Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01641

 

 

 

 

 

 

 

 

2022 09 02 210/МА2022/01641

 

 

 

Ц ц у ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/01643 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц ц у ХХК-ийн хариуцагч А х б ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 80,714,441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ц ц у ХХК-ийн захирал С.Т , А х б ХХК-ийн захирал Б.Д нар 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дулааны эрчим хүчний гэрээг байгуулсан. А х б ХХК нь Хэнтий аймгийн төвд Хэрлэн хороолол орон сууцны зориулалттай 6 давхар, 2 барилгыг байгуулан, Ц ц у ХХК-аар дулаан хангуулахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр Хэрлэн хорооллын А51, А57 дугаар байрны дулаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, зураг төсөл, техникийн нөхцөлийн шаардлага бүрэн хангагдсан нөхцөлд шинээр барьсан буюу өргөтгөл шинэчлэл хийсэн барилгыг шугам сүлжээнд холбож, дулааны эрчим хүчээр хангахаар тохиролцсон.

Ц ц у ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн А х б ХХК-ийн А51, А/57 дугаар орон сууцны барилгыг дулаан хангамжаар хангасан. А х б ХХК нь хэрэглэгчид орон сууц борлуулах хүртэл хугацааны дулаан хангамжийн төлбөрийг гэрээнд заасан дүнгээр буюу 1 м.куб-ыг 1,150 төгрөгөөр тооцож, 1,804.2 м.куб талбайтай орон сууц, нийтийн эзэмшлийн талбай, зоорийн 2 барилга 592,6*2-1191,2 м.кв эзлэхүүн талбайгаар тооцож, нийт төлбөл зохих төлбөрийг төлж байхаар тохиролцсоны дагуу гэрээний төлбөр 112,625,877 төгрөг болсон.

Үүнээс 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 58,816,250 төгрөгийг төлсөн. Хариуцагч Алаг хайрхан ХХК нь дулааны эрчим хүчний гэрээний үүрэгт 2015 оны 01, 02, 03, 04, 10, 11, 12 дугаар сар, 2016 оны 01, 02, 03, 04, 10, 11, 12 дугаар сарууд, 2019 оны 01, 02, 03, 04 дугаар саруудын эрчим хүчний төлбөр болох нийт 53,809,627 төгрөгийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй.

А х б ХХК-ийг Хэнтий аймгийн төвд орон сууцны барилга барьсан цагаас нь хойш дулааны эрчим хүчээр хангаж ирсэн бөгөөд төлбөл зохих төлбөр 112,625,877 төгрөгөөс 58,216,250 төгрөгийг төлж, 53,809,627 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

А х б ХХК-ийн захирал Б.Д нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ц ц у ХХК-ийн захирал С.Т тай уулзаж, үлдэгдэл төлбөр тооцоотой танилцаж, төлбөрийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан.

А х б ХХК-аас төлбөрийг удаа дараа нэхэмжилсэн боловч төлөхөөс зайлсхийж, компанийг төлөөлөх эрхгүй этгээд Б.Д ийг шүүхийн шийвэрийн дагуу цагдаагийн байгууллагатай хамтарч эрэн сурвалжилж олсон. Иймд А х б ХХК-аас үндсэн төлбөр болох 53,809,627 төгрөг, алданги 26,904,813 төгрөг нийт 80,714,441 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь Ц ц у ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дулаан эрчим хүчний гэрээ байгуулсан. Гэрээний хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс айлууд орох хүртэлх хугацаагаар гэж ба гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан байж, 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлээд хугацааг тооцсон нь ойлгомжгүй байна.

А х б ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн хорооллын А51, А57 дугаар байруудын гадна инженерийн шугам, сүлжээний хэсэгчилсэн ажил, уурын зуухны тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээн өгсөн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүнгийн тооцоолол ойлгомжгүй ямар баримтыг үндэслэж төлбөр шаардаж байгаа нь тодорхой биш учраас алданги шаардсан нь тодорхой биш байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дулааны эрчим хүний гэрээг үндэслэж байна. Айл өрх орох хүртэл хугацаагаар гэж гэрээнд дурдсан тул хэзээ айлууд орсныг нотлох ёстой. Айл өрх орсон талбайд хэзээнээс эхлэн халаалт өгсөн гэдгээ нотолно, хэзээ нийлүүлсэн халаалт гэдэг нь тодорхой бус байна.

Уг барилгыг А х б ХХК нь эзэмшдэггүй, орон сууцны зориулалттай барилга байсан.

Дулааны эрчим хүчний гэрээний 3.9-д шинэ хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралтад хяналт тавин, техникийн нөхцөл зураг төслийн дагуу хийлгэж, ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд төлөөлөгчөө оролцуулах гэж заасан ч энэ талаарх баримтгүй.

Гэрээний 6-д хангагч хэрэглэгчийн хооронд хийгдэх тооцоог гэрээг үндэслэн 1 м.куб талбайн үнийг тухайн жилд эрчим хүчний зохицуулах салбар /хороо/ зөвлөлөөс баталсан үнээр тооцож НӨАТ-ын 10 хувь нэмэгдүүлж тооцно гэж заасан. Тухайн жилийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон үнэ гэдэг нь харагдахгүй байна.

Гэрээндээ 1,150 төгрөгөөр тооцохоор заасан ба Эрчим хүчний зохицуулах газраас уг үнийг тогтоох ёстой юу, эсхүл Ц ц у ХХК тогтоох ёстой юу гэдэг нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч А х б ХХК-аас 53,809,627 төгрөг гаргуулж, Ц ц у ХХК-д олгож, нэхэмжлэлээс 26,904,814 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц ц у ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561,522 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А х б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 426,998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц ц у ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, талуудаас гарган өгсөн нотлох баримтад зөв дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр мөнгө гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.а. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, ийм гэрээний дагуу нэхэмжлэгч ямар нэг нэхэмжлэл гаргаагүй байтал шүүх хууль буруу хэрэглэн, төлбөр гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан байдаг бөгөөд хугацааг 2015 онд айлууд орон хүртэл хугацаагаар тогтоосон байдаг. Гэрээний хугацаа 2015 онд дуусах байтал нэхэмжлэгч тал тооцооллоо 2015-2018 оны халаалтын төлбөр гэж тооцсон тооцооны жагсаалт гарган өгч нэхэмжилсэн байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч талаас халаалтыг хэзээнээс өгсөн талаар нотлох баримт гарган өгөөгүй. Айлууд 2015 оны 6 сараас эхлэн орсон талаар нэхэмжлэгч тал жагсаалт гарган өгсөн. Халаалт 05 дугаар сарын 15-наас зогсож, 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өгдөг стандарт байдаг. Айлуудын ихэнх нь 10 дугаар сарын 01-нээс өмнө орсон, мөн 6 дугаар сарын халаалтын төлбөр байтал тэдгээрийг харгалзан шүүх нэхэмжлэлээс 53,809.67 төгрөгийг гаргуулсанд гомдолтой байна.

4.б. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хэдэн тоотын хэдэн м.кв талбайн ямар хугацааны халаатын төлбөр нэхэмжилж буй нь тодорхой бус, уг халаалтуудыг өгснөө нотолсон баримт байхгүй, орсон айлын нийт талбайгаар тооцсон гэрээний эзэлхүүнээр тооцсон эсэх нь ойлгомжгүй, хугацаа тодорхой бус, нэхэмжлэгчээс гарган өгсөн айлуудын орсон хугацааг шүүх ямар нотлох баримтад тулгуурлан хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй, халаалтын хөлсийг Эрчим хүчний зохицуулах газраас тоггоосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийг хангаж, 53,809.67 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.в. Маргаан бүхий талбайн 2 барилгыг улсын комисст хэзээ хүлээлгэн өгсөн нь тодорхой бус, улсын комисст хүлээлгэн өгөөгүй барилгад дулаанаар хангах нь хууль зөрчсөн байтал шүүх зөрчилтэй эрхийг хамгаалж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс нэг тал нь дулаан эрчим хүчээ худалдаж, төлбөр төлөх харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийсэн, эсхүл татгалзаж үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.1-т заасан үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаар үүснэ. Шүүх Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 8.1.8-т заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Эрчим хүчээр хангах тухай Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад дулаанаар хангах тухай заасан. Дулаан цахилгаан гэх 2 ойлголт нь тус тусдаа ойлголттой зүйл юм. Дулааныг эрчим хүчээр хангах дүрмийн дагуу холболтоо хийсэн бөгөөд тухайн дүрмэнд заавалд Улсын комисс ажиллаж, зөвшөөрснийг дулаан цахилгаанаар хангана гэх заалт байхгүй. Тухайн барилгын техникийн нөхцөл байдал бүрдсэн тул дулаанаар хангах боломжтой гэж үзсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч Ц ц у ХХК нь хариуцагч А х б ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 80,714,441 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дулааны эрчим хүчний гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц ц у ХХК нь А х б ХХК-ийн шинээр барьж байгаа орон сууцны барилгыг дулааны эрчим хүчээр хангах, А х б ХХК нь халаалтын үйлчилгээний үнийг 1,150 төгрөгөөр тооцож төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 14-20/

 

3.б. Эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг Эрчим хүчний тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Иймээс талуудын хооронд үүссэн харилцаанд нарийвчилсан дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагатай байна.

 

3.в. Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхээр, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх ба Зохицуулах зөвлөлийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах журамтай .

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/01643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А х б ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ