Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00462

 

Х.Келдимуратын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэртэй,            

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн            

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 212/МА2017/00009 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Х.Келдимуратын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгт холбогдох,

Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Х.Келдимуратын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Келдимурат миний бие 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгт галчаар томилогдсон. Галчийн ажил улирлын чанартай ажил бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орохоор очтол ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас гардуулан өгч, өчигдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар бүхий тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарыг гардуулан өгсөн. Иймд намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн байх тул Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай, 2 бүлэгтэй бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэхдээ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2016 онд батлагдсан төсөв болон Шинжлэх ухаан боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны "Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа, үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн норматив" батлах тухай 227/199 тоот хамтарсан тушаалыг баримталж 12 үндсэн ажилтан, гэрээгээр гүйцэтгүүлэх 3 ажилтан нийт 15 ажилчдыг тухайн цэцэрлэгт ажиллуулсан. Ингээд тус аймгийн зарим иргэд төв талбай дээр жагсаал цуглаан хийсэн байдаг ба үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 тоот захирамж /хууль бус/ гарч, манай цэцэрлэгийн ажилчдын орон тоог 20 байхаар баталсан. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга уг хууль бус захирамжаараа дамжуулж төсөв хөрөнгө нь батлагдаагүй орон тоонд зарим нэр бүхий хүмүүсийг ажиллуулахыг надад үүрэг болгож захиргаадсан гэсэн үг. Миний бие төрийн албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 2.1-т заасны дагуу /аймгийн Засаг даргын захирамж хүчингүй болох хүртэл/ аргагүй эрхэнд түүнийг биелүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр "ажилд түр томилох тухай" 18 тоот тушаал гаргаж нэхэмжлэгчийг 1 сарын хугацаагаар /цалингийн сүлжээнээс гадуур 270000 төгрөг өгөхөөр болж/ хугацаатай гэрээ байгуулсан.

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар түүнийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, нэг хувийг гардуулснаар тэр яваад өгсөн. Үүнийг манай байгууллагын ажилчид бүгд гэрчилнэ. Ялангуяа тус цэцэрлэгийн ня-бо болон нярав сайн мэдэж байгаа болно. Манай цэцэрлэгийн зүгээс нэхэмжлэгчид хандаж ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэх хуудас өгч байсан асуудал байхгүй. /Энэ талаар дараа нь жич тайлбар өгөх болно. /Тэгж байтал нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сард гэв гэнэт ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалаас дахиад нэг хувь авна гэж ирсэн. Би тэгэхэд дахиад нэг хувь тушаал өгөх боломжгүй гэдгийг хэлж байсан. Өөрөөр хэлбэл миний бие түүнд хандаж урьд өмнө тушаалын нэг хувийг гардуулж өгсөн талаар хэлэхэд тэр: "тушаалаас дахиад нэг хувь хэрэгтэй байна. Нэг газарт ажилд орох гэсэн чинь тушаал хэрэгтэй гэж байна. Би өөрийн хувийг алга болгочихож" гэсэн утгатай тайлбар хэлэхээр нь би манайд үлдсэн тушаалаас хуулбар хийж өгсөн маань үнэн.

Гэтэл нэхэмжлэгч X.Келдимурат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цэцэрлэгийн зүгээс түүнийг ажилд авсан, чөлөөлсөн тушаал болон хөдөлмөрийн гэрээний хувийг гардуулж өгөөгүй мэтээр худал тайлбарыг бичсэн байна. Дашрамд хэлэхэд, аймгийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан А/206 тоот захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/582 тоот захирамжаар хүчингүй болгосон. Дараа нь, аймгийн Засаг дарга цэцэрлэгийн норматив болон батлагдсан төсвийн хүрээнд багтааж 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр захирамж гаргаж тус цэцэрлэгийн бүтэц орон тоог шинэчилж баталсан болно. Эцэст нь хэлэхэд цэцэрлэгийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч Х.Келдимуратын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Келдимуратыг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн гэрээт галчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Келдимурат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70 200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 212/МА2017/00009 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Келдимуратын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Келдимурат хяналтын журмаар шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэлээр тал бүрээс нь үнэн зөв дүгнэлт гаргасаар байтал давж заалдах шатны шүүх зөвхөн бусад нотлох баримтанд ач холбогдол өгч үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн хөдөлмөрийн гэрээ хугацаатай хийгдсэн гэж үзэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ хугацаатай, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болохоор байгуулагдсан хэдий ч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар санал тавиагүй, гэрээг цуцлаагүй. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг нөхөн гаргаж, тушаалыг тухайн үед нь гардуулан өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаараа нотолж чадаагүй. Би ажлаас халах тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гардаж авсан бөгөөд энэ талаар шүүхэд гэрчээр оролцсон Рая, н.Алтанцэцэг нар мэдүүлж нотолно. Надтай хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулахдаа туршилтын хугацаагаар гэж байгуулснаас гадна ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэснээс үзэхэд надтай анхнаасаа байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тодорхой харагдаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд байнгын ажлын байранд ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй юм. Харин тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд болон тухайн байгууллагын дотоод журамд заасан туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор хуульчилсан байх ба дээрх тодорхой үндэслэл, шаардлагын улмаас хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиолдолд энэхүү шаардлага, шалтгааныг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгасан байхыг шаардах ба энэхүү шаардлага, шалтгааныг тусгаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэж үзэх боломжтой юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Келдимурат нь хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгт холбогдуулан галчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Келдимуратыг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн гэрээт галчийн ажилд эгүүлэн тогтоож, харин давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэснээр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Х.Келдимуратыг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай тушаалаар гэрээт галчийн ажилд түр томилж,  хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн баримт хэрэгт авагджээ.

Хөдөлмөрийн гэрээнд ажилтанг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар туршин ажиллуулахаар тохирсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнд хугацааг 2016 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэл гэж /хх-5/, хариуцагчийн зүгээс гаргасан гэрээнд 2016 оны 05 дугаар сарын 13-ныг хүртэл гэж /хх-25/ хугацааг өөр өөр заасан хөдөлмөрийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна. Ажил олгогчийн мэдэгдэлд гэрээний хугацааг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусах тул гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн, энэ нь ажилтанд байгаа гэрээний хугацаатай тохирч байх тул гэрээний хугацааг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тохирсон гэж үзнэ. /хх-4/

 Ажил олгогч уг хугацааг дуусахаас 2 хоногийн өмнө “гэрээний хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь буруу боловч талуудын гэрээгээр тохирсон туршилтын хугацааг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэв. Хуулиар туршилтын хугацаа тогтоож болохыг зохицуулсан, талууд хуулийн хүрээнд хугацааг тохирсон тул талуудын тохиролцооноос хальж гэрээ сунгагдсан, хугацаагүй гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ утгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалыг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийг ажилд авахаас өмнө Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаар захирамжаар тус цэцэрлэгийн бүтэц, орон тоог 20 хүн, үүнээс үндсэн орон тоо нь 8, гэрээт ажилтан 12 байхаар баталсан боловч Засаг дарга уг захирамжаа хүчингүй болгож 2016 оны 10 дугаар сарын 08-ны Б/10 тоот захирамжаар цэцэрлэгийн бүтцийг 13 хүний орон тоотойгоор баталсан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь анхнаасаа байнгын ажлын байранд туршилтын хугацаагаар ажиллахаар тохирсон байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж заасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 212/МА2017/00009 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

         ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА