Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0624

 

Ц.Ч-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ц.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Ч-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1, 280 дугаар зүйлийн 280.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ц.Ч-г Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн ..... дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, цэргийн дэслэгч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны 5 сар 9 хоногийн цалин 4.011.824 төгрөгийг гаргуулан олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С давж заалдах гомдолдоо: “...1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... шийдвэр гүйцэтгэгч банкинд хүргүүлэх дээрх албан бичиг, мэдэгдлийг бэлтгэн ахлах шийдвэр гүйцэтгэгчид өгдөг, ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрт өгөгдсөн нэвтрэх нэр, нууц үгээр банкны программд оруулж илгээдэг болсон нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа гэрчээр асуугдсан шийдвэр гүйцэтгэгч Б.Б-ийн шүүх хуралдааны үер өгсөн “Ц.Ч-д Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлэх тогтоолыг би шууд явуулаад буцаагаад хариу хэлдэг байсан” гэх мэдүүлэг, шүүхэд нотлох баримтаар өгсөн программист Б.Ц-ийн тайлбар болон цахим программаас хэвлэсэн цахимаар харилцдаг арилжааны банкуудад хүргүүлсэн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолын жагсаалт зэрэг нотлох баримтуудыг дутуу үнэлсэн байна.

Өөрөөр хэлбэл, цахимаар арилжааны банктай харилцах нэвтрэх нэр, нууц хэнд байхаас үл шалтгаалж, гагцхүү Ц.Ч өөрийн гаргасан тогтоолыг тухайн цахим хариуцаж байсан Б.Б-д удаа өгөөгүй санаатай үйлдлийг шүүх үгүйсгэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...түүний үйлдсэн албан бичиг, тогтоол Худалдаа хөгжлийн банкинд хүргэгдээгүй гэдгийг тэрээр мэдээгүй гэх” нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна” гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үнэлэлгүй хэт нэг тал барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь Ц.Ч нь албан бичиг тогтоолыг үйлддэг /боловсруулдаг/ гэдгийг шүүх мэдсэн боловч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн буруу гэж, мөн хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна хэмээн эргэлзээтэй дүгнэлтүүд хийсэн явдал юм.

Түүнчлэн шүүх хуралдааны үеэр төлбөр авагч “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлчилгээний газрын гомдлоор шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Ч-г төлбөр төлөгч “Ү б к” ХХК-аас авилга, хээл хахуул авсан байж болзошгүй гэж Авилгатай тэмцэл газраас шалгаад ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн яллагдагчаар татсан тухай мэдэгдсээр байтал шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Өөрөөр хэлбэл, Авилгатай тэмцэх газар иргэн Ц.Ч-д эрүүгийн хэрэг үүсгэсэн, ямар шатанд байгаа тухай нотлох баримтыг гуравдагч этгээд буюу хариуцагч тал шүүхэд гаргаж өгөх боломжгүй байсан тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үүргийг  захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж тус тус заасан хуулийг хэрэглээгүй юм.

3. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлэх албан бичгийг боловсруулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргад өгсөн нь тогтоогдоогүй байхад шүүх “үүнд түүнийг шууд буруутгахааргүй байна” гэж дүгнэсэн.

Тухайлбал, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн албан бичгийн төслийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад өгсөн, өгөөгүй нь тодруулалгүй нэхэмжлэгчийн тайлбараар нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

Мөн шийдвэр гүйцэтгэгч дээд шатны байгууллагад хүргүүлэх албан бичгийг боловсруулдаг болохоос гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан биш юм. Түүнчлэн Хяналт шалгалтын газраас хийсэн албаны шалгалтаар Ц.Ч тухайн албан бичгийг боловсруулан ахлах шийдвэр гүйцэтгэгчээр хянуулсан боловч эрх бүхий албан тушаалтанд буюу дэд даргадаа танилцуулж, албажуулж хүргүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ж.Н-ын гарын үсэгтэй 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/18138 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргын баталж, арилжааны 12 банкинд хүргүүлсэн гэх 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай” 16291097/02 тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г-ийн “Т о с к" ТӨҮГ-т хүргүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай” 1291097/02 дугаар тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г-ийн “Т о с к" ТӨҮГ-т хүргүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4/545 дугаар албан бичгүүдийг Ц.Ч боловсруулсан гэдийг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор үнэлээгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргаан бүхий захиргааны акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалаар “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн .... дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, Ц.Ч-г “төлбөр төлөгчийн банк дахь харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг холбогдох банкинд хүргүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан“ гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халж, цэргийн “дэслэгч” цолыг хураасан байна.

Уг тушаалыг эс зөвшөөрч Ц.Ч нь “...төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах, зарлагын гүйлгээг зогсоох, хасалт хийх үйл ажиллагааг цахимаар явуулах эрх шийдвэр гүйцэтгэгч надад олгогдсон байсан бол төлбөр төлөгчийн дансны мэдээллийг авч, хасалт хийх байсан, ... 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/18138 дугаар албан бичиг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны 16291097/02 дугаар тогтоолыг төлбөр төлөгчийн харилцах данс байрлах Худалдаа хөгжлийн банкинд цахимаар хүргүүлээгүй, үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй” гэж маргаж, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны Б/279 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цэргийн цол сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх тус маргааны үйл баримтуудын талаар дэлгэрэнгүй дурдаж “... шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан үйлдэлд Ц.Ч-г үүрэгт ажилдаа хайнга хандаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй ... төлбөр төлөгчийн банкин дахь дансны мэдээлэл авах албан бичиг, данснаас хасалт хийж төлбөр гаргуулах мэдэгдэл, дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдлийг банкинд цахимаар явуулах үүрэг ахлах шийдвэр гүйцэтгэгчид байсан, энэ үүргээ шилжүүлэх эрх олгогдоогүй, ийнхүү үүргээ дур мэдэн шилжүүлснээс үүдэн шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан болох нь албаны шалгалтаар тогтоогдсон ... шийдвэр гүйцэтгэгчийн албан бичиг, тогтоол цаг хугацаандаа хүргэгдээгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан зөрчил нь ахлах шийдвэр гүйцэтгэгч эрхээ шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлж, хяналт тавиагүйгээс үүдэлтэй болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна ... 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 3 хоногийн өмнө 4/545 тоотоор төлбөр авагч “Т о с к” ТӨҮГ-т мэдэгдэж байснаас үзэхэд “түүний үйлдсэн албан бичиг, тогтоол Худалдаа хөгжлийн банкинд хүргэгдээгүй гэдгийг мэдээгүй гэх” нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхээргүй...” гэсэн дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтуудаар дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдлийг банкинд цахимаар явуулах үүрэг ахлах шийдвэр гүйцэтгэгчид байсан, энэ үүргээ шилжүүлэх эрх олгогдоогүй, ийнхүү үүргээ дур мэдэн шилжүүлсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйлдэл тогтоогдсон байх боловч энэ нь өөрийн хариуцсан шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох албан бичгүүд арилжааны банкуудад цаг хугацаандаа хүргэгдсэн эсэхийг тодруулах, хэрэв хүргэгдээгүй бол хүргүүлэх ажиллагааг нэн даруй авч хэрэгжүүлэн шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг эрэлхийлэн ажиллах шийдвэр гүйцэтгэгчийн ажлын байрны тодорхойлолт, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар “Ү б к” ХХК-аас 1.155.593.892 төгрөгийг гаргуулж, “Т о с к” ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэснийг албадан гүйцэтгэхээр “Ү б к” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн холбогдох ажиллагааг Хан-Уул дүүргийн .... дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Ч хариуцаж байжээ.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн ажлын байрны тодорхойлолт[1]-оос үзэхэд шийдвэр гүйцэтгэгчийн ажлын байрны үндсэн зорилт нь “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх” гэж тодорхойлогдсон байх бөгөөд Үндсэн зорилтын хүрээнд “гүйцэтгэлийн хувийн хэргийг албан хэрэг хөтлөх стандарт шаардлагад нийцүүлэн хөтлөх, ...хөрөнгө, үрэгдэх, устгахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, гүйцэтгэх баримт бичгийн цахим сангийн бүртгэл хөтлөх, гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийг цахим бүртгэлд оруулах, баяжилтыг тухай бүр хийх, төлбөр төлөгч, түүний хөрөнгийн талаар эрх бүхий байгууллагатай онлайн мэдээлэл солилцох, нотлох баримтыг бүрдүүлэх” зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж, банк, эрх бүхий хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Төлбөр төлөгч, түүний хөрөнгийн байгаа газар тодорхойгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч бүрэн эрхийнхээ хүрээнд тэдгээрийг эрэн сурвалжилж, олж тогтоох зорилгоор энэ хуульд заасан ажиллагааг гүйцэтгэнэ”, 77 дугаар зүйлийн 77.1.1-д “төлбөр төлөгчийн эзэмшилд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас болон бусад хөрөнгөөс суутгал хийх”, 95 дугаар зүйлийн 95.1-д “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн банкан дахь харилцах данс, хадгаламжид байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, үнэт цаас, мөнгөн хөрөнгө, түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөр гаргуулж болно”, 104 дүгээр зүйлийн 104.1-д “Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлж энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалт болон нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар шийдвэр гүйцэтгэгч байсан Ц.Ч нь “төлбөр төлөгч “Ү б к” ХХК-ийн банкуудын харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоож, 1.155.596.892 төгрөгийг хасалт хийж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Улаанбаатар хотын банк дахь 26......, 23...... тоот дансанд шилжүүлж хариу ирүүлэх тухай” Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ж.Н-ын гарын үсэг бүхий 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/181138 дугаар албан бичгийг арилжааны банк болох Хаан, Хас, Төрийн, Голомт, Капитал, Капитрон, Ариг, Улаанбаатар хотын, Чингис хаан, Богд, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хүргүүлсэн. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн дарга Д.Б-тай ярилцлага хийн “тус яамнаас “Ү б к” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу 1.267.237.876 төгрөгийг шилжүүлэх тухай” тайлбарыг авч, тэмдэглэл үйлдэн арилжааны нэр бүхий 12 банкинд хүргүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай” 16291097/02 дугаар тогтоол үйлдэн батлуулсан байна.

Гэтэл дээрх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/18138 дугаар албан бичиг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16291097/02 дугаар тогтоол Худалдаа хөгжлийн банкинд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүргэгдээгүй болох нь тус банкны “Харилцагчийн хүсэлт”[2]-ийн жагсаалтуудаар тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч Ц.Ч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хувьд  гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлэх хуулиар хүлээсэн үүргийн дагуу өөрийн хариуцсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд гарсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Ү б к” ХХК-ийн банкуудын харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоож, 1.155.596.892 төгрөгийг хасалт хийж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлж хариу ирүүлэх тухай” 1/181138 дугаар албан бичиг арилжааны бүх банкуудад хүргэгдсэн эсэх, тэдгээр банкуудаар төлбөр төлөгч үйлчлүүлдэг эсэх талаар тодруулж дахин хүргүүлэх талаар ажиллагаа явуулах боломжтой байснаас гадна 4 сар гаруй хугацааны дараа Барилга, хот байгуулалтын яамнаас “Ү б к” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу 1.267.237.876 төгрөгийг шилжүүлэх тухай ярилцлагад нэхэмжлэгч өөрөө оролцсон атлаа нэр бүхий 12 банкинд хүргүүлэхээр гаргасан тус газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай” 16291097/02 дугаар тогтоолыг хүргэгдсэн эсэх талаар лавлаж тодруулах, эрх бүхий албан тушаалтанд танилцуулах зэрэг ажиллагааг хийж, хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлэх талаар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах боломжтой байжээ.

Дээрх албан бичгүүд төлбөр төлөгчийн харилцдаг арилжааны банкинд хүргэгдээгүйн энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүйн улмаас “Ү б ко” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.155.593.892 төгрөг шилжин орсон байх боловч мөн өдрөө зарлагадагдаж “Ү б к” ХХК-аас 1.155.593.892 төгрөгийг гаргуулж, “Т о с к” ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн захирамж биелэгдээгүй байна. 

 Мөн нэхэмжлэгч Ц.Ч нь Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлэх албан бичгийг боловсруулан, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Г-аар хянуулсан байх боловч тус яамруу хүргүүлээгүй болох нь Хяналт шалгалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Н-ийн хийсэн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл[3]-д тусгагдсан Ц.Ч-ийн “... Б.Б-д өгсөн болохгүй болохоор нь ахлах дэслэгч Б.Ц-ээр шалгуулж дахин явуулсан. Барилга хот байгуулалтын яаманд явуулах бичгийг явуулаагүй миний буруу ...” тайлбараар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Ц.Ч нь өөрийн ажлын байрны тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажлын чиг үүргийнхээ дагуу дансны хасалт хийх тухай 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 1/18138 дугаар албан бичиг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16291079/02 дугаар тогтоолыг арилжааны банкнууд руу хүргэгдсэн эсэхэд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хяналт тавиагүй орхигдуулсан, хариу ирүүлсэн нотлох баримтуудыг гүйцэтгэлийн хувийн хэрэгт хавсаргаагүй, хугацаа алдсан, хариуцсан ажилдаа хайнга хандаж шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулж, төрийн тусгай албан хаагчийн хувьд ноцтой зөрчил гаргасан байх тул түүнийг Б/279 дүгээр тушаалаар ажлаас халж, цэргийн цолыг хураасан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, тус захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байна.

Түүнчлэн, Ц.Ч нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан төрийн тусгай албан тушаалыг эрхэлж байсан төрийн жинхэнэ албан хаагч тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг өөр байдлаар журамлан тогтоогоогүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаал[4]-аар “Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг зохих хувьд хүргэж ажиллаагүй” гэсэн үндэслэлээр 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.Ч-д нэг сарын үндсэн цалинг 20 хувиар буруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална” гээд 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 26 дугаар зүйлийн 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж тус тус заасан.

Хуулийн тус зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч Ц.Ч нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад давтан зөрчил гаргасан, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлд хамаарч байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 57 дугаар зүйлийн 57.1, 77 дугаар зүйлийн 77.1.1, 95 дугаар зүйлийн 95.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 262 дугаар зүйлийн 262.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ч-ийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цэргийн цол сэргээлгэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.С-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 23, 24 дүгээр хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 87-97 дугаар хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас