| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/06767/И |
| Дугаар | 192/ШШ2026/03227 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2026/03227
| 2026 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 192/ШШ2026/03227 | Улаанбаатар хот |
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 15,865,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч ***********,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч *********,
хариуцагч ***********,
хариуцагчийн өмгөөлөгч********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******а нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Анх миний бие Нарантуул худалдааны төвд гутал пүүзний лангуунд хөлсөөр ажилладаг байсан ба хариуцагч ********** нь надад 2024 оны 03-р сараас эхлэн гадаад улсаас пүүз, гутал оруулж ирж, Монгол Улсад худалдан борлуулж, хамтран ажиллах саналыг тавьсан тул хөрөнгө оруулалтыг 50 хувиар буюу адил тэнцүү гаргаж хамтран ажиллахаар харилцан тохиролцож 2024 оны 4-р сараас эхлэн хамтран ажиллаж эхэлсэн.
Ийнхүү хамтран ажиллаж эхлэхдээ ******** дүүрэг, *************** хороо, *********р, Үйлчилгээний зориулалттай болгосон **************байрших дэлгүүрт сарын 1,600,000 төгрөгийн түрээс төлж, хамтран ажиллахаар болсон бөгөөд миний бие хамтын ажиллагааныхаа хажуугаар өмнө эрхэлж байсан ******** төв дэх ажлаа 2024 оны 9 сар хүртэл үргэлжлүүлэн хийж байсан.
Тус хамтын ажиллагаа нь ******* болон В****** улсаас бэлэн хувцас болон гутал, пүүз авчирч борлуулан зарах байдлаар хамтын ашиг хүртэх зорилготой байсан бөгөөд миний бие *******нь гэрээг бичгээр байгуулахаар олон удаа санал тавьсан боловч хариуцагч ********** нь тухай бүрт нь татгалзаж байсан.
Нэхэмжлэгч **********миний бие хариуцагч ************тай ийнхүү хамтран ажиллах хугацаандаа хариуцагч руу хамтын ажиллагааны зорилгоор нийт 24,945,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.
Хамтран ажиллах хугацаанд буюу 2024 оны 4 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч *******ийн данснаас хариуцагч **********ын данс руу бараа болон түрээсийн төлбөрийг тогтмол шилжүүлдэг байсан бөгөөд тус хамтран ажиллах хугацаанд миний бие олсон ашгаас нэг ч төгрөг хүртээгүйгээс үүдэн маргаан үүсэж, 2 тал ярилцаж хамтын ажиллагаагаа цуцлахаар болсон тул бидний гэрээ 2025 оны 03 дугаар сараас дуусгавар болсон. .
Ийнхүү бид харилцан тохиролцож, хамтран ажиллахаа больсны дараа миний бие хамтран ажиллах хугацаанд ****** руу шилжүүлж байсан барааны мөнгө болох 24,945,000 төгрөг болон тус бараанаас олсон ашгийг нэхэмжилсэн боловч хариуцагч **********д нь шилжүүлэхгүйгээр элдэв шалтаг хэлж зугтаасаар өдийг хүрсэн.
Иймээс миний бие хариуцагч **********тай 2024 оны 04 дүгээр сараас эхлэн гадаад улсаас гутал, пүүз худалдан авч, Монгол Улсад оруулж ирж худалдан борлуулах замаар ашиг олж, олсон ашгаа тэнцүү хуваахаар амаар харилцан тохиролцож байгуулсан, хамтран ажиллах гэрээнээсээ татгалзаж, уг гэрээний үйл ажиллагаанд зориулан өөрийн оруулсан хөрөнгө болох нийт 24.945.000 төгрөгөөс:
1/ 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 9 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх өөрийн хэрэглэсэн бараа буюу 12 ширхэг футволкний үнэ 480.000 төгрөг,
2/ Хамтран ажиллах гэрээг цуцлах үед үлдэгдэл бараанаас авсан 26 ширхэг гуталны үнэ 2,600,000 төгрөг,
3/ Хариуцагч *******аас над руу дансаар шилжүүлсэн 3,000,000 төгрөг,
4/ Түрээсийн төлбөр 3,000,000 төгрөгийг тус тус хасаад, үлдэх 15,865,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.
Иймд хариуцагч *********аас 15,865,000 төгрөгийг гаргуулан надад олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.
2. Хариуцагч **********д нь шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ********д нь иргэн *******тэй 2024 оны 4-р сараас эхлэн хамтарч ажилласан. Бидний хооронд бичгийн хэлбэрээр ямар нэгэн гэрээ хийгдээгүй, амаар тохиролцсон. Бид анх ярилцахдаа 1-ээс 2 жилийн хугацаанд ашиг олно гэж ярилцаж тохирсон. ****** нь тухайн үед хөрөнгө оруулсан гэх мөнгөө надад нэг дор өгөөгүй. Хамтын ажиллагааны явцад гарсан үйл ажиллагааны зардлууд болох түрээсийн төлбөр, маркетингийн зардал, тог цахилгааны төлбөр, худалдааны зөвлөхийн цалин зэргийг ******** нь төлөлцөж байгаагүй. Бидний хамтын үйл ажиллагааны хугацаанд нийт үйл ажиллагааны зардалд 91,000,000 төгрөгийн зардал гарсан.
Бидний хамтын үйл ажиллагаа 1 жилийн хугацаанд үргэлжлэх ёстой байсан боловч нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сард дэлгүүр дээрээс бараа хулгайлж авч явснаар бидний хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон. Гэрээг дуусгавар болгохдоо бид тооцоо хийгээгүй.
Иймд би ******** мөнгө төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, хаан банкны дансны хуулга /хх-6-19/, голомт банкны дансны хуулга /хх-20-32/, зарлагын баримт /хх-33/, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-48/, зэрэг нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байна.
4. Хариуцагч талаас хариу тайлбар /хх-55/, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-59/, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ /хх-67-68/, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн түрээсийн гэрээ /хх-69/, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-70-156/, зэрэг нотлох баримт хэрэгт өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч******* холбогдуулан 15,865,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.Үүнд:
1.1 2024 оны 04 дүгээр сараас эхлэн хариуцагч ********тай гадаад улсаас гутал, пүүз оруулж ирэн, зарж борлуулахаар харилцан тохиролцож, хамтран ажиллаж эхэлсэн.
2.2 Бидний дээрх тохиролцоо бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй бөгөөд бид хөрөнгө оруулалтыг тэнцүү хэмжээгээр оруулахаар харилцан тохиролцсон бөгөөд үүний дагуу миний бие хамтын үйл ажиллагаанд зориулж 24,945,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
2.3 Гэтэл хамтын үйл ажиллагааны ашгаас надад ашиг өгч байгаагүй тул бидний хооронд үл ойлголцол гарч, 2025 оны 03 дугаар сараас эхлэн бидний хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон тул өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаас өөрийн авсан гутал хувцасны үнэ болон түрээсийн төлбөр, мөн нэхэмжлэгчээс над руу шилжүүлсэн мөнгө болох нийт 9,080,000 төгрөгийг хасаад үлдэх 15,865,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх агуулгаар тайлбарлаж байна.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1 2024 оны 04 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч *********тэй хамтарч, гадаад улсаас гутал, пүүз оруулж ирэн, зарж борлуулан ашиг олохоор хамтран ажиллаж эхэлсэн.
2.2 Бидний хамтын үйл ажиллагаа 1 жилийн хугацаанд үргэлжлэхээр харилцан тохиролцож, хамтын үйл ажиллагааг эхлүүлсэн боловч нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны зардалд гарсан 91,000,000 төгрөгөөс төлөлцөөгүй бөгөөд бидний хамтын үйл ажиллагаа 2025 оны 03 дугаар сард дуусгавар болсон тул түүний хөрөнгө оруулалтаар оруулсан гэх мөнгийг буцаан өгөх боломжгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1 Талууд 2024 оны 04 дүгээр сараас эхлэн гутал, пүүз худалдан борлуулж, ашиг олохоор хамтран ажилласан байх бөгөөд нэхэмжлэгч нь тус хамтын ажиллагаанд зориулж 24,950,000 төгрөгийн хураамжийг төлсөн байна.
3.2 Талуудын хоорондын хамтын үйл ажиллагаа 2025 оны 03 дугаар сард дуусгавар болсон байх бөгөөд талууд хамтын үйл ажиллагаагаа дүгнэж, ашиг, алдагдлын талаар тооцоо хийгээгүй байна.
4. Дээрх үйл баримтаас дүгнэвэл:
4.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, 477.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж тус тус заажээ.
4.2 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс хамтын үйл ажиллагааны хураамжид 24,950,000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч талаас хэдий хэмжээний хураамжийг ямар хэлбэрээр төлсөн болох нь тодорхойгүй, энэ талаар тайлбар, нотлох баримтыг талуудаас гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй болно. Иймд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч талын төлсөн хураамжийг талуудын дундаа өмчлөх хөрөнгө гэж үзнэ.
4.3 Зохигч хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин талууд нэхэмжлэгчийг хамтын үйл ажиллагааны зардлыг хариуцах үүрэгтэй эсэх талаар маргаж байна.
4.4 Мөн талуудын хамтын үйл ажиллагаа 1 жилийн хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сар хүртэл үргэлжлэх ёстой байсан ч 2025 оны 03 дугаар сард дуусгавар болсон гэх үйл баримтын талаар маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болсон гэж үзнэ.
5.Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4 дэх хэсэгт хамтын үйл ажиллагаа дуусгавар болсны дараа тухайн гэрээний талуудын хооронд үүсэх үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан байна. Үүнд: хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна, хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ гэжээ.
6. Хэрэгт авагдсан нотлох баримтаар болон зохигчийн тайлбараар хамтын үйл ажиллагаа тодорхой хугацаанд хэрэгжсэн, тус үйл ажиллагаанд талууд оролцож байсан болох нь тогтоогдож байх бөгөөд гэрээ дуусгавар болох үед хамтын үйл ажиллагаагаа дүгнэж, ашиг алдагдлаа тооцоогүй байна.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ хэрэгжсэн хугацаанд талууд өөрт ногдох үүргийг гүйцэтгэсэн эсэх, хамтран ажиллах гэрээний улмаас бий болсон дундаа өмчлөх хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар гэрээгээ дүгнэж, тооцоо нийлээгүй байна.
7.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг хариуцагчтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хураамжийг хариуцагчаас шаардах эрх үүсээгүй гэж үзэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ дүгнэж, хамтын үйл ажиллагааныхаа ашиг алдагдлыг тооцсоны үндсэн дээр нэхэмжлэгчээс тус гэрээний үүрэг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч ***д холбогдуулан гаргасан 15,865,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 237,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА