Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
Хэргийн индекс | 121/2016/0023/З |
Дугаар | 01 |
Огноо | 2016-12-21 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 01
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж,
Нэхэмжлэгч:Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг, 359-р байрны 1-р орц, 24 тоотод оршин суугч, Хөмчид овогт Гончигдашийн Бямбасүрэн
Хариуцагч:Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Ганчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Ганчимэгт холбогдох “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15104/003/36 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бүргэдэйн аманд” 2016 оны 06 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд өмнө нь ухсан байсан өргөн нь 60м, урт нь 50м газрыг ухаж, эргээд энэ газартаа нөхөн сэргээлтийг хийсэн.
Үүнд Мэргэжлийн хяналтын газраас13.367.600 төгрөгийн акт тавьсан байгаа. Үүнийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна.
Тэнд маш олон уурхай эрүүл газрыг ухсан байгаа. Би тэр жижигхэн газрыг ухаад газар доороос нь юм олж авч чадаагүй. Би эргээд нөхөн сэргээлтийг хийсэн байхад ийм хэмжээний мөнгийг надаас нэхэж байгаад их гомдолтой санагдаад Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үнэлгээний компаниуд ирээд 600000 гаран төгрөгийг шинжилгээний зардал гэж авсан байгаа.
Мэргэжлийн хяналтын газар 13.367.000 төгрөгийн акт тавиад захиргааны хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Тухайн үед Мэргэжлийн хяналтын газрын даргадгомдол гаргаж хэрэгсэхгүй болгох10 хоногийн хугацаа байдаг юм билээ. Би тухайн өдрүүдэд Мэргэжлийн хяналтын даргатай уулзах завгүй байгаад гомдол гаргаж чадаагүй гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа:2016 оны 08 дугаарсарын 01-ний өдрийн 304 дүгээр тогтоолын дагуу Г.Бямбасүрэнд захиргааныарга хэмжээ оногдуулсан байгаа.
Өвөрхангай аймгийн Уянга сумын Цагдаагийн газраас Бөөрөлжүүт, Бүргэдэй гэх газруудад хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан 11 хүнийг шалгуулахаар болсон. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 304 дугаартай Прокурорын тогтоолд даалгасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн акт тавьсан.
“ЖЭМР” ХХК-иар газар ургамал хөрсөнд учруулсан хохирлын хэмжээг тогтоолгосон.Шинжээчдийн дүгнэлтээр нийт 6132000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.
Үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар нөхөн төлбөрийг яаж тооцохыг зааж өгсөн байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Байгаль орчинд учруулсан хохирлыг ойн сав, амьтны аймаг, газрын хэвлий, ус, хөрсөнд гэж тав ангилдаг. Үүнийг Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ байдаг. Үүнийг яаж тооцохыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээрзүйлийн 49.4 дэх хэсэгт тодорхой зааж өгсөн байдаг. Үүнд ой, саванд учруулсан хохирлыг 3 дахин, амьтны аймагт учруулсан хохирлыг 5 дахин, ургамлын аймагт учруулсан хохирлыг 5 дахин, усны аймагт учруулсан хохирлыг 3 дахин, газарт учруулсан хохирлыг 3 дахин, газрын хэвлийд учруулсан хохирлыг 2 дахин, хөрсөнд учруулсан хохирлыг 3 дахин гэх мэтээр тус тусад нь заасан.
Анх учруулсан хохирлыг Байгаль, орчны тухай хуульд зааснаар мэргэжлийн байгууллагаар тогтоодог.
“ЖЭМР” ХХК-иар тогтоосон үнэлгээний дагуу тооцоод нийт учруулсан хохирол нь13,367,600 төгрөг болж Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч акт тавьсан.
Акт тавьсан үндэслэл нь болохоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт улсын байцаагчийн бүрэн эрхийг заасан байдаг. Мөн Байгаль орчны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт байгаль орчны байцаагчийн бүрэн эрхийг мөн заасан. Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д зааснаар нөхөн төлбөр төлөх болон эдгээр заалтуудыг үндэслэн энэ актыг тавьсан.
Нэхэмжлэгч Г.Бямбасүрэн нь нэхэмжлэлдээ 10 хоногийн дотор Мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргасан бол хэрэгсэхгүй болгох боломж байсан. Би мэдээгүй гэж хэлсэн байсан. Тухайн үед гомдол гаргах эрхийг танилцуулж гарын үсэг зуруулсан. Гомдол гаргасан болгон хэрэгсэхгүй болно гэсэн үг биш гэдгийг нэхэмжлэгч бас ойлгох хэрэгтэй.
Үүнийг би яагаад танилцуулаад байна гэхээр тухайн үед 960000 төгрөгийн шийтгэврийг Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар торгууль оногдуулсан. Үүнийг нэхэмжлэгч Г.Бямбасүрэн хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан.
Шийтгэврийн хуудасны доод талд энэхүү актыг эс зөвшөөрвөл хяналт шалгалт хийсэн байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж бичсэн байгаа. Мөн зөрчлийн тэмдэглэл дээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд заасныг тайлбарлан өгч нэхэмжлэгч өөрөө гарын үсгээ зурсан.
Актын хамгийн сүүлд улсын ахлах байцаагчийн актыг эс зөвшөөрвөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу Мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргах эрхтэй гэж дурьдсан байгаа. Энэ бүгдтэй өөрөө танилцсан учраас би мэдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч өөрөө хууль бус зүйл хийснээ хүлээн зөвшөөрөөд торгуулиа төлсөн байгаа.Энэ акт нь хуулийн дагуу гарсан тул хэвээр нь үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдаанаар Г.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Ганчимэгт холбогдох “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15104/003/36 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 304 дугаартай Прокурорын тогтоолоор Г.Бямбасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Мөн Прокурорын тогтоолд Г.Бямбасүрэнд Захиргааны арга хэмжээ оногдуулахыг Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид даалгажээ.
Прокурорын тогтоолыг үндэслэн Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Ганчимэг нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас захиргааны зөрчилд ногдуулах шийтгэврийн 0074245 дугаартай хуудсаар Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.9-д зааснаар 960000 төгрөгийн торгууль оногдуулсан нь хуулийн дагуу байна.
Уг торгуулийг Г.Бямбасүрэн нь төлж барагдуулжээ.
Харин 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15304/003/36 дугаартай Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн “Нөхөн төлбөр тогтоох акт”-аар Газар, байгаль орчны мэргэжлийн байгууллага “ЖЭМР” ХХК-ийн шинжээчдийн дүгнэлтээр газрын хэвлийд учруулсан экологи, эдийн засгийн хохирлын хэмжээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаартай тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тооцоход 6132000 төгрөг, үүнээс газрын хэвлийд 5140000 төгрөг хөрсөнд 782000 төгрөг, ургамалд 210000 төгрөг учруулсан байна гэсэн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3, 5.1, 5.2 дахь хэсэгт заасны дагуу
1.Газрын нөөц-5140000х2=10280000 төгрөг
2.Хөрс-782000х3=2346000 төгрөг
3.Ургамал-210000х5щ1050000 төгрөг бүгд 13676000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар тогтоожээ.
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Ганчимэгийн уг гаргасан акт нь хуулийн үндэслэлтэй болсон боловч Газар, байгаль орчны мэргэжлийн байгууллага “ЖЭМР” ХХК-ийн шинжээчдийн дүгнэлт нь хуулийн үндэслэлгүй болжээ гэж шүүх үзэв.
Учир нь уг газар нь урд ухагдсан байсан газар болох нь хэрэгт авагдсан зураглалууд, үзлэгээр нотлогдсон мөн шинжээчдийн дүгнэлт гаргахдаа эрүүл газрын байдлаар шинжээчийн дүгнэлтээ гаргасан нь хуульд нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.12-т зааснуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2-ийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Ганчимэгийн “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15104/003/36 дугаартай 13.367.600 төгрөг гаргуулах тухай актыг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ