Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2022/00099

 

 

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2022/00099

 

Х.*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр

гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги болон

шийдвэр гүйцэтгэгч М.******* нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2022/01027 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги болон шийдвэр гүйцэтгэгч М.******* нарт холбогдох,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21140656/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.*******, нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.******* 1991 оны 12 дугаар сарын 24-ны өдөр аав Я.Хайдав, ээж Н.******* нарын бага охин болж төрсөн. Х.******* нь дээрээ нэг ахтай бөгөөд ах Х.Гантулга нь 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. Ам бүл дөрөвүүлээ амьдардаг байсан. Х.******* нь 1999 онд арван жилийн сургуульд элсэн орж Ерөнхий боловсрол эзэмшиж улмаар 2008 онд Ерөнхий боловсролын Мон Турк сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд гадаадад мэргэжил эзэмших сонирхолтой байсан тул 2009 онд Бүгд найрамдах Хятад ард улсын Далиан хотод Хятад хэлний бэлтгэлд сурч улмаар 2010 онд Америкийн Нэгдсэн улсад Лос-Анжелес хотын Санта Моника сургуульд дизайнер мэргэжлээр суралцаж төгсөөд 2014 онд Монголд ирсэн. Монголд ирэх үед аав, ээж хоёр нь тусдаа амьдарч эхэлсэн байсан бөгөөд ямар шалтгаанаар тусдаа амьдарч эхэлснийг мэдээгүй. Үүнээс хойш 6 жил орчим тусдаа амьдарч байгаад гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулж гэр бүлийн дундын хөрөнгийн асуудлаа өөрсдөө харилцан тохиролцож шийдвэрлэсэн. Тодруулбал аав, ээж хоёр гэрлэлтээ цуцлуулах үедээ ээж, ах, Х.*******ын дунд *******ийн 1 давхар голын байрлал дунд хэсэг тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн ү2101020649 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөө өгсөн. Энэ үл хөдлөх хөрөнгийг ээж Н.******* нь түрээслүүлж ашиг орлого олж олсон ашгаа амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн. Х.******* нь энэ хөрөнгийг худалдан борлуулж өөрт оногдох хэсгээ авахаар ээж Н.*******тай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ярилцахад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр хураан авах ажиллагаа явагдаж битүүмжлэгдсэн учир худалдан борлуулах боломжгүй болоод байна гэж хэлсэн. Яагаад битүүмжилсэн ямар өр төлбөр байгаа талаар тодруулахад Ж.******* гэх хүнд шүүхийн шийдвэрээр өрөнд орсон гэж хэлсэн. Тэр өрийг төлүүлэх ажиллагаа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр явагдаж 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн гээд тогтоолыг Х.*******д ээж Н.******* нь үзүүлсэн. Х.******* нь миний аавын өгсөн дээрх хөрөнгө нь багаар бодоход 300.000.000 орчим төгрөгийн үнэ хүрэхүйц байрлалтай үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл 93.699.185 төгрөгний төлбөрт битүүмжилж байгаа нь эцгийнхээ өгсөн хөрөнгөнөөс хувь хүртэх эрхтэй надад хохиролтой байна. Заавал үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж өр төлбөр төлүүлэх шаардлага байгаа гэж бодохгүй байгаа билээ. Нэхэмжлэгч Х.******* нь дундын эд хөрөнгөө шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөр гаргуулах ажиллагаанд алдахгүй нь тулд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого 20 000 000 /хорин сая/ төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд ******* гэх хүнд төлөх төлбөрт тооцуулахаар шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлийг өмнө нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/Ш32022/01746 дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар буцаасан. Хуульд заасны дагуу нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж нь дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй тул нэхэмжлэлээ дахин гаргаж байна. Иймээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, *******ийн 1 давхрын дунд хэсэгт байрлах 24 мкв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны ******* дугаартай тогтоол, Эд хөрөнгийг хураан авсан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21140656/05 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, Б.Эрдэнэболд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаар шийдвэрээр Н.*******аас төлбөрт 94.447.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 630.185 төгрөг гаргуулж, Ж.*******д олгохоор 481 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж ирсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 21140656 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарсны дагуу хүлээж авч ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлд заасны дагуу ажиллагааг явуулж төлбөр төлөгчид мэдэгдэх хуудас хүргүүлж боломжит хугацааг өгсөн. Хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагаануудыг явуулсан, уг ажиллагааг явуулж төлбөр төлөгч Н.*******ын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах *******ийн 1 давхарт байрлалтай 24мкв талбайтай ******* дугаарт бүртгэлтэй Remax гар утасны дэлгүүрийн байрны үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 211406566104 тогтоолоор хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан мөн төлбөр төлөгч Н.*******, төлбөр авагч Ж.******* нар оролцон битүүмжилсэн. Уг хөрөнгийг битүүмжлэхэд улсын бүртгэлийн байгууллагаас лавлагааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/1635 тоот албан бичгээр өмчлөх эрх шилжүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03/1075 дугаартай албан тоот бичгээр авч баталгаажуулж ажиллагааг явуулсан байгаа нотлох баримтуудыг хавсаргаж хэрэгт өгсөн. Нэхэмжлэлд дурдсанаар өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр Х.******* байгаагүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШЗ2022/02266 дугаартай захирамжаар битүүмжилснийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсанаар 300.000.000 төгрөгийн үнээр зарагдах албадан дуудлага худалдааг шүүхийн шийдвэрт заасан мөнгөн дүнг зардлын хамт суутгаад илүү гарсан мөнгөн дүнг төлбөр төлөгчид олгох ажиллагаа явагдах юм. Үүнтэй холбоотой тайлбар хэлэхэд, 300.000.000 төгрөгөөс 95.000.000 төгрөгийг битүүмжилсэн гэсэн утга агуулгатай нэхэмжлэл байсан. Энэхүү 300.000.000 төгрөгийн хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд Ж.*******д 95.000.000 төгрөгийг олгоод үлдэгдэл мөнгийг буцаагаад хөрөнгийн эзэнд олгохоор байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж хуульчилсан байх бөгөөд энэ шат дамжлагаар ерөөсөө явахгүй шууд шүүхэд хандаад байгаа. Иргэн Х.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбараа дэмжиж байна. Хавсралтаар баримтууд явуулсан байгаа. Одоогийн байдлаар 95.000.000 төгрөгөөс 47.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ 47.000.000 төгрөгөөс 2 тал нь түрээсийн төлбөр 20.000.000 төгрөг дээр шүүхээр заргалдаж байгаа. Манайд хамгийн сүүлд Б.Бямбасүрэн шүүгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх биш хэсэгчлэн явуулах, төлбөр төлөгчөөс төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шаардан гаргуулах боломжтой гэж гарсны дагуу би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Н.*******ыг дуудаж шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг 47,600,000 төгрөг дээр өгсөн байна. Үүнээс хойш манай албаны дансанд мөнгө орж ирээгүй байна. Надаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгөхийг шаардаж, тэгэх юм бол төлбөрөө төлнө гээд байдаг. Хуульд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжилсэн, хураасан эд хөрөнгийг төлбөр төлөгдөөгүй байхад олгох боломжгүй байгаа талаар тайлбарласан. Энэ битүүмжилсэн, хураасан эд хөрөнгийн акт нь процессын алдаатай, дундын хамтын өмчлөгчөөр тогтоогдсон, хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн асуудал байгаагүй учир эд нар арга хайж, ийм байдал үүсгэж, шалтаг гаргаж байн байн хойшлуулаад байна уу гэсэн ойлголт төрж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Х.******* гэж хүн байгаа. Ж.******* нь 2016 оны 10 дугаар сард нийт 80.000.000 төгрөгийг Х.*******ын ээж Н.******* гэж хүнд зээлдүүлээд, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******ийн дунд хэсэгт байрлах 28 м.кв үл хөдлөхийг барьцаалсан. Мөнгө зээлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй байж байгаад, 2020 оны 03 дугаар сард Улсын дээд шүүхийн тогтоол гарч анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн. 2020 оны 04 дүгээр сард энэ тогтоол ирээд 2020 оны 9 дүгээр сар хүртэл Ж.******* Н.*******ыг өр төлбөрөө төлөх байх гээд 5-6 сар орчим харсан. Ингээд төлбөрөө төлөхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албадах ажиллагаа хийлгэсэн. Удаа дараа Н.******* гэж хүн гэрчилгээгээ л авмаар байна, тэгээд мөнгөө өгнө гэдэг боловч энэ хүн Орхон Молл худалдааны төвд талбай худалдаж аваад, үйл ажиллагаа явуулаад байдаг. Яах аргагүй албадах ажиллагааны шаардлагаар 40.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Одоо 42.000.000 төгрөгийг төлөхгүй, өөрөөр хэлбэл энэ нэхэмжлэл анх 2021 оны 12 дугаар сард ирээд нэхэмжлэлийг буцаагаад, дахиад нэхэмжлэл гаргаад 2022 оны 3 дугаар сард хурал зарлагдахад албаар саатуулаад дахиад 04-р сард өгөөд, өнөөдөр буюу 09 дүгээр сард бас гарсан явж байгаа. Яг энэ ажиллагааг барьцаалж шийдвэр гүйцэтгэгчид гэрчилгээгээ авбал юмаа зараад мөнгийг нь өгмөөр байна гэдэг. 2019 оны шүүх хурал дээр хүртэл энэ хөрөнгөө зармаар байна, авах хүн бэлэн байгаа гэж яриад байдаг байсан. Ж.*******гийн зөрчигдсөн эрх ашиг биеллээ олоогүй шүүхийн шийдвэрийн дагуу явж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эд хөрөнгийг битүүмжилсэн, эд хөрөнгийг хураан авах тухай шийдвэр гүйцэтгэгчийн энэ нэхэмжлэлд дурдсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн болон 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгохыг шаардах эрх Н.*******ын охин Х.*******д байхгүй. Яагаад гэвэл тухайн үл хөдлөх хөрөнгийг хураагаад барьцаалах үед ч бай, түүнээс хойш энэ шүүхийн процесс явагдаад шийдвэр хүчин төгөлдөр болоод Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явах үед ч энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Х.******* ерөөсөө бүртгэгдээгүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжилсэн болон эд хөрөнгийг хураан авсан үйл ажиллагааг хүчингүй болгохыг шаардах ямар ч эрх байхгүй. Үнэхээр оногдох хувь авах ёстой гэж байгаа бол төрсөн ээж Н.*******аас шаардах хэрэгтэй. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хийсэн ажиллагааны тэмдэглэл дээр ямар нэгэн процессын үйл ажиллагааг зөрчсөн зүйл харагдахгүй байна. Нэхэмжлэгч угаас шаардах эрхгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 5 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжид өөрчлөлт орсон байдаг. Төлбөрөө төлөхгүйн тулд охиноороо нэхэмжлэл гаргуулаад энэ ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаад, энэ захирамжид өөрчлөлт ороод 5 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл өр төлбөрөө санаатай өгөхгүй байгаа. Үнэхээр зайлсхийж байна гэж үзээд цагдаагийн байгууллагад хандах зэрэг эрх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа. Гэтэл хуулиар хамгаалагдсан Ж.*******гийн эрх ашиг 5, 6 жил хохироод байгаа нь эндээс харагдаж байна. Х.******* нэхэмжлэгч бол шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолыг хүчингүй болгохыг шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2022/01027 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 44 дүгээр зүйлийн 44.4-д заасныг баримтлан Х.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШЗ2022/02266 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2022/03153 дугаартай захирамжинд өөрчлөлт оруулах тухай захирамжийг тус тус хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Тус хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 14:00 цагт товлосон. Миний бие эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт шүүх гаргаж өгсөн. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээж авалгүйгээр нэхэмжлэгч талыг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй. Гэтэл эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан оролцох боломжгүй байгаагаа илэрхийлэн шүүх хуралдааны хойшлуулж өгөх хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд гаргасан байтал шүүх хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд оролцох эрхтэй. Энэхүү эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмаас үндэслэгдсэн эрх бөгөөд шүүхэд хандан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх боломжоо шүүх хуралдаанд биеэр оролцсон тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой эрх билээ. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчиж, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийн хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хуульд зааснаар шүүх хуралдаан нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг. Гэвч нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь энэхүү зарчим хөндөгдөхөд хүргэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн хүлээж авалгүйгээр хэргийн шийдвэрлэсэн байдал нь хариуцагч тал хэт давуу байдлыг бий болгож байна. Иймд анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа тул 2022 онын 08 дугаар сарын 29-ны өдрийн 142/ШШ2022/01027 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, М.******* нар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Х.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн давж заалдах гомдолд дараах хариуг тайлбарыг хүргүүлж байна. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1027 дугаар шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн, мөн тухайн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч хошууч М.******* нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа тул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.******* давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа гэгч эмэгтэй нь 2022-08-29-ны өдрийн 01027 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргажээ. 2022-08-29-ны өдрийн 14:00 цагт хурал товлоход эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай учир оролцох боломжгүй байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтын хамт гаргаж өгсөн. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээж авалгүйгээр нэхэмжлэгч талыг оролцуулалгүйгээр хуралдааныг явуулж хэргийг шийдсэнд гомдож байгаа гэжээ. ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.1.3-д хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргаж эрхтэй байтал.... энэ эрхийг минь зөрчсөн хуулийн 25.1.2-д хуралд оролцох эрхтэй. Хуралд оролцсоноороо үзэл бодлоо илэрхийлж үгээ хэлэх боломжтой эрх юм. Үүнийг шүүх анхаарахгүй хуралд оролцох эрхийг зөрчсөн гэжээ. Ийнхүү нэхэмжлэгч талыг оролцуулахгүй шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрсөн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ******* нь Н.*******ын төрсөн охин бөгөөд ээж Н.******* нь ******* надад шүүхийн шийдвэрээр төлөх 95 сая төгрөгийн өр төлбөртэй. Шийдвэрийг хүчин төгөлдөр болгохгүйн тулд 2019 оны 7 сарын 18-аас 2021 оны 03 сарын 30 хүртэл давж заалдах гомдол болон УДШ-д гомдол гаргаж, /нийт 5 удаа тэмдэгтийн хураамж төлөн барин/ 2021 оныг хүртэл УДШ-с хэрэг ирээд шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Н.*******ын ШШТА гэхгүйгээр өр төлбөрөө өгөх байх гэж би 2021 оны 09 сар хүртэл харж хүлээж арга буюу ШШТГ-т гүйцэтгэх ажиллагаа хийлгэх болсон. ШШТГ-аас 2021 оны 10 сараас 12 сар хүртэл Н.*******ын хэлснээр түүнийг хүлээсэн сүүлдээ би ШШТГ-ын гүйцэтгэгчийг яагаад албадах ажиллагаагаа хийхгүй байгаа юм бэ гэж шаардах болсон. Гүйцэтгэгч хуулийнхаа дагуу эд хөрөнгийг нь битүүмжлэх, хураан авах, үнэлгээ хийх зэрэг ажиллагаа хийнгүүт охин *******аараа ШШТГ-ын ажиллагааг саатуулж, хугацаа хожих зорилгоор 2021 оны 12 сарын 23-нд ******* нэхэмжлэл гаргаж 2022 оны 03 сарын 9 хүртэл зарлахад нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нансалмаа гэх эмэгтэй хуралдаа ирээгүй /ямар ч хүсэлт болон баримт шүүхэд гаргаагүй/ тул нэхэмжлэлийг буцаасан. Ингээд энэ ажиллагааны явцад ШШТА-г түдгэлзүүлэх хүсэлт гаргаж ШТ-ын ажиллагааг 2022 оны 01 сарын 13-наас 4 сар хүртэл явуулахгүй байх байдал бий болгож байсан.Дахиад 2022 оны 04 сарын 6-нд дээрх нэхэмжлэлийг Н.******* дахин шүүхэд гаргасан. Бас л ШШТА-г түдгэлзүүлэх хүсэлт гаргаж ШШТА-г түдгэлзүүлсэн. Шүүх хурал 6-р сарын 23-нд зарлахад ирээгүй. Ингээд шүүгч нь амарч 2022 оны 8-р сарын 20-доор ажилдаа ирж 8 сарын 29-нд хурал зарлахад Нансалмаа гэгч нь жирэмсэн гэсэн магадалгаа ирүүлсэн. Энэ нь хурал хийлгэхгүй гэсэн зорилготой нь холбоотой нь илт байна. Шүүхийн үйл ажиллагааг үл тоон, бусад оролцогчдыг чирэгдүүлж хүндэтгэлгүй байдлаа дахин гаргасан. Нэгэнт урьд нь ингэж хурлаа хийлгэхгүй хугацаа хожиж буй нь хариуцагч ШШТГ болон гуравдагч этгээд бидэнд цаг хугацаа алдаж чирэгдэлтэй байна. Хуулинд заасан эрхээ өөрөө хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь тодорхой байсан тул миний хувьд хурлыг түүний эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Хуулиндаа бас эзгүйд нь хийх заалт байдаг юм билээ. Хурлаар хэрэгт авагдсан ШШТГ-ын бүх баримтыг судалсан. Иймд эрх ярьж, үүргээ биелүүлээгүй, хуулийн байгууллага шүүх эрх мэдлээр тоглож буйд зохих арга хэмжээ авч болдоггүй юм байхдаа гэж иргэн би бодсон. Зүгээр л хуулийн байгууллагаар тоглоом, зугаа хийгээд байгаа юм биш үү, мөн ийм зөвлөгөө өгч, хууль ч хүний хуулиа хүндэлж дээдлэхгүй байдал нь үнэхээр муухай байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги болон шийдвэр гүйцэтгэгч М.******* нарт холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21140656/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1., 44 дүгээр зүйлийн 44.4.-д заасныг баримтлан Х.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШЗ2022/02266 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2022/03153 дугаартай захирамжинд өөрчлөлт оруулах тухай захирамжийг тус тус хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.*******аас төлбөр 94.447.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 630.185 төгрөг нийт 95.077.185 төгрөг гаргуулан Ж.*******д олгохоор шийдвэрлэснийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 134 дугаар магадлалаар, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00291 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Энэ шийдвэрийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 481 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21140656 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр биелүүлж төлбөрийг барагдуулах талаар хугацаа тогтоож, шүүхийн шийдвэр биелүүлэх 21140656/01 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлж төлбөр төлөгчтэй 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 07, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд уулзаж төлбөрийг барагдуулах талаар шаардаж тэмдэглэл хөтөлжээ.

 

Битүүмжилсэн, хураасан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг барагдуулахын тулд төлбөр төлөгч Н.*******, төлбөр авагч Ж.******* нараас хуульд заасны дагуу үнийн саналыг авч, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Тольдох Оюуны өгөөж ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх ба төлбөр төлөгч Н.*******, төлбөр авагч Ж.******* нар үнийн талаарх гомдлоо шүүхэд гаргаагүй байна.

 

Төлбөр төлөгч Н.******* нь 95.077.185 төгрөгийг Ж.*******д төлөх ёстойгоос 47.603.000 төгрөг төлж үлдэгдэл нь 47.474.185 төгрөг байна.

 

Анхан шатны шүүхээс ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Намхайцэрэн овогтой ******* болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр батлагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.******* нь дээрх эд хөрөнгийн өмчлөгч буюу хамтран өмчлөгч биш тухайн эд хөрөнгийн талаар ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй, эрх ашиг нь хөндөгдсөн этгээд болох нь тогтоогдохгүй байна... гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа шүүхэд ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье... гэсэн агуулгатай давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2022/01027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР