| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0166/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/169 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг
Улсын яллагч А.Анхбаяр
Өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.*******ад холбогдох эрүүгийн 1836001480160 дугаартай, 178/2018/0166/Э/ индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч А.******* нь Ховд аймгийн ******* сумын Булган багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.ын хашаанаас 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б.гийн уячихсан байсан 1 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь өмгөөлгөх болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******: хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч А.******* нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Булган багийн нутаг дэвсгэрт Б.гийн 1тооны ямааг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.гийн /ПГ88092*******1/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би өөрийнхөө малнаас 1 ямаа барьж аваад хадам аавын хашаанд оруулж уячихаад өөрийнхөө хашаанд гэрээ барьж дуусаад ямаагаа авах гээд хадам аавын хашаанд ороход ямаа алга болчихсон байсан. Манай ямааг авсан хүнийг Г.Нямгэрэл надад хэлж өгсөн. А.******* нь манай дээд талын хашаанд байдаг, зүс танина... гэх мэдүүлэг / хх-29-30-р хуудас/
Гэрч Г.Нямгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дэлгүүр орчихоод Б.гийн хадам аавын хашааны хажуугаар өнгөрч явж байгаад А.*******ыг ямаа авч байхыг харсан. Б. 18 багийн үед “идэшний ямаагаа хадам аавын хашаанаас алдчихлаа, чи харсан уу” гэхээр нь А.******* авч явахыг харснаа хэлсэн... гэх мэдүүлэг /хх-15-16-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч А.Одсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр аав гэртээ ирээд А.******* ах бид хоёрыг Шонхоо ахынх руу очоод хонь аваад ир гэсэн.17,18 цагийн үед бид хоёр очиж хонь авсан.Гэртээ ирээд байж байсан чинь / / ах ирээд манай ямааг аваад явчихсан байна гэж ярьж байсан... гэх мэдүүлэг / хх 18-19-р хуудас/
Мал үнэлсэн тухай тайланд ...1 тооны эр ямаа -80000 төгрөг гэх / хх-32-р хуудас/
Б.гийн мал тооллогын маягтанд ... *******-*******,үхэр-12, хонь-365, ямаа 131, бүгд 529 ... гэх / хх-36-р хуудас/
Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Б.гийн хадам аав Мөөеө гэдэг айлын хашаан дотор 1 ямаа уяатай байсан.Тэгээд би байшингийн зүүн талд байх онгорхой завсраар ороод ямааг уясан уяаг тайлж аваад хашааны ар талаар гараад засмал замын хажуу талд хүн мал авч байхаар нь аваачаад өгчихсөн.Би тэр ямааг 50.000 төгрөгөөр зараад 20.000 төгрөгөөр нь бага дүү А.Номин-Эрдэнэд эм тариа авсан.Манай дүү энэ хэргийн дараа нас барсан.Үлдсэн мөнгөөр нь тамхи, архи авсан... гэх мэдүүлэг / хх-46-47-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.******* нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийн 61 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, хэргийн 63-67-р хуудас дахь шийтгэх тогтоолын хулбараар тогтоогдож байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуулиар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.
Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.гийн “...би хулгайд алдсан 1 ямааныхаа хохирлыг барагдуулж авсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.ийн өгсөн “...А.******* нь манай том хүүхэд, дунд сургуульд сурч байгаад амьдралын шалтгаанаар сургуулиасаа гарсан.Манай хүү даруухан, хүний үгнээс гардаггүй, дүү нартаа халамжтай, хамт олон найз нөхөддөө эелдэг, нийтэч хүн байгаа юм.2002 онд 1 дүгээр ангид байхдаа ахтайгаа мотоциклиор явж байхдаа мотоциклиос шидэгдэж тархиндаа гэмтэл авсан...” гэх /хх- 23-р хуудас/
Гэрч Н.Бат-Очирын өгсөн... би А.*******ын хойт эцэг нь байгаа юм.А.******* нь ажилсаг даруухан,бусадтай нийтэч, ээж дүү нараа тэжээх гэж хар бор ажил гололгүй хийдэг,гэр бүлдээ халамжтай, хамт олондоо эелдэг, нийтэч, яриасаг хүн гэх /хх-24-р хуудас/ мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч А.*******ад ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байгаа болон хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийгхаргалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулж болохыг шүүгдэгч А.*******ад тайлбарлаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6-36.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулж болохыг шүүгдэгч А.*******ад тайлбарласугай.
4.Шүүгдэгч А.*******ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч А.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form