Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01612

 

МАГАДЛАЛ ТӨСӨЛ

 

2022 оны 08 сарын 29 210/МА2022/01612

 

М Г Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/01118 дугаар шийдвэртэй

М Г Мын нэхэмжлэлтэй, А М ХХК-д ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, гэрээ болон хуулиар хүлээсэн үүргийн гүйцэтгэлд 5,610,643,855.67 төгрөг гаргуулах, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай үндсэн, хохирол 360,873,234.05 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзолбоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Цогт, Ө.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч А улсын иргэн М Г М нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А улсад төвтэй Ж энд Д.Лтд компанитай гэрээ байгуулан тус компанийн Монгол улс дахь үйл ажиллагааг хариуцан ажиллахаар харилцан тохиролцсон. Улмаар 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр А М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тус компанитай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулан ажилласан.

 

1.1. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Компанийн хувьцаа эзэмшигч Ж энд Д.Лтд-ийн Ази Номхон далайн бүс хариуцсан нэгжийн дэд захирал К Уоос нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох талаар мэдэгдэл ирүүлсэн боловч мөн оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөн дээрх албан тушаалтнаас нэхэмжлэгчийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр ажлаас халсан тухай захидал ирүүлсэн.

Эдгээр мэдэгдэл, шийдвэрүүдэд нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаар дурьдаагүй нь Монгол улсын хууль тогтоомжийг илтэд зөрчсөн. Мөн ажил олгогч нь нэхэмжлэгчийг шинэ ажлын байраар хангах талаар амлалт өгч байсан ч уг амлалтаа биелүүлээгүй.

Иймд А Улсын иргэн нэхэмжлэгч М Г Мыг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, А М ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

1.2. Ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотойгоор гаргасан шаардлага. Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын цалингаас үндэслэлгүйгээр 10 хувийг суутгасан тул 1,500 ам.доллар буюу 4,269,480 төгрөгийг гаргуулна.

Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 07, 08 дугаар сарын цалин тус бүр 15,000 ам.доллар буюу 89,659,080 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

1.3. Нэхэмжлэгч нь ажлаас гэнэт халагдсан тул 2020 оны ээлжит амралтаа эдэлж чадаагүй ба ээлжийн амралтын нөхөн олговорт 16,975 ам.доллар буюу 48,316,282 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

1.4. Нэхэмжлэгч нь гадаад улсын иргэн бөгөөд ковид 19 цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үед ажлаас үндэслэлгүйгээр, гэнэт халагдсаны улмаас ажил, орлогогүй болж, нутаг буцаж чадахгүй хүнд байдалтай байна. Иймд энэ нөхцөл байдалтай холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөрт нийт 5,000 ам.доллар (1 сарын 2500 ам.доллар) буюу 14,231,600 төгрөг, унааны зардалд нийт 5,000,000 төгрөг нийт 19,231,600 төгрөг гаргуулна.

1.5. Нэхэмжлэгч нь А М ХХК-д гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хамтран амьдрагчийн хамт Монгол Улсад ирж амьдарсан. Гэтэл цар тахлын үед ажлаас нь үндэслэлгүйгээр, гэнэт халагдаж түүний болон хамтран амьдрагчийн амьдрах нөхцөл байдлыг эрсдэлд оруулсан. Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийн болон түүний хамтран амьдрагчийн эрүүл мэндийн даатгалын төлбөрт тус бүр 7000 ам.доллар нийт 14,000 ам доллар буюу 39,848,480 төгрөгийг гаргуулна.

1.6. Ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх хугацааны гүйцэтгээгүй үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд А М ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой, амжилттай явуулахын тулд 7 хоногт тогтмол ойролцоогоор 60-65 цаг ажилладаг байсан. Үүнээс гадна ажлын зайлшгүй шаардлагаар зарим амралтын өдрүүд болон нийтээр амрах баярын өдрүүдэд ажилладаг байсан ч компаниас илүү цагийн хөлс олгож байгаагүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн ч ээлжийн амралт болон ээлжийн амралтын олговрыг бүрэн, зохих ёсоор авч байгаагүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2012-2020 оны хооронд олгогдоогүй 141,8 хоногт ногдох ээлжийн амралтын олговорт 101,286 ам.доллар буюу 288,291,554 төгрөг, тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийн болон нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласны хөлс 1,079,162 ам.доллар буюу 3,071,640,384 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

1.7. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.(Ь) хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн үндсэн цалингийн багцад сар тутмын 4,300 ам.долларын амьдрах орон сууцны олговор олгохоор заасан. Гэвч хариуцагч уг олговрыг бүрэн олгож байгаагүй тул 2012-2016 онуудад олгогдвол зохих 39,850 ам.доллар буюу 113,425,852 төгрөгийг гаргуулна.

Мөн гэрээний 8(а), 8.(Ь) болон 8.(е).(и) дахь хэсгүүдэд зааснаар ажил олгогчоос ажилтны болон түүний тэжээн тэтгүүлэгчид түүний нэрлэсэн газарт жилд нэг удаа ирж очих нислэгийн тийзний үнэ, клубын гишүүнчлэлийн хураамжид жилд 2,500 ам.доллар, мөн гар утас болон үйлчилгээний холбогдох зардлыг компаниас олгож байхаар тус тус заасан.

Гэвч эдгээр олговор олгогдоогүй тул төлөгдөөгүй нислэгийн үнэ 16,200 ам.доллар буюу 46,110,384 төгрөг, гишүүнчлэлийн хураамж (2013-2019 он) 17,500 ам.доллар буюу 49,810,600 төгрөг, утасны төлбөр 7000 ам.доллар 19,924,240 төгрөг нийт 40,700 ам.доллар буюу 115,845,224 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Хөдөлмөрийн гэрээний 7.2.(Ь), 8(а), 8.(Ь) болон 8.(е).(и) хэсэгт заасны дагуу дээрх олговруудыг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

1.8. 2019 оны 4 дүгээр сард А М ХХК-д дотоод аудитын шалгалт хийгдсэн ба уг шалгалтаар компанид 33,734 ам.долларын хохирол учирсан гэж үзэж тус төлбөрийг нэхэмжлэгчийг төлөхийг шаардсан.

Аудитын шалгалт хийх болсон шийдвэр, аудитын дүгнэлт, төлбөр тавьсан үндэслэл, хохирлыг нотлох баримт материал танилцуулаагүй атлаа тус төлбөрийг төлөхийг шаардаж, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрээ гэх зүйлд гарын үсэг зурахыг тулган шаардсан. Нэхэмжлэгч нь шаардсан төлбөрийг 2019 оны 05, 06, 07, 08, 09, 10 дугаар саруудад хуваан А М ХХК-д төлсөн.

Иймд тус үндэслэлгүйгээр төлөгдсөн төлбөр 30,814 ам.доллар буюу 86,706,504 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулна.

1.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн илүү цагийн хөлс, ээлжийн амралт, цалин хөлсний олговроос тус 0,3 хувиар алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нийт 610,149 ам.доллар буюу 1,736,678,895 төгрөгийг гаргуулна.

Иймд, хариуцагчаас олговол зохих ээлжийн амралтын олговор, илүү цагийн хөлс, олгогдоогүй цалин хөлс, гэрээний дагуу төлөгдөх олговор, үндэслэлгүйгээр төлөгдсөн төлбөр зэрэг нийт 5,413,588,413.67 төгрөг, ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан нэмэгдүүлсэн шаардлага 197,055,442 төгрөг нийтдээ нэхэмжлэлийн шаардлагад 5,610,643,855.67 төгрөг гаргуулж өгнө үү.

1.10. Нэхэмжлэгч М Г М болон хариуцагч А М ХХК-уудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Нэхэмжлэгч М Г М нь анх 2012 онд А М ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч А улсад төвтэй Ж энд Д.Лтд-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Стивен Грэйтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ (Lettеr оf оffеr/-ний дагуу тус компанийн Монгол дахь үндэсний менежерийн албан тушаалд томилогдож байсан.

Улмаар 2013 онд түүний эрхлэх албан тушаалд өөрчлөлт орж, Монгол дахь Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон тул талууд Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.

Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ж энд Д.Лтд-ийн Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал К Уоос нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээ (2013) болон Хөдөлмөрийн дотоод журам, Групп компанийн ёс зүйн дүрэм зэргийг ноцтой зөрчсөн нь Аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх агуулга бүхий сануулах захидал (Warning Letter) ирүүлсэн.

Энэхүү захидалд дурьдсан аудитын шалгалтыг явуулсан тухай болон шалгалтаас гарсан дүгнэлтийн талаар урьд нэхэмжлэгчид мэдэгдэж, танилцуулсан зүйл огт байхгүй. Улмаар тухайн өдөр (2019.05.31) нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан зохицуулалт бүхий Хөдөлмөрийн гэрээ (Letter of offer)-г байгуулсан. Тус гэрээнд ажил олгогчийг төлөөлөн К У гарын үсэг зурсан.

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан хариуцагч компанийн 2018 оны дүрмийн 3.4-т гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурах эрх нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргад олгогдсон. Тухайн үед тус компанийн ТУЗ-ын даргаар Рэмон Фернандез Армас ажиллаж байсан.

Түүнээс К Уд эрх хэмжээ олгосон шийдвэр гарч байгаагүй. Иймд К У нь Компанийг төлөөлөн гүйцэтгэх захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхгүй этгээд байна.

1.11. Тус гэрээнд ажилтныг илүү цаг, шөнийн цагаар ажиллуулах тохиолдолд нэмэгдэл хөлс олгохгүй (5.3, 6.2), хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тохиолдолд мэдэгдэл хүргүүлэхгүй (2.2), ээлжийн амралтыг биеэр эдлээгүй хугацаанд нөхөн төлбөр олгохгүй гэх зэрэг (9.1) Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн зохицуулалтуудыг тусгасан. Түүнчлэн тус Хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийг Монгол улсад анх томилогдон ирэх үеийн тохиролцоог хүртэл дордуулсан.

Иймд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хууль болон өмнөх тохиролцооноос илт дордуулсан, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж хийгдсэн гэрээ байна.

Түүнчлэн, Хөдөлмөрийн гэрээнд Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.2, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 122-р зөвлөмж (1964)-д зааснаар аливаа улс гадаадын иргэнийг ажиллуулахдаа түүний ажиллах нөхцөлийг дотоодын хууль тогтоомжид зааснаас дордуулахгүй байх учиртай.

Иймд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар тус хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоож, бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ЖДА нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид Санал хүргүүлэх захиа хүргүүлэн, Монгол Улс дахь Орон нутаг хариуцсан менежерээр томилж, гэрээ байгуулсан. Улмаар нэхэмжлэгчтэй 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгчийг өөрийн Монгол Улс дахь охин компани болох А М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилохоор харилцан тохиролцсон байна.

2.1. Гүйцэтгэх удирдлагын гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхойлсон хөдөлмөрийн гэрээ гэж тайлбарлах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг зогсоох хариуцагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан шийдвэр нь Монгол Улсын Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн.

К Уээс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 2 сар орчим хугацааны дараагаар үүргээ биелүүлэхээ зогсоож, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга болон бусад бичиг баримт зэргийг ажлын байрнаас авч өөрийн хувийн хадгалалтад байлгах зэрэг зөрчлийг гаргаж эхэлсэн.

Компанийн тухай хууль, А М ХХК-ийн дүрэм, Гүйцэтгэх удирдлагын гэрээ, Дотоод журам болон бусад бичиг баримтад заасан үүргээ ноцтой зөрчсөн нэхэмжлэгчийн дээрхи үйлдлүүд нь хариуцагчийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явагдах боломжгүй болгож, төрийн байгууллага, нийт ажилчид, үйлчлүүлэгч, харилцагч бусад этгээдүүдийн өмнө хүлээсэн үүргээ хуулийн этгээдийн хувьд биелүүлэх боломжгүй болгосон тул хариуцагчийн төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчлөх шийдвэрийг Хувьцаа эзэмшигч нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргаж, төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг зогсоох шийдвэр гаргасан нь Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу гарсан хууль ёсны шийдвэр юм.

ЖДА болон нэхэмжлэгч нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Гүйцэтгэх удирдлагын гэрээг байгуулахдаа 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцож, үл сунгагдах нөхцөлтэйгөөр буюу өмнө нь цуцлагдаагүй тохиолдолд 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр шууд дуусгавар болгохоор харилцан тохиролцсон.

Энэ гэрээний дагуу Гүйцэтгэх удирдлагын гэрээ дуусгавар болсон тул ажлаас гэнэт, үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбарууд нь үндэслэлгүй.

Гүйцэтгэх удирдлагын гэрээнд заасан хөлс урамшууллыг Гүйцэтгэх удирдлагын гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд бүрэн тооцож нэхэмжлэгчид олгосон.

Тэрээр хариуцагчийн гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа буюу 2019 оны 08 дугаар сард ЖДА болон хариуцагчийн төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэлгүйгээр, хариуцагчтай ижил төрлийн үйл ажиллагааны чиглэл бүхий С И ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байгааг мэдсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай ижил төрлийн үйл ажиллагааны чиглэл бүхий компанийг өөрөө үүсгэн байгуулж, хариуцагчийн бүртгэл бүхий хаягт давхар бүртгүүлэн, өөрөө гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа нь Монгол Улсын Компанийн тухай хууль, компанийн дүрэм, Гүйцэтгэх удирдлагын гэрээ, дотоод журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Ийнхүү нэхэмжлэгч гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, хувьцааг нь дангаар эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа нь дээрхи нэхэмжлэгчийн Монгол Улсад байх виз оршин суух эрх зэргийг цуцлах үндэслэл болох, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн, эдийн засгийн нөхцөл байдалд ноцтой хохирол учируулсан зэрэг тайлбарыг үгүйсгэх үндэслэл болж байна.

Иймд дээрхи үндэслэлийг харгалзан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

2.2. Гүйцэтгэх удирдлагын гэрээг дуусгавар болохоос өмнөх хугацаанд хариуцагч тал нь тухайн гэрээнд заасан хөлс, урамшууллыг нэхэмжлэгчд бүрэн олгож, үүргээ биелүүлж байсан. Нэхэмжлэгчид Гүйцэтгэх удирдлагын гэрээний дагуу төлсөн хөлс, урамшууллаас татвар, шимтгэл зэрэг хуулийн дагуу хийгдсэн суутгалаас өөр ямар нэгэн суутгалыг хариуцагч хийгээгүй.

2.3. Нэхэмжлэгч нь Гүйцэтгэх удирдлагын гэрээнд заасан цагийн хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх, ээлжийн амралтаа биечлэн эдлэх бололцоогоор бүрэн хангагдаж байсан бөгөөд ээлжийн амралтаа эдлэхийг хариуцагчийн хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөл хязгаарлаж байгаагүй.

Гүйцэтгэх удирдлагын гэрээний 9.3 дахь хэсэгт амралтаа бүрэн аваагүй тохиолдолд эдлээгүй амралтын оронд төлбөр авах эрхгүй болохыг харилцан тохиролцож зохицуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй.

2.4. Гүйцэтгэх удирдлагын гэрээний 7 дугаар зүйлд заасан орон сууцны түрээс, эрүүл мэндийн даатгал, унааны зардал зэрэг нь хариуцагчаас гуравдагч этгээдэд шилжүүлдэг зардлууд бөгөөд нэхэмжлэгчид шууд олгогддог хөлс, урамшуулал биш юм.

Гүйцэтгэх удирдлагын гэрээний 7 (а) хэсэгт нэхэмжлэгчийн зөвхөн 2019 оны 07 болон 08 дугаар саруудын орон сууцны түрээсийн зардлыг хариуцагч тал гаргахаар тохиролцсон бөгөөд энэхүү зардлыг гаргаж орон сууц түрээслүүлэгч этгээдэд бүрэн олгосон.

2.5. Нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын төлбөрийг даатгалын байгууллагад, унааны зардлыг автомашин түрээслүүлэгч байгууллагад тус тус хариуцагчаас бүрэн төлж байсан. Хариуцагч талаас гаргаж байсан орон сууцны түрээс, эрүүл мэндийн даатгал болон унааны зардлын талаар нотлох баримтыг Монгол хэл дээр орчуулуулан нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн.

2.6. 2019 оны 4 дүгээр сард явагдсан Аплас Группийн дотоодын хуваарьт хяналт шалгалтын үед нэхэмжлэгчийн бизнесийн зохисгүй зан байдал гаргадаг, эрх мэдлээ хэтрүүлэн зөрчил бүхий шийдвэр гаргадаг болон зөвшөөрөгдөөгүй зардал, олговрыг өөртөө олгодог гэх мэт зөрчлүүд илэрсэн.

Нэхэмжлэгчээс дээрхи зөрчлүүдийг тайлбарлахыг шаардсаны үндсэн дээр 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ЖДА, хариуцагч, нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулан дээрхи олговор болон зардлыг 2019 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд нэхэмжлэгчид олгох хөлсөөс зургаан удаагийн суутгалаар суутган тооцож төлүүлэх, (Н) 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг талууд харилцан тохиролцож 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгох, (ш) талууд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болох шинэ гэрээг талууд байгуулах, (IV) нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ болон Гүйцэтгэх захирлаар томилсонтой холбогдох хариуцагч, хувьцаа эзэмшигч болон Аплас Группт холбогдох аливаа нэхэмжлэл, шаардлагаас татгалзаж, чөлөөлөхөөр харилцан тохиролцсон.

2.7. Хувьцаа эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөл нь хариуцагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй байсан тул нэхэмжлэгчийг Гүйцэтгэх удирдлагын гэрээнд заасан цагийн хуваариас хэтрүүлэн илүү цагаар ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах, ээлжийн амралтаа эдлэх эрхийг нь хязгаарлах боломжгүй.

Нэхэмжлэгч нь Гүйцэтгэх удирдлагын гэрээнд заасан цагийн хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх, ээлжийн амралтаа биечлэн эдлэх бололцоогоор бүрэн хангагдаж байсан ба ЖДА-ын санаачлага, шаардлагаар илүү цагаар ажиллаж байгаагүй.

Гүйцэтгэх удирдлагын гэрээний 5.3 дахь хэсэг болон түүний өмнө дуусгавар болсон 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний 6.4, 6.5 дахь хэсэгт нэхэмжлэгч нь Гүйцэтгэх захирлын хувьд өндөр хөлс урамшуулал авах бөгөөд илүү цагаар ажиллах шаардлага үүсч болохыг дурдаж, ийнхүү илүү цагаар ажилласан тохиолдолд нэмэлт хөлс төлөхгүй болохыг тодорхой зааж зохицуулсан байна.

2.8. Хариуцагч тал нь 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ болон Гүйцэтгэх удирдлагын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хөлс, урамшууллыг нь нэхэмжлэгчид бүрэн олгож байсан. Нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч компанид холбогдох ямар нэгэн нэхэмжлэл, шаардлага үгүй болохыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд тодорхой илэрхийлсэн.

2.9. ЖДА, хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээ нь талуудын чөлөөт байдлын үндсэн дээр хүсэл зоригоо харилцан илэрхийлж байгуулсан, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд гарын үсэг зурахыг нэхэмжлэгчээс тулган шаардсан гэх тайлбар нь огт үндэслэлгүй.

Иймд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр харилцан тохиролцож төлсөн төлбөрийг үндэслэлгүй гэх буюу нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй.

2.10. Нэхэмжлэгч нь Гүйцэтгэх удирдлагын хувьд Монгол Улсын бүхий л хууль тогтоомжийн дагуу хариуцагчийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хуулийн этгээдийн үүргийн биелэлт, ажилчдын эрхийг хангаж ажиллах чиг үургийг хэрэгжүүлдэг байсан. Иймд нэхэмжлэгч цалин хөлсний алданги гэх төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасан нийтлэг зарчим, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэргийг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж байх явцдаа буюу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн Хувьцаа эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэлгүйгээр, хариуцагчтай ижил төрлийн үйл ажиллагааны чиглэл бүхий С И ХХК (регистрийн дугаар: 6464939)-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж эхэлсэн бөгөөд хуулийн этгээдийн хаягийг нь хариуцагчийн бүртгэлтэй хаяг дээр бүртгүүлсэнийг хариуцагч мэдсэн. Хариуцагч нь Солюшн Инишэйтивс гэх нэршил бүхий хуулийн этгээдүүдийг Сингапур болон Вьетнам улсуудад 2019-2020 онуудад үүсгэн байгуулж хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байгаа талаар мэдээллийг хариуцагч тал авсан. Эдгээр хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааны чиглэл нь мөн хариуцагчийн үйл ажиллагаатай давхцаж байгаа болно.

3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийг төлөөлөн өөрийн эзэмшлийн С И ХХК-тай хариуцагчийн төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчид мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр гэрээ байгуулах, хариуцагчийн ажилтнуудыг давхар ажил үүрэг гүйцэтгүүлэх, хариуцагчийн үйлчлүүлэгчидтэй харилцаж хариуцагчтай ижил ажил, үйлчилгээг санал болгох замаар аж ахуйн үйл ажиллагааг нь шилжүүлэн авах оролдлого хийх, худал ташаа мэдээлэл тараах зэрэг маш олон зөрчлийг гаргасан байна. Эдгээр нь Компанийн тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс гадна, талуудын хооронд байгуулагдсан Гүйцэтгэх удирдлагын гэрээ, хариуцагч байгууллагын Ёс зүйн дүрэм (code of ethics), Сонирхлын зөрчлийн нийтээр дагаж мөрдөх дүрэм (Global conflict of interest policy)-ийг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэл юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг төлөөлөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн С И ХХК-тай 10,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий Ю Эй Ви Агаарын топографын судалгааны ажлын гэрээг (UAV Aerial Topography survey proposal) байгуулсан нь Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт тодорхойлсон илэрхий сонирхлын зөрчилтэй хэлцэл байна.

3.3. Нэхэмжлэгчийн дээрхи зөрчлүүд нь Компанийн тухай хуулийн 91 дүгээр зүйл, 32 дугаар зүйлд заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх шаардлага, журам болон мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт үүргийг, Гүйцэтгэх удирдлагын гэрээний 1.1 дэх хэсэгт заасан гүйцэтгэх захирлын чиг үүргийг бүтэн цагаар хэрэгжүүлэх, 3.1 (а), (Ь), (с) хэсгүүдэд заасан үүрэг хариуцлага ур чадвараа бүрэн дайчилж, анхаарал, болгоомжтой, хичээнгүйлэн гүйцэтгэх, бүхий л хүчин чармайлтаа дайчлах, мэргэжлийн түвшинд ёс зүйтэй ажиллах, 3.1 () хэсэгт заасан ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх бүхий л боломжит арга хэмжээг авах, сонирхлын зөрчил үүсч болзошгүй тохиолдолд Компанид мэдэгдэх, 4.1(1) хэсэгт заасан Компаниас бичгээр зөвшөөрөл авалгүйгээр өөр байгууллагын төлөө худалдаа, бизнес, мэргэжлийн ямарваа үйл ажиллагаанд шууд ба шууд бусаар оролцохгүй байх зэрэг үүргүүдийг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Гүйцэтгэх удирдлагын гэрээний 15 дугаар хэсгийн (а)-(с) хэсэгт заасан зөрчлүүдийн тохиолдлуудыг бүгдийг нь үүсгэсэн байна.

3.4. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 85 дугаар зүйлийн 85.2, Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч талд шаардах эрх үүссэн.

Гүйцэтгэх удирдлагын гэрээ нь Иргэний хуулийн 32 дугаар бүлэгт зохицуулсан Хөлсөөр ажиллах гэрээний шинж чанартай бөгөөд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2019 оны 9 сараас 2020 оны 6 сарыг хүртэл хугацаанд Гүйцэтгэх удирдлагын гэрээгээр тохиролцсон хөлс болон урамшууллыг төлсөн.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн С И ХХК-ийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж эхэлсэн үеэс хойш Гүйцэтгэх удирдлагын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу тухайн гэрээнд заасан үүргээ зөрчиж эхэлсэн байх тул энэ хугацаанд олгосон хөлсийг хариуцагч талд учирсан хохиролд тооцон буцаан шаардах үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол Банкны албан ханшаар тооцоход 126,412.83 ам.доллар нь 360,873,234.05 төгрөгтэй тэнцэж байна.

Иймд дээрхи үндэслэлээр Гүйцэтгэх удирдлагын гэрээний үүргээ нэхэмжлэгч тал зөрчсөнөөс хариуцагч талд учирсан хохирол 360,873,234.05 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын үндэслэл: 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Ажилд авах албан ёсны санал (Letter of offer) нь бидний нэмэлт тайлбартаа дурьдсан Жи Ди Эй Птвай.лтд-ийн Ази, номхон далайн бүсийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Камерон Вотерсын хууль бус шахалт, шаардлагаар хууль зөрчиж хийгдсэн гэрээ юм.

4.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэснээс хойш компанийн ашиг орлого, санхүүгийн байдал муудсан мэтээр тайлбарладаг. Гэтэл дээр дурьдсанчлан нэхэмжлэгч нь А М ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг байгуулагдсан цагаас нь хойш эрхлэсэн, 0 баланстай байсан үеэс нь хариуцан ажиллаж, өнгөрсөн 8 жил үйл ажиллагааг нь тогтвортой явуулсан.

4.2. Эсрэгээрээ нэхэмжлэгч өнгөрсөн хугацаанд Аплас Групп компанийн Монгол Улсад салбар үйл ажиллагаа явуулж, хүний нөөцийн зуучлал бүрдүүлэлтийн үйлчилгээг Оюу толгой, Рио тинтогийн төсөлд үзүүлж, компанийн голлох ашиг, орлогыг бүрдүүлж байсан.

Сүүлийн 2 жилд Монгол Улсад шинэ гэж хэлж болохуйц үл эвдэх сорил (non-distructive testing) баталгаажуулалтын бизнесийг амжилттай нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ үзүүлж чадсан, сэргээгдэх эрчим хүчний салбарт ноёлох Вестас компанитай амжилттай бизнесийн харилцаа тогтоосон гээд олон жишээ дурьдаж болно.

4.3. Нэхэмжлэгч С И ХХК-ийг байгуулсан нь гэрээ болон дүрэм журам зөрчөөгүй. Тодруулбал, гэрээний 16-р зүйл дэх Хязгаарлалт хэсэгт заасан аль ч нөхцөлийг нэхэмжлэгч зөрчөөгүй.

Учир нь С И ХХК-ийг анх байгуулах болсон зорилго шалтгаан нь К Уын дарамт, шахалт, нэхэмжпэгчийг цаашид хэрхэх нь тодорхойгүй нөхцөл байдалд байлгаснаас үүдэн нэхэмжлэгч Монгол Улсад байх эрх зүйн байдлаа найдвартай байлгах зорилго виз авах зэрэг байсан.

Өнгөрсөн хугацаанд тус компанийн үйл ажиллагаа идэвхгүй байсан ба тус компанийн үндсэн үйл ажиллагаа нь гадаад худалдаа, менежментийн зөвлөгөө бөгөөд энэ нь А М ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлээс өөр юм.

Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдаж, орлогын эх үүсвэргүй болсон тул 2020 оны 07 дугаар сараас энэ компаниараа дамжуулан бизнес эрхлэхээр үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

4.4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийг ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл зөвшөөрөл авалгүй хийсэн, компанийн ажилтнуудыг өөрийн компанид ажиллуулсан, харилцагчдад нь ижил нэр төрлийн үйлчилгээ санал болгох замаар аж ахуйн үйл ажиллагааг нь шилжүүлэн авах оролдлого хийсэн гэх зэргээр бодит үнэнээс зөрүүтэй, худал тайлбар гаргаж байна. Энэ үндэслэлээ хариуцагч А М ХХК болон С И ХХК-ийн нэрээр байгуулсан агаарын байр зүйн зураглалын ажил гүйцэтгэх гэрээгээр тайлбарлаж байна. Энэ гэрээгээр А М ХХК орлого олж байгаа ба компанид хохирол учраагүй.

Нэмжлэгч нь А М ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа тус компанийн эрх ашигт нийцүүлсэн, бизнесийн зорилго, үнэт зүйлийг чухалчилсан шийдвэр гаргаж, холбогдох гэрээ, хууль журмыг чанд мөрдөж ажилласан.

Иймд хариуцагчийн нэхэмжилсэн 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарын 10-ныг хүртэлх авсан цалин, урамшууллыг буцаан төлөх үндэслэлгүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр А М ХХК, М Г М нарын хооронд шинэчлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, М Г Мыг А М ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар А М ХХК-иас 910,477,995 төгрөг гаргуулж, М Г Мд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, бичилт хийхийг А М ХХК-д үүрэг болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 5,122,535,849 төгрөгийг А М ХХК-аас гаргуулах болон А М ХХК-ийн 360,873,234.05 төгрөгийг М Г Маас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах тухай

6.1. Хариуцагч нь 2012, 2013 болон 2019.05.31-ний өдөр байгуулсан гүйцэтгэх удирдлагын гэрээнд бие даасан хуулийн этгээдийн хувьд оролцоогүй, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь эдгээр гэрээ Ж энд Д болон М Г Мл нарын хооронд байгуулагдсан.

Хариуцагч компанийн удирдлагын бүтэц хоорондын харилцаа буюу хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага хоорондын болон тэдний компанитай харилцах харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар биш Иргэний хууль, Компанийн тухай хуулиар зохицуулагдах талаар тайлбарласан байтал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

6.2. Шүүх хариуцагч Ж энд Д Лимитед ХХК-ийн Ази номхон далайн бүсийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч К У нь нэхэмжлэгчид санал хүргүүлэх захиа и-мэйлээр илгээсэн гэж дүгнэсэн атлаа тус компаний охин компани болох А М ХХК-ийн ТУЗ-ын дарга гэрээнд гарын үсэг зураагүй гэх агуулгатай зөрчилтэй дүгнэлт хийсэн.

6.3. 2019 оны гүйцэтгэх удирдлагын гэрээнд гарын үсэг зурсан К У нь хариуцагчийн хувьцаа эзэмшигчийг төлөөлөх эрхтэй талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг орхигдуулж, Иргэний хуулийн 56.1.1-д заасныг үндэслэн 2019.05.31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчн төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг хангасан нь үндэслэлгүй. Талууд гэрээний агуулгыг сайн дураараа тодорхойлж, гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд гүйцэтгэх удирдлагын гэрээг байгуулсан.

6.4. Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон дээрх гэрээг үндэслэл болгон ...талуудын хооронд 2019.05.31-ний өдөр и-мэйлээр илгээж, харилцан тохиролцсон ажлын саналд энэхүү саналыг зөвшөөрснөөр ажлын санал болон тодорхойлолт зэргийг хөдөлмөрийн гэрээнд тооцно гэж бичигдсэн байдлаас үэзхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна... гэж дүгнэсэн.

6.5. Шүүх 2019.05 сард байгуулсаг гэрээг цаг хугацааны хувьд дараа нь буюу 2019.09. сард батлагдсан компанийн дүрмийг зөрчиж хийгдсэн, нэгэнт хүчин төгөлдөр бусд тооцсон хэлцлийн зүйл заалтыг шийдвэрийн үндэслэл болгох дурдах зэргээр логик, шалтгаант уялдаагүй дүгнэлт хийсэн.

6.6. 2019 оны гүйцэтгэх удирдлагын гэрээгээр харилцан тохиролцсон хугацаа дуусгавар болсон байхад хариуцагчийг хугацаанаас өмнө цуцлаагүй бодит үйл баримтыг шүүх анхаараагүй.

6.7. Шүүх сөрөг нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн эрх зөрчигдсөн талаарх маргаан гэж дүгнэж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч тал энэ байдлыг шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтаас олж мэдсэнгэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гүйцэтгэх захирлаар ажилд авсан гэрээг А М ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч Эндрю Морристой байгуулсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.Гэтэл хариуцагч талаас ЖДА ХХК-тай тусдаа гэрээ байгуулсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр А М ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гэх гарчигтай, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Уг тушаал нь нөхөж хийгдсэн бөгөөд 5 хоногийн дараа явуулсан.

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр аудитын шалгалт, зөрчил гэх агуулгыг гэрээний хавсралтад оруулж хөдөлмөрийн гэрээг байгуулсан боловч ЖДА ХХК болон А М ХХК-ийн эрх бүхий этгээд нар гарын үсэг зураагүй. Энэ талаар нотлох хангалттай хугацаа байсан боловч өнгөрсөн 3 жилийн хугацаанд гэрээнд гарын үсэг зурсан К Уийн төлөөлөх бүрэн эрхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Тэрээр мөн оны 7 дугаар сард буюу 2 сарын дараа гүйцэтгэх захирлаар томилогдсон болох нь хуулийн этгээдийн лавлагаанаас тодорхой харагддаг.

Анхан шатны шүүх 2019 оны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үндэслэлтэй дүгнэсэн. Мөн 2019 оны гэрээнд заасны дагуу хугацаандаа гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарладаг. Гэтэл гэрээ 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болох байсан атал 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болгосон.

Уг гэрээ талуудын 2013 онд байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу сунгагдаж ирсэн тул хугацаа дуусаагүй. Уг гэрээ хугацаатай байгуулагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ёстой. Мөн хариуцагч талаас хөдөлмөрийн харилцаа бус контракт гэж тайлбарлаж байна. Контракт гэсэн ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуульд тайлбарласан, хөдөлмөрийн гэрээний онцлог харилцаа юм. Талууд контракт байгуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан үндэслэлтэй байх ёстой. Мөн 5 хоногийн дараа нөхөж ирүүлсэн тогтоол шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг дурдаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас муу ажиллаж зөрчил гаргасан гэж тайлбарладаг атлаа гэрээний хугацаа дуусгавар болсон тул харилцаа дууссан гэж тайлбарласан нь тодорхой бус, ойлгомжгүй юм. Энэ талаар ажлаас халсан тухай тушаал, мэдэгдэлд дурдаагүй.

Мөн хариуцагч компаниас албан бичгээр удаа дараа хандсан гэж тайлбарлаж байна. Албан бичгээр ажилтныг ажлаас халах боломжгүй бөгөөд албан бичгээр маргаашаас чи ажилдаа орохгүй шүү гэж хэлж 5 хоногийн дараа тогтоол, шийдвэрийг нөхөж цахим шуудангаар илгээсэн нь цахим шууданд хийсэн үзлэгээр нотлогдсон.

Мөн К У нь ажилтныг ажлаас халсан тогтоолд гарын үсэг зурсан. Гэтэл К У нь төлөөлөн удирдах зөвлөлд томилогдоогүй байсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хэн эсэх нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүх талуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг үндэслэлтэй дүгнэж нххэмжлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоосон.

Нэхэмжлэгч 9 сарын хугацаанд бүтэн цагаар ажиллаж, ажил үүргээ хэвийн явуулж, тайлан тооцоог хийсэн. Бид санхүүгийн тайланг хариуцагч талаас гаргуулж, хэрэгт хавсаргасан. Хохирол хэрхэн учирсан эсэх, нэхэмжлэгчтэй хамааралтай эсэх нь тодорхой бус юм.

Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн гэрээнээс үзвэл А М ХХК хохирсон гэж дүгнэх боломжгүй бөгөөд 10,500,000 төгрөгийн орлого олсон гэж харагддаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Нэхэмжлэгч нь ажлаас халагдсан сарын цалин 1500 ам.доллар буюу 4,269,480 төгрөг, ажлаас үндэслэлгүй халах үед эдлээгүй ээлжийн амралтын мөнгөн олговор 101,286 ам.доллар буюу 288,291,368 төгрөг, ажлаас халагдах үеийн ээлжийн амралтын олговор 16,975 ам.доллар буюу 48,316,282 төгрөгийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаанд нэхэмжлэлээ гаргасан. Уг хугацааг Иргэний хуулийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох журамтай.

8.2. 2012-2016 он хүртэлх хугацааны орон сууцны түрээсийн төлбөр 38,850 ам.доллар буюу 113,424,852 төгрөг, ажлаас халсан тохиолдолд төлөх ёстой орон сууцны түрээсийн төлбөр 5,000 ам.доллар буюу 14,231,600 төгрөг, унааны зардал 5,000,000 төгрөг нийт 19,231,600 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 30,814 ам.доллар буюу 86,706,504 төгрөгт холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасөн хөөн хэлэлцэх хугацааг баримталсан нь үндэслэлгүй.

Иймд 560,240,086 төгрөгт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг А М ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч захирал Э М-той байгуулсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Гэтэл хариуцагч талаас ЖДА ХХК-тай тусдаа гэрээ байгуулсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Мөн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр А М ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гэх гарчигтай, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх мэдэгдэл ирүүлсэн нь нөхөж хийгдсэн бөгөөд 5 хоногийн дараа явуулсан.

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр аудитын шалгалт, зөрчил гэх агуулгыг гэрээний хавсралтад тусган хөдөлмөрийн гэрээг байгуулсан боловч эрх бүхий этгээд болох ЖДА ХХК болон А М ХХК-ийн эрх бүхий этгээд нар гарын үсэг зураагүй. Учир нь К Уийн хариуцагч талыг төлөлөх бүрэн эрхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Сүүлд 7 дугаар сард буюу 2 сарын дараа гүйцэтгэх захирлаар томилогдсон болох нь хуулийн этгээдийн лавлагаанаас тодорхой харагддаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч М Г М нь хариуцагч А М ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, гэрээ болон хуулиар хүлээсэн үүргийн гүйцэтгэлд 5,610,643,855.67 төгрөг гаргуулах, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч хохирол 360,873,234.05 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Хариуцагч А М ХХК-ийн хувьцаа эзэмшигч А Улсад бүртгэлтэй хуулийн этгээд Ж энд Д.Лтд нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус улсын иргэн М Г Мд Санал хүргүүлэх захиа хүргүүлэн Монгол Улс дахь орон нутаг хариуцсан менежерээр томилжээ.

Улмаар 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түүнтэй гэрээ байгуулж, А М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилохоор харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх 1-2, 36-40, 46-57, 86-87/

 

3.а. Ж энд Д.Лтд-ийн Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал К У нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч М Г Мд санал хүргүүлэх захиа илгээснийг нэхэмжлэгч зөвшөөрснөөр талуудын хооронд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ. /хэргийн 2 дугаар хавтасны 68-80 дахь тал/

 

Ж энд Д.Лтд-ийн Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал К У нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч М Г Мд гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг и-мэйлээр илгээсэн ба тус мэдэгдэлд ...таны А М ХХК-тай байгуулсан тодорхой хугацаатай хөдөлмөрийн гэрээ 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсноос хойш дахин сунгахгүй болохыг миний бие үүргээр баталгаажуулж байна, тодруулбал 06 дугаар сар 30 хоногтой тул таны гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусна гэжээ. /хэргийн 2 дугаар хавтасны 53-54/

 

Мөн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ажил үүргээ гүйцэтгэхийг зогсоох тухай мэдэгдэл-ийг нэхэмжлэгчид и-мэйлээр илгээж түүнд мөн оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр ажил үүргээс нь чөлөөлөгдсөн болохыг мэдэгдсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 14-15/

 

4. Нэхэмжлэгч М Г М нь дээрх мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор буюу 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

4.а. Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Нэхэмжлэгч нь ...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулаагүй, ажилтны эрх зүйн байдлыг хуульд зааснаас доруулсан гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсныг хариуцагч байгууллага талуудын хооронд гүйцэтгэх удирдлагын гэрээ байгуулагдсан, гэрээний 2.2-т зааснаар тус гэрээний хугацааг үл сунгагдах нөхцөлтэйгээр буюу өмнө нь цуцлагдаагүй тохиолдолд 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор харилцан тохиролцсон гэх үндэслэл заан маргажээ.

 

5.а. Анхан шатны шүүх уг гэрээг компанийг төлөөлөн гэрээ байгуулах эрхгүй этгээд байгуулсан, ажил олгогч өөртөө давуу байдлыг тогтоосон гэрээний нөхцөлийг тусгасан гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

 

Учир нь хэрэгт авагдсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд ЖДА Лтд-ийн Ази номхон далайн бүс нутаг хариуцсан захирал К У хариуцагчийг төлөөлөн гарын үсэг зурсныг тухайн гэрээг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн гэж үзэх боломжгүй.

 

Тодруулбал, ЖДА Лтд-ийн төлөөлөх эрхийн асуудлыг Монгол Улсын Компанийн тухай хуулийн хүрээнд тодорхойлохгүй. Тухайн тухайн улсын хуулийн дагуу гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй ба гадаад улсын хууль тогтоомжийг хэрэглэх талаар аливаа хүсэлт, баримт сэлтийг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй байна. Харин А М ХХК нь Монгол Улсад үүсгэн байгуулагдсан тул тус компанийг төлөөлөх эрхтэй этгээдийн асуудлыг Монгол Улсын Компанийн тухай хуульд зааснаар тодорхойлно.

 

Иймд анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

 

6. Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллах хугацаатайгаар байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцснээс гадна төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзэхгүй.

 

6.а. Хариуцагч байгууллагын А Улс дахь төв компанийн и-мэйл хаягаас нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж байсан ба тэд ажил хэргээр тогтсон заншлын хүрээнд хоорондоо и-мэйлээр харилцдаг байсан үйл баримт дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Тодруулбал, хариуцагч талаас нэхэмжлэгчид 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр илгээсэн гэрээ дуусгавар болгох тухай ...06 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсноос хойш гэрээг сунгахгүй, ...06 дугаар сар 30 хоногтой тул таны гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусна гэх, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ажил үүргээ гүйцэтгэхийг зогсоох тухай ...06 дугаар сарын 12-ны баасан гаригаас Монгол Улс дахь үндэсний менежерийн ажил үүргээс чөлөөлөгдөх ба ажил үүргээ гүйцэтгэхгүй байх гэх мэдэгдлийг тус тус илгээжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 56 дахь тал/

 

Түүнчлэн, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 2.2-т ...гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүй тохиолдолд таны эсхүл компанийн зүгээс мэдэгдэл өгөх, эсхүл мэдэгдлийн оронд төлбөр төлөх шаардлагагүйгээр 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр шууд дуусна гэж заасан байна. /хэргийн 2 дугаар хавтасны 68-80 дахь тал/

 

6.б. Хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцжээ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

 

7. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 910,477,995 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт дараах байдлаар өөрчлөлт оруулав.

 

7.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой олговор болон ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй саатуулсан гэх үндэслэлээр алданги шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор, 2020 оны 07, 08 дугаар сарын цалин тус бүр 15,000 ам.доллар буюу нийт 89,659,080 төгрөг болон алданги 610,149 ам.доллар буюу 1,736,678,895 төгрөг гаргуулах тухай шаардлагын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх илүү цаг ажилласан 1,079,162 ам.доллар буюу 3,071,640,384 төгрөгийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

8.а. Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 10, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн 1 жилийн цалин 180,000 ам.доллар байхаар харилцан тохиролцсон.

 

Эдгээр гэрээгээр ...цалин хөлсийг нэмэлт цагаар ажилласан нөхцөлийг харгалзан тогтоосон болно, компани тантай өөр бусад байдлаар тохиролцсоноос бусад тохиолдолд нэмэлт цалин хөлс авахгүй, эсхүл нэмэлт цагаар ажилласантай холбоотойгоор аливаа нэмэгдэл төлбөр, чөлөөө авахгүй гэх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.. /хэргийн 2 дугаар хавтасны 55-67, 68-80 дахь тал/

 

8.б. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн илүү цагаар буюу 7 хоногт 60-65 цаг ажилласан гэх үндэслэлээр шаардаж буй 1,079,162 ам.доллар буюу 3,071,640,384 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

9. Нэхэмжлэгчийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ээлжийн амралт эдлээгүй 141.8 хоногт ногдох олговор 101,286 ам.доллар буюу 288,291,554 төгрөгийн шаардлагын зарим хэсэг үндэслэлтэй байна.

 

9.а. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 10.1-д ...биеэр эдлээгүй ээлжийн амралт жилээс жилд хуримтлагдаж гэрээ дуусгавар болоход ээлжийн амралтын олговрыг олгоно гэж заасан байна. /хэргийн 2 дугаар хавтасны 59 дэх тал/

 

Нэхэмжлэгч нь эдлээгүй ээлжийн амралтын 141.8 хоногийн олговрыг хариуцагчаас гаргуулна гэх агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч ...ээлжийн амралтаа эдлэхийг хариуцагчийн хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөл хязгаарлаагүй, гүйцэтгэх удирдлагын гэрээний 9.3 дахь хэсэгт амралтаа бүрэн аваагүй тохиолдолд эдлээгүй амралтын оронд төлбөр авах эрхгүй болохыг харилцан тохиролцож зохицуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй. гэж маргажээ.

 

9.б. Хэрэгт авагдсан аудитын дүгнэлтээс нэхэмжлэгчийг 2017 онд ажлын 8 өдөр, 2018 онд ажлын 9 өдөр, 2019 онд ажлын 2 өдөр ээлжийн амралтаа эдэлсэн гэж үзэхээр дүгнэсэн байна. Мөн тус дүгнэлтээр нэхэмжлэгчийг 2018 онд ээлжийн амралт 25 өдрийн олговор авсан гэх мэдээллийг шалгаад 2018 оны ээлжийн амралтын олговорт 25,806 ам.доллар авсан баримтыг үндэслэн түүнийг ажлын 9 өдөр амарсан гэж дүгнэжээ. Уг аудитын дүгнэлт хүчингүй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

 

Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээнд заасан хуримтлагдсан ээлжийн амралтын хоног нь аудитын дүгнэлтээр нотлогдсон байна.

 

9.в. Хариуцагч байгууллага нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад буй амралт эдлээгүй гэх үндэслэлийг няцаах баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг 2013 оноос хойш 2014-2019 онуудад ээлжийн амралтаа бүрэн эдэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн биеэр эдэлсэн 19 өдрийн ээлжийн амралтыг нэхэмжлэлд дурдсан 141 өдрөөс хасч тооцон 122 өдрийн ээлжийн амралт биеэр эдлээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн 1 сарын 15,000 ам.долларын цалингаас тооцвол хоногт 681,8 ам.доллар байх ба үүнийг эдлээгүй ээлжийн амралтын 122 өдрөөр тооцож хуримтлагдсан ээлжийн амралтын олговор 83,182 ам.долларыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Талууд хуримтлагдсан ээлжийн амралтын олговрын талаар гэрээнд тусгайлан нарийвчлан зохицуулсан. Гэрээний 10.1-д ...биеэр эдлээгүй ээлжийн амралт жилээс жилд хуримтлагдаж гэрээ дуусгавар болоход ээлжийн амралтын олговрыг олгоно гэж заасан. Гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд энэ нь бусад этгээдийн эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Хуримтлагдсан ээлжийн амралтын олговортой холбоотой шаардах эрхийн хугацааг гэрээ дуусгавар болох үеэр гэж тогтоосон тул энэ хугацааг баримталах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын 101,286 ам.доллар доллар буюу 288,291,554 төгрөгт холбогдох хэсгээс 83.182 ам.доллар буюу 236,735,972 төгрөгт холбогдох хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагын 2013-2019 онуудын клубын гишүүнчлэлийн хураамж 17,500 ам.доллар буюу 49,810,600 төгрөг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангав.

 

10.а. Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 10, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдийн хөдөлмөрийн гэрээгээр жилийн 2,500 ам.долларын клубын гишүүнчлэлийн олговор олгохоор тохиролцсон байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид гишүүнчлэлийн олговор төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч түүнээс үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн дотор шаардлага гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь нийт 7 жилийн хугацааны клубын гишүүнчлэлийн хураамж шаардаж байгаа боловч сүүлийн 3 жилийн хугацаанаас бусад хураамжийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

 

Иймд 2017-2019 онуудын клубын гишүүнчлэлийн хураамж нийт 7,500 ам.доллар буюу 21,345,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

11. Нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын цалингаас үндэслэлгүйгээр 10 хувийг суутгасан тул 1,500 ам.доллар буюу 4,269,480 төгрөгийг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр хангав.

 

11.а. Хариуцагч байгууллагаас 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид ковид-19 цар тахалтай холбоотойгоор удирдлага менежментийн зардлыг бууруулан мөн оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс шинэ цалин 13,500 ам.доллар болсон гэх агуулга бүхий и-мэйл илгээсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 238 дахь тал/

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 172, 181, 182 дахь талд авагдсан А М ХХК-ийн цалингийн тооцооны хүснэгтээр нэхэмжлэгчийн 2020 оны 04, 05, 06 дугаар сарын цалингаас 750 ам.доллар, 1500 ам.доллар, 1500 ам.долларыг тус тус суутгасан үйл баримт тогтоогджээ.

 

Хэргийн баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэг талын санаачилгаар буюу ажил олгогчоос ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цалин бууруулж байгаа гэх и-мэйлийг ажилтанд илгээх замаар цалинг хассан нь үндэслэлгүй болжээ. Гэрээнд өөрчлөлт оруулах бол талууд зөвшилцсөн байх шаардлагатай. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 220 дугаар зүйлд гэрээ байгуулах үеэс нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулах журмыг талууд зөвшилцсөн байхаар тогтоосон. Нэг тал дангаараа гэрээний тохиролцоог өөрчлөх эрхгүй.

 

11.б. Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь үндэслэлгүй суутгасан 2020 оны 06 дугаар сарын 10 хувийн суутгал 1,500 ам.доллар буюу 4,269,480 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч 2020 оны 04, 05 дугаар сарын суутгалыг нэхэмжлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хангав.

 

12. Нэхэмжлэгч нь нислэгийн тийзний үнэ 16,200 ам.доллар буюу 46,110,384 төгрөг, 2012-2016 оны сар тутамд олгогдвол зохих орон сууцны олговор 39,850 ам.доллар буюу 113,425,852 төгрөг, гар утас 7,000 ам.доллар 19,924,240 төгрөг, унааны зардал 5,000,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын 14,000 ам.доллар буюу 39,848,480 төгрөг, 2 сарын байрны түрээс 5,000 ам.доллар буюу 19,231,600 төгрөг тус тус гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

12.а. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.а-д зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлснөөс гадна олгох олговорт 2019 оны 07, 08 дугаар саруудын орон сууцны түрээс, өөрийн болон асран хамгаалагчийн олон улсын эмнэлгийн болон эрүүл мэндийн даатгал, зөөврийн компьютер, гар утас, эхнэрийн болон өөрийн энгийн нислэгийн тийз зэргийг багтаахаар тохиролцжээ. /хэргийн 2 дугаар хавтасны 70 дахь тал/

 

12.б. Нислэгийн тийзний хураамжийн хувьд онгоцны тийзний нөхөн төлбөр, олговор авахын тулд компанийн шугамаар захиалж, энэ талаар компанид мэдэгдэн албан шугамаар явсан тийзний үнийг баримтаар нотлохоор гэрээнд заажээ. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан нөхцөл байдал үүссэн гэх байдлыг нотолж чадаагүй байна.

 

12.в. Талууд гэрээгээр орон сууцны олговорт сард 4,300 ам.доллар байхаар тохиролцсон ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх орон сууцны хөлсийг хувиасаа төлсөн болохыг баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч энэ нэхэмжлэлийг няцааж орон сууцны төлбөрийг компаниас төлсөн гэх агуулгаар тайлбарлаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь уг төлбөрийг компани биш өөрөө төлсөн гэх баримтыг гаргаж өгсний үндсэн дээр шаардах эрх үүснэ.

 

12.г. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид холбогдох эдгээр шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

13. 2019 оны 04 дүгээр сард аудитын шалгалтаар гарсан хохиролд үндэслэлгүй суутгасан 30,814 ам.доллар буюу 86,706,504 төгрөг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

13.а. Талууд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 30,814 ам.долларыг компанид буцаан төлөх үүргийг хүлээжээ. Тодруулбал, тус компанийн дотоод аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар дээрх гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай, хийж байгаа үйлдэл, хэлцлийн утга учрыг ойлгох боломжтой тул гэрээг дарамт шахалтын үндсэн дээр байгуулсан гэж үзэх боломжгүй. /хэргийн 2 дугаар хавтасны 50 дахь тал/

 

13.б. Нэхэмжлэгч нь тус гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурснаар аудитын шалгалтаар гарсан хохирлыг суутгуулахыг зөвшөөрсөн байна.

 

Иймд аудитын шалгалтаар гарсан хохирол төлүүлснийг буцаан шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14. Сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн байна.

 

14.а. Талуудын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж, ажил олгогчоос хариуцагчаас гэрээгээр тохиролцсон цалин хөлсийг төлж байжээ.

 

14.б. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг тухайн компанитай ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг С И ХХК-ийг үүсгэн байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хохиролд 360,873,234.05 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

14.в. Анхан шатны шүүхээс хариуцагчийг дээрх шаардлагыг хуульд заасны дагуу 3 сарын дотор холбогдох байгууллагад гаргах байтал гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

15. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигдчын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/01118 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор 30,000 ам.доллар буюу 85,389,600 төгрөг, алданги 610,149 ам.доллар буюу 1,736,678,895 төгрөг, эрүүл мэндийн даатгалын төлбөр 14,000 ам.доллар буюу 39,848,480 төгрөг, орон сууцны түрээсийн төлбөр 5,000 ам.доллар буюу 14,231,600 төгрөг, унааны зардал 5,000,000 төгрөг, гар утасны төлбөр 7,000 ам.доллар буюу 19,924,240 төгрөг, нислэгийн тийзний төлбөр 16,200 ам.доллар буюу 46,110,384 төгрөг, илүү цаг ажилласан олговор 1,079,162 ам.доллар буюу 3,071,640,384 ам.доллар, үндэслэлгүй суутгасан суутгал 30,814 ам.доллар буюу 86,706,504 төгрөг гаргуулах болон 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан ээлжийн амралтын олговор 101,286 ам.доллар буюу 288,291,554 төгрөг гаргуулах шаардлагын 83.182 ам.доллар буюу 236,735,972 төгрөг,

гишүүнчлэлийн хураамжид 17,500 ам.доллар буюу 49,810,600 төгрөг гаргуулах шаардлагын 7,500 ам.доллар буюу 21,345,000 төгрөг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 06 дугаар сарын цалингийн суутгал 1,500 ам.доллар буюу 4,269,480 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,555,582 төгрөг, 28,465,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалт болон 3 дахь заалтын ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 5,122,2535,849 төгрөгийг А М ХХК-аас гаргуулах гэснийг хасаж,

4 дэх заалтын ...28,281,369 гэснийг ...1,469,702 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А М ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,743,540 төгрөг, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,959,152 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ