Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01660

 

 

 

 

 

 

 

 

2022 09 05 210/МА2022/01660

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/02153 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч С.Т д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г , хариуцагч С.Т , хариуцагчийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Э ХХК нь С.Т тай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худгийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, 1 метр тууш өрөмдлөгийг 140,000 төгрөгөөр 80 метр өрөмдөхөөр тохиролцсон.

Өрөмдлөгийн явцад 80 метрийн гүнээс ус гараагүй тул захиалагчтай харилцан тохиролцож 120 метр өрөмдсөн. Нэмэлтээр нуралтаас сэргийлж 120 метр ПВС хоолой суулгасан. Гүний насос, хэрэгсэл нь худгийн гүнийг дагаад гэрээнд заасан хэмжээнээс томорч хүчин чадал нь гүн болох тусам к.вт буюу тогны хүчин чадал ихэсдэг. Эдгээрийг өөрчилж С.Т ын худгийг хийж гүйцэтгэсэн.

С.Т тухайн үед ирж очиж явж байсан бөгөөд өрөмдөж дуусахад байгаагүй тул малаа усалж байсан хүнд худгийг нь хүлээлгэж өгсөн. Худгийн метр хэмжээг тооцож фото зургаар баталгаажуулан акт үйлдэж хүлээлгэн өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны үед С.Т над руу ярьж худгийн таг хөлдөөд байна, насос доторх клаб буюу хавхлаг тавьбал хөлдөлт үүсэхгүй, үүнийг авч өгөөч гэж хүсэлт гаргасан.

Манайх хүсэлтийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр очиход худгийг ашиглах боломжгүй болгож, суулгасан насос, усны хоолойг голоор нь тасалж, нэг хэсэг нь ил гараад нөгөө хэсэг нь худгийн гүн рүү унасан байсан.

Манай компани хүлээлгэж өгсөн худагтаа нэг жилийн баталгаа гаргаж өгдөг. Энэ баталгаат хугацаанд ямар нэгэн эвдрэл гэмтэл, доголдол илэрвэл үнэ төлбөргүй засдаг. Харин засахаас өмнө хэн нэгнээр дур мэдэн оролдуулах, мэргэжлийн бус хүнээр засуулах эрхгүй. Гэтэл худгийн тагийг нь авч механик эвдрэл үүсгэсэн байсан.

С.Т аас худгийн өрөмдлөгийн ажлын хөлс болох 7,300,000 төгрөг, гэрээний 30-д заасан нэмэлтээр ПВС хоолойг 120 метр суулгасны 2,100,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Аргалант сум руу С.Т ын ажлын хөлсөнд өгөх ёстой үхрийг нь авахаар явсан шатахууны зардал 100,000 төгрөг нийт 9,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь 10 дугаар сарын 30-ны өдөр худаг ухсан.

Гэрээ хийхийн өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 11,000,000 төгрөгийн 70 хувь буюу урьдчилгаа 7,000,000 төгрөгийг нь нэхэмжлэгчид шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдоно.

Бид гэрээ байгуулахаас өмнө Э ХХК 11,000,000 төгрөгт худагтай болгохоор амаар тохиролцсон. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр худгийн ус гарч, устай болсон. Гэрээнд 80 метр ухна гэсэн заалт оруулсан байсан ба хэдэн метр ухсан ч 11,000,000 төгрөг гэж тохирсон. Ш.Г тай утсаар ярихад санаа зоволтгүй, танайх устай болсон учраас бид үлдэгдэл мөнгөө авмаар байна гэхээр нь би итгээд гэрээнд гарын үсэг зурсан.

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр худаг дотор насосоо байршуулсан ба намайг 17 цагийн үед очиход насосыг суулгачихсан худгаас ус гарч байсан. Нэхэмжлэгч надад хэдэн метр утас, ямар хэмжээтэй орсныг үзүүлээгүй, ажил хүлээлцсэн актад гарын үсэг зуруулаагүй. Н.Б гэх хүн нь 20 минут ажиллуулаад насосыг нь амраагаарай гэж хэлсэн.

Ш.Г гэрээний үлдэгдэл 1,500,000 төгрөгт үхэр авахаар тохиролцсоноос өөр төлбөр яриагүй. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө худгийн ус гарахаа больж, хавхлаг нь хаагдаад дээшээ сорогдож байсан, ус буцаж буухдаа худгийн аман дээр гарч хөлдсөн.

Э ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр очиж үхрээ авахдаа янзалж өгье өмнө нь амжихгүй гэсэн. Малчид худгийн хавхлагийг нь аваад буцаагаад хийж болдог гэхээр нь худгийг онгойлгож байгаад ПВС хоолойг нугалсны улмаас хугарсан.

2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн үед Э ХХК-аас 2 хүн ирсэн, ПВС хоолойг нь залгаж хийсэн боловч ус гараагүй. Ингээд Эрдэнэ эх ХХК-аар 300,000 төгрөг төлж засуулсан. Гэтэл насосыг өргөх явцад тросс тасарсан ба 2 тросстой байх байтал 1 тросстой хийсэн байсан тул шинэ насос суулгах болж 600,000 төгрөгөөр авсан.

Нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө үхрээ авъя гэхэд нь би өгөөгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй, ус гарахгүй байгаа худгийг хүлээж авахгүй гээд явуулсан. Нэхэмжлэгч талын 9,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтээр худгийг 120 метр биш, 100 метр ухсан гэж тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Т аас 3,600,000 төгрөг гаргуулж Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн бусад хэсэг болох 5,900,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т аас 72,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ПВС хоолойны, 2,100,000 төгрөгийн зардал нэмэлтээр гарсан гэх баримт бүрдүүлсэн байх ба энэ зардал нь нэмэлт зардал биш бөгөөд анхнаасаа худаг ухах газрын хөрсний байдлаас шалтгаалан хийдэг хоолой бөгөөд үндсэн гэрээнд тусгагдсан. Гэтэл шүүхээс нэгэнт өмнө нь төлсөн зардлыг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний бие гэрээнд тусгасан зардал дээр нэмж 900,000 төгрөгийн зардал гаргаж, Эрдэнэ-Эх ХХК-аар шинэ насос авч тавиулан нэмэлт ажлын зардал гаргасан талаараа анхан шатны шүүхэд мэдүүлсээр атал буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Гэрээний 11-д гүйцэтгэсэн ажлыг хүлээж авна, зааврын дагуу ашиглана, цооног өрөм дуусмагц өрөмдлөгийн тууш метрийг өөрсдийн биеэр, эсхүл төлөөлөгчөөр шалгаж хүлээж авах үүрэгтэй гэж заасан. Тус үүргээ биелүүлээгүй нь ажлыг хүлээн аваагүй гэх үндэслэл болохгүй гэж гэрээнд тодорхой тусгасан.

Гэрээний 13-д ажлаа дуусгаж захиалагч талын төлөөлөгчийг байлцуулан бичгийн хэлбэрээр акт үйлдэж хүлээлцэнэ гэж заасны дагуу акт үйлдсэн. Хариуцагч тал 1,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбартаа дурдаж байна.

Захиалагч нар ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй нөхцөлд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Гэрээний 30-д цэвдэгтэй нуралттай гэх мэт, хөрсний онцлогоос шалтгаалаад нэмэлт халаагч термокабель, турбо, PVC хоолой суурилуулах тохиолдолд гарах зардлыг захиалагч талаас гаргуулах ба ажлыг хүлээлгэн өгөх хугацааг 2 өдрөөр хойшлуулж болно гэж заасан. Тус заалттай уншиж танилцаагүй гэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч С.Т д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон нэмэлт зардалд нийт 9,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Э ХХК нь өөрийн машин тоног төхөөрөмжөөр 1 метрийн 140,000 төгрөгөөр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч С.Т нь үнийн дүнгийн 70 хувь буюу 7,700,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 30 хувь буюу 3,300,000 төгрөгийг өрөмдлөгийн ажил дуусаж насос тавихаас өмнө төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх6-7/

 

Анхан шатын шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

3.б. Нэхэмжлэгч нь 1 тууш метр өрөмдлөг хийх төлбөрийг 140,000 төгрөгөөр тохирсон, 120 метр өрөмдлөг хийсэн ажлын хөлс 16,800,000 төгрөгөөс хариуцагчийн хэсэгчилж төлсөн 9,500,000 төгрөгийг хасч үлдэх 7,300,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч үгүйсгэж хэдэн метр өрөмдлөг хийхээс хамаарахгүй ажлын хөлсийг 11,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж маргасан байна.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч нь маргааны зүйл болох гүний худгийг 100 метр гүн ухсан гэж дүгнэжээ. /хх70-85/

 

Дээрх баримтаар нэхэмжлэгч нь 80 метр гүн өрөмдлөг хийгээд ус гараагүйгээс 100 метр гүн өрөмдлөг хийснээр ус гарсан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.

 

3.в. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай хийх ажлын хэмжээ нэмэгдсэнээр хөлс нэмэгдэх талаар мэдэгдэж, талууд тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй. Гэрээнд уг нэмэлт ажлын талаар мэдэгдэж, өөрчлөлт оруулсан талаар баримтгүй тул шүүх ажлын хөлсийг гэрээгээр тохирсон 11,000,000 төгрөгөөс тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

3.г. Талуудын хэн аль нь гүний худагт PVC хоолой суурилуулсан талаар маргаагүй, харин хариуцагч нь PVC хоолой суурилуулсан нь нэмэлт зардал биш, гэрээнд тусгагдсан зардал гэж маргасан байна.

 

Хэргийн 8 дахь талд авагдсан гүний худаг хүлээлцсэн акт гэх баримтад 105 мм диаметр бүхий PVC хоолойг шүүрийн хийцтэйгээр 120 метрийг цооногийн гүнд нуралтаас сэргийлж хийсэн гэж тэмдэглэгджээ.

 

Иргэний хуульд заасан нэмэлт ажил хийх шаардлагатай бол нөгөө талд урьдчилан мэдэгдэх зохицуулалтыг гэрээнд тухайлан тохиролцоогүй үед хэрэглэдэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 30-д цэвдэгтэй, нуралттай гэх мэт хөрсний онцлогоос шалтгаалан нэмэлт халаагч термо кабель, труба PVC хоолой суурилуулах тохиолдолд гарах зардлыг захиалагч талаас гаргуулах гэж заажээ. /хх 6-7/ Тус гэрээг захиалагч тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул энэ зардлыг төлөх ёсгүй гэх татгалзал гаргах эрхгүй. Иймд PVC хоолойны мөнгийг гаргуулах ёсгүй байсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгү, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэлт ажлын зардалд гарсан 2,100,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4.а. Харин шүүх хариуцагчийн гүний худгийн эвдрэлийг засуулахад 900,000 төгрөгийн зардал гарсан гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бусад нотлох баримттай харьцуулан үнэлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсоны дагуу гүний худгийн ажлын үр дүнг хариуцагч С.Т д хүлээлгэн өгөөгүй, өөр этгээдэд өгсөн болох нь хэрэгт авагдсан ажил хүлээлцсэн акт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх8/

 

4.б. Уг гүний худгийг хариуцагчид хүлээлгэн өгч, ашиглах зааварчилгаа өгөөгүй байгаа нь Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт заасан ажлын болон үүргийн шинж чанараас шалтгаалж мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч энэ үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой гүний худаг эвдэрсэн ба нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотойгоор засвар хийхэд 300,000 төгрөг, насосын үнэ 600,000 төгрөг нийт 900,000 төгрөгийн зардал гарсан тул энэ зардлыг нэхэмжлэгч хариуцах үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажлыг хүлээлгэж өгөхөөс өмнө буюу зааварчилгаа мэдээллийг хариуцагчид өгөхөөс өмнө үүссэн эрсдэл нь ажил гүйцэтгэгчид хамаарах тул худгийн мотор эвдэрсэн солихтой холбоотой зардлыг нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч хариуцана.

 

4.в. Түүнчлэн, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, ажлын үр дүнг хүлээлгэж өгөх хугацааг гэрээгээр зохицуулаагүй, хариуцагчид ажил хүлээлгэн өгөх талаар мэдэгдсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд хариуцагч нь гэрээгээр тохиролцсон ажлын эвдэрлийг засахад гарсан 900,000 төгрөгийн нэмэлт зардлыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй тул энэ зардлыг 3,600,000 төгрөгөөс хасаж үлдэх 2,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/02153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ гэснийг ...2,700,000 гэж, ...5,900,000 гэснийг ...6,800,000 гэж,

2 дахь заалтын ...72,550 гэснийг ...58,150 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Т ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ