Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 885

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гансугар,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Аийн Бт холбогдох 1808019071052  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Техник технологийн дээд сургуулийн 2 курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Аийн Б, /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

А.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ... дүгээр гудамжинд найзын хамт дугуйгаа янзалж байхад нь “дугуйг ингэж янзалдаггүй юм” гэж Р....ийг хэлэхэд нь дургүйцэн түүнийг хавирч унагаан өшиглөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Хохирогч О....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянхошууны баруун салааны ... дүгээр гудамжинд “Дээж” нэртэй хүнсний дэлгүүрээс зайрмаг авчихаад явж байтал гудамжинд зүс таних унадаг дугуй уначихсан хоёр банди урд ирж зогсоод нэг банди намайг хөлөөрөө хавсарч газар унагаад хавирга орчим руу өшиглөж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 11-12 х/,

 

            2. Шүүгдэгч А.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би тэр ахыг зодсон нь үнэн гэмт буруугаа ойлгож байна. ...Намайг үг хэлээр доромжлоод байхаар нь би хавирч унагаад цээж рүү нь өшиглөчихсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх 48-49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3. Гэрч О....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Миний дүү ... 2018.04.06-ны орой Сонгинохайрхан 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байгаад хүүхдэд зодуулсан тэр шөнө дүү ... нь намайг дуудаж би гэмтлийн эмнэлэгт үзүүлж цагдаад өргөдөл гаргасан. ...ид өвчин намдаах эм болон наалт авч наалгасан эмнэлэгт үзүүлсэн. Унааны зардал гарсан ямар нэгэн баримт байхгүй. Гэхдээ миний дүү зодуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,

 

4. Гэрч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2018 оны 04 дүгээр сарын 06-ны орой нөхөр ...ын хамт гэртээ байж байсан чинь дүү ... нүүр нь цус болчихсон гартаа зайрмаг барьчихсан бага зэргийн архи уучихсан, өмссөн хувцас нь шороо болчихсон хүний гутлын мөр гарчихсан орж ирээд гудамжинд дугуйтай хоёр хүүхэд таарч нэг нь намайг зодчихлоо гэсэн чинь нөхөр ... ямар хүүхэд зодсон юм гэж асуутал “Баатараа” гэж хэлсэн. ...... зодуулсныхаа дараа манай гэрт хоносон юм. Шөнө нь халуураад хэвтэж чадахгүй амьсгаа авч чадахгүй бие өвдөөд байна гэхээр нь эгч ... рүү хэлж гэмтлийн эмнэлэг орж цагдаад мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,

 

5. Насанд хүрээгүй гэрч О....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн ...-7 тоотод унадаг дугуйг засаж байгаад хашаанаас гарч гудамжинд унаж үзэж байсан чинь нэг согтуу ах бид хоёр дээр ирээд хөөе юу хийж байгаа юм ална шүү гэсэн. Бын хөл руу тэр ах чулуу шидээд оночихсон чинь Б яаж байгаа юм гээд хавирч унагасан тэгсэн чинь тэр ах гартаа барьж байсан зайрмагаа газар унагаачихсан, би тэр зайрмагийг түүж өгсөн. Б тэр ахын цээж хавирга орчим руу нь өшиглөхөөр нь Баатараа одоо болио, зугтаая гэж хэлсэн. Б хавирч унагаад өшиглөсний дараа босохдоо тэр ах цээж хавирга орчмоо баруун гараараа барьж босож ирэхэд нь би зайрмагийг нь газраас түүж өгөөд зүүн гарт нь бариулж явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х/,

 

6. Гэрч А....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... А.Б нь миний төрсөн дүү байгаа юм. 124 дүгээр сургуулийг 2016 онд төгсөж техник технологийн дээд сургуульд сурч байгаа. Одоо 2-р курсын оюутан. Зан харилцааны хувьд тэр болгон хүнтэй хэрүүл маргаан зодоон хийгээд байдаггүй, эвсэг, хүний үгийг сайн сонсож байгаад хариулдаг, ямар нэгэн муу зуршил байхгүй. Чөлөөт цагаараа дугуй унадаг. Би хүнтэй муудалдцаад яваад байдгийг нь мэдэхгүй юм. Тухайн үед миний дүүг үг хэлээр доромжлоод байхаар нь хавирч унагаад өшиглөчихсөн гэж надад хэлсэн. Тэр хүн зүгээр байгаагүй юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/,

 

7. Шинжээчийн 4649 тоот дүгнэлт

            1.О....ийн биед зүүн талын 9, 10-р хавирга суганы арын шугамаар, зүүн талын 5-р хавирга эгэмний дунд шугамаарх хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

5.Дээрх гэмтэл нь 2018.03.12-ны өдөр үүсээгүй ба 2018.04.06-нд бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна,

             6.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх ... х/,

 

           8. Шинжээч эмч Т....ын “...үзүүлэгч ...ийн зүүн талын 9. 10-р хавирга, мөн 5-р хавирга хугарсан, нийт 3 хавирга хугарсан байна. Энэ нь 1- 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, учир нь нэг талд үүссэн учраас 1-2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...О....ийн биед учирсан гэмтэл нь хэрэг гарсан гэх 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг/хх 35-36 х/,

 

  1. А.Бын төрсний гэрчилгээний лавлагаа /хх 50, 61 х/
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51 х/
  3. Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 53 х/
  4. А.Бын нас тоолсон тэмдэглэл /хх 55 х/
  5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57 х/
  6. Техник технологийн политехникийн коллежийн тодорхойлолт /хх 60 х/
  7. Хохирогчийн “хохиролд 300,000 төгрөг авсан тухай” мэдүүлэг /хх ­12-14 х/
  8. Цаашид нэхэмжлэх зүйлгүй тухай хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт /хх 79 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч А.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Б нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ... дүгээр гудамжинд найзын хамт дугуйгаа янзалж байхад нь “дугуйг ингэж янзалдаггүй юм” гэж Р....ийн хэлсэн үгнээс болж түүнийг хавирч унагаан өшиглөн хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

-Хохирогч О....ийн “...Дээж нэртэй хүнсний дэлгүүрээс зайрмаг авчихаад явж байтал гудамжинд зүс таних унадаг дугуй уначихсан хоёр банди урд ирж зогсоод нэг банди нь намайг хөлөөрөө хавсарч газар унагаад өшиглөөд хавирга орчим руу өшиглөж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 11-12 х/,

            - Шүүгдэгч А.Бын “...би тэр ахыг зодсон нь үнэн гэм буруугаа ойлгож байна. ...Намайг үг хэлээр доромжлоод байхаар нь би хавирч унагаад цээж рүү нь өшиглөчихсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх 48-49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч О....ийн “...Миний дүү ... 2018.04.06-ны орой Сонгинохайрхан 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байгаад хүүхдэд зодуулсан тэр шөнө дүү ... нь намайг дуудаж би гэмтлийн эмнэлэгт үзүүлж цагдаад өргөдөл гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,

- Насанд хүрээгүй гэрч О....ын “... унадаг дугуйг засаж байгаад хашаанаас гарч гудамжинд унаж үзэж байсан чинь нэг согтуу ах бид хоёр дээр ирээд хөөе юу хийж байгаа юм ална шүү гэсэн. Бын хөл рүү тэр ах чулуу шидээд оночихсон чинь Б яаж байгаа юм гээд хавирч унагасан ... Б тэр ахын цээж хавирга орчим руу нь өшиглөхөөр нь Баатараа одоо зугтаая гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х/,

- Шинжээчийн 4649 тоот дүгнэлт

            1.О....ийн биед зүүн талын 9, 10-р хавирга суганы арын шугамаар, зүүн талын 5-р хавирга эгэмний дунд шугамаарх хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,  

 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

 5.Дээрх гэмтэл нь 2018.03.12-ны өдөр үүсээгүй ба 2018.04.06-нд бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна,

             6.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх ... х/,

           - Шинжээч эмч Т....ын “...үзүүлэгч ...ийн зүүн талын 9. 10-р хавирга, мөн 5-р хавирга хугарсан, нийт 3 хавирга хугарсан байна. Энэ нь 1- 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, учир нь нэг талд үүссэн учраас 1-2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...О....ийн биед учирсан гэмтэл нь хэрэг гарсан гэх 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх 35-36 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            А.Бын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн болон оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн дүгнэлт:

О....ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч А.Б түүнийг хавирч унагаан өшиглөсөн гэх хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хүндэвтэр хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх ... х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

Шүүгдэгч А.Б өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч О.... эмчилгээний зардлын баримтууд гаргаж ирүүлээгүй хэдий ч шүүгдэгчийн зүгээс хохиролд 300,000 төгрөг төлсөн нь хохиролд 300,000 төгрөг авсан тухай хохирогчийн мэдүүлэг /хх ­12-14 х/, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухай хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт /хх 79 х/ зэргээр тогтоогдсон тул А.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            А.Быг дугуй засаж байхад хохирогч ирж үг хэлээр доромжилсон асуудлаас болж уг гэмт хэрэг гарсан тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигон овогт Аийн Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Быг 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан А.Бт үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.Бт мэдэгдсүгэй.

  5.А.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 300,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ