Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01514

 

 

Ж.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/01215 дугаар шийдвэртэй Ж.Дийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох дуудлага худалдаа хүчингүй болгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Рапид харш Махатма ганди 00 байрны 00 тоот хаягт байршилтай 94.55м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/Ш32020/10913 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 183/Ш32020/11018 дугаар захирамжаар иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Уг хэрэг нь Улсын дээд шүүхээр 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, захирамж байсаар байтал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэлгүй 2 дахь албадан дуудлага худалдааг явуулсан.

Тус албадан дуудлага худалдааний үндсэн дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гомдлыг Шийдвэр гүйцэтгэх алба, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 04//2738 тоот албан бичгээр холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох үндэслэлгүй гэх хариуг өгсөн.

Иймд миний бие энэ талаарх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32021/15340 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4-190/20376 тоот мэдэгдлийг нэхэмжлэлдээ хавсарган нэхэмжлэлээ дахин гаргасан. Иймд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан 2 дахь албадан дуудлага худалдаа болон түүний үндсэн дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00298 дугаар захирамжаар Ж.Дээс нийт 351,907,950 төгрөгийг гаргуулж ДФ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч Ж.Д-д удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх, зарлан дуудах мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Рапид харш Махатма Ганди гудамж 00 дугаар байрны 000 тоот хаягт байрлах эд хөрөнгийг төлбөр авагчийн хүсэлтээр 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн битүүмжилж, мөн оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрөө барагдуулах хугацаа өгсөн боловч заасан хугацаанд төлбөрийн барагдуулаагүй тул 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эд хөрөнгийг хурааж, мөн оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлбөрөө сайн дураар барагдуулах хугацаа өгсөн.

Төлбөр төлөгч Ж.Д нь тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үнийн санал ирүүлэх тухай талуудад мэдэгдсэн ба харилцан тохиролцоогүй тул Иргэний хэргийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шинжээч томилсон. Шинжээч 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр барьцаа хөрөнгийг 175,047,000 төгрөгөөр үнэлсэн тайланг ирүүлсэн.

Уг үнэлгээний тайланг төлбөр төлөгч Ж.Д-д 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хамт танилцуулж гардуулсан. Улмаар 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарлахад худалдан борлогдоогүй тул 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 07 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн.

Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 08 дугаар сарын 07-ний өдөр 10 цагт хуулийн дагуу зохион байгуулж, дуудлага худалдаагаар 147,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 183/Ш32020/11018 дугаар захирамжийг тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 3154 тоот албан бичгийн хамт ирүүлснийг 11 цагт бичиг хэргээр дамжуулан хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/02434 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2248 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00981 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21/190-01 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор дуудлага худалдааны ялагч Н.А-т хөрөнгийг шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-190/21498, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-190/22284 тоот албан бичгүүд болон 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19290755/06 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар П.Утаатболорт сайн дураар чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, төлбөр төлөгчийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дотор сайн дураар чөлөөлөх хүсэлт гаргасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагт шударга өмчлөгч Н.А-т хүлээлгэн өгсөн.

Нийт 352,097,950 төгрөгөөс барьцаа хөрөнгө худалдан борлогдож 147,000,000 төгрөг төлөгдсөн, төлбөрийн үлдэгдэл 205,097,950 төгрөг байгаа бөгөөд одоог болтол сайн дураар шүүхийн шийдвэр биелүүлээгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш махатма ганди 28 дугаар байрны 192 тоот хаягт байршилтай, 94.55 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуудж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, илэрхий нэг талыг баримталсан, шүүхийн дүгнэлтүүд хоорондоо зөрчилтэй зэргээр нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүйгээс шийдэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

4.1.Шүүх 2020 оны 08 дугаар сарын 03-нд иргэний хэрэг үүсгэж, 08 дугаар сарын 06-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан гэж дүгнэхдээ шүүхээс хариуцагчийг хэзээ дуудсан, хэзээ мэдэгдсэн талаар ямар нэг нотлох баримт байхгүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй. Гэтэл хариуцагч болсноо шүүхээс тодруулж лавлах боломжтой байсан гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн, илэрхий нэг талыг баримталсан.

4.2.Шүүх 2020 оны 08 дугаар сарын 06-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарсныг мөн оны 08 дугаар сарын 07-ны 11 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авсан. 2 дахь албадан дуудлага худалдаа 2020 оны 08 дугаар сарын 07-ны 10 цагт явагдсан гэж бичгийн нотлох баримтуудыг дүгнэсэн атлаа үйл баримтын эсрэг, дүгнэлтийн эсрэг нотлогдоогүй, хуульд нийцээгүй, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

4.3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, маргааныг 3 шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шидйвэрлэсэн. Ингээд дуудлага худалдаагаар ялагч этгээдэд шилжих үл хөдлөх хөрөнгө шилжсэн болохыг дүгнэсэн. Гэтэл хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргахад нэхэмжлэгчийн миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу албан дуудлага худалдааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасныг мөн оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Би шүүгчийн захирамж гарсны дараа шүүгчийн туслахтай уулзаж 08 дугаар сарын 07-ны өдөр албадан дуудлага худалдаа явагдана шүүгчийн захирамжийг хурдан явуулж өгнө үү гэж хэлсэн. Шийдвэр гүйцэтгэхэд бид өөрсдөө шүүгчийн захирамжийг авч очихоор заавал албан бичгээр ирүүлэх ёстой гээд хүлээж авдаггүй. Тухайн үед хариуцсан шийдвэр гүйцэтгэгч С.Гантөр байсан. Шүүгчийн туслах шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдон хэлсэн, мэдэж байгаа гэсэн. 2021 оны 10 дугаар сард шийдвэр гүйцэтгэхээс тэдний дотор төлбөрийг төлөхгүй бол өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагаа явагдана гэх мэдэгдэх хуудас ирэхэд мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд мэдэгдэх хуудсаар хариуцагчид мэдэгдэн нэхэмжлэлийг гардуулах ёстой боловч өөрчлөлт орсон. Төлөөлж байгаа хүмүүст шүүхийн мэдэгдэх хуудсыг практикт утас, мессеж, цахим шуудангаар тус тус мэдэгдэж байгаа. Шүүгчийн туслах надад худал хэлээгүй гэж ойлгож байна. Шийдвэр гүйцэтгэгч С.Г нь нэхэмжлэл гаргасан, шүүгчийн захирамж гарсан гэдгийг мэдэгдсэн. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10 цагт дуудлага худалдаа эхэлсэн нь 3 дахь дуудлага худалдаа юм. Хэрэгт дуудлага худалдааны тэмдэглэл авагдсан боловч эхний дуудлага худалдаа хэдэн цагт эхлээд, хэдэн цагт дууссан, 2 дахь дуудлага худалдаа хэдэн цагт эхлээд, хэдэн цагт дууссан, 3 дахь дуудлага худалдаа хэдэн цагт эхлээд, хэдэн цагт дууссан гэдэг тэмдэглэл байхгүй. Шүүх нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргах ёстой болохоор хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэн шүүх Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн зарчимд нийцүүлэн шийдвэр гаргасан. Үнэлгээтэй холбоотой маргаан 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдсэн, өнөөдрийн шийдвэрлэж байгаа асуудалд хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдаа болон түүний үндсэн дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00298 дугаар захирамжаар хариуцагч Ж.Д 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-д 350,000,000 төгрөгийг төлж барагдуулах, Дэвжих финанс ББСБ ХХК нь Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Рапид харш хороолол, 00 дугаар байр, 000 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ж.Д болохыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг бүрэн төлөгдөж дуусахад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр, талууд үүргээ эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлэхээр тус тус харилцан тохиролцсон эвлэрлийг баталжээ. /хх 30-32/

 

Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

 

3.а.Талууд дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2019/07040 дугаар захирамжийг үндэслэн 183/ГХ2019/00599 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх 25, 26-27/

 

3.б. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр битүүмжилж, мөн оны 05 дугаар сарын 13-ны өдөр хураан, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөрийн Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх 25, 33, 37/

 

Дээрх ажиллагаануудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байна.

 

3.в. Шинжээч Файн эстимэйт ХХК нь дээрх 3 өрөө орон сууцыг 175,047,000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгч Ж.Дд мэдэгджээ. /хх47-48/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг товлож, мөн оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгчид энэ талаарх мэдэгдлийг хүргүүлэн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан анхны албадан дуудлага худалдааг явуулсан байна. /хх49-51/

 

Анхны албадан дуудлага худалдаагаар дээрх 3 өрөө орон сууц худалдан борлуулагдаагүй тул хариуцагч байгууллага 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор мөн оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар товлож, энэ талаар төлбөр төлөгчид 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн байна./хх 85, 86/

 

3.г. Төлбөр төлөгч Ж.Д нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2020/10913 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр мөн оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2020/11018 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. /хх7, 8-9/

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг шүүх 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 3154 тоот албан бичгийн хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх98/

 

3.д. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоёр дахь албадан дуудлага худалдаагаар маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулсан ба нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02434 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2248 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 00981 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дуудлага худалдааны ялагч Н.А-т 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өмчлөх эрх шилжүүлэх тогтоолоор шилжүүлж, орон сууцанд амьдарч байсан П.У-т сайн дураар чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Н.А-т орон сууцыг хүлээлгэн өгөх ажиллагааг явуулсан байна. /хх88, 100, 101/

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Учир нь Ж.Д Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцагчаар татагдан оролцсон атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсны дараа хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй байна.

 

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/01215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ