| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0162/э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2018-09-18 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 180
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б.Нөд холбогдох 1830000180144 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн харьяат, 1985 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баруун-Урт сумын 1 дүгээр баг Тэжээлийн аж ахуйн ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Н.
Холбогдсон хэргийн талаар/Прокурорын яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Н нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” ХХК-ний Сийн салбарын харьяа төвийн 1 дүгээр шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 27-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан 59.649.240 төгрөгийн шатахууны орлогыг тус байгууллагын санхүүд тушаалгүй албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулж, 59.649.240 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны сүүлээр, 2017 оны 12 сар хүртэл шатахуун дутсан. Би хүмүүст шатахуун зээлээр өгсөн. Тэгээд тооцоогоо алдаад өр төлбөрт орсон. Шатахуун зээлүүлсэн мөнгөн дүнг нь сайн мэдэхгүй байна. Ж компанитай ямар ч холбоо байхгүй, манайхаас их хэмжээний шатахуун авдаг байсан. 59.649.240 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн амьдарч байсан орон байраа зараад хохирлыг төлсөн. 10.000.000 төгрөгийн торгох ялыг мал борлуулаад төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэг хэрэгтээ гэмшиж байна... гэв.
- Б.Нийн яллагдагчаар өгсөн: Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй. Урьд үнэн зөвөөр ярьсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийг хөнгөрүүлэн шийдэж өгнө үү. Үлдэгдэл хохирлыг нөхөн төлөх болно... гэх мэдүүлэг /хх-07 /,
- Б.Нийн гэрчээр өгсөн: Би Сийн салбарын 1-р салбарын эрхлэгчээр 2010 оноос эхлэн ажилласан юм. Миний бие уг салбарт ажиллаж байх хугацаандаа өр төлбөрт орсон асуудал нь 2016 оны 11-12 дугаар сарын үеэс эхэлсэн юм. Миний өр төлбөрт орсон асуудлыг жишээ болгож ярьвал: 1000 литр буюу 1 тонн А-80 маркийн бензины орлого авч нийт үлдэгдэл 1 тонн байхаас тухайн сар 200 литр бензинийг тухайн үеийн ханшаар мөнгөн дүнгээр зарж борлуулж хэн нэгэн хүнд 100 литр бензинийг зээлээр борлуулахад үлдэгдэл 700 литр үлдэх ёстой. Нягтлан бодогч бид хоёр сарын эцсийн нэг өдөр, нэг цаг хугацаанд түгээгүүрийн заалтыг эцэслэн харж сарын зарцуулалтын эцсийн тооцоо буюу дээрх 700 литр бензин үлдсэнийг тулгаж гаргадаг. Харин нягтлан бодогч түгээгүүрээс 300 литр бензин гарчихсан гэж үзэж тооцоо хийж байхад нь би нягтлан бодогчтой сарын эцсийн нэг өдөр, нэг цаг хугацаанд түгээгүүрийн заалтыг эцэслэн харж сарын эцсийн тооцоог гаргахгүйгээр хасаж 200 литрийг зарцуулсан тайланг өгдөг нягтлан бодогч нь миний тайлангаар тооцдог байсан. Нягтлан бодогч надтай хамт харсан заалтыг яагаад тулгадаггүй байсныг мэдэхгүй. Миний тайлангаар тооцоог бодчихдог байсан. Энэ байдлыг нь ашиглаад миний бие зээлүүлсэн шатахууныг хасаад орлого орсон мөнгөн дүнгээр тайланд тусгадаг байсан. Хэрэв зээлүүлсэн мөнгөн дүн орж ирвэл тайландаа нэмээд оруулдаг байсан. Ерөнхий нягтлан бодогч У.М, тооцооны нягтлан бодогч Г.У, борлуулалтын менежер Э.Э нар сар бүр ээлжилж шалгадаг байсан. Сар бүрийн эцсийн тооллогод миний бие заавал өөрөө ордог байсан. Түгээгч нар тухайн өдөртөө ажил хүлээлгэж өгөх үедээ борлуулалтаа дараагийнхаа хүндээ хүснэгтэн мэдээгээр өгч сарын эцсийн дүн гардаг юм. Харин хүснэгтэн мэдээ, түгээгүүр, мөнгөн дүн таарах ёстой бөгөөд над дээр энэ 3 дүн таарч ирэхээр нь миний бие зээлүүлсэн шатахууныг засаад гар дээр байгаа бэлэн мөнгөтэй тааруулж тооцоог гаргаад түгээгүүрийн заалттай харьцуулчихдаг юм. Уг заалт л тайлан дээр тусгагддаг гэсэн үг. Түгээгч нар бол өдөр 100 литр шатахуун борлууллаа гэж бодоход би 10 литрийг зээлүүлсэн тохиолдол гарахад түгээгч надад хандаж 90 литр шатахууны мөнгийг өгч 10 литр таны зээлүүлсэн үнийн дүн шүү гээд 100 литр шатахууны үнийн дүнгээр тооцоог хийдэг байсан” гэх мэдүүлэг /хх-18-19/,
- Иргэний нэхэмжлэгч У.Мийн: Манай Сийн шатахуун түгээх станц 1-ийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Н нь 2017 онд тус шатахуун түгээх станцад нийт 59.649.240 төгрөгийн шатахууныг хувьдаа завшсан байж болзошгүй зөрчил илэрсэн юм. Уг зөрчлийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотоодын жилийн эцсийн тооллогоор илрүүлсэн. Тэгээд Б.Нөөс ямар учраас ийм хэмжээний шатахууныг дутаасан талаар тайлбар авахад тэрээр бусдад шатахууны зээл өгчихөөд авч чадахгүй байгаа гэж хэлээд байгаа юм. Тэр үед манай байгууллагын тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.У нь Б.Нөөс сар бүр тайланг нь хүлээн авдаг байсан бөгөөд Г.У 2017 оны 09 дүгээр сард 2 хоног шалтгаангүй ажил тасалсан үндэслэлээр ажлаасаа халагдсан болохоор одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Г.У нь Б.Нийн мөнгө дутаасан асуудлыг тухайн үед нь салбарын дарга, удирдлагуудад мэдэгдээгүйгээс энэ асуудал даамжирч дээрх хохирол манай байгууллагад учирсан. Жилийн эцсийн тооллогоор би өөрөө тоолж үзээд энэ зөрчлийг илрүүлсэн юм. Тэгэхэд анхан шатны баримт маягт дээр шатахууны миллийг зөрүүтэй хуурамчаар хөтөлсөн байсныг илрүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
- Гэрч Б.Аын: Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус газарт тооцооны нягтлан бодогчоор ажилд орсон. Бид нар сар бүр станц бүрийн тооцоог шалгаж тоолдог юм. Ингээд би 2017 оны 12 дугаар сарын 16-ны орчимд Баруун-Урт сумын 1 дүгээр станц дээр хяналтын тооллого хийхэд уг салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Б.Нийн гаргаж өгсөн тайлан, тухайн шатахууны заалт хоорондоо зөрөөд шатахуун нь их гарсан хэдий ч мөнгөн дүн нь дутуу байх шиг байна гэдгийг ахлах нягтлан бологч Мөнхчимэгт хэлэхэд Мөнхчимэг нь 2017 оны 12 дугаар 27-ны өдөр дахин шалгалт хийсэн. Энэ шалгалтыг хийхдээ шатахуун гарч байгаа миллийн тооцоог санхүү бүртгэлтэй тулгахад зөрүү гарсан. Зөрүүг тооцохдоо өмнөх сарын тайлангийн эцсийн миллээс тухайн сарын хяналтын тооллогын миллийн зөрүүгээр тооцсон. Өмнөх сарын борлуулсан шатахуун нь тухайн сарын борлуулалтын орлого таарч байх ёстой юм. Н нь шатахууны зарцуулалт тухайн сард 1-1000 милл буюу 1 тонн шатахуун борлуулсан байхад үүнийгээ 800 литр гэж тайланг гаргаж уг тоотой адил мөнгөн дүнг тааруулж тайланг гаргадаг байсан байна. Тэгэхээр сар бүр борлуулалтыг дутуу тайлагнадаг гэж үзэж байгаа юм... гэх мэдүүлэг / хх-ийн 09/,
- Гэрч Б.Уын: Би 2017 оны 06 дугаар сараас хойш Сийн шатахуун түгээх станц 1-д түгээгчээр ажиллаж байна. Манай шатахуун түгээгүүрийн эрхлэгч Н нь бид нарын хоногийн тооцооны хуудсыг миллийн заалттай нь харьцуулж тооцоо зөв хийгдсэн эсэхийг тулгаж үздэг юм. Хааяа Н нь хүмүүст зээлээр бензин шатахуун өгөөд явуулчих гэхэд нь бид нар 1-р шатахуун түгээх станцын тамгатай бичиг дээр эрхлэгчийн зөвшөөрлөөр хичнээн литр бензин шатахуун зээлээр өгснөө бичдэг байсан. Тэр бичгийг маргааш өглөө нь Н тооцоо тулгахдаа бензин шатахуун зээлээр өгсөн бичгүүдийг өөрөө аваад явдаг байсан. Надад эрхлэгч Нийн хэлснээр зээлээр өгсөн хүний бүртгэл гэх юм бол байхгүй. Тухайн үед нь зээлээр бензин өгөхдөө 1-р шатахуун түгээх станцын тамгатай албан бичиг дээр бичиж Нөд өөрт нь тооцоо хийхдээ өгөөд явуулдаг байсан. Тэр хүмүүст хичнээн литр бензин шатахуун өгснийг бол би мэдэхгүй. Н намайг байхад орлогын мөнгөнөөс авч байсан удаа бол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
- Гэрч Г.Өын: Би Сийн шатахуун түгээх станц 1-д түгээгчээр ажилладаг. Манайх нэг ээлжиндээ 2 түгээгч 24 цагаар гардаг бөгөөд нийт 6 түгээгчтэй юм. 24 цаг гараад маргааш өглөө нь буухдаа шатахуун түгээгүүрийн миллийн заалтыг өмнөх өглөө ажил авахдаа хүлээлцсэн миллийн заалтын зөрүүгээр орлогын тооцоогоо хийдэг. Хоногт орсон орлогын мөнгөө өглөө бүр ээлж хүлээлцээд Н компанийн дансанд тушаадаг юм. Харин манай шатахуун түгээгүүрийн эрхлэгч Н нь бид нарын хоногийн тооцооны хуудсыг миллийн заалттай нь харьцуулж тооцоо зөв хийгдсэн эсэхийг нягталдаг юм. Хааяа эрхлэгч Н бид нарт “нэг хүн ирнэ, тэрэнд хэдэн литр бензин зээлээр өгөөд явуулчихаарай” гэж захиж үлдээдэг байсан. Тэр үед нь бид нар тухайн ирсэн хүнд нь Нийн хэлснээр бензин шатахуун зээлээр өгөөд дараа нь тооцооны хуудсан дээрээ эрхлэгчийн зөвшөөрлөөр хичнээн литр бензин өгөв гэж бичдэг байсан юм. Харин эрхлэгч Н намайг ажиллаж байх хугацаанд орлогын мөнгөнөөс авч явж байгаагүй. Надад эрхлэгч Нийн хэлснээр зээлээр өгсөн хүний бүртгэл гэх юм байхгүй. Н нь өөрийнхөө найз нөхөд, төрөл садныхаа хүмүүст зээлээр бензин өгдөг байсан. Тэр хүмүүст хичнээн литр бензин шатахуун өгснийг бол би мэдэхгүй. Хааяа Нийн найз нөхөд хамаатан садан гээд хүмүүс ирээд бензин шатахуун зээлээр өгчих гэхэд нь би мэдэхгүй та эрхлэгчтэй өөртэй нь ярь гээд өгдөггүй. Тэр үед Н над руу яриад зээлээр бензин өгчих гэж хэлэхэд нь зээлээр өгөөд явуулдаг байсан юм. Би эрхлэгч Нөөс зөвшөөрөл авч бензин шатахуун авдаг байсан ч тэрийгээ мөнгөтэй болсон үедээ удаахгүй буцаагаад төлдөг байсан. Одоо бол надад өр зээл гэх юм бол байхгүй. Би өөрийн зээлсэн шатахууны төлбөрөө Нөд өөрт нь биш зөвхөн Н ХХК-ийн дансанд нь хийдэг байсан. 2017 оны 06 сараас хойш эрхлэгч Н нь аймгийн “Ж” ХХК-ийн нэр дээр их хэмжээгээр бензин шатахуун бичүүлээд бэлэн мөнгийг нь өөрөө авч байсан асуудал гаргаж байсан. Тухайлбал 500 литр дизель түлш Ж компанид зээлээр өгсөн гээд өөрийн шатахуун түгээх станцын тамгатай бичиг дээр Ж компанийн жолооч нарын нэр болон компанийн нэрийг нь бичиж гарын үсэг зураад 935.000 төгрөг бэлнээр авч явсан удаа бол байгаа юм. Энэ нь сүүлийн 6 сард эрчимтэй байсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
- Гэрч Т.Бийн: Би Сийн шатахуун түгээх станц 1-д 2013 оноос хойш түгээгчээр ажиллаж байна. Манайх нэг ээлжиндээ 2 түгээгч 24 цагаар гардаг бөгөөд нийт 6 түгээгчтэй юм. Түгээгч нар өглөө 08 цагаас 08 цаг 30 минутын хооронд ээлж хүлээлцэхдээ хоногт орсон орлогоо эрхлэгч Нтэй тооцоо хийгээд бууж амардаг байсан юм. Эрхлэгч Н нь хүмүүст зээлээр бензин шатахуун өгөөд явуулчих гэхэд нь бид нар 1-р шатахуун түгээх станцын тамгатай бичиг дээр эрхлэгчийн зөвшөөрлөөр хичнээн литр бензин шатахуун зээлээр өгсөн гэж бичиж маргааш өглөө нь эрхлэгч Нтэй тооцоо тулгахдаа бензин шатахуун зээлээр өгсөн бичгүүдийг нь өөрт нь өгдөг байсан. Надад эрхлэгч Нийн хэлснээр зээлээр бензин шатахуун өгсөн бүртгэл гэж байхгүй. Зээлээр бензин өгсөн бичгийг Н өөрөө авдаг байсан. Н эрхлэгчээр ажиллаж байхдаа “Ж” ХХК дээр хичнээн литр түлш гаргачих гээд 5-6 удаа мөнгийг нь авч байсан. Миний санахаар 2016 оны сүүлчээс эхэлж тэгж авч байсан нь санагдаж байна. Яг хэдэн сард, хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Би Нөөс зээлээр бензин шатахуун болон бэлэн мөнгө бол авч байгаагүй. Н шатахууны мөнгө гаргуулж авчихаад бид нарт нэг ч төгрөг өгч байгаагүй. Өөрөө тооцоогоо хийнэ гээд л аваад явдаг. Ямар учиртай болохыг нь би мэдэхгүй. Н бид нартай өглөө бүр тооцоо хийгээд өөрөө болохоор сарын сүүлээр компанитай тооцоо хийдэг байсан болохоор надад мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23 /,
- Гэрч М.Бгийн: Би 2015 оны 03 дугаар сараас хойш Сийн шатахуун түгээх станц 1-д түгээгчээр ажиллаж байна. Манай шатахуун түгээх станцын эрхлэгч Н нь бид нарыг хариуцаж өдрийн 8 цагаар ажилладаг ба хоногт орсон орлогыг тулгаж тооцоо хийдэг байсан юм. Н заримдаа “Ж" ХХК-ийн нэр дээр бензин авснаар гаргачихаарай гээд ШТС 1-ийн тамгатай бичиг дээр бензин бичүүлээд мөнгийг нь авдаг байсан. Тэр мөнгийг яадаг болохыг нь би мэдэхгүй. Нийг өөрөө тооцоогоо тулгаж бид нарыг хянадаг болохоор бид нар юу ч мэдэхгүй. Ямар ч гэсэн сарын сүүлээр тооллого ороод дууссаны дараа иймэрхүү байдал гаргадаг байсан. Миний мэдэхээр “Ж” ХХК-ийн нэр дээр 300 литр юм уу 500 литр бензин бичүүлээд мөнгийг нь өөрөө авдаг байсан нь 2017 оноос эхэлсэн. Яг хэдэн сараас эхэлснийг сайн мэдэхгүй байна. Тухайн компанийн нэр дээр бензин бичиж аваад байхаар нь би ямар их бензин бичүүлж авч байгаа юм бэ гэхэд та нарт хамаагүй би өөрөө үүнийг зохицуулна гэдэг байсан. Бид нарын хувьд зөвхөн хоногийнхоо орлогыг л маргааш өглөө нь буухдаа эрхлэгч Нтэй тооцоо хийдэг. Н болохоор компанитай тооцоо хийдэг байсан болохоор надад мэдэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг/ хх-ийн 25/,
- Гэрч Э.Дын: Би Б.Нийг таньдаг бөгөөд Н ШТС-д ажилладаг талаар мэддэг. 2017 оны 05, 06 дугаар сарын орчимд 160.000 төгрөгийн түлш зээлээр авсан нь үнэн юм. Би уг түлшийг хүнд авч өгсөн бөгөөд тухайн хүн нь одоог хүртэл хийхгүй байсан бөгөөд Н над руу ярьсан учир би нөгөө хүн рүүгээ ярьж байгаад мөнгийг нь авч Нөд бэлнээр өгөөд байгаа. Өөр ямар нэгэн зээл, авлага, өглөг байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
- Гэрч Ж.Гын: Б.Нийг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Н-ээс зохион байгуулж байсан олон нийтийн арга хэмжээг нь зохион байгуулах урлаг соёлын ажиллагаанд оролцож байсан. 2016 оны 11, 12 дугаар сарын орчимд байх яг цаг хугацааг сайн санахгүй байна. Би найзуудынхаа хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу хувийн ажлаар яваад шатахуун авах гэхэд мөнгө дутаад байсан учраас Нөд хандаж түлш зээлээр хийлгүүлсэн. Ингээд 133.800 төгрөгийн шатахуун зээлээр хийлгэсэн юм. Уг мөнгийг миний бие найзуудтайгаа хувааж төлөх байсан ч одоо хүртэл төлөөгүй байгаа юм. Уг мөнгийг миний бие төлөх ёстой учраас төлнө. Надад Н нь утсаар хэлээд байсан бөгөөд ийм байдал болно гэж бодоогүй юм. Миний бие өөрөө Нөөс гуйсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаартай дүгнэлтэд: “Н ХХК-ийн харьяа Сийн салбарын 1 дүгээр шатахуун түгээх станцад байгууллагын дотоод хяналтын албанаас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тооллого хийж тооцоо бодсон актыг шалгахад тухайн сарын тайлангаар нийт 378.967.620 төгрөгийн шатахууны борлуулалтын орлогоос 319.318.380 төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн бөгөөд 59.649.240 төгрөгийн шатахууны орлого тушаагаагүй дутагдуулсан байна. Иймд шинжилгээнд баримтын хүрээнд Б.Н нь 59.649.240 төгрөгийн борлуулалтын орлогыг хариуцахаар байна. Үүнээс шинжилгээ хийх явцад 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 25.154.445 төгрөгийг компанидаа төлсөн байх тул одоо 34.494.795 төгрөг төлөхөөр үлдэгдэлтэй гарч байна. /Дэлгэрэнгүй тооцоог нэгтгэл болон хавсралтаар харуулав/...гэжээ /хх-ийн 53-59/,
- Сийн салбарын дарга Д.Амарбатын Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 11/,
- Сүхбаатар НХС-ын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тооллогоор илэрсэн зөрчлийг шалгасан дотоод хяналтын тайлан /хх-ийн 41-43/
- Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 68/,
- ШТС-ын өдөр тутмын тооцооны бүртгэл /хх-ийн 70-130/,
- Б.Нийн Сүхбаатар НХС-т гаргасан хүсэлт.2017.12.27 /хх-131/,
- Н хувьцаат компаний Сийн салбарын даргын 2010.12.31-ний өдрийн 61 дугаартай “ Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай “ тушаал /хх-ийн 133/,
- Сийн салбарын даргын 2017.12.27-ны өдрийн 121 дугаартай “ Ажлаас чөлөөлөх тухай “ тушаал /хх-ийн 134/,
- Б.Нийн ажлын байрны тодорхойлолт /хх-135-137/,
- Б.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-150/,
- Б.Нийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-163/,
- Тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан акт.2018.08.13 /хх-168/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/558 дугаартай тодорхойлолт /хх- 149/,
- Хохирогч Н хувьцаат компаний Сийн салбарын даргын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-169/,
- Б.Нийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-170/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 09 сарын 13-ны өдрийн 5/39 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-171/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 09 сарын 13-ны өдрийн 91 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-172/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Н нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” ХХК-ний Сийн салбарын харьяа төвийн 1 дүгээр шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 59.649.240 төгрөгийн шатахууны борлуулалтын орлогыг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсанболох нь шүүгдэгч Б.Н, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч У.М, гэрч Б.У, У.М, Г.Ө, Л.О, Т.Бэ, Ж.Г, М.Б, Г.У, Э.Д, ГГ.Э, Л.А, Ж.Г, Д.О, Г.Г, Ц.Б, С.Б, Д.Н, С.С, Ж.Б, Б.А нарын мэдүүлгүүд, Сүхбаатар НХС-ын 2017 оны 12 сарын 27-ны тооллогоор илэрсэн зөрчлийг шалгасан дотоод хяналтын тайлан /хх-41- 43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.06.20-ны өдрийн 112 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар НХС-ын 1 дүгээр шатахуун түгээх станцын эрхлэгч Б.Нөд холбогдох дутагдлын тайлан /хх- 57-59/, ШТС-ын өдөр тутмын тооцооны бүртгэл/хх- 69-78/, “Н” ХХК-ний Сийн салбарын даргын 2010.11.31-ний өдрийн 61 дугаартай тушаал, 2018.08.13-ны өдрийн Тооцооны үлдэгдэл баталгаажуулсан акт /хх-163/, Сийн салбарын 2018 оны 09 сарын 13-ны өдрийн 79 дугаартай албан бичиг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг судалбал, шүүгдэгч Б.Н нь шатахуун түгээх станцын эрхлэгчийн албан тушаалын байдлаа ашиглан түгээгч нарт бусдад зээлээр шатахуун олгохыг даалган, анхан шатны баримт маягт дээр шатахууны тоолуурын заалтыг зөрүүтэй хуурамчаар хөтөлж, олон удаагийн үйлдлээр иргэдэд зээлээр шатахуун өгөх, мөн Ж ХХК-ны нэр дээр хуурамчаар шатахуун бичиж мөнгийг хувьдаа авах зэргээр шатахуун түгээх станцын борлуулалтын орлогыг завшиж гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа албан тушаалын хувьд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Энэ нь уг байгууллагад түгээгчээр ажиллаж байсан, гэрч М.Бгийн “ Би 2015 оны 03 дугаар сараас түгээгчээр ажиллаж байна. Н заримдаа “Ж" ХХК-ийн нэр дээр бензин авснаар гаргачихаарай гээд ШТС 1-ийн тамгатай бичиг дээр бензин бичүүлээд мөнгийг нь авдаг байсан. Тухайн компанийн нэр дээр бензин бичиж аваад байхаар нь би ямар их бензин бичүүлж авч байгаа юм бэ гэхэд та нарт хамаагүй би өөрөө үүнийг зохицуулна гэдэг байсан” гэх,
гэрч Б.Уын ” Би 2017 оны 06 дугаар сараас хойш түгээгчээр ажиллаж байна. Манай шатахуун түгээгүүрийн эрхлэгч Н хүмүүст зээлээр бензин шатахуун өгөөд явуулчих гэхэд нь бид нар 1-р шатахуун түгээх станцын тамгатай бичиг дээр эрхлэгчийн зөвшөөрлөөр хичнээн литр бензин шатахуун зээлээр өгснөө бичдэг байсан. Тэр бичгийг маргааш өглөө нь Наранцогт тооцоо тулгахдаа бензин шатахуун зээлээр өгсөн бичгүүдийг өөрөө аваад явдаг байсан юм... гэх,
гэрч Г.Өын “эрхлэгч Н бид нарт “нэг хүн ирнэ, тэрэнд хэдэн литр бензин зээлээр өгөөд явуулчихаарай” гэж захиж үлдээдэг байсан. Тэр үед нь бид нар тухайн ирсэн хүнд нь Нийн хэлснээр бензин шатахуун зээлээр өгөөд, дараа нь тооцооны хуудсан дээрээ эрхлэгчийн зөвшөөрлөөр хичнээн литр бензин өгөв гэж бичдэг байсан юм. Н нь өөрийнхөө найз нөхөд, төрөл садныхаа хүмүүст зээлээр бензин өгдөг байсан. Хааяа Нийн найз нөхөд, хамаатан садан гээд хүмүүс ирээд бензин шатахуун зээлээр өгчих гэхэд нь би мэдэхгүй та эрхлэгчтэй өөртэй нь ярь гээд өгдөггүй. Тэр үед Н над руу яриад зээлээр бензин өгчих гэж хэлэхэд нь зээлээр өгөөд явуулдаг байсан юм. 2017 оны 06 сараас хойш эрхлэгч Н нь аймгийн “Ж” ХХК-ийн нэр дээр их хэмжээгээр бензин шатахуун бичүүлээд бэлэн мөнгийг нь өөрөө авч байсан асуудал гаргаж байсан. Тухайлбал 500 литр дизель түлш Ж компанид зээлээр өгсөн гээд өөрийн шатахуун түгээх станцын тамгатай бичиг дээр Ж компанийн жолооч нарын нэр болон компанийн нэрийг нь бичиж гарын үсэг зураад 935.000 төгрөг бэлнээр авч явсан удаа бол байгаа юм. Энэ нь сүүлийн 6 сард эрчимтэй байсан ” гэх,
гэрч Т.Бийн ” Эрхлэгч Н хүмүүст зээлээр бензин шатахуун өгөөд явуулчих гэхэд нь бид нар 1-р шатахуун түгээх станцын тамгатай бичиг дээр эрхлэгчийн зөвшөөрлөөр хичнээн литр бензин шатахуун зээлээр өгсөн гэж бичиж маргааш өглөө нь эрхлэгч Нтэй тооцоо тулгахдаа бензин шатахуун зээлээр өгсөн бичгүүдийг нь өөрт нь өгдөг байсан. Н эрхлэгчээр ажиллаж байхдаа “Ж” ХХК дээр хичнээн литр түлш гаргачих гээд 5-6 удаа мөнгийг нь авч байсан. Миний санахаар 2016 оны сүүлчээс эхэлж тэгж авч байсан нь санагдаж байна ” гэх мэдүүлгүүд,
мөн түүнээс шатахуун зээлээр авч байсан гэх гэрч Ж.Г, М.Б, Г.У, Э.Д, ГГ.Э, Л.А, Ж.Г, Д.О, Г.Г, Ц.Б, С.Б, Д.Н, С.С, Ж.Б, Б.А нарын мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.
Б.Нийн 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2017 оны 07 сарын 01-нийг хүртэлх хугацааны эд хөрөнгө завшсан үйлдлүүд нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “их хэмжээний хохирол учирсан” шинжийг бүрэн агуулах бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байжээ.
Харин Б.Нийн дээрх үйлдлүүдэд хэрэг бүртгэлт явагдах үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан хийгээд энэ зарчим, хэм хэмжээг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Нийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийг тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “их хэмжээний хохирол учирсан” гэх шинж нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг адил агуулах ба мөн түүний шатахуун түгээх станцын эрхлэгчийн албан тушаалыг ашиглаж шатахуун борлуулалтын орлогыг авч байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Нийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 59.649.240 төгрөгийн шатахууны борлуулалтын орлогыг завшсан үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1/ албан тушаалын байдлаа ашиглаж/, 2.2 / бусдад их хэмжээний хохирол учруулсан/ буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг тус тус агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Б.Нийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас “Н” ХХК-ний Сийн салбарт 59.649.240 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Б.Н нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч байгууллага “ хохиролгүй болсон, гомдолгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хэргийг хялбарчилсан байдлаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлтийг 2018.09.13-ны өдрийн 79 тоот албан бичгээр гаргажээ.
Прокуророос уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Нийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, тэрээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Нийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Б.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Нийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Нийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан Б.Нөд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Нөд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Н дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Ялтан Б.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН