| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0296/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/311 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-д холбогдох эрүүгийн 1838007080345 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-22-04 тоотод иргэн Г.Ц1 тооны үхрийг хулгайлан нядалж 750.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-22-04 тоотод иргэн Г.Ц1 тооны үхрийг хулгайлан нядалж 750.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 09 сарын 09-ний орой манай гудмаар үхэрнүүд явж байсан бөгөөд хашаан дотор эвэр нь цэнхэр будагтай нэг үхэр ороод ирсэн байхаар нь хашаан дотор байдаг амбаартаа оруулаад цохиод, цусалсан. Маргааш өглөө нь зах дээр нэг манаач хийдэг хүнээс нядалгаа хийдэг хүн байна уу гэж асуусан чинь тэр манаач хүн нэг дугаарлуу залгаад уул нь мал гаргахдаа сайн хүн байгаа юм, нэг хүнтэй ярьчихлаа, танай гэрийн хаягийг өгчихье гэхээр нь би за за гээд гэрлүүгээ алхаж очоод удалгүй байж байтал 10 орчим минутын дараа нэг эрэгтэй хүн ирээд үхэр янзлуулах хүн мөн үү гэхээр нь мөн байна гээд би үхрээ өвчүүлж байгаад би энэ үхэр буруу гарын мал байгаа юм шүү гэсэн чинь дургүйцээд яваад өгсөн. Би тэр үхрийг зарж мөнгө олох зорилгоор нядалсан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 09 дүгээр сарын 10-ны үүрээр 05:00 цагийн үед босоод хартал манай үхэр байхгүй байсан. Тэгэхээр хүргэн Баасандоржийг “ миний хүү босоорой, үхэр байдаггүй” гэсэн чинь манай хүргэн, хөгшин хоёр үхрээ хайхаар яваад Мөрөнгийн хойно морь барьдаг далангийн тэнд байна гэсээр үхрээ тууж ирсэн. Тэгээд тэр хоёр “манай алаг монгол байхгүй байна” гэхээр нь би “ямар” гэсэн чинь “алаг тугалын эх” гэж хэлсэн. Тэгээд цагдаад хэлсэн чинь Мөнхжаргал гэдэг хүн таны үхрийг олсон. Та одоо очоод үз гэхээр нь Мөрөн сумын 3-22-04 тоотод цагдаа нартай хамт очсон. Тэгээд цагдаа амбаарын хаалгыг онгойлгоод “за энэ танай үхэр мөн үү” гэхээр нь би үхрээ таниад мөн байна гэж хэлсэн ...үхэр маань толгой нь амбаарын үүд рүү харсан байдалтай, арьсыг нь хагас өвчсөн, зүүн талд нь урт мод эвсэн, гэдсийг нь цоолоод хаячихсан байсан...Би 680.000 төгрөг бэлнээр нь Гээс авсан. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө хашаан дотроо юм янзалж байтал сэвс шиг юм үнэртээд байхаар нь хашааны завсраар хартал 3-22-04 тоот хашаанд битүү саравчин дотор үхэр алаад, гэдсийг нь цувуулаад хаячихсан байсан. Тэгээд харахад тус хашаанд байх айлын зуны амбаар нь цоожтой байсан. Тэгээд эзэнгүй хашаан дотор хулгайн юм л байгаа байх гэж бодоод цагдаагийн байгууллагад ирж мэдэгдсэн. Тэгээд гэртээ ороод дахиад хашааны завсараар хартал нэг хүн үхэр өвчиж байхаар нь хашааны хаалган дээрээ гартал манай хөрш 3-22-04 тоотод байдаг Г гэх залуу гарч ирээд намайг дуудсан. Тэгэхээр нь би “яасан” гэсэн чинь Г “би нэг үхэр гаргаад танд гэр мах өгөх гэсэн юм” гэхээр нь би “юун гэр мах” энэ юун үхэр юм, чиний үхэр юм уу” гэсэн чинь Г “энэ миний үхэр” гэхээр нь “хэдийд үхэр алсан юм” гэсэн чинь “би өчигдөр алсан юм, тэгээд өөрөө ажиллаж чадахгүй болохоор нь хүн гуйж өвчүүлж байгаа юм” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “өөрийн юм л юм бол юунд ийм битүү ажилладаг юм, наад чинь өмхийрлөө ш дээ” гэсэн чинь “аа ил гаргаад яахав гэж бодоод энэ дотор гаргасан юм” гэхээр нь би “ би тэгвэл танайд хүн байхгүй, эзэнгүй хашаанд үхэр нядалсан байхаар нь хулгайн юм бодоод сэргийлэхэд мэдэгдчихээд ирлээ” гэсэн чинь “өө та сэргийлэхэд хэрэггүй хэлж дээ” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…өглөө босоод хартал үхэр байхгүй байна гэхээр нь араас нь хүргэн явсан. Тэгээд хүргэн Баасандорж “үхэр маань морь барьдаг далангийн тийшээ явсан байна. Нэг алаг үнээ маань байхгүй байна” гэсээр үхрээ тууж ирсэн. Тэр өглөөнөө цагдаа дээр очиж тэмдэглүүлчихээд байж байтал удалгүй цагдаагаас залгаад танай үхэр байж магадгүй нэг үхэр оллоо гэхээр нь хөгшин бид хоёр яваад очтол Мөрөн сумын 3 дугаар хороонд нэг хашаан дотор манай алга болсон үнээг нядалж, гэдсийг нь цувуулаад тал өвчөөд тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би энэ залууг танихгүй гэхдээ урьд нь харж байсан залуу байна Энэ залуу намайг 2018 оны 09 дүгээр сарын эхээр намайг захын Мөрөн дэлгүүрийн хажууд талбайгаа шүүрдэж байхад өглөө 7:00 цагийн үед ирээд захын нядлагч нар цуглаагүй байна танд мал нядалдаг хүн байна уу гэхээр нь би манай нэг хадам ах байдаг юм гэсэн чинь яриулаад өгөөч гэхээр нь утсаар яриулсан чинь би нэг бод гаргах гэсэн юм, та гаргаад өгөөч мөнгийг нь өгий гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би үхэр янзлуулна гэсэн хаягаар очоод энэ үхэр янзлуулна гэсэн айл мөн үү гэсэн чинь Г гэх залуу гарч ирээд мөн, мөн гэхээр нь хашаанд ортол үхэр байхгүй байхаар нь үхэр чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь Г энд байгаа гээд хашаан дотроо байх саравчтай хашаа руу дагуулаад ортол хашаан дотор нэг талыг нь дутуу хуулсан. Гэдсийг нь яраад хаячихсан, алцан үхэр байсан. Тэгэхээр нь би “за ах нь явлаа ийм юм янзлахгүй” гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 25 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838007080345 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Г нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 35 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838007080345 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 2 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Гийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Г-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Гэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн 1838007080345 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 2 ширхэгийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР