| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0502/Э |
| Дугаар | 520 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл,
шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н- овогт Б-гийн Б-т холбогдох эрүүгийн 1810019250665 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, Ус сувгийн удирдах газрын Ус хангамжийн албаны ахлах инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр хороолол ...тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н- овогт Б-гийн Б- /РД:…………../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Б-тай үл ойлголцолын улмаас маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг зүйлгүй гэв.
Хавтаст хэргээс:
Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирэхэд эхнэр Л.Б-ын эгч хөдөөнөөс ирчихсэн байсан. Хадам эгчийн хүүхэд халуураад байхаар нь Хан-Уулын дүүргийн Хүүхдийн эмнэлэгт үзүүлсэн нь дээр байх гээд би машинаараа эхнэр Батбаяр, өөрийн 1 настай хүүхэд, эгч Баттөмөрийг хүүхэдтэй нь аваад эмнэлэг явсан. Би эмнэлгийн гадаа машинд хүүхэдтэйгээ үлдээд эхнэр эгчтэйгээ цуг хүүхдийг нь аваад эмнэлэг рүү орсон. Би тэр өдөр Канадад байдаг дүүдээ хүнээр юм дайж өгч явуулах ёстой байсан. Тэр үед юм өгч явуулах хүн яриад “Ачаагаа баглаж байна, явуулах юм аа яаралтай авчирч өг” гэхээр нь эхнэр рүүгээ залгаад “хүүхэд уйлаад байна. Мөн ачаа өгч явуулах хүн яриад ачаагаа авчирч өг гээд байна” гэхэд “өөрийнхөө ах дүүг бодоод миний ах дүү нарын төлөө явсандаа үхчих гээд байна уу” гээд уурлаад үгээр дайраад эхэлсэн. Удалгүй эхнэр Л.Б-, эгч Баттөмөртэйгээ хүүхдийг нь үзүүлээд гарч ирэхээр нь баруун 4-н зам орж Канад руу явуулах ачаагаа аваачиж өгсөн. Батбаяр эгчийнхээ хажууд машинд явж байхдаа хэрүүл маргаан хийгээгүй. Батбаяр эгч Баттөмөрийг гарсны дараа “чи манай ах дүү нарт сэтгэл гаргадаггүй” гээд янз бүрийн үгээр дайрахаар нь “ажлаасаа тарж ирээд хүүхдийг нь түргэн тусламжид үзүүлж байгаа биз дээ, амиа бодсон бол хүүхдүүдээ аваад лагер руу явчих байлаа” гэхэд “чи явахгүй яасан юм бэ” гэхээр нь “одоо 23 цаг өнгөрч байна. Цаг гайгүй байна. Лагер гараад хоноё, хагас бүтэн сайн өдөр хүүхдүүдээ лагер дээр байлгая” гэхэд “чи өөрөө явахгүй юу, тэндээ амьдрахгүй юу” гээд миний хувцас хунарыг авч шидээд хөөж эхэлсэн. Би “гэрээсээ гарахгүй” гэсэн чинь “танай эцэг архичин, хүүхдийнхээ хуримыг ч хийгээгүй биз дээ” гэж доромжлоод миний хувцас, зурагтны удирдлагыг авч шидэхээр нь уурандаа Батбаярыг цохисон байх. Би Батбаярыг нэг удаа хавирга руу нь хүүхдийн сандлаар цохисон. Өөр цохисон зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед нөхөр Б-тэй нь орой лагер руу Хөвсгөлөөс ирсэн эгч Баттөмөрийн хамт явахаар тохирсон. Б- ажлаа тараад 20 цагийн үед ирэхэд эгч Баттөмөрийн 1 нас гарантай хүүхэд нь халуураад байсан. Баттөмөр эгч “ та хэд лагер руугаа явах уу” гэхээр нь “үгүй ээ, таны хүүхэд өвдөж байхад бид нар яаж явах юм бэ, машинаараа ч гэсэн үйлчилж өгье” гээд Яармагийн хүүхдийн эмнэлэг дээр очсон. Баттөмөр эгч бид хоёр хүүхдийг нь үзүүлэхээр орохдоо 1 настай бага охиноо Б-т үлдээгээд орсон. Эгчийнхээ хүүхдийг үзүүлж байхад нөхөр Б- залгаад “Хүүш чи хурдлаач хүүхэд чинь орилоод байна. Үхсэнээ хийгээд байгаа юм, хурдлаач” гээд загнахаар нь “одоо гарлаа, үзүүлээд дуусч байна” гэж хэлчихээд гарсан. Би гарч ирээд “чиний хүүхэд юм байгаа биз дээ, хүүхдээ уйлуулахгүй аргалаад байж байхгүй яасан юм бэ, би эгчийн хүүхдийг үзүүлээд завгүй байхад” гээд уурлангуй хэлсэн. Баттөмөр эгч хажуунаас “дуугүй бай” гэхээр нь Б-тэй маргаагүй. Б-ийн Канадад байдаг дүү рүү нь явуулах юмыг нь хүргэж өгөөд гэртээ харьцгаасан. Баттөмөр эгч манай урд талын байранд байдаг ахынх руу орж амарлаа гээд явсан. Б- гэрт орж ирээд “одоо лагер руу явъя, энэ байшинд чинь хүүхдүүдийн хөлс урсаад байна” гэхээр нь “энэ орой болсон хойно нялх нойтон хүүхэдтэй яваад яах бэ, тэгээд ч хүүхэд сургуульд орох тул сургууль, багшийг нь судалмаар байна. Би саяхан хөдөө агаар салхинд хүүхдээ авч яваад ирлээ. Бага хүүхэд чинь бор болсон байгаа биз дээ” гэхэд “чи манай ээж бид хоёрын барьсан зуслангийн байшин болохоор очихгүй байгаа биз дээ, чи ер нь зуслангийн байшинд очих дургүй биз дээ, чи тэр байшинд ямар ганц хадаас хадсан биш” гээд уурласан. …Б- миний зүүн хавирга руу хүүхдийн хуванцар сандал аваад нэг удаа хүчтэй цохиход аймар өвдөлт өгсөн. Би орилоод эвхрээд орон дээр унасан. Би уйлаад “чи намайг яаж байгаа юм бэ, өвдөж байна ш дээ, намайг алах нь авраач” гээд орилсон. Охин намайг дагаж уйлсан. …Б- “чамайг дуугүй байхгүй бол чиний хэдэн шүдийг алхаар цөм цохиод шоронд чинь явчихна шүү” гэсэн. Тэр өдөр дахиж Б- намайг зодож цохиогүй…гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 22.30 цагийн үед намайг гэртээ байхад аав Б.Б-, ээж Батбаяр нар бага дүү 1 нас 2 сартай Маралмааг аваад эмнэлэг рүү яваад ирсэн. Тэр өдөр манай гэр бүл Бэлхийн зуслангийн байшиндаа очно гэж ярьж байсан бөгөөд аав Б.Б- “одоо бүгдээрээ зуслан явцгаая” гэхэд ээж Л.Б- “ийм орой болчихсон байхад зуслан яваад яадаг юм бэ” гэхэд аав уурлаад “энэ бүгчим байранд юугаа хийх гээд байгаа юм бэ, хүүхдүүдээ аваад зуслан явъя, юмаа бэлд” гэхээр нь ээж “ийм орой болчихсон байхад явж яах гээд байгаа юм бэ” гэхэд “энэ хоёр хүүхдийг чинь агаар салхинд гаргамаар байна. Зуслангийн байшин чинь шорон биш шүү дээ, чи нэг ч хадаас хадаагүй болохоор мэдэхгүй байна” гээд маргалдсан. Аав, ээж хоёр “чи манайхыг боддоггүй, танайхан ингэдэг тэгдэг” гээд маргалдаж байгаад аав Б.Б- бага дүүгийн хуванцар сандлаар ээж Л.Б-ын зүүн хавирга хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Ээж Л.Б- “ёоё” гээд шалан дээр унаад уйлсан. Аав ээж хоёр шөнөжингөө маргалдаж байгаад унтацгаасан. Өөр цохиж зодоогүй. Маргааш нь ээж Л.Б- эмнэлэгт үзүүлэхэд хавирга нь хугарсан байна гэж байсан. Урьд өмнө аав Б- ээж Батбаярыг зоддог байсан. 2018 оны 05 дугаар сард аав Б.Б- гэртээ архи уучихсан халамцуу 23.00-00.00 цагийн үед ирэхэд ээж Л.Б- “чи дандаа гадуур найз нөхөдтэйгээ уулзана гээд гадуур ууж идээд явах юм, гэр орноо боддоггүй юм уу” гэхэд аав Б.Б- уурлаад “би энэ амьдралыг авч явж байна. Би мөнгө төгрөг олдог, чи дуугүй бай” гээд ээж Л.Б-ыг гараараа баруун талын дал хэсэг, зүүн талын хавирга орчим руу цохиход баруун дал, зүүн хавирга орчим нь хөхөрсөн байсан. Мөн 2017 оны 04 дүгээр сард аав Б.Б- гэртээ ээж Батбаярыг жирэмсэн байхад маргалдаж ээжийн баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохиж хавдаж хөхрүүлж байсан. Яг юунаас болж маргаан хийгээд цохиж зодсонг мэдэхгүй байна. Намайг бага байхад аав Б.Б- ээжийг зоддог байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9860 дугаартай дүгнэлтэнд:
1. Л.Б-ын биед зүүн 5-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн хажуу хэсэг болон хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 18-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 4-р хуудас/,
Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 12-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 32-36-р хуудас/,
Хохирогчийн биед үзлэг хийсэн фото зургууд /хх-ийн 21-р хуудас/,
Натур эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-ийн 22-р хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 44-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 46-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25-р хуудас/, Ус сувгийн удирдах газрын Ус хангамжийн албаны тодорхойлолт /хх-ийн 285-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ий 37-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод эхнэр Л.Б-тай маргалдаж, улмаар сандлаар цохиж зүүн 5-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн хажуу хэсэг болон хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Б-ын … Б- гэрт орж ирээд “одоо лагер руу явъя, энэ байшинд чинь хүүхдүүдийн хөлс урсаад байна” гэхээр нь “энэ орой болсон хойно нялх нойтон хүүхэдтэй яваад яах бэ, тэгээд ч хүүхэд сургуульд орох тул сургууль, багшийг нь судалмаар байна. Би саяхан хөдөө агаар салхинд хүүхдээ авч яваад ирлээ. Бага хүүхэд чинь бор болсон байгаа биз дээ” гэхэд “чи манай ээж бид хоёрын барьсан зуслангийн байшин болохоор очихгүй байгаа биз дээ, чи ер нь зуслангийн байшинд очих дургүй биз дээ, чи тэр байшинд ямар ганц хадаас хадсан биш” гээд уурласан. …Б- миний зүүн хавирга руу хүүхдийн хуванцар сандал аваад нэг удаа хүчтэй цохиход аймар өвдөлт өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.М-гийн …Манай гэр бүл Бэлхийн зуслангийн байшиндаа очно гэж ярьж байсан бөгөөд аав Б.Б- “одоо бүгдээрээ зуслан явцгаая” гэхэд ээж Л.Б- “ийм орой болчихсон байхад зуслан яваад яадаг юм бэ” гэхэд аав уурлаад “энэ бүгчим байранд юугаа хийх гээд байгаа юм бэ, хүүхдүүдээ аваад зуслан явъя, юмаа бэлд” гэхээр нь ээж “ийм орой болчихсон байхад явж яах гээд байгаа юм бэ” гэхэд “энэ хоёр хүүхдийг чинь агаар салхинд гаргамаар байна. Зуслангийн байшин чинь шорон биш шүү дээ, чи нэг ч хадаас хадаагүй болохоор мэдэхгүй байна” гээд маргалдсан. Аав, ээж хоёр “чи манайхыг боддоггүй, танайхан ингэдэг тэгдэг” гээд маргалдаж байгаад аав Б.Б- бага дүүгийн хуванцар сандлаар ээж Л.Б-ын зүүн хавирга хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Маргааш нь ээж Л.Б- эмнэлэгт үзүүлэхэд хавирга нь хугарсан байна гэж байсан. Урьд өмнө аав Б- ээж Батбаярыг зоддог байсан. 2018 оны 05 дугаар сард аав Б.Б- гэртээ архи уучихсан халамцуу 23.00-00.00 цагийн орчим ирэхэд нь ээж Л.Б- “чи дандаа гадуур найз нөхөдтэйгөө уулзана гээд ууж идээд явах юм, гэр орноо боддоггүй юм уу” гэхэд аав Б.Б- уурлаад “би энэ амьдралыг авч явж байна. Би мөнгө төгрөг олдог, чи дуугүй бай” гээд ээж Л.Б-ыг гараараа баруун талын дал хэсэг, зүүн талын хавирга орчим руу цохиход ээжийн баруун дал, зүүн хавирга орчим нь хөхөрсөн байсан. Мөн 2017 оны 04 дүгээр сард аав Б.Б- гэртээ ээж Батбаярыг жирэмсэн байхад маргалдаж ээжийн баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохиж хавдаж хөхрүүлж байсан. Намайг бага байхад аав Б.Б- ээжийг зоддог байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9860 дугаартай дүгнэлтэнд:
1. Л.Б-ын биед зүүн 5-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн хажуу хэсэг болон хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 18-р хуудас/,
Аюулгүй зэргийн үнэлгээнд: Эрсдлийн түвшин дунд гэжээ. /хх-ийн 12-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 32-36-р хуудас/,
Натур эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-ийн 22-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэх бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр 2018 оны 08 дугаар сарын 10-ны шөнө шүүгдэгч Б.Б- нь эхнэр Л.Б-ыг сандлаар цохиж бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон.
Б.Б-, Л.Б- нар нь 2006 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж хамтран амьдарч гурван хүүхэд төрүүлсэн, гэр бүлийн харилцаатай эхнэр нөхөр болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б- нь эхнэр Л.Б-ыг “зуслангийн байшинд очсонгүй” гэж шалтаглан сандлаар цохиж биед нь “зүүн 5-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн хажуу хэсэг болон хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Л.Б- нь “Б.Б-т гомдолгүй” гэсэн хүсэлтийг /хх-ийн 54-р хуудас/ мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Б.Б-ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч Л.Б-т танилцуулсан, шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн тул Эрүүгийн хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хүүхдийн хуванцар сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Б-т буцаан олгохоор шийдвэрлэв.