Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01562

 

 

 

 

 

 

 

 

2022 08 22 210/МА2022/01562

 

 

 

Н.Д,Д.П нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2022/02263 дугаар шийдвэртэй Н.Д,Д.П нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бид өөрсдийн өмчлөлийн өмчлөх эрхийн Ү-2205049262 дугаартай Баянгол дүүргийн 17 хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 000 байр, 00 тоот хаягт байрлах, 38.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, Шанд 1 гудамж, 11 тоот хаягт байршилтай 390 м.кв талбайтай хувийн сууц, граж, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг барьцаалан Хүрэн өндөр Ундрага ХХК-ийн хамт Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-аас зээл авсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар Хүрэн өндөр ундрага ХХК болон нэхэмжлэгч Д.П нараас 193,964,113 төгрөгийг гаргуулан Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгож, төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, шинжээч томилон, хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт зааснаарД.Пд шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй.

Тэрээр хөрөнгийн үнэлгээг өөр этгээдээс мэдсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч өөрийн хөрөнгийг хамгаалах гомдлын шаардлагаа шүүхэд хандаж гаргах эрхтэй. бөгөөд түүний өмчлөлийн хөрөнгийг 70,018,907 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн бодит байдалд нийцээгүй.

Нэхэмжлэгч Н.Дийн өмчлөлийн дээрх хувийн сууцыг газрын хамт 116,630,670 төгрөгөөр үнэлэхдээ худгийг оруулалгүй зах зээлийн үнэлгээнээс бага тогтоосон. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна. Иймд худаг нь газрын үндсэн бүрдэл хэсэг юм.

Иймд нэхэмжлэгч Д.П, Н.Д нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1389 дугаар захирамжаар Хүрэн өндөр ундарга ХХК,Д.П нараас 194,563,100 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Хүрэн өндөр ундарга ХХК-ийн захирал Н.Д, төлбөр төлөгч Ц.Пунцагдулам нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй ба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж үнэлгээг тогтоолгосон. Шинжээч Н.Дийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205049262 дугаартай Баянгол дүүргийн 17 хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 44д байры 60 тоот, 38.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 70,018,907 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-2201021957 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, Шанд 01-09 тоот 71.5 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 59,564,648 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-2201021963 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, Шанд 01-10 тоот 128 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 65,882,752 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн байна.

Улсын бүртгэлийн Ү-2201038920 дугаартай эзэмших эрхтэй газрыг хамт хураасан ажиллагаа болон шинжээч томилсон тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/135 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хэсэгчлэн хүчингүй болгосон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэмэмжлэлч Хүрэн өндөр ундарга ХХК-ийн захирал Н.Д,Д.П нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н.Д,Д.П нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч Н.Д,Д.П нараас Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн зардал 600 000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч талуудад мэдэгдэх, дүгнэлтийг танилцуулах, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтлөх ажлыг хийх ёстой.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч нарт хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн гэх боловч Д.П-д хөрөнгийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох зорилгоор шинжээч томилсон бөгөөд Д.П-ын өмчлөлийн орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 70,018,907 төгрөгөөр үнэлснийг 107,676,592 төгрөгөөр, Н.Д-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 116,630,670 төгрөгөөр үнэлснийг 348,252,914 төгрөгөөр тус тус үнэлсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ илт нэмэгдсэн нөхцөлд шиийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлсэн үнэлгээгээр хөрөнгийг худалдан борлуулсан нь нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хөндөгдөнө.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

3.а. Нэхэмжлэгч Н.Д, Д.П нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.б. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/00024 дугаар захирамжаар хариуцагч Хүрэн өндөр ундарга ХХК /захирал Н.Д/,Д.П нар нэхэмжлэгч Үндэсний хөгжлийн банк ХХК-д 193,964,113.14 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, уг хугацаанд төлж барагдуулаагүй бол барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 23-25/

 

Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

 

3.в. Төлбөр төлөгчД.П, Хүрэн өндөр ундарга ХХК-ийн захирал Н.Д нар нь төлбөр авагч Үндэсний хөгжлийн банк ХХК-д 193,964,113.14 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулаагүй тул 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1389 дугаар захирамжийг үндэслэн мөн өдөр 184/ГХ2019/00150 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх 22/

 

3.г. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа явуулахдаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 01-11 тоотод байрлах 700 м.кв талбайтай газрыг битүүмжлээгүй, хураан авах ажиллагаа явуулахдаа тус хаягт байрлах 390 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураан аваагүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/135 тоот тогтоолоор 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 1-11 тоотод байрлах 390 м.кв талбайтай хөрөнгийг битүүмжилсэн,

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолын тус хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг хураасан ажиллагаа болон мөн оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 197 тоот шинжээч томилох тогтоолын дээрх хөрөнгүүдэд үнэлгээ тогтоосон ажиллагааг тус тус хэсэгчлэн хүчингүй болгожээ. /хх68/

 

3.д. Дээрх хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгосноор төлбөр төлөгчийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 1-11 тоотод байрлах 390 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг битүүмжлэх, хураах, эдгээр хөрөнгийг үнэлэх ажиллагаануудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу хийх боломжтой болно. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгосон ажиллагааг шүүхээс дахин хүчингүй болгох үндэслэлгүй, урьдчилан шийдвэрлэгдсэн асуудал байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

4.а. Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 01 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын 44д байрны 60 тоотод байрлах 38,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

4.б. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ГХ2019/00150 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шанд 01-09 тоотод байрлах 71,5 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт, тус хорооны Шанд 01-10 тоотод байрлах 128 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 01 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын 44д байрны 60 тоотод байрлах 38,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор хураажээ. /хх28/

 

4.в. Төлбөр төлөгч талаас тус барьцаа хөрөнгийн үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шинжээч томилуулж барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргасан байна. /хх 34/

 

4.г. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцжээ.

 

4.д. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 197 тоот шинжээч томилох тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

4.е. Шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шанд 01-09 тоотод байрлах 71,5 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 59,564,648 төгрөгөөр,

тус хорооны Шанд 01-10 тоотод байрлах 128 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 65,882,752 төгрөгөөр,

тус хорооны Шанд 01-11 тоотод байрлах 390 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 116,630,670 төгрөгөөр,

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 01 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын 44д байрны 60 тоотод байрлах 38,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 70,018,907 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Уг үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчөөгүй байна.

 

5.а. Энэ үнэлгээг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тоотууд болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 40-45/ Иймд төлбөр төлөгч нарын хариуцагч байгууллагыг үнэлгээний үнийн дүнгД.Пд мэдэгдэж, танилцуулаагүй гэх гомдол гаргасныг хангах үндэслэлгүй.

Учир нь төлбөр төлөгч Н.Дт үнэлгээг мэдэгдэхэд тэрээр ...Пунцагдулам миний эхнэр, Ганбат миний хүүхэд би өөрөө танилцуулна, дахин мэдэгдэл өгөх шаардлагагүй байхгүй гэж хэлсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн дээр дурдсан тэмдэглэлд тусгагджээ.

 

5.б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсыг өөрт нь өөрөө хаягтаа байхгүй тохиолдолд арван найман насанд хүрсэн гэр бүлийн гишүүнд өгөх боломжтой. Иймд төлбөр төлөгч Н.Дт үнэлгээний талаар мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн тул төлбөр төлөгчД.Пд үнэлгээний мэдэгдэл хүргүүлээгүй гэж үзэхгүй.

 

5.в. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлыг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Д нь хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан болохоо зөвшөөрч гарын үсэг зурсан боловч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

6. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 01 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын 44д байрны 60 тоотод байрлах 38,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2022/02263 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038920 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 01-11 тоотод байрлах 390 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2205049262 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 01 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын 44д байрны 60 тоотод байрлах 38,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ