| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0897/Э |
| Дугаар | 927 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 927
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
Улсын яллагч Э.Энхбат,
Шүүгдэгч Г.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 1808000001279 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн Ниймгийн шинжпэх ухааны сургуулийн 4-р курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Г.... нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22б байрны гадаа Сагсан бөмбөгийн талбай дээр 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед иргэн М....тэй сагсан бөмбөг тоглож байгаад маргалдан улмаар түүний зүүн нүдэнд цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1. Хохирогч М....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Өчигдөр би 14 цагийн орчим байрныхаа урд сагсны талбай дээр зүс мэддэг хүүхдүүдтэй тоглож байхад манай хажуу талын ... тэнд тоглож байсан. Хүүхдүүд 2 баг болж тоглоод хожтол “дахин тоглоё” гэхээр нь тоглож байгаад бөмбөг оруулаад орилтол ... “чи бүр зодохнээ” гэхээр нь яасан юм гээд миний шилэн хүзүүнээс татахад нь би заамдаж авахад манай ах салгахад ... гараараа миний зүүн талын хөмсөг рүү цохисон. Тэгээд хамар болон хөмсөгнөөс цус гарсан, эмнэлэг явж зүүн хөмсгөндөө оёдол тавиулж, хамрынхаа зургийг авхуулахад хамар хугаралтай мурийлттай байна гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 11-12 х /,
2. Шүүгдэгч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 10-р сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22б байрны урд сагсан бөмбөгийн талбай дээр байрныхаа хүүхдүүдтэй сагс тоглож байгаад ...ий багт хожигдоод дахиад тоглосон. Тэгээд тоглож байхад ... бөмбөг оруулаад надруу орилохоор нь шилэн хүзүүнээс нь гараараа бариад чи одоо болиоч ээ зүгээр тоглооч гэхэд ... эргэж хараад намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдахад ...ий төрсөн ах ... орилоод хүрээд ирэхээр нь би хойшоо болж байгаад гараа саваад баруун гараараа ...ий хөмсөг хамрын хавьцаа нь нэг удаа цохиход цус гараад доошоогоо суусан. Тэгэхэд ... надруу дайраад миний нүүр шанаа хавьцаа гараараа 3, 4 удаа цохисон мөн хавирга гэдэсний хэсэгт гараараа 1-2 удаа цохиод хоолойг бооход манай байрны хүүхэд ... дундуур орж салгасан. Тэгээд ..., ... хоёр яваад өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа миний ...дугаарын гар утас руу ... залгаад гараад ирээ гэхээр нь би гараад уулзахад ... миний хөмсөг сэтэрч, хамар хугарчихсан байна ээж чамтай уулзъя гэж байна гэхээр нь гэрт очиж ...ийн ээжтэй нь уулзахад надад ...ий эмчилгээний баримт гээд 120,000 төгрөгийн баримт үзүүлээд аав ээжийгээ уулзуул гэж хэлсэн. Тэгээд би 30 минутын дараа аав ээжтэйгээ ...ий гэрт ороод уулзахад ...ий ээж нь эмчилгээний зардал 270,000 төгрөг болж байна, энэ төлбөрийг танайх төл гэхэд аав зөвшөөрөөд орой мөнгө өгөхөөр болоод бид гурав гарч явсан. Тэгээд оройн 21 цагийн үед аав ээж хоёр уулзах гээд ...ий гэрт ороход ээж нь сэтгэл санааны хохирол гэж 5 сая төгрөг нэхэхэд аав ээж хоёр тийм их мөнгө байхгүй гэхэд цагдаагаар явна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 32-34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3. Гэрч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...27/2-р байрны зүс мэдэх залуу “чи бүр зодохнээ” гэж хэлээд манай дүүг шилэн хүзүүдэхээр нь манай дүү “яасан гэнээ” гээд заамдаж аваад хоорондоо барьцалдахад манай дүүгийн зүүн талын нүд хэсэгт гараараа цохисон. Нүд хамарнаас нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,
4. Шинжээчийн 12437 тоот дүгнэлт
1.М....ийн биед зүүн хөмсөгт шарх, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 21 х/,
Нотлох баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.... нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22б байрны гадаах Сагсан бөмбөгийн талбай дээр М....тэй сагсан бөмбөг тоглож байгаад маргалдан улмаар түүний зүүн нүдэнд цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч М....ий “... яасан юм гээд миний шилэн хүзүүнээс татахад нь би заамдаж авахад манай ах салгахад ... гараараа миний зүүн талын хөмсөг рүү цохисон. Тэгэхэд хамар болон хөмсөгнөөс цус гарсан, эмнэлэг явж зүүн хөмсөгөндөө оёдол тавиулж, хамрынхаа зургийг авхуулахад хамар хугаралтай мурийлттай байна гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 11-12 х /,
- Шүүгдэгч Г....гийн “... ... эргэж хараад намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдахад ...ий төрсөн ах ... орилоод хүрээд ирэхээр нь би хойшоо болж байгаад гараа саваад баруун гараараа ...ий хөмсөг хамрын хавьцаа нь нэг удаа цохиход цус гараад доошоогоо суусан. ...” гэх мэдүүлэг /хх 32-34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч М....ын “... 27/2-р байрны зүс мэдэх залуу “чи бүр зодохнээ” гэж хэлээд манай дүүг шилэн хүзүүдэхээр нь манай дүү “яасан гэнээ” гээд заамдаж аваад хоорондоо барьцалдахад манай дүүгийн зүүн талын нүд хэсэгт гараараа цохисон, нүд, хамарнаас нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,
- Шинжээчийн 12437 тоот дүгнэлт
1.М....ийн биед зүүн хөмсөгт шарх, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 21 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Г....гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн болон хүлээлгэх эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Шүүгдэгч Г.... нь хохирогч М....ий зүүн нүдэнд гараараа нэг удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 21 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.
Шүүгдэгч Г.... өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч М.... эмчилгээний зардалд 138,800 төгрөгийн баримт гаргаж өгснөөс хохиролд 270,000 төгрөг төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 49 дүгээр хуудсан дахь хохирогчийн бичгээр гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Г.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд анх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, оюутан, мөн прокурорын ялын талаар гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 270,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ын ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Г....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г....д мэдэгдсүгэй.
5.Г....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 270,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ