Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0933/З |
Дугаар | 405 |
Огноо | 2020-11-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 405
Ч.Д, А.Э, Г.Б, Х.Б, Д.Г, Т.Ч-О,
Ц.Н, Ш.Т нарын нэхэмжлэлтэй,
МУЗГ-т холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “МУЗГ-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0357 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 446 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0357 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.2, МУЗГ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Д нарын 8 иргэний нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “МУЗГ-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн” хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “МУЗГ-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 446 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 357 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Д нарын 8 иргэнээс МУЗГ-т холбогдуулан гаргасан “МУЗГ-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Магадлалд ямар хуулийн заалтаар биднийг “нэхэмжлэл гаргах чадамжгүй этгээд” гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй, нэхэмжлэл гаргасан иргэдийн үндсэн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласанд гомдолтой байна. ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу өмнө нь 3 шатны шүүх шийдвэрлэсэн шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4, 39.5-д экспертүүдийн эрх зүйн чадамжтай болохыг тодорхой заасан. Нэхэмжлэл гаргасан нэр бүхий 8 иргэн нь Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх дүрмийн 6.2.8, 6.8.6, 6.16-д тус тус заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Барилга, Геодези зураг зүйн газраас зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, 2018 оны 3 сард “Экспертийн эрхийн батламж, эрхийн гэрчилгээг авсан.
4. Гэрээ болон гэрчилгээний хугацаа 2023 онд дуусаж сунгуулахаар байгаа. Эдгээр нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг анхан шатны шүүх хянаж нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн. Дээрх дүрмийн дагуу экспертүүд жил бүр дээрх байгууллагад тайлагнаж, ажлаа дүгнүүлдэг бөгөөд экспертүүдэд эрх олгох, сунгах, цуцлах үүргийг ГХБГЗЗГ хэрэгжүүлдэг. Тиймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа нэхэмжлэгчийг Засгийн газартай гэрээ эрхийн харилцаа үүсгээгүй тул энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн нь ямар ч нотолгоо, үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар нэхэмжлэгчид нь Засгийн газрын агентлагтай гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ авч, мэргэжлийн хариуцлагын даатгал хийлгэсэн ажлаа тайлагнаж дүгнүүлдэг учир “эрх зүйн чадамжгүй” гэж үзэх хуулийн үндэслэлгүй. ...Иргэдийн шударга шүүхээр шийдвэрлүүлэх хуулиар тогтоосон эрхийг үл ойшоож тэдний эрхэлж байсан ажил албан тушаалаар нь ялгаварлан эрх ашиг нь хөндөгдсөн эсэх нь тодорхойгүй гэж дүгнэн Засгийн газрын агентлагтай гэрээ эрхийн харилцаа үүсгэж, гэрчилгээ батламж авч харилцаа үүсгэсэн байхад шүүх хуульд байхгүй, ямар ч нотолгоо, үндэслэлгүй дүгнэлт хийж иргэдийн эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэж байна.
5. Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг гаргасан хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэлд тодорхой дурдаж, уг тогтоолыг гаргах процесс нь хууль зөрчсөн, тогтоол нь гарсан хойноо хуулийн ноцтой зөрчил, байгууллага хүмүүст бодит хохирол үүсгэж, эрх ашгийг нь хөндсөн нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан байхад шүүх асуудлыг хууль зүйн үүднээс нягтлан тогтоолгүйгээр гагцхүү хариуцагчийн талд илт давуу байдлаар хандаж, Засгийн газрын 51 дүгээр тогтоолоос үүдэж нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн, тэдэнд хохирол үүссэн тухай анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн банк санхүү, татварын алба, нэхэмжлэгчийн зүгээс бүрдүүлсэн нотлох баримтыг үл хэрэгсэж, огт үнэлж дүгнээгүй шийдвэр гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 34 дүгээр зүйлийн 34.1 гэсэн заалтуудыг хэрэгсээгүй, ингэснээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж магадлалыг үндэслэлгүй гаргасан, 106 дугаар зүйлийн 106.4-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
6. Засгийн газар нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан хуулийн хориглолт, хязгаарыг давж, төрийн захиргааны байгууллагын хуулиар олгосон чиг үүргийг аж, ахуй бизнесийн нэг этгээдэд давуу эрх олгон, сонгон шалгаруулалт гэрээгүйгээр бусдад шилжүүлэхийг зөвшөөрч Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг гаргасан хууль зүйн үндэслэлийг давж заалдах шатны шүүх хянаж тогтоогоогүй. “Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг бусдад шилжүүлэх, дахин хуваарилах үйл ажиллагааны аргачилсан журмыг Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлан гаргасан. Гэтэл Засгийн газар нь 51 дүгээр тогтоолыг гаргахдаа дээрх аргачлалд тодорхой заасан “чиг үүргийн шинжилгээ хийгээгүй, ажлын хэсэг байгуулаагүй, эрх ашиг нь хөндөгдөх этгээдүүдтэй хэлэлцүүлэг хийгээгүй, тэднээс санал аваагүй, Засгийн газрын тухай, Барилгын тухай хуулиудад Засгийн газрын энэ тогтоолыг гаргахтай холбогдуулан өөрчлөлт оруулах санал төсөл бэлтгээгүй, улмаар хуульд өөрчлөлт оруулах төсөл юмуу, эрх шилжүүлэн авах хүсэлт саналыг Улсын Их Хуралд өргөн бариагүй, Улсын Их Хурлаас хуульд заасан чиг үүрэг шилжүүлэх асуудлаар тогтоол шийдвэр гаргаж дээрх хуулиудад өөрчлөлт оруулаагүй.
7. Ийнхүү хүчин төгөлдөр хууль, өөрийнхөө баталсан журмынхаа болзол шаардлагыг хангалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд хуульчилсан “чиг үүрэг шилжүүлэх хориглолт”, мөн хуулийн 53 дугаар зүйлд заасан” захиргааны гэрээг бичгээр байгуулна” гэснийг тус тус зөрчсөн. Барилгын сайд нь өнөөдрийг хүртэл “Барилгын хөгжлийн төв”-д чиг үүрэг шилжүүлсэн шийдвэр гаргаагүй, чиг үүрэг шилжүүлсэн захиргааны гэрээг байгуулаагүй тул “Барилгын хөгжлийн төв” нь одоо хүртэл “Барилгын хөгжлийн төв”-ийн 34 дүгээр зүйлд заасан чиг үүргийг шилжүүлэн аваагүй гэж үзэж байна. “Барилгын хөгжлийн төв” нь мэргэжлийн биш яагаад гэвэл аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар мэргэжлийн байгууллага нь мэргэжлийн үйл ажиллагааг “Тусгай зөвшөөрлөөр” гүйцэтгэдэг. Магадлалд дурдсан шиг дүрэмдээ бичсэн байна, хэлтэс байгуулсан гэж хууль бус дүгнэлт хийж тогтоодоггүй бөгөөд Улсын Их Хурлаас баталсан Тусгай зөвшөөрлийн хуулиар тодорхойлж, Улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулсан салбарын сайд нь мэргэжлийн гэрчилгээг олгож баталгаажуулдаг дүрэмтэй. Энэ байгууллагад ямар ч тусгай зөвшөөрөл, эрх олгосон акт баримт одоо ч байхгүй.
8. Мэргэжлийн биш этгээд учир Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан мэргэжлийн байгууллага байх хуулийн нэмэлт шаардлагыг хангахгүй байгааг магадлал гаргахдаа хянаагүй, мөн чиг үүрэг шилжүүлэн авсан гэх “Барилгын хөгжлийн төв” нь ямар статустай байгууллага болохыг тогтоогоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагад ТӨААТГ хамаарахгүй учир “Барилгын хөгжлийн төв” нь чиг үүрэг шилжүүлэн авах статустай төрийн бус байгууллага биш. Иймд Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “төрийн бус” гэсэн хуулийн нэмэлт шаардлагад бас тохирохгүй. Эдгээр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт заасны дагуу шалгаж нотлох үүргээ биелүүлээгүй. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа эрх зүйн баримт бичгийн хүчин чадлын эрэмбийг үл тоомсорлон Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын тухай хууль, Барилгын тухай хуулиудын холбогдох заалтад тусгагдсан нэмэлт 8 шаардлагыг хангаагүй этгээдэд “төрийн захиргааны тусгайлан олгосон чиг үүргүүдийг бусдад шилжүүлэхээр Засгийн газраас шийдвэр гаргасан хууль зөрчсөн үйл ажиллагааг нь гэрчилсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй мөртлөө гагцхүү хариуцагчийг хамгаалах зорилгоор нотлох баримтын шаардлага хангаагүй хэрэгт хамааралгүй “Барилгын хөгжлийн төв”-ийн дүрмийн заалтыг баримтлан маргалдагч нөгөө талын эрх ашгийг хамгаалсан.
9. Энэ нь шүүх хууль дээдэлж, гагцхүү хуульд захирагдах үндсэн зарчмаа биелүүлээгүй байна. Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “хууль түүнд нийцүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр” гэсэн хуулийн 2 нэмэлт шаардлага, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан “...эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр, мөн төрийн бус, мэргэжлийн байгууллагаар, гэрээний үндсэн дээр” гэсэн тодорхой болзол бүхий шаардлага тавигдсан байхад Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Засгийн газрын энэ тогтоол нь дээрх хуулиудыг зөрчиж байгааг хууль зүйн үүднээс хянаж тогтоогоогүй, болзол шаардлагын аль нэг нь биелсэн тохиолдолд бусдыг нь заавал биелүүлэх шаардлагагүй мэтээр дүгнэж, хууль бүрэн төгс хэрэгжих зарчмыг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 51 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийг нарийвчлан хянаж тогтоох ёстой үүргээ хэрэгжүүлээгүй байж хуульд нийцээгүй магадлал гаргасан. Давж заалдах шатны шүүх “Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аар хэрэгжүүлж ирсэн нь гэрээнүүдийн хуулбар баримтуудаар тогтоогдож байна” гэж шаардлага хангахгүй баримт, өөр гэрээнүүдийг андуурч дүгнэсэн.
10. Захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв”-д шилжүүлсэн ямар ч эрхийн акт, гэрээ эрхийн харилцаа байхгүй байгааг магадлал гаргахдаа шалгаж тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна. Мөн Засгийн газрын тогтоолын хууль зүйн үндэслэлийг тогтоолгох маргаанд “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын дүрэм, бусадтай байгуулсан гэрээний асуудал хамаагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн хүрээ хязгаараас хальсан асуудлыг татан авч үндэслэл болгосон. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад огт нийцэхгүй. Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийг дахин хуваарилах шилжүүлэх журам”-ын дагуу Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор зөвшөөрөл авсан сайд нь чиг үүрэг шилжүүлж тушаал гаргаагүй, энэ талаар гэрээ байгуулаагүй, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 болон Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хуульд өөрчлөлт оруулаагүй байгаагийн учир шалтгааныг тодруулж хууль зөрчсөн эсэхийг шүүх нэн түрүүнд тогтоох ёстой байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт заасан үүргээ давж заалдах шатны шүүх хэрэгжүүлэхгүйгээр хуульд нийцээгүй магадлал гаргасан.
11. Магадлалын Хянавал хэсгийн 6 дугаар хуудаст шүүх “Хуульд заасан төрийн бус болон мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно” гэсэн заалтыг дураараа тайлбарлаж хуулийн энэ болзол шаардлагын “төрийн бус” эсхүл “мэргэжлийн байгууллагын аль нэг нь хангагдсан бол хуулийн заалт хамаагүй, зөрчиж болох мэтээр тайлбарлаж, хуульд заагаагүй асуудлаар шүүх эрх хэмжээгээ хэтрүүлсэн дүгнэлт хийсэн. Магадлалын хянавал хэсэг бүхэлдээ хариуцагчийг зөвтгөхөд чиглэсэн шаардлага хангахгүй баримт нотолгооноос иш татсан, шүүхээс болон нэхэмжлэгчээс бүрдүүлж хавтаст хэрэгт авагдсан дээрх баримт нотолгоог нэг ч авч үзээгүй, үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үнэн зөв баримт нотолгоонд үндэслэсэн байх үндсэн зарчимд нийцэхгүй. Мөн Засгийн газрын энэхүү тогтоол нь “экспертийн эрх”-д чиглээгүй, тэдэнд шууд хамааралгүй, нэхэмжлэгч нарт хандаж гаргаагүй, Засгийн газар ба нэхэмжлэгч нарын хооронд тухайлсан эрх зүйн харилцаа үүсээгүй субьектив эрх нь зөрчигдсөн, хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна”, эрх ашиг нь хөндөгдөж, хохирол учирсан нь нотлогдохгүй байна гэж буруу дүгнэсэн.
12. ...Зөвхөн нэхэмжлэл гаргасан экспертүүдийн ажилладаг компанийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, хохирол учирсан тухайд: Магадлалын дүгнэлтийг гагцхүү “Барилгын хөгжлийн төв” өөрөө хийнэ, өөр этгээдийн хийсэн магадлал хүчингүй гэсэн бичгийг аймаг хотууд, яам газруудад хүргүүлснээр үйл ажиллагаа нь 2019 оны 1 сараас хойш үндсэндээ зогссон. Сард 30 орчим барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж цалинждаг 12 эксперт, зөвлөхүүд ажилгүй болж, сар бүр авдаг нэг хүний цалин болох 700 мянга орчим төгрөгийг авч чадаагүй, 60 гаруй барилгын магадлалын хөлс төлөгдөөгүйгээс манай компани 70 сая төгрөгийн орлогоо авч чадаагүй, магадлал хийсэн экспертүүд 2019-2020 онд орлогогүй цалингүй хохирч байна. “Барилгын хөгжлийн төв” нь хууль дүрмийн дагуу чиг үүрэг шилжүүлэн албан ёсоор аваагүй мөртлөө авсан гэж зарлан барилгын зураг төслийн компаниуд, магадлал хийдэг эрхтэй бүхий л компани, экспертүүдийг Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор халхавчлан дарамталж, өөрөө тэдэнтэй зэрэгцэн магадлал хийж, хууль бус орлого олж, эрх ашгийг хохироож, хохирол учруулж, цалин хөлсгүй болгож байгааг хэрэгт авагдсан хохирлын санхүүгийн баримтууд нотолно.
13. ...”Барилгын хөгжлийн төв” нь Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор хаацайлан нэхэмжлэгчдийн эрх ашгийг хохироож байгаа үйл баримт, учир шалтгааны холбоо хамааралтайгаар ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гол мөн чанар агуулгыг давж заалдах шатны шүүх ойлгохыг хүсээгүй, харин ч анхан шатны шүүхээс асуудлын мөн чанарыг зөв үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж нэхэмжлэгчдийн эрх ашиг ноцтой хөндөгдөж хохирсоныг зөв зүйтэй тогтоосон байхад үндэслэлгүйгээр буруутгасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасныг баримтлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт, бичгүүдийг шинжлээгүй мөртлөө хийсвэр дүгнэлт хийсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь заалтаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т зураг төслийн магадлал хийх эрх олгосныг хүчингүй болгосон Улсын Дээд шүүхийн 2016 оны 264 дүгээр тогтоолын агуулгыг захиргааны хэргийн шүүх магадлал гаргахдаа үйл баримтын мөн чанарыг мушгин тайлбарлаж “Өөр байгууллагад холбогдох”, “шалгуурыг зөрчсөн нь хууль бус” гэсэн анхан шатны шүүхийн бодитой дүгнэлтийг үгүйсгэж, Улсын дээд шүүхээс энэ маргааны агуулгатай ижил асуудлаар “төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуульд нийцүүлэн, эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр шилжүүлээгүй байна” гэж хуульд нийцүүлэн дүгнэснийг буруутгасан нь ойлгомжгүй байна.
14. Холбогдох хуульд заасан 8 болзол шаардлагыг хангаагүй байхад хуулиа зөрчин эрх статус нь тодорхойгүй, мэргэжлийн бус, бизнесийн нэгжид төрийн захиргааны чиг үүрэг шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтууд болон хууль дээдлэх зарчимд нийцэхгүй. Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг бэлтгэж гаргах процесс болон гарсан тогтоолынх нь хууль зүйн агуулга, утга санаа, үр дагавар нь бүхэлдээ хууль зөрчсөн. Улсын дээд шүүхээс урьд нь гаргасан шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүйн тулд хууль зөрчин хууран мэхлэх ажиллагааны шинжтэй үйлдлийг агуулж, энэ тогтоолтой холбоотой олон байгууллага хүмүүсийн эрх ашгийг хөндөж, хохирол учруулсан, бусад этгээдийн үйл ажиллагаа явуулах эрх ашгийг хөндсөн, эрх зүйн муу үр уршигтай захиргааны акт байгааг давж заалдах шатны шүүх нягтлан тогтоож, үнэн зөв шийдвэрлэхийг зорьсонгүй гэж үзэж байна. Иймд Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
15. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
16. Давж заалдах шатны шүүх “... маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгч нарт чиглэгдээгүй, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн байдал тогтоогдоогүй, маргаан бүхий уг тогтоолыг гаргасан Засгийн газартай нэхэмжлэгч нар нь эрх зүйн харилцаа үүсгээгүй, нэхэмжлэгч нарын маргаж байгаа үндэслэл нь Засгийн газрын үйл ажиллагаанд хамааралгүй, харин Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаанд хамааралтай, гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй” этгээдээс нэхэмжлэл гаргасан үндэслэлээр бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
17. Учир нь, захиргааны акт нь хэн нэгэн этгээдэд шууд чиглэж, эрх зүйн харилцаа үүсгээгүй ч тухайн этгээдийн хувьд шууд бус байдлаар /эерэг, сөргөөр/ нөлөөлөх боломжтой байдаг, өөрөөр хэлбэл захиргааны актын хандсан этгээд биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэхгүй, харин нэхэмжлэгч нь тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдөж байгаагаа үндэслэх учиртай.
18. Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч нар нь “...хариуцагч холбогдох хууль тогтоомжийг зөрчин маргаан бүхий тогтоолоор барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг ашиг сонирхлын зөрчилтэй аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлснээс болж тухайн байгууллага нь өөрөө барилгын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж ашиг олох болсон, үүний улмаас нэхэмжлэгч нарын үйл ажиллагаа явуулах /магадлал хийх/ эрхийг хязгаарлагдсан...” гэсэн үндэслэлээр маргасан байхад давж заалдах шатны шүүх “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу, зүй нь нэхэмжлэлийг хүлээн авч, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодит байдал дээр зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх байжээ.
19. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр “... маргаан бүхий тогтоолыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ч Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, МУЗГ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно” гэж заасныг зөрчсөн, энэ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэл гаргах эрхийн хүрээгээр тогтоолын Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан чиг үүргийг шилжүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэсэн нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаатай болсон байна.
20. Тодруулбал, шүүх маргаан бүхий тогтоолын холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан аль үндэслэлээр илт хууль бус гэж дүгнэсэн нь тодорхойгүй, мөн “Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, МУЗГ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн” гэх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан “илт хууль бус” үндэслэлийн алинд нь хамаарч байгаа талаар дүгнээгүй, нэхэмжлэгчээс маргаан бүхий тогтоолыг “илт хууль бус”-д тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байхад шүүх “илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн” нь ойлгомжгүй буюу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигджээ.
21. Түүнчлэн, анхан шатны шүүх маргаан бүхий тогтоолын нэг хэсгийг нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэн хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа бусад хэсгийг нь “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээс гаргасан” гэж дүгнэн, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй, зүй нь хэрэв шүүх “тогтоолын бусад заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх зөрчигдөөгүй” гэж дүгнэвэл холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох учиртай.
22. Дээр дурдсанаар, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, үндэслэл бүрт нь дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байхад хяналтын шатны шүүхээс “Засгийн газрын тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0357 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 446 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ