Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 117

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О*******, Ц.Ц*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******* нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар “П*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ус сувгийн удирдах газарт холбогдох “Ус сувгийн удирдах газрын баталсан 501/15 дугаартай техникийн нөхцөлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: ““П*******” ХХК болон Хүмүүнлэгийн ухааны их сургууль нарын хамтарч барьсан 17 давхар барилгын өмчлөгчөөр “П*******” ХХК бүртгүүлэх байсан боловч ерөнхий захирал Н.Н******* нь хувь хүнээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр материал өгсөн. Иймд “П*******” ХХК-ийн хувьд эрх хөндөгдөх тухай асуудал яригдахгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй болж байгаа учраас “П*******” ХХК-ийн Ус сувгийн удирдах газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“П*******” ХХК нь Ус сувгийн удирдах газарт холбогдуулан “Ус сувгийн удирдах газрын баталсан 501/15 дугаартай техникийн нөхцөлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “П*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “П*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Б******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүх хуралдаан дээр гаргасан, түүнд нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг нэхэмжлэгч “П*******” ХХК-ийн ерөнхий захирал Н.Н*******оос 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192/16 тоот итгэмжлэлээр олгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг “П*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О*******, Ц.Ц*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******* нарт тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан “П*******” ХХК нь “Ус сувгийн удирдах газрын баталсан 501/15 дугаартай техникийн нөхцөлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.БАТСҮРЭН