| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0184/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Хохирогч: Т.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б
Шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Бын Тт холбогдох 1812002680172 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ө овгийн Бын Т /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 28-наас 29-ний өдрийг шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис шөнийн цэнгээний газарт иргэн Т.Лын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Т.Л мэдүүлэг өгөхдөө... 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би Ттой хамт хоносон. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 22 цагийн үед найзтайгаа Арвис орсон бөгөөд өмнө нь Т хэл амаар доромжилдог байсан тухайн өдөр Тт дургүй хүрээд түрүүлээд цохисон. Т намайг өшиглөөд ханатай хавсарч түлхэж унагаасан...Т чи шархаа үсээрээ нуучих гээд дээш нь гэр лүүгээ авч орсон бөгөөд би гэртээ харимаар байна гэсэн чинь маргааш яв гэсэн ядаж би гэрээсээ хүн дуудна гэхэд утас өгөхгүй байсан...гадуур надад мөнгө төгрөг өгсөн гээд миний нэр хүндийг унагаагаад яваад байгаа, гоо сайхнаараа хүртэл хохироод тал хөмсөгтэй болчихсон би гомдолтой байна. Нэг сая төгрөг нэхэмжилнэ гэв.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Т.Лын өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн орой 22 цагийн орчим би өөрийн найз А-ийн хамт Арвис бааранд орж пиво захиалж ууж тэндээ жаахан бүжиглэж байгаад уг баар хаах үед нь гарах гэтэл тэр баарны техникч хийдэг Т гэдэг залуу намайг элдвээр хэлээд доромжлоод байхаар нь би текнийх нь араар орж түүнийг 1 удаа цохиод автал намайг хана руу түлхэхэд нь би ард нь байсан ханыг духаараа мөргөсөн мөн хөл рүү 1 удаа өшиглөөд намайг дээд давхартаа байдаг гэр рүү чирч оруулаад хэзээ чиний бие эдгэнэ тэр цагтаа гараараа гээд миний утсыг авчихаад өгөхгүй байсан юм. Би өглөө нь цонхон дээр зогсож байтал манай найз охин явж байхаар нь түүнийг нэрээр нь дуудаж тэр найз маань орж ирж намайг тэндээс гаргасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Намайг Т эхлээд хана руу түлхэхэд би түүний ар талд байсан ханыг духаараа мөргөсөн. Дараа нь намайг хөлөөрөө миний баруун өгзөг орчим руу нэг удаа өшиглөж тэгээд хоёр давхарт байдаг гэр рүүгээ чирч оруулсан...чи ченж нартай явалддаг алцгар айлгүй гээд л янз бүрийн юм яриад байсан тэгэхээр нь би уур хүрээд түүнийн нэг удаа цохиж авсан...гадуур явж байгаад таньдаг болсон үерхэж барьсан юм байхгүй харьцаад сар орчим л болж байна... Би гомдолтой байна. Улаанбаатар хот руу явж үзүүлж харуулна, тэр зардлаа нэхэмжилнэ...би урьд өмнө Б.Ттой хамт 2-3 удаа хамт хонож байсан Тын амьдардаг байсан Арвис баарны 2 давхарт бид 2 хамт хонодог байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 8 хуу/
Гэрч Т.Шын өгсөн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байтал манай дүү Л гаднаас 10 цагийн оричм уйлчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би эхэндээ нэг их тоохгүй байж байтал духаа салфитакаар дараад уйлаад байхаар нь алив чи яасан юм гэтэл намайг хүн зодчихсон гэж надад хэлсэн. Тэгээд би чамайг хэн зоддог юм бэ надад хэл гэтэл Арвис баарны дижи зодсон талаар надад хэлсэн. Тэгэхээр нь би дүүгээ аваад Арвис бааранд очоод дотор нь амьдардаг гэх залуугийн өрөөнийх нь хаалгыг нүдэж онгойлгуулаад уулзахад, уучлаарай би ийм зүйл болно гэж бодоогүй, эндээ учраа олье тохиролцье гээд гуйгаад байсан... Л өөрөө надад ярихдаа алгадаж тек рүү савж түлхээд өшиглөж гараараа цохьсон талаар ярьсан...Т.Лын баруун талын хөмсөгний дээд талд нь хагарсан. Баруун талын гуя шилбэ нь хөхөрсөн байсан. Өөр ил харагдах шархи сорви байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/
Гэрч Ш.Зийн өгсөн...Л гэх эмэгтэй дижины текний араар ороод суучихсан нилээн согтсон байдалтай Тыг татаж чангаагаад ажлыг нь хийлгэхгүй байсан тэгэхээр нь би Лд хандаж чи хүнийг ажлыг нь хийлгээч наад текнийхээ араас гарч урдуур үйлчлүүл гэж хэлээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/
Гэрч М.Аийн өгсөн...Лыг дагуулж эмнэлэг ороод язарсан хөмсөг дээр нь оёдол тавиулсан түүнээс хойш 2 хоногийн дараа төвд би Т гэх залуутай таараад уулзсан тэр үед Т надад нэг их юм яриагүй би хэсэг жаахан загнаж байгаад явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/
Б.Тын яллагдагчаар өгсөн: ...Л гэх эмэгтэйтэй урьд өмнө танилцаад бид 2 хоёр сар шахуу байнга холбоотой уулздаг байсан. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны орой намайг ажил дээрээ байж байх үед 22 цагийн орчим Л гаднаас нэг найзтайгаа хамт орж ирсэн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Л над дээр ирээд гар утсаа цэнэглүүлэх гээд надад утсаа өгөөд орхиод явсан. 00 цагийн үед Л над дээр дахиж ирээд надтай уулзсан тэр үед Л надад хандаж чи намайг ченж нартай явалддаг гэж доромжилсон гээд надтай маргалдаж эхэлсэн...Л хамт явсан найз нараасаа ганцаараа үлдсэн тэгээд дахиж над дээр ирээд хэрүүл хийгээд намайг нэг удаа алгадсан тэгэхээр нь миний уур хүрээд ганцхан удаа гараараа Лын хацар луу алгадчихсан чинь Л хажуу талын ханыг хөмсөгний дээд хэсгээрээ мөргөчихсөн тэгээд хөмсөгнөөс нь цус гараад байхаар нь би Лыг аваад гарах гэтэл гарахгүй гээд байсан тэгээд нэлээд хугацааны дараа текний араас гарч ирээд надтай хамт миний өрөөнд орж ирсэн...би хохирлыг төлж барагдуулаагүй байгаа хохирлыг төлж барагдуулах болноо... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 206 дугаартай дүгнэлт:
1. Т.Лын биед баруун хөмсөгний дээд хэсэгт няцарсан шарх, баруун өгзөг, өвдөгний гадна доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Баруун хөмсөгний дээд хэсэгт няцарсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өгзөг, өвдөгний цус хуралт нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 17 хуу/
Т.Лд 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутанд эмнэлэгийн үзүүлсэн тухай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19 хуу/
Б.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31 хуу/
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 781 дугаартай албан тоот /хх-ийн 34 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36-37 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 38-39 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд иргэн Т.Лтай маргалдан нүүрэн тус газар нь цохих, хөл рүү өшиглөх зэргээр зодож баруун хөмсөгний дээд хэсэгт няцарсан шарх, баруун өгзөг, өвдөгний гадна доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Т.Л, гэрч Т.Ш, М.А нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 206 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хохирогч нь Б.Тд зодуулж гэмтэл авсны дараа авахуулсан гэх гурван ширхэг гэрэл зургийг шүүх хуралдааны үед гаргаж өгсөн бөгөөд уг гэрэл зургууд нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар хавсаргагдаагүй тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т нь хохирогч Т.Лын нүүр, хөл рүү нь цохьсон, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун хөмсөгний дээд хэсэгт няцарсан шарх, баруун өгзөг, өвдөгний гадна доод хэсэгт цус хуралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 206 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Б.Тын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Тыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дах заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Т.Л нь мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө “эмчилгээний зардал 1.000.000 / нэг сая/ төгрөг нэхэмжлэх болно” гэсэн боловч хавтаст хэрэгт эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой нотлох баримт байхгүй, шүүх хуралдааны үед уг нэхэмжлэлтэй холбоотой тодорхой тооцоо хийх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Бын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Б.Тыг гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Т.Лын гаргасан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэл нь тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ