрөнгийн шаардлага хангагдсан хэмжээгээр зохигчдоос шинжээчийн зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

11.1 Гэрлэгчдийн дундын хөрөнгийн шаардлагаас хангагдсан хэмжээгээр хувь тэнцүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Э.*****гоос 495.550 төгрөгийг, нэхэмжлэгч Ц.*****аас 54,450 төгрөгийг, нийт 550.000 төгрөгийг тэдгээрээс гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *********** овогт Цэрэнноровын ***** /регистрийн дугаар: ***********/, ********** овогт Энхжаргалын ***** /регистрийн дугаар: ************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ц.*********, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Ц.***** нарыг эх Э.*****гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40.1.2-т зааснаар Сартуул овогт *****ийн ********* /регистрийн дугаар: УО13222661/, ************ овогт *****ийн ***** /регистрийн дугаар: УШ14310751/ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ц.*****аас тэтгэлгийг гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Ц.*****ид, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.***** нарт тус тус даалгасугай.

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан Ц.*****аас 39,200,000 төгрөгийг гаргуулан Э.*****д олгож, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах нэгж талбарын *********** дугаар бүхий 672 м.кв талбайтай газар эзэмших эрх, мөн хаягт байрлах нэгж талбарын *************дугаартай газар эзэмших эрх, эдгээр газар дээр баригдсан ********* болон гараж, Тоёота Тундра маркийн ************** улсын дугаартай автомашин, 13 ширхэг нохойны өмчлөх эрхийг тус тус Ц.*****д хэвээр үлдээсүгэй.

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 1,279,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*****гоос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*****ид олгож, Төрийн сангаас 1,208,800 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Э.*****д олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс 54,450 төгрөг, хариуцагчаас 495,550 төгрөг, нийт 550,000 төгрөгийг зохигчдоос гаргуулж, шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР