Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Ц.Сайнхүү

Хохирогч Д.Х, С.А нарын өмгөөлөгч Г.Нандинцэцэг, Т.Батчимэг, Ц.Баасанжав

Шүүгдэгч Т.А-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Н.А-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Хохирогч С.А, Д.Х

Шүүгдэгч Т.А, Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Сайнхүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А, Н.А нарт холбогдох 17160002000018 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц овогт Н-н А.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, И овогт Т-н А.

Шүүгдэгч Н.А, Т.А нар нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт хохирогч С.А-г шүүгдэгч Н.А, хохирогч Д.Х-г шүүгдэгч Т.А зодож хохирогч С.А, Д.Х нарын биед тус тус хүнд гэмтэл санаатай учруулсан шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Н.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...С.А, Д.Х нар нь тухайн зодоон юунаас болоод үүссэн талаар үнэн зөвөөр ярьдаггүй. Дөрвүүлээ хамт архи ууж явчихаад бид хоёр буруутай юм шиг зүйл яриад байна. Утсаар ярихаар зовж байна, зүдэрч байна, миний амьдрал хэцүү байна, эхнэр хүүхдээсээ салах гээд байна гэдэг зүйлийг ярьдаг. Бид нар тийм жаргаад байгаа зүйл байхгүй. Зодооны эх үүсвэр нь буунаас болсон. Буу гаргаж ирж бид нар сандралд ороогүй бол ийм зүйл болохгүй байсан... Буруутай үйлдэл байгаа. Хүн гэмтээсэн нь миний буруу ... Би унтаж байсан тэгэхэд С.А намайг дуудаад босоод ир замаа олчихлоо гэж хэлсэн. Тэгээд С.А бид хоёр жолооч тал руу буугаад Д.Х, Т.А нар жолоочийн нөгөө тал руу буусан. Шээгээд зогсож байхад буун дуу гарахаар нь С.А бид хоёр нөгөө хэд чинь тарвагаа алчихсан юм уу? гээд эргээд харахад Т.А чулуу аваад Д.Х луу шидэж байсан. Тэгээд би машины урдуур, С.А машины ард талаар гүйж очоод бууг авах гээд зүтгээд байсан. Тэгэхэд С.А ирээд Т.А-г цохисон. Би наад бацаан чинь буудаад байгаа юм биш үү гэж хэлэхэд С.А буугаа аваад машин руу явахаар нь би дахиад цэнэглэх гэж байна гэж ойлгосон ... С.А-тай бид хоёр буу булаацалдаад бууг авах гээд толгой руу нь чулуугаар цохисон ... Би С.А-н толгой руу чулуугаар цохичихоод бууг аваад хадан дээр савсан ...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Т.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр бид дөрөв ямаанд явах зорилготой байсан боловч цаагуураа архи уух зорилготой байсан. Айлд ороод хамгийн эхэнд архи байна уу? гэж С.А асуугаад байсан. Тэгэхээр нь би таньдаг айлд ирсэн байна байвал гаргах байх чимээгүй бай гэж хэлсэн. Тэр айл нэг литр орчим монгол архи гаргаж өгсөн тэрийг нь уусан. Тэр айлаас ямаа аваад янзалж байхдаа хажуу айл нь архи зарж байсан учир тэндээс 0.75 граммтай архи нэгийг, 2.5 литртэй пиво нэгийг аваад тэндээ уусан. Ямаагаа янзалж дуусаад айлаас хөдлөхөд саарал өнгийн Ланд-200 маркын машинтай хүмүүс ирсэн. Тэд нар энэ бууг 4 ширхэг сумны хамт С.А-д өгсөн. С.А тухайн сумнуудыг голын хайрцаганд хийсэн. Явах замдаа айл бүрээр орж архи асуусан. Хамгийн сүүлд очсон айлаас 2 ундааны сав монгол архи авсан. Тэгэхэд бууны голд нь хонгио гацсан байсан учир тэр айлаас хүүхдээр хутга авахуулаад хутгаар бууны хонгиог авсан. Архиа аваад явж байхдаа Д.Х зүй бусаар их аашилсан. Би 100 сая төгрөгөөр алт авах чадвартай гэх мэтээр их зүйл ярьсан. Д.Х-г чимээгүй бай гэж С.А хүртэл хэлж байсан. Замдаа их төөрсөн, тэгээд бие засах гээд А, Ш хоёр жолоочийн талын хаалгаар буугаад бид нөгөө талаар буугаад шээгээд зогсож байхад бууны замаг дуугарахаар нь эргээд харахад Д.Х буугаа барьсан над руу буудах гэж байхаар нь суугаад чулуу авч шидээд, хүрч очоод Д.Х-тай ноцолдсон … Чулуу авч шидсэний дараа би нэлээд цохисон. Тэгээд араас хүн татах шиг болсон эргээд харахад Шагай байсан. С.А миний нүд рүү цохисон тэгээд би унасан, А, Ш хоёр зодолдож байсан... Тэрнээс хойш Н.А машин барьж явсан. Тэгээд Н, Н гэдэг хүмүүс энэ хоёрыг аваад сумын эмнэлэг явсан араас нь би эмнэлэг рүү явсан. Маргааш нь очиход цагдаа ирсэн байсан. Тэр өдрөө цагдаа намайг аваад хэргийн газар үзлэг хийнэ гэж хэлээд явсан боловч хэргийн газрыг хайгаад олоогүй. Буцаад ****** сум руу очсон. Эмч нь яаралтай аймаг руу яв гэж хэлсэн учир би машинд нь шатахуун хийгээд энэ хоёрыг аваад аймаг дээр ирсэн. Нэгдсэн эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн учир би хүн рүү яриад мөнгө төгрөг авч хагалгааны зардлыг төлсөн. Аймаг дээр байх хугацаанд нь энэ хүмүүсээс нэг төгрөг ч гаргуулаагүй ....”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч С.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид дөрөв хамт явсан. Уулан дээр байхад хонинд яваад өг гэж гуйсан. Эхний өдөр завгүй байсан учир явж чадаагүй, дараагийн өдөр нь 2 дахь өдөр байсан учир яваагүй. Тэгээд 3 дахь өдрийн 11 цагийн үед явсан. Таньдаг айлаасаа авна гээд гол уруудаад айл хайгаад явсан. Тэр айл нь Т.А-н нутгийн ах гээд айлд очсон. Тэднийхээс ямаа авахаар болоод Т.А, Д.Х бид гурав хонь руу нь явсан. Хонин дээрээс нэг ямаа барьж аваад ирэхэд 1 литр 500 грамм орчим монгол архи гаргаж өгсөн. Тэрнээс нь нэг нэг татсан. Н.А ямаагаа гаргаад Д.Х өвчүүг нь түшиж өгсөн. Т.А ганц юм олж ууя чамд мөнгө байна уу? гэж хэлээд надаас ямааны мөнгөн дээр нэмж 40.000 төгрөг авсан. Тэгээд архи авах гэсэн юм гээд 20.000 төгрөг нэмж авсан. Эргээд ирэхэд ланд-200 маркын машинтай хүн ирээд зогссон байсан. Тэгээд Т.А бууг нь авчих гэж хэлэхээр нь би хэлж байгаад бууг 4 ширхэг сумтай хамт авсан. Сумыг нь машины голын хайрцганд нуусан. Сум нуусанг хэн ч хараагүй. Тэр айлаас хөдлөөд замдаа хоёр айлаар орсон. Эхний айлд ороод монгол архи асуухад тэр айл хурим хийж байсан учир өгөөгүй дараагийн айл очоод 1 литр 500 грамм орчим монгол архи авсан. Тэр айлаас гараад хойшоо явж байгаад төөрсөн. Би машин жолоодож явсан учир төөрснөө мэдэж байсан. Архи уусан байсан учир замдаа явж байхад хүмүүсийн дуу нь чангараад байсан. Явж байгаад үндсэн замаа олсон тэгээд бууж бие засъя гэж хэлээд бууцгаасан. Тэгээд дуу нь чангараад байхаар нь хоорондоо маргалдах нь гэж бодоод Д.Х-г авах гээд машины араар тойрч очоод гарнаас барих гэтэл хажуу талаас баруун талын шанаа руу цохисон. Би доошоо тонгойж суугаад “толгой хагарчихлаа хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн тэгэхэд дахиад цохиход нь миний эрхий хуруу, чигчий хуруу хугарсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, Д.Х-г ч олж хараагүй. Хэн юугаар цохисныг хараагүй. Машины урд талд молдокны хошуу байсан тэр молдокны хошуугаар цохисон үгүйг мэдэхгүй байна. Өөр хэлэх зүйл байхгүй… Машины хойгуур тойроод очсон. Т.А, Н.А хоёрыг ямар байрлалтай байсныг хараагүй. Д.Х миний өмнө зогсож байсан. Тэгээд би Д.Х-г барьж авах гээд гаруу явуулахад намайг хажуу талаас хүчтэй цохисон. Урагшаа сөхрөөд суухдаа толгой хагарсан гэдгийг мэдсэн. Толгой хагарчихлаа гэж хэлэхэд дахиад нэг цохисон тэрнээс хойших юмыг санахгүй байгаа...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Д.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид нар дөрвүүлээ хамт айл руу ямаанд явсан. 2 цаг гаруй айл хайсан. Тэр айлд очоод хонь бэлчээрт гарсан байсан учир хонь руу нь айлын хүнтэй хамт яваад ирсэн. Эхнэр нь 1 литр гаруйтай монгол архи өгөөд бид хэд нэг нэг аягыг уусан. Тэгээд Н.А ах гараад ямаа янзлаад би өвчүү түшсэн. Т.А, Н.А ах хоёр архинд явсан. Нэг шил архи, 1 пивотой авч ирсэн учир тэрийг нь хувааж уусан. С.А ах архи уухгүй гэж хэлэхэд нь Т.А ах өнөөдөр уух гэж гарчихаад гэж хэлсэн. Замдаа явж байгаад хурим дээр очсон. Тэгээд өөр нэг айлд очоод 1 литр 500 граммтай архи авсан. Замдаа явж байгаад төөрөөд жоохон маргаан үүссэн явж байсан. Анх явж байхдаа Т.А ах дарангуйлсан байдалтай харьцаад байсан. Замаа олоод бие засах гээд зогссон. Буугаад шээх гээд зогсож байгаад эргээд харахад цохиод унагасан. Сэрэхэд хагалгаанд орсон байдалтай сэрсэн. Тэрнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. Би сэрчихээд эхнэрээ танихгүй байсан гэсэн. Хагалгаанд орчихоод явах гэж байхад Т.А ах эхнэртэйгээ ирж уулзсан. Тэгэхэд ах нь бол чамайг цохисон гэж хэлсэн. Ахын дүү санаа зоволтгүй бүх зүйлийг даана гэж хэлсэн боловч аймгаас явснаас хойш ганц яриагүй. Нэг удаа эм тарианы хангамж туслалцаа үзүүлээгүй. Нэг удаа сэтгэл гаргаад эм тариа авч өгөөгүй ...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

гэрч Ч.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...07 дугаар сарын 28-ны өдөр намайг Говь-Алтай аймгийн төв дээр ирэхэд энэ хэд ******** сумаас ирээгүй байсан. Ирэхээс нь өмнө аймгийн нэгдсэн эмнэлгийн үүдэнд хүлээж байгаад тосч авахад Д.Х хүзүүний хамгаалалт зүүсэн, толгой нь далийсан хөндлөн алхаад намайг танихгүй байсан. С.А-н хувьд толгой нь битүү боолттой, хөлөө арай гэж зөөсөн ухаангүй шахуу байдалтай байсан. Тэр хоёрыг эмнэлэг рүү оруулчихаад машин дээрээ ирэхэд машины урд нэг төмөр салгаад тавьсан байсан. Машин жолоодож ирсэн Н гэдэг хүнээс асуухад машин мост араагаараа ****** сумаас ирсэн гэж хэлсэн. Тэгэхэд Т.А хамт ирсэн. Машин ямар байдалтай байсан талаар мэдэж байгаа. Тэрнээс хойш Д.Х эмчилгээ хийлгэж байгаа одоог хүртэл эм тариаг тасалдаггүй. Өдөр бүр уналт таталтаас хамгаалах эм ууж байгаа…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Н-н “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би өглөө 9 цаг өнгөрөөгөөд Б-н хамт уул руу гараад алттай чулуу олборлосон юм. Тэгээд 20 цагийн үед уулнаас бууж ирээгүй байхад Т гэдэг залуу дуудсан тэгээд ирэхэд А, Х хоёр цустайгаа холилдчихсон машин дотроо хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь Ш, А, Х, Дарханы нэг нөхөр 4 хамт ямаанд яваад хоорондоо зодолдсон байсан... Тэгээд би машин унаад зам заалгаад Н гэдэг охинтой А, Х хоёрыг аваад сум дээр ирж эмнэлэгт хэвтүүлсэн юм. А-н толгойн тус газар их гэмтсэн байгаа. Х нь толгойн хэсэгтээ нүүрний хэсэгтээ гэмтсэн байгаа харагдаж байна...А, Х, Ш, О нар архи хэрэглэсэн байсан. Ан бараг уугаагүй гэж хэлсэн. Машин тэрэг унаж явсан учир бага уусан гэсэн ... ” гэсэн мэдүүлэг /1-р ХХ207-208/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Э-н “...Өглөө 10 цагийн үед яваад өдөржингөө алга болцгоочихсон юм. Тэгээд орой 8 цагийн үед аймар бэртэж гэмтчихсэн Х, А, О гэдэг ах 3 цус нөжтэйгөө холилдсон машинаас буусан. Тэгээд юу болсон талаар харайж ирээд асуусан чинь А ахын толгойн хэсэгт 5 газарт яз цохиод гэмтээсэн ямар ч ухаан мэдрэлгүй ирсэн. Х нь уруул ам нь зуурчихсан эм ууж чадахгүй, ам хамраас нь цус их гарч нөжирч хатсан байсан. О ахын нэг талынх нь нүд хөхрөөд хавсан байдалтай харагдсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь Ш хэлэхдээ айлд архи уугаад машин дотор зодолдоод байхаар нь би гурвууланг нь нухаад хаячихлаа гэж надад хариулж байсан... Тухайн үед машин дотор явж байгаад Х, О ах нар маргалдаад зодоон болсон гэсэн. Тэгээд А ах машин унаж явсан учир салгах гээд буусан гэсэн тэгсэн чинь шилэн хүзүү рүү нь ямар нэгэн юмаар цохисон чинь А ах сөхрөөд унасан тэр үед учир зүггүй толгой руу нь юмаар нүдчихсэн гэж хэлсэн. Тэгээд тархи хагарчихлаа одоо болно шүү дээ гэж хэлээд ухаан алдаад унасан талаараа сүүлд А эмнэлэг дээр байхдаа  хэлж байсан. Хэнд цохиулж гэмтэл авсан талаараа А ах мэдэхгүй байгаа юм уу надад хэлэхгүй байна лээ. Х ах одоохондоо ямар нэгэн юм ярьж чадахгүй байгаа болохоор юу болсон талаар хэлээгүй байгаа... Х, О нар архи их уусан согтуу байсан. А ах машин барьж яваа гээд их уугаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ212-214/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.О-н “... 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед А, Х нар нь хүнд зодуулсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн байсан. Тухайн үед ирэхэд нь манай эмнэлгийн их эмч А үзэж хүлээн авсан байсан. Би өчигдөр аймгаас ирээд тухайн өвчтөнүүдийг үзэхэд хоёулаа биеийн байдал хүндэвтэр байсан. Х нь цээжнээс дээш нилээн хөндүүртэй, зүүн талын нүд хөхөрч хавдсан, уруул хэсгээр язарсан шархтай, эрүү, шилэн хүзүү, зүүн талын чихэнд хөхөрсөн, зөөлөн эдийн няцралтай, зүүн чихний ар талд язарсан шарх гэмтэлтэй байсан. Юм ярьж чадахгүй ухаан санаа нь орж гарсан байдалтай байсан. А нь толгой хэсэгтээ битүү боодолтой толгойн хуйхан хэсэгт 5 газарт язарсан 11 оёдол тавиулсан байдалтай, зүүн талын нүд хөхөрсөн, зүүн чихний сувгаас шингэн ягаан цус гарсан. Баруун талын зовхи хавдсан хөндүүр эмзэглэлтэй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ217-218/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Б-н “... Б гүйж ирээд А, Х хоёр зодуулчихсан байна эмнэлэг явъя гээд гүйгээд ирсэн. Тэгээд бид нар уулнаас буугаад явж очоод Х, А хоёрыг машинд суулгаад Н машин бариад тогооч Э цуг явсан... Х ямар ч ухаангүй байсан. А ярьж хэлж байгаа зүйл нь мэдэгдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ219-220/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Б-н “... Тэгээд 19 цагийн үед машин нь бид нарын байсан газрын баруун талаас хүрээд ирсэн. Анх явахдаа зүүн тал руу чиглэлтэй явсан чинь уул тойроод баруун талаас хүрээд ирсэн. Тэгээд харж байсан чинь Ш цээж нүцгэн машин жолоодчихсон нөгөө 3 нь харагдахгүй байсан. Тэгээд ирээд зогсохоор яваад очсон чинь А урд сандал дээр сандлаа хэвтүүлчихсэн ямар ч ухаангүй, нүд нь хөхөрчихсөн байдалтай байсан... Тэгээд хойт талын хаалгыг онгойлгосон чинь Х нь ухаангүй доошоогоо хараад суучихсан А толгойгоо бариад суучихсан байсан... Тэгээд тогооч охин бид хоёр А-г машинаас буулгаад ус авч ирж толгой болон гарынх нь цусыг угааж өгсөн юм. Х-г машинаас буулгаагүй юм. Харсан чинь нүүр ам нь гайгүй байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ248-250/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 228 дугаартай “...1. Иргэн Х-н биед зүүн чамархай ясны цөмөрсөн зөрөөтэй хугарал, зүүн тал бөмбөлөг зулай хэсэгт цусархаг няцрал, зүүн нүд, зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2-р ХХ11-12/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 229 дугаартай “...1. Иргэн А-н биед баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, хөхлөг сэртэнгийн хугарал, зүүн нүд, нүүрэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2-р ХХ15-16/,

Шинжээч Б.Ганзориг, Б.Долгормаа, М.Золжаргал нарын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 702 дугаартай “... 1. С.А-н биед баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн, зулай ясны шугаман хугарал, тархины зүүн чамархайн ар хэсгийн тархины эдэд цэгчилсэн цус харвалт, зүүн сарвууны 5-р хурууны угийн шивнүүр, баруун сарвууны 3-р хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь ТОЗ-8 маркын галт зэвсгийн хундага модны хэсэг, бууны бөгс, молдоок болон молдоокны хошуу хэсэг, чулуугаар аль алинаар нь үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт / 3-р ХХ229-230/,

Шинжээч Ш.Цэцэгмаа, Т.Номинцэцэг, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 703 дугаартай “...1. Иргэн Д.Х-н биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлөг зулай хэсэгт цусархаг няцрал, зүүн чамархайн хуйханд шарх, уруулд шарх, зүүн зовхины  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлөг зулай хэсэгт цусархаг няцрал, зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл нь мохоо зүйлийн хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, уруулд шарх, зүүн зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ТОЗ-8 маркын галт зэвсгийн хундага модны хэсгээр буюу бууны бөгс хэсэг, молдок болон молдокны  хошуу хэсэг, чулуу зэрэг нь хязгаарлагдмал гадаргуутай зүйл тул аль алинаар нь үүсгэгдэх боломжтой.

4. Учирсан гэх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

5.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт / 3-р ХХ234-235/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн ****  сумын нутаг дэвсгэрт хохирогч С.А-г шүүгдэгч Н.А, хохирогч Д.Х-г шүүгдэгч Т.А зодож  хохирогч С.А, Д.Х нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч Н.А, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэл хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.А хохирогч С.А-г зодож түүний биед гэмтэл учруулсан, хохирогч Д.Х-н биед гэмтэл учруулахаар үйлдлийг хийгээгүй өөрөөр хэлвэл хохирогч Д.Х-тай зодолдоогүй, шүүгдэгч Т.А нь хохирогч Д.Х-н биед гэмтэл учруулсан, харин хохирогч С.А-н эсрэг ямар нэгэн үйлдэл хийгээгүй тус тусдаа бие даасан үйлдэл, хохирогчтой мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон эсвэл гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдсэн нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдоогүй тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч Н.А, Т.А нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломж зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоон шийдвэрлэлээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгч Т.А, Н.А нарт ял оногдуулахдаа харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.А-г Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын ******* өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 жилийн хорих ял оногдуулж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан боловч түүнээс хойш 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан таван жилийн хугацаа өнгөрсөн уг хугацаанд шүүгдэгч дахин гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнийг “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг хамтран үйлдсэн гэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдоогүй мөн гэмт хэрэг бүлэглэж үйлдэх нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжэд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүх хуралдаанд хохирогч нарын хохиролтой холбоотойгоор гаргаж өгч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлж, хохирогч Д.Х-н хохиролд нэхэмжилсэн 25.676.279 /хорин таван сая зургаан зуун далан зургаан мянга хоёр зуун далан есөн/ төгрөгнөөс 5.805.353 /таван сая найман зуун таван мянга гурван зуун тавин гурав/ төгрөгийн нэхэмжлэлийн баримтыг үнэлэн түүнээс шүүгдэгчийн төлсөн 1.000.000/нэг сая/ төгрөгийг хасан 4.805.353 /дөрвөн сая найман зуун таван мянга гурван зуун тавин гурав/ төгрөгийг шүүгдэгч Т.А-с гаргуулж хохирогч Д.Х-т олгохоор, хохирогч С.А-н хохиролд нэхэмжилсэн 16.202.834 /арван зургаан сая хоёр зуун хоёр мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгний нэхэмжлэлээс 3.372.137/ гурван сая гурван зуун далан хоёр мянга нэг зуун гучин долоо/ төгрөгийн нэхэмжлэлийн баримтыг үнэлэн өмнө нь хохиролд төлсөн 1.120.000 / нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг хасаж, 2.252.137 /хоёр сая хоёр зуун тавин хоёр мянга нэг зуун гучин долоо/ төгрөгийг шүүгдэгч Н.А-с гаргуулж хохирогч С.А-д олгохоор, мөн хохирогч Д.Х-н нэхэмжлэлээс 19.870.926 /арван ес сая найман зуун далан мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийн, хохирогч С.А-н нэхэмжлэлээс 11.710.697 /арван нэгэн сая долоон зуун арван мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хохирлыг нөхөн төлөх талаарх хүсэлтийг хүлээн авч ажлын 1/нэг/ өдрийн хугацаагаар шүүх хуралдааныгзавсарлуулсан. Завсарласан хугацаанд шүүгдэгч Т.А, Н.А нар нь хохирогч Д.Х, С.А нарт хохиролыг бүрэн төлж барагдуулсан талаар хохирогч нарын нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн мөн хохирогч Д.Х, С.А нар нь гомдол санал байхгүй, хохирол бүрэн төлөгдсөн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.А, Н.Анарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ********** дугаарын гол төмөртэй, 127 дугаартай замаг бүхий ТОЗ-8-01 маркын галт зэвсгийг хэвтээ хараа 1 ширхэг, гохны түгжээ 1 ширхэг, гохны хүрээ 1 ширхэг, гогцоо төмөр 1 ширхэг, бусад эд анги 2 ширхэг, шрүп 2 ширхэг, бор суран оосор 1 ширхэг, хугарсан хундага мод 1 ширхэг зэргийн хамт Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн бөгөөд мөн хохирогч Д.Х, С.А нарын толгойн хагарч унасан ясыг устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж шийдвэрлэлээ.

Хохирол бүрэн төлөгдсөн, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ шүүх аваагүй тул шүүгдэгч Н.А-н эзэмшлийн 15.000.000 /арван тав сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Сэлэнгэ аймгийн **************тоотод байрлах 65 метр кв хувийн байшин, 3.500.000 /гурван сая таван зуу/ сая төгрөгийн үнэлгээ бүхий ***** СЭА улсын дугаартай “Тоёота Раум” маркын автомашин, шүүгдэгч Т.А-н эзэмшлийн 2.500.000 /хоёр сая таван зуу/ сая төгрөгийн үнэлгээ бүхий ***** ДАХ улсын дугаартай “Тоёота марк-2”маркын автомашин зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.А-н ********* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч Т.А-н иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгт хавсарган, шүүгдэгч Т.А, Н.А нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Т-н А, Ц овогт Н-н А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, Н.А нарыг 15.000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000/ арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А, Н.А нарт шүүхээс тус  бүрт оногдуулсан 15.000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000/ арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Т.А, Н.А нарт сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А, Н.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ****** дугаарын гол төмөртэй, 127 дугаартай замаг бүхий ТОЗ-8-01 маркын галт зэвсгийг хэвтээ хараа 1 ширхэг, гохны түгжээ 1 ширхэг, гохны хүрээ 1 ширхэг, гогцоо төмөр 1 ширхэг, бусад эд анги 2 ширхэг, шрүп 2 ширхэг, бор суран оосор 1 ширхэг, хугарсан хундага мод 1 ширхэг зэргийн хамт Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, хохирогч Д.Х, С.А нарын толгойн хагарч унасан ясыг устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Н.А-н *********** регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, шүүгдэгч Т.А-н иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгт хавсарган, шүүгдэгч Т.А, Н.А нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.А-н эзэмшлийн 15 /арван тав/ сая төгрөгийн үнэлгээ бүхий  Сэлэнгэ аймгийн **************** тоотод байрлах 65 метр кв хувийн байшин, 3.5 /гурав арваны тав/ сая төгрөгийн үнэлгээ бүхий ***** СЭА улсын дугаартай Тоёота Раум маркын автомашин, шүүгдэгч Т.А-н эзэмшлийн 2.5 /хоёр арваны тав/ сая төгрөгийн үнэлгээ бүхий *****  ДАХ улсын дугаартай Тоёота марк-2  маркын автомашин зэргийг тус тус битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.А, Н.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА