Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2022/00097

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2022/00097

 

 

 

Д.Түмэнбуянгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Алтанхуягт холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/00910 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Түмэнбуянгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Алтанхуягт холбогдох,

Гэм хорын хохирол 1.312.011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Түмэнбуянгийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Түмэнбуян, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Түмэнбуян шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 09-р сарын 10-ны өдөр ажлаасаа цайны цагаар гэр рүүгээ орох гэж явж байхдаа Бүрэнбүст багийн 8 байрны урд талын зам дээр Ниссан тайна маркийн ОРО 40-84 улсын дугаартай машины жолооч О.Алтанхуяг нь автомашинаараа мөргөж гэмтээсний улмаас 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 613 тоот шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтээр Д.Түмэнбуян миний биед баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирч улмаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал дангаараа, бусад гэмтлүүд нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарах хэдий ч дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэсэн байдаг. Гэтэл дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсанаас гадна миний биед баруун түнх нурууны гэмтлүүд илэрч гарснаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. 2020 оны 8 сард Михимо ХХК-ийн эмнэлэгт оношилгоо эмчилгээ бичүүлж эмчилгээ хийсэн. 2020 оны 09-р сард 13А маягтыг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд эмнэлгийн МRI зураг авдаг тоног төхөөрөмж эвдэрсэн учраас Гэмтлийн эмнэлгийн хажуу талд байрлах МЕD ТRAUMA-д Бүсэлхий нурууны зураг авхуулсан. 2020 оны 10 сард цаг авч Гэмтэл согог судлал үндэсний төвд түнхний зураг авхуулсан. Эмчид үзүүлж эмчилгээ бичүүлж авч эмчилгээ хийлгэж байна. Гэмтлийн улмаас баруун талын түнх, нуруу мурийлттай, гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүссэн нь нотлогдсон тул үүнтэй холбоотой эмчилгээнүүд хийлгэж байна. Залуу хүн биш нас ахих тусам тархи толгой, түнх нурууны бэртэл гэмтлийн улмаас байнгын эм тариа хэрэглэхээр дархлаа унаж ханиад томуу хүрэх, маш их ядарч байна. 2021 онд байгууллагаас эрүүл мэндийн үзлэгт ороход байнгын даралтын эм, өвчин намдаах бусад эмийг удаан хугацаагаар ууснаас болж зүрх өвдөж, хатуурсан, баруун талын бөөр үрэвсэлтэй гэсэн дүгнэлтүүд гарсан. Гэмтсэний улмаас байнга сэтгэлийн айдас түгшүүртэй, эм тариагаа авах, эмчилгээгээ хийлгэж эрүүл болохын төлөө аргагүйн эрхэнд өвдөж байсан ч эмээ уугаад ажлаа хийж байна. Ажлаа хийхгүй бол өөр орлогогүй гэр бүл, ах дүү найз нөхдөөсөө туслалцаа авч эрүүл саруул болохын төлөө амьдарч байна. Их эм хэрэглэсэн учраас зүрх өвдөж, шөнө нойр хүрэхгүй, удаан зогсож, сууж чадахгүй нуруу, түнх байнга өвдөж аргагүйн эрхэнд өвчин намдаах эм хэрэглэн ажлаа хийж байна. Миний бие дээрх гэмтлийн улмаас жил гаран эмнэлгээр явж биеийн байдал сайжрахгүй, тархи толгой өвдөж, даралт ихсэж, пульс /78-110 хүртэл / ихсэж, баруун талын хүзүү байнга хөшилттэй 2 гар болон баруун хөл жирвэгэнэж бадайрч, түнх, нуруу мурийлттай эмчилгээг өнөөдрийг хүртэл хийлгэж гэмтлийн болон мэдрэлийн эмчийн хяналтад байна. Эрүүл саруул ажлаа хийгээд явж байсан хүнийг өөрийн болгоомжгүй үйлдлээсээ болж бэртээж, гэмтээсэн байж нэг ч удаа биеийн байдлыг асуухгүйгээр өнөөдрийг хүрсэн хариуцагч О.Алтанхуягт маш их гомдолтой байгаа бөгөөд цаашид миний эрүүл мэндэд маань ямар эрсдэл гарахыг мэдэхгүй байна. Гарсан зардлууд 2 хүний вагоны ирэх, очих зардал, бензиний үнэ 253600 төгрөг, Медипас эмнэлэгт аарцаг, түнхний зураг 150000 төгрөг, Монхимо ХХК-ийн эмнэлэгт оношилгоо 15.000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд түнхний зураг 160.000 төгрөг, МЕD ТRAUMA HOSPITAL-д бүсэлхий нурууны соронзон резонанст томографийн оношилгооны зураг 290.000 төгрөг, аптекаас авсан эмүүдийн үнэ 422.711 төгрөг, нотариатын зардал 20.700 төгрөг, нийт зардал 1.312.011 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч О.Алтанхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.Түмэнбуян нь О.Алтанхуяг надад холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэм хорын хохирол 1,312,011 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй юм. О.Алтанхуяг миний бие Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ЭТ-40 гудамж 245 тоотод оршин суудаг байхад нэхэмжлэлийг Орхон аймгийн хаягаар өгч эндээс итгэмжлэл өөр хүнээр хийлгэж гардуулж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана" гэж заасныг, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т тус тус заасныг зөрчсөн. Д.Түмэнбуян О.Алтанхуяг надад холбогдуулан яг энэ асуудлаар 2019 онд нэхэмжлэл гаргаж тус нэхэмжлэлийг гаргахаас өмнө Д.Түмэнбуянд 1.300.000 төгрөг өгсөн байсан тул энэхүү хэрэг маргаан анхан шатны шүүхийн журмаар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэгдэж хэрэгсэхгүй болгосон, тус хэрэгт нэхэмжлэгч Д.Түмэнбаяр давж заалдах шатны гомдол гаргаж хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн түүнийг эс зөвшөөрч дээд шүүхэд Д.Түмэнбуян гомдол гаргасныг одоо эцсийн байдлаар шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа болно. Гэтэл дээрх гэм хорын хохирол нэхэмжлэх хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, мөн энэхүү хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэсэн байхад нэг утга агуулгатай нэхэмжлэлийг Д.Түмэнбуян дахин гаргасан нь байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-т заасныг зөрчиж байгаа тул иргэн Д.Түмэнбуянгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-8-19-ийн урдаас машинтайгаа орох гэтэл өөдөөс машин гарч ирсэн. Тэгээд ухарч хөдөлж эхлээд л энэ эгчийг мөргөсөн. Анхны хурал дээрх камерын бичлэгт тодорхой байгаа. Нэхэмжлэгч одоо мөнгө өгсний дараа дахиад нэхэмжлэл гаргана гэж байна. Мөргөсөн нь миний буруу ч шүүх шинжилгээний хариу гэмтлийн хөнгөн зэрэг гэж гарсан. Энэ бүхэн зөвхөн миний тэр үйлдлээс болсон эсэхийг сайн тодруулмаар байна. Үнэхээр ийм гэмтэл зардал гарсан бол өгөхөөс өөр аргагүй, гэхдээ өдийг хүртэл 2-3 жилийн дотор юу ч болсон юм мэдэхгүй шүү дээ, хэцүү байна гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

О.Алтанхуяг нь дүрмийн бус үйлдэл хийсэн буруутай үйлдэл гаргасан тул хохирогч Д.Түмэнбуянгийн эмчилгээний зардлыг гаргаж өгөх нь зөв гэж үзэж байна. Хохирогч нь эмчилгээ оношилгоогоо улсын болон эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлдэг газраар үйлчлүүлж хариуцагчийн ар гэр, ажил байдал, орлогыг бодолцож хэт үнэтэй хувийн эмнэлгээр үйлчлүүлэхгүй байх гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/00910 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Түмэнбуянгийн хариуцагч О.Алтанхуягт холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1.312.011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Түмэнбуянгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Түмэнбуян шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 2 хүний замын 2 хүний вагоны ирэх, очих зардал, бензиний үнэ 253.600 төгрөг, Медипас эмнэлэгт аарцаг түнхний зураг 150.000 төгрөг, Монхимо ХХК-ийн эмнэлэгт оношлогоо 15.000 төгрөг, Гэмтэл Согог судлалын Үндэсний төвд түнхний зураг 160.000 төгрөг, МЕD ТРAUMA HOSPITAL-д бүсэлхий нурууны соронзон резонанст томографийн оношлогооны зураг 290.000 төгрөг, Нотариатын үнэ 20.700 төгрөг, аптекаас авсан эмүүдийн үнэ 425.311 төгрөг нийт 1.312.011 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байтал хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг ноцтой зөрчин ямар шалтгааны улмаас Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичиж өгсөн дүгнэлтийн дагуу авхуулсан түнх , нурууны зураг, эмийн сангаас авсан эм тарианы үнэ, УБ хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан ирэх очих замын зардал, бензиний үнийг нотлох баримтаар оруулсаар байхад хэрэгсэхгүй болгосонд туйлын гомдолтой байна. Ажлаа хийгээд явж байсан хүнийг гэмтээж, уг гэмтлийн улмаас олон хоног эмчлүүлж өнөөдөр ч дээрх эмчилгээ дуусаагүй, тэрчлэн өөр гэмтэл гарч ажил төрлөө хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байхад, хүний амь нас, эрүүл мэнд нэн тэргүүнд байх ёстой байтал, мөн сэтгэл санааны хувьд өвдөж зовж нас ахихын хэрээр эдгэрэх магадлал буурч байгаа зэргээс сэтгэл зүйн асар хүнд байдалд байгааг хохирсон этгээд миний бие гэрчлэн мэдүүлж маш их гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.28-ны өдрийн 142/ШШ2022/00910 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Д.Түмэнбуян нь хариуцагч О.Алтанхуягт холбогдуулан гэм хорын хохиролд 1.312.011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О.Алтанхуяг нь миний үйлдлийн улмаас болсон эсэх нь тодорхойгүй гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Д.Түмэнбуян нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч О.Алтанхуягийн гэм буруутай үйлдлийн улмаас биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримтанд үндэслэн тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч О.Алтанхуяг нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-8 дугаар байрны гадна өөрийн эзэмшлийн 40-84 ОРА улсын дугаартай Ниссан Тина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж нэхэмжлэгч Д.Түмэнбуянг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогджээ. Хариуцагч О.Алтанхуягийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Түмэнбуянгийн баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн голомтын няцрал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэсэн хөнгөн зэргийн гэмтэл учирсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Нэхэмжлэгч Д.Түмэнбуян нь миний эрүүл мэндэд учруулсан гэмтэл хөнгөн зэрэгт хамаарах хэдий ч шинжээчийн дүгнэлтэд энэ гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд дурдсанаас гадна миний биед баруун түнх нурууны гэмтлүүд илэрч гарснаар эмчилгээ хийлгэх шаардлага гарсан, гэмтлийн улмаас баруун талын түнх нуруу мурийлттай болсон. Энэ нь тухайн цаг үед үүссэн тул эмчилгээ хийлгэж байгаа, залуу хүн биш болохоор нас ахих тусам тархи толгой түнх нурууны бэртлийн улмаас байнга эм тариа хэрэглэхээр дархлаа унаж янз бүрийн эрхтний үрэвслүүд гарч байна. Эмчилгээ хийлгэсэн зардалд нийт 1.312.011 төгрөг нэхэмжилнэ гэсэн тайлбар гарган холбогдох нотлох баримтаа гаргаж хэрэгт өгчээ.

Шүүх хариуцагч О.Алтанхуягийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэмтлээс өөр аарцаг түнхний зураг, бүсэлхий нурууны зураг авхуулах, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, даралтны эм, өвчин намдаах эм хэрэглэж эмчилгээ хийлгэсэн нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1. дүгээр зүйлд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..., 505 дугаар зүйлийн 505.1.-д...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй... гэж зааснаар хариуцагч О.Алтанхуяг нь гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид хариуцан төлөх үүрэгтэй. Хариуцагч О.Алтанхуяг нь энэ эмчилгээ хийлгэсэн зардал миний гаргасан ослын улмаас болсон гэдгийг тодорхой тогтоолгомоор байна гэсэн тайлбар гаргаж маргасан боловч тайлбар татгалзлаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Гэм хорын хохирлыг арилгах нь гэм хор учруулсан тохиолдолд гэм буруу, хохирол шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэмт хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөх гэм буруугийн зарчимтай ба хэрэгт авагдсан нотлох баримтаар О.Алтанхуяг нь гэм буруугүй болохоо нотлоогүй байна.

Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Түмэнбуянгийн Орхон аймгийн Медипас эмнэлгийн компьютерт томографын аарцаг түнхний зураг авхуулсан баримтад баруун талын acetabulum дээд ирмэгт яс ургалтын доод талд сэтэрсэн хуучин хугарал тодорхойлогдоно гэж дүгнэсэн байх ба энэ нь хариуцагч О.Алтанхуягийн гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон байх боломжтой тул энэ гэмтэлд холбоотой гарсан зардлуудыг хариуцагч О.Алтанхуягаар төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Аарцаг түнхний зураг 150.000 төгрөг, Гэмтэл согогийн үндэсний төвийн түнхний зураг 160.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн вагоны 1 хүний зардал 40.400 төгрөг, аптекаас авсан эмийн үнийн 50 хувь 211.360 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1 хүний зардал 18.500 төгрөг нийт 560.060 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 760.951 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: О.Алтанхуяг нь дүрмийн бус үйлдэл хийсэн буруутай үйлдэл гаргасан тул хохирогч Д.Түмэнбуянгийн эмчилгээний зардлыг гаргаж өгөх нь зөв гэж үзэж байна. Хохирогч нь эмчилгээ оношилгоогоо улсын болон эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлдэг газраар үйлчлүүлж хариуцагчийн ар гэр, ажил байдал, орлогыг бодолцож хэт үнэтэй хувийн эмнэлгээр үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/00910 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Түмэнбуянгийн хариуцагч О.Алтанхуягт холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1.312.011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505.1.-д зааснаар хариуцагч О.Алтанхуягаас гэм хорын хохирол 560.060 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Түмэнбуянд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 760.951 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.Түмэнбуянгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.Түмэнбуянгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.942 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Алтанхуягаас 17.452 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Түмэнбуянд олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Д.Түмэнбуянгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг 35.942 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ