| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00610/И |
| Дугаар | 137/ШШ2026/00507 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 137/ШШ2026/00507
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ж-д холбогдох түлшний төлбөр 11,392,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2026 оны 05 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Х дүүрэг, ..-р хороо, .. тоотод байрлах Г ХХК /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээврийн жолооч иргэдийн хүсэлтийн дагуу, зээлийн гэрээ хийж түлш зээлээр худалдан борлуулдаг болно. Иргэн А.Ж-ийн хүсэлтийн дагуу 2025 оны 05-р сарын 10-ны өдөр 25-484 тоот Зээлээр шатахуун худалдах, худалдан авах"- г 8 сарын хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж, худалдан авч байсан болно. Гэтэл иргэн нь тус компанийн ШТС-аас 2025 оны 12-р сарын 10-ны өдрөөс 12 сарын 25-ны өдөр зээлээр худалдан авсан түлшний мөнгө 7,595,150 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн ба одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна. Иймд 2025 оны 12-р сарын 10-ны өдрөөс 12 сарын 25-ны өдөр зээлээр худалдан авсан түлшний мөнгө болох 7,595,150 төгрөг, энэхүү "ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ"-ний 2.3-д заасны дагуу алданги (50 хувьд нийцүүлэн тооцов) 3,797,575 гаргуулах, нийт 11,392,725 төгрөг гаргуулах маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт А-ы Ж /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч А.Ж би Г ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлээр түлш авсан нь үнэн. Одоо 11,392,725 төгрөгийг 2026 оны 06 сарын 20-ны өдрөөс 2026 оны 09 сарын 20-ны өдрийн хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 2,848,181.25 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч А.Ж-д холбогдуулан 11,392,725 төгрөгийг гаргуулахаар Г ХХК-аас нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 11,392,725 төгрөгийг 2026 оны 06 сарын 20-ны өдрөөс 2026 оны 09 сарын 20-ны өдрийн хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 2,848,181.25 төгрөгөөр төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,392,725 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжилсэн 11,392,725 төгрөгийг 2026 оны 06 сарын 20-ны өдрөөс 2026 оны 09 сарын 20-ны өдрийн хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 2,848,181.25 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.А нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Ж-д холбогдох түлшний төлбөр 11,392,725 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Ж нь нэхэмжлэлийн шаардлага 11,392,725 төгрөгийг 2026 оны 06 сарын 20-ны өдрөөс 2026 оны 09 сарын 20-ны өдрийн хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 2,848,181.25 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ариунаа нь зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,233.6 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 98,616.8 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 98,616.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б