Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01611

 

 

 

 

 

 

 

2022 08 29 210/МА2022/01611

 

 

 

Н.З ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/01491 дугаар шийдвэртэй, Н.З ын нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 60,859,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Идшинноров, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өөрийн худалдан авсан газрыг 250.000 ам.доллароор М ХХК-д худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөрийн зарим хэсэгт тээврийн хэрэгсэл, орон сууц тооцож авах, зарим хэсгийг бэлнээр өгөх зэргээр нийт 237.000 ам.доллар авсан.

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Нийслэлийн газрын албанд өргөдөл өгснөөр 3 сарын дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ М ХХК-д шилжсэн. Ингээд үлдэх мөнгөө нэхэхэд 1,000,000, 2,000,000 төгрөгөөр цувуулж өгсөөр 13.000 ам.доллар үлдсэн.

Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаар газрын албанаас гэрчилгээг хүчингүй болгосон. 2016 оны 5 дугаар сард хариуцагчаас надад холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг Улсын Дээд шүүх 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн шийдвэрлэж, гэрээг хүчин төгөлдөр, гэрээний дагуу үүргээ хэрэгжүүлсэн гэж үзсэн.

Энэ шийдвэрийг хариуцагч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй байдаг. Дээрх нөхцөл байдал шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул төлөөгүй үлдэх 13.000 ам долларыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Монголбанкны ханшаар тооцон 40,573,000 төгрөг, алданги 20,286,500 төгрөг нийт 60,859,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани барилга барих, барилгын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2014 онд Н.З өөрийн өмчлөлийн барилга барих зориулалттай газрыг худалдан авах уу гэж санал болгосны үндсэн дээр түүнтэй гэрээ байгуулан газрыг худалдан авахаар болсон.

Хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлж, төлбөр мөнгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч Н.З өөрийн өмчлөлийн бус бусдын эзэмших эрхтэй газрыг манай талд шилжүүлэн өгсөн. Газрын албаны дүгнэлт болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр 136004/0145 нэгж талбарын дугаартай газар нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хашаанд байрладаг эмнэлгийн хамгаалалтын зурваст байрлалтай барилга барих боломжгүй газрыг бидэнд худлаа хэлж итгүүлэн шилжүүлсэн байдаг.

Манай компани уг асуудлын улмаас нэхэмжлэгчид 491,689,680 төгрөг өгч маш их хохирол хүлээж, олон жилийн шүүхээр маргасан. Иргэний хэргийн шүүхээс урьд Н.З болон М ХХК-уудын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн үед нэхэмжлэгч үлдэгдэл мөнгийг сөрөг нэхэмжлэлээр шаардах эрхтэй байсан ч шаардаагүй тул шаардах эрхээ алдсан, мөн гэрээтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн 60,000,000 төгрөг нэхэмжилж байсан нь одоо нэхэмжилж байгаа 13,000 ам.доллар мөн эсэхийг мэдэхгүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэсгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан М ХХК-аас 35,594,130 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.З од олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,265,370 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 618,150 төгрөгөөс 462,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 126,328 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 335,920 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01339 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 342 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 00586 дугаар тогтоолоор гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, гэрээ дуусгавар болсон эсэхэд дүгнэлт өгөөгүй байхад хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж буруу дүгнэсэн.

2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 491,689,680 төгрөг гаргуулахаар шаардсан нь тухайн үеийн ханшаар 237,000 ам.доллар болсон. Нэхэмжлэгч нь үүнийг өөрт 13,000 ам.доллар өгөх мэтээр тайлбарладаг ба 250,000 ам.доллароос хэдийг нь хүлээн авснаа баримтаар нотлоогүй.

4.2. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12721 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба тус захирамжид хөөн хэлэлцэх хугацаны талаар дурдаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гаргасан ба энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй.

2018 оны 01 дүгээр сарын 16-ны 00794 дугаар, мөн оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тус тус захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөө хөөн хэлэлцэх хугацааг тоолж, гэрээний үүрэгтэй холбоотой маргаан тул 3 жил нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н.З нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээ үүрэгт 40,573,000 төгрөг, алданги 20,286,500 төгрөг нийт 60,589,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр газар худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Н.З нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, нэгж талбарын 6004/0145 дугаар бүхий 650 м.кв талбайтай газрын холбогдох баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор шилжүүлэх, худалдан авагч М ХХК нь 250,000 ам.долларын төлбөрт форд маркийн 00-00УНХ улсын дугаартай автомашиныг 90,000,000 төгрөг буюу 49,300 ам.долларт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэрчин хотхонд байрлах оффис үйлчилгээний төвд 76,6 м.кв талбайн 1 м.кв талбайг 2,800,000 төгрөгөөр тооцон 117,000 ам.долларт тус тус тооцон үлдэх 83,000 ам.долларыг графикийн дагуу 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх14-15/

 

3.б.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.а. Хариуцагч нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хашаанд байрладаг эмнэлгийн хамгаалалтын зурваст байрлалтай барилга барих боломжгүй газрыг худалдсан гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзжээ.

 

4.б. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01339 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2017/00342 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00586 дугаар тогтоолоор М ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.З од холбогдох гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлбөрт төлсөн 491,689,680 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэжээ. Уг шийдвэт талуудын хоорондын хэлцэл хүчин төгөлдөр, Н.З газрын эзэмших эрхийг М ХХК-д шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, газрын үнэд 237,000 ам.доллар төлсөн талаар дүгнэсэн.

 

4.в. Нэхэмжлэгч Н.З нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж маргаан бүхий газрыг хариуцагч М ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.а. Хариуцагч нь нэхэмжлэгчийг доголдолтой хөрөнгө нийлүүлсэн гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагчийн газар дээр барилга барих боломжгүй зурвас байсан гэх тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах гэж заасны дагуу доголдолтой холбоотой шаардах эрхгүй байна.

 

6.а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрийн ханшаар тооцож 13,000 ам.доллар буюу 40,573,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.

 

6.б. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д гэрээний нийт үнэ 250,000 ам.доллар байна, Монголбанкны 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ханшаар буюу 1,825.34 төгрөгөөр тооцно гэж заасан байх ба талууд үүнийг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байна. /хх14/ Иймд гэрээний дээрх заалтын дагуу тооцоход гэрээний үлдэгдэл төлбөр нь 13,000 ам.доллар нь 23,729,420 төгрөг болно.

 

7.а. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө гэж заажээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн тал буюу хариуцагч М ХХК нь гэрээгээр тохиролцсон алдангийг нэхэмжлэгч Н.З од төлөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 23,729,420 төгрөгийн 0,1 хувийн алдангийг 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тооцож 11,864,710 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

7.б. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт журмын дагуу үнэлж, хариуцагч М ХХК-аас гэрээний үлдэх төлбөр 23,729,420 төгрөг, алданги 11,864,710 төгрөг нийт 35,594,130 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.З од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,265,370 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

7.в. Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч урьд энэ асуудлаар 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, мөн М ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж байжээ. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/01491 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ