| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0167/э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 184
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Б.Б, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүххуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Б, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Бд нарт холбогдох эрүүгийн 1830001900162дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Эцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Б.Б.
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Эцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 8 дугаар баг ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй М.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
ЯллагдагчБ.Б нь Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газраас 2018 оны 05 дугаар сард иргэн О.Мын 7 тооны хонийг хулгайлж 1.190 000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газраас иргэн О.Мын 1 тооны хонийг хулгайлахыг завдсан,
Яллагдагч М.Б нь 2018 оны 05 дугаар сард Б.Бын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон хонь гэдгийг мэдсээр байж 1 тооны хонийг хамт явж зарж, борлуулж, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Б.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Мын хониноос эхлээд 1 хонь дараа нь 6 хонь нийтдээ 7 хонь авсан. Нэг хонийг нь зараад мөнгийг М.Б бид 2 хувааж авсан. Дараа нь би 2 хонь зарсан, 3 хонийг өөрөө идсэн, М.Б идэшний хонь байна уу гээд хэрэглүүлчих гээд байхаар нь нэгийг нь өгсөн.
- Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2018 оны 05 дугаар сарын дундуур Б ярьсан 1 хонь зараад өгчих гээд ярьсан. Тэгэхээр нь би тэр хонийг нь Б.А эгчид 110000 төгрөгөөр зарсан мөнгийг нь бид 2 хувааж авсан. 6 сард хотоос ирээд 1 хонины хэрэг гараад Баас 1 хонь авч гэртээ аав ээждээ идүүлсэн. Тухайн үед хулгайн хонь гэж мэдээгүй гэв.
-Хохирогч О.М мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай малчин Г нь над руу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр утсаар мэдэгдэхдээ “манай хониноос нэг тооны хонийг гуунд хүлээд орхисон байна” гэхээр нь очиж үзэхэд 2 чих үзүүр нь тайрмал, зүүн чих нь урдаасаа ухам имтэй хар толгойтой эр хонь байсан. Манай эр хонийг гутлын үдээсээр үдээд орхисон байсан. Тэгээд би хонио тоолж үзэхэд 7 тооны хонь дутсан байсан. Манай малчин Г хэлэхдээ хонь хүлээстэй байсан өдөр манай хойд талд хөрш нутагладаг айлын Б гэх залуу лам дүүтэйгээ адуу хайгаад явж байна гээд хөдөө бэлчээр дээр тааралдсан гэсэн. Тэгэхэд тэр 2 залуугийн ард нь суугаад явж байсан залуугийн гуталны үдээс байхгүй байсан гэсэн. Надад хохирлын 1.260.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
-Насанд хүрээгүй гэрч Б.О мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 24-ний үед /яг өдрийг нь сайн санахгүй байна/ өглөө 10 цагийн үед хөдөө гэрээсээ сумын төврүү хийдрүүгээ хуралдаа явах гэж байтал Б.Б намайг “Ах нь мотоцикльтой хүргээд өгье. Чи ар дээр хонь дүүрээд сумын төврүү яваад өг” гэхээр нь би хундан цагаан зүсмийн төлөг юм уу гэмээр /имийг нь анзаараагүй/ насыг нь сайн мэдэхгүй эр хонийг надаар бариулаад мотоциклтой сумын төврүү орж “Э” дэлгүүрийн ар талын хашаанд Г ахын эхнэр мал авдаг А эгчид нөгөө хонио 70.000 төгрөгөөр зарчихаад намайг Б.Б ах сумын төвд байх гэрт үлдээчихээд хөдөө гэрлүүгээ яваад өгсөн...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хөдөө гэртээ Б.Б наадмаар уях морьдоо бариад намайг“морь хөлсөлчихөөд ир” гэж явуулсан ба би эргээд ирсэн чинь миний морины уяан дээр тайлаад тавьсан үдээстэй хагас түрийтэй гутлын үдээсийг тайлаад авчихсан байсан.Тэгээд эргэж Б ахын мотоциклтой намайг сундлаад гэрээсээ баруун тийш 1 км орчим “Х” гэх газарлуу алаг азаргатай адуугаа хайж яваад замдаа М /албан ёсны нэрийг нь мэдэхгүй байна/ ахын хоньчинтой уулзаж /нэрийг нь мэдэхгүй байна/ адуугаа сураглачихаад цаашаа яваад “Х овоо”, “Х х” гэх газраар эрэл хийж яваад буцаж бага “Х овоо”-ны баруун энгэрт ирэхэд Б.Б ах надад “энд нэг хонь уяад тавьчихсан байгаа, хоёулаа авъя. Ахын дүү ар дээр дүүрээд барьчих” гэхээр нь би “Та яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд хонь байгаа газарлуу нь очих гэж байтал хөдөө хөлийг нь боож тавьсан хонийг эзэн нь олоод авчихсан байсан. Б.Б ах намайг морь хөлслөхөөр явсан хойгуур миний тайлж орхисон гутлын үдээсийг авч яваад тэр айлын бэлчээр дээрээс хонины хөл боож орхисон юм билээ.Би тухайн үед мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
-Гэрч М.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...Б гэх залуу надад 2018 оны 05 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь яг сайн санахгүй байна, мотоциклтой ирээд хязаалан насны хонь 70.000 төгрөгөөр зарсан.Би мөнгийг нь бэлэн өгсөн юм.Худалдаж авсан хонийг нь махны дэлгүүртээ зарсан юм.Надад Б гэх залуу “хонь өгье” гэхээр нь шууд худалдаж авсан. Би мал мах Улаанбаатар хотруу борлуулж явахдаа гарал үүслийн бичиг авдаг юм.Б гэх залуу өмнө нь надад мал мах борлуулж байгаагүй нэг удаа авч ирж өгсөн болохоор би бичиж тэмдэглээгүй авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
-Гэрч С.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 09:00 цагийн орчимд би хонь руугаа явж байтал манай гэрээс баруун хойш “Б” гэдэг газарт 2 чих тайрмал, зүүн чих урдаасаа ухам имтэй хар толгойтой хонь хэвтэж байхаар нь хониноосоо хоцроод үлдсэн хонь байна гэж харчихаад цааш явж хонио эргүүлчихээд байж байтал манай хойд талд байдаг хөрш айлын 2 хүүхэд /нэрийг нь мэдэхгүй гэх/ мотоциклтой ирж надаас “алаг азаргатай адуу хаагуур байна вэ” гэж асуухаар нь би “мэдэхгүй, хараагүй” гэж хэлээд явуулсан. Тэгж уулзаж байхад тэр 2 залуугийн ард нь суугаад явж байсан дүү ньбололтой жижиг залуугийнх зүүн хөлийн хагас түрийтэй гутал нь үдээсгүй гутлынх нь хэл нь унжаад явж байсан. Би тухайн үедээ яагаад үдээсгүй явж байгаа юм бол доо гэж гайхаад өнгөрсөн. Тэгээд би хэвтэж байсан хонь руугаа очоод босгох гэтэл хар хүрэн өнгийн гутлын үдээсээр хөлийг нь уяад орхисон байсан. Би хүлээсийг нь тавиад гутлын үдээсийг нь кармаалаад гэр лүүгээ явж байтал дахиад нөгөө 2 залуу надтай таарсан. Тэр үедээ баруун талаараа хажуугаар орж ирж зогсоод адуу сурчихаад явсан. Тэр үед нь би гутлын үдээсийг нь харахад баруун хөлдөө өмссөн гутал нь үдээстэй байсан. Би сайн харах гэсэн чинь өмдөө гадуур нь тавьсан байсан болохоор сайн харж чадаагүй. Тэгээд би гэртээ ирээд О.М руу утсаар залгаж хэлсэн юм. О.М ирээд хонио тоолж үзэхэд 7 тооны хонь дутсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
-Гэрч П.А мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 05 дугаар сард байх сайн санахгүй байна.Б гэх залуу ирээд нэг эр хонь авч ирээд “манай хонь,мөнгөний хэрэг гараад байна” гээд надад 110.000 төгрөгөөр зарж борлуулсан.Түүнээс хойш Бын дүү нь гэх лам хүүхэд ирээд надад хязаалан эр хонь 70.000 төгрөгөөр зарж борлуулсан.Би энийг сайн санаж байна.Лам дүү нь хоёулаа байсан.Быг сайн харж чадаагүй юм.Өөр надад мал авчирч өгч байгаагүй юм. Мал авсан асуудлууд 2018 оны 05 дугаар сард болсон асуудал юм.Надад Б нь улаан толгойтой эр хонь зарсан талаар бүртгэл байна.Тэр лам залуугийн зарсан хонины бүртгэлийг бичээгүй байна.Надад зарсан хонь хулгайн хонь гэдгийг мэдээгүй. Гэрээсээ авчирч өгчбайна гэхээр нь итгээд авсан юм.Би тухайн хоньнуудыг зах зээлийн үнээр нь авсан юм.Манай суманд хязаалан хонь 70.000 төгрөгнөөс 80.000 төгрөгийн үнэ ханштай байгаа.Эр хонь 100.000 төгрөгнөөс 120.000 төгрөгийн үнэтэй байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
-Гэрч Б.Э мөрдөн байцаалтад өгсөн: “.... ...Би хониороо 2018 оны 05 дугаар сарын 20-д гаргаад очиход Б, Б хоёр архи уусан байж байсан.Би Бгийн том ахтай нийлээд “архи уулаа” гээд баахан загнаж цохисон юм.Тэрнээс хойш очоогүй байж байхад Быг мал хулгайлсан байна гэсэн сураг сонсогдоод би уулзсан юм.Манайх бог мал 200 орчим, бод мал 60 орчим малтай айл юм.Манайд эр хонь байдаггүй. Нэг эр хонь байгаа, хонины чимэг гээд үрдэггүй юм”” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/
-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 05 /
-Сүхбаатар аймгийн Эцагаан сумын малын үнэлгээ /хх-ийн 06/
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / хх-ийн 09/
-Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 10-11/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12/
-Шүүгдэгч М.Бгийн ам бүл, оршин суугаа хаягийн талаарх Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 8 дугаарбагийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08/253 дугаар тодорхойлолт /хх-н 53/
-Шүүгдэгч Б.Бын ам бүл, оршин суугаа хаягийн талаарх Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 4 дүгээрбагийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4/199 дугаар тодорхойлолт /хх-н 60/
-Шүүгдэгч Б.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас- /хх-ийн 61/
-Шүүгдэгч М.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас- /хх-ийн 55/зэрэг баримтууд болно.
ШүүгдэгчБ.Бнь Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газраас 2018 оны 05 дугаар сард иргэн О.Мын 7 тооны хонийг хулгайлж 1 190 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газраас иргэн О.Мын 1 тооны хонийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгтүйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч О.М, гэрч С.Г, Б.О, М.Г, П.А, Б.Э нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээзэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 05 дугаар сард Б.Бын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон хонь гэдгийг мэдсээр байж 1 тооны хонийг хамт явж зарж, борлуулж, ашигласан болох нь шүүгдэгч М.Бгийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатандүйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б, П.А, Б.О нарын мэдүүлэг,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь мал хулгайлах гэмт хэргийг,шүүгдэгч М.Бнь Бын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон хонь гэдгийг мэдсээр байж нэг тооны хонийг зарж борлуулж ашигласан гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч нар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч нарын өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч Б.БыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан мал хулгайлах, мал хулгайлахыг завдсан, шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан мөнгө угаах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд хэрэг бүртгэлт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б, М.Б нартял шийтгэл оногдуулахадучруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, шүүгдэгч М.Бгийн үйлдсэн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүд нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн нарын хувийн байдал, хохирогч О.Мд учирсан 1190 000 төгрөгийн хохирлыгнөхөн төлсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзанЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бдхорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснааршүүгдэгч М.Бдхорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б, М.Б нар ньэнэ хэргийн улмаасцагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Мд 1190 000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 5/05 тоот тогтоолоор битүүмжлэгдсэн яллагдагч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох түүний эзэмшлийн ягаан зүсмийн зөв гуяндаа зуузай тамгатай орон нутгийн ханшаар 800000 төгрөгөөр үнэлэгдсэн их насны морийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Быг мал хулгайлах, мал хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.Бг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-тзааснаар шүүгдэгч Б.Быг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Бг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаартус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б, М.Б нарт мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн ялтан Б.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох ягаан зүсмийн зөв гуяндаа зуузай тамгатай их насны морийг улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, М.Б нартавсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Мд 1190 000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР