Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2013/0482/З |
Дугаар | 221/МА2019/0001 |
Огноо | 2018-12-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2019/0001
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, гуравдагч этгээд Б.П нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0632 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0632 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 18 дугаар зүйлийн 18.4.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар иргэн Б.П-т газар эзэмшүүлэхээр олгосон хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Б.П-т олгосон улсын бүртгэлийн Y-22......... дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн хавсралтын 27 дахь хэсгийн гуравдагч этгээд Б.П-т холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Б.П-т олгосон улсын бүртгэлийн Y-22.......... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Хариуцагчийн зүгээс иргэн Б-ийн П /РД:ЧР......./-Т Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол /...../, Москвагийн гудамжны .... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22........ дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг холбогдох хууль, журмын дагуу шалгаж, хүчин төгөлдөр, хуулийн шаардлагыг хангасан байсан тул бүртгэж, 2012 оны 09 дүгээр сарын 17- ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.
Харин дээрх үйл баримтын дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 001/ХТ2018/00310 дугаар тогтоолоор иргэн Б.П-ийн мэдүүлэгт хавсаргаж ирүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хэд хэдэн хүний өмч болохыг тогтоосон байсан.
Энэхүү шинээр илэрсэн нөхцөл байдлаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу урьд хийгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулахаар манай байгууллагад хандах учиртай байтал огт тэгж хандалгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд харин шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин нэхэмжлэлээр хэрэг үүсгэж, хуульд заасан журмын дагуу олгогдсон Ү-22........... дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд бусад эрхийн улсын буртгэлийн тухай хууль /2003 оны хүчингүй болсон/-д заасны дагуу иргэн Б.П-т өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон, олгохдоо ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй ба мэдүүлэгт хавсаргасан баримтууд нь хуулийн шаардлага хангасан, бүртгэл хийхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй болно. Шүүхийн шийдвэрт заасан мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно” гэж заасны дагуу хуульд заасан татгалзах үндэслэл байхгүй тул бүртгэсэн болно.
14 зүйлийн 14.1.1-д мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг буцаах ёстой байсан гэж үзсэн нь огт үндэслэлгүй байна.
Б.П-ийн нэр дээрх газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших гэрээ, Б.П-ийн нэр дээрх кадастрын зураг мэдүүлэгт хавсаргагдсан байсан болно.
Харин шүүх бүртгэлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл /нотлох баримт хуурамч, мэдүүлэг буруу ташаа гэх мэт нөхцөл байдал/ тогтоогдоогүй байхад хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Мөн шүүхийн шийдвэрт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэсэн заалтын дагуу хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу бүртгэлд өөрчлөлт оруулж болох байсан ч энэ үүргээ биелүүлээгүй гэж дурдсан нь үндэслэлгүй болно.
Учир нь нэхэмжлэгч Б.Б Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өргөдөл гаргаж хандсаны дагуу манай байгууллагаас 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №1603 тоот албан бичгээр “Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх мэдүүлэг, хүсэлтээ үйлчилгээний цонхоор хандаж шийдвэрлүүлэх тухай” хариу өгсөн болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу шүүхийг шийдвэрийг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулахаар бүртгэлийн байгууллагад хандах нь зүйтэй бөгөөд, харин шүүх үүнийг анхааран үзэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Б.П нарын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна.
Маргаан гарах болсон үйл баримтын тухай авч үзвэл талийгаач Б.Б-ийн эзэмших эрх бүхий Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороололд байрлах 140 м.кв газар, уг газар дээрх 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь хүү Б.П өмчилж авснаас шалтгаалан маргаан гарчээ.
Анхан шатны шүүх “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар иргэн Б.П-т газар эзэмшүүлэхээр олгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Анх Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах нэгж талбарын 18.......... дугаар бүхий 140 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 006...... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрыг эзэмшүүлэх гэрээг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын аав Б.Б-тэй Нийслэлийн Газрын албанаас байгуулсан нь тогтоогджээ.
Дээрх явдлын дараа гуравдагч этгээд Б.П-аас “өөрийн аав Б.Б 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан, өвлөх эрхийн гэрчилгээ үйлдсэн учир газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлт, нотариатч Д.Ц-ийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”, бусад баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн хавсралтын 27 дахь хэсгээр Б.Б-ийн эзэмшиж байсан маргаан бүхий 140 м.кв газрыг гуравдагч этгээд Б.П-ийн нэр дээр шилжүүлэн баталгаажуулж, 04..... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгож, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээг Б.П-тай Нийслэлийн Газрын албанаас байгуулжээ.
Гэвч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэр гарч нотариатч Д.Ц-ийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г Б.П-т олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон, мөн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны ... тоот хаягт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Ц нарыг тогтоосон байна.
Уг шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхээр хянагдаад хүчин төгөлдөр болжээ.
Түүнчлэн маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Б.П-т эзэмшүүлэх эрх олгогдсон шийдвэрийн үндэслэл болсон өвлөх эрхийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай гэрчилгээг Б.П-т олгосон нотариатын үйлдлийг шүүхээс хүчингүйд тооцож, мөн шүүхээс маргаан бүхий газрын хууль ёсны хамтран эзэмшигчийн нэгээр нэхэмжлэгч Б.Б-г тогтоожээ.
Нэгэнт шат шатны шүүхийн шийдвэр гарч уг газрыг дан ганц Б.П эзэмших ёсгүй болохыг тогтоосон тул түүнийг газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн хавсралтын 27 дахь хэсгийн гуравдагч этгээд Б.П-т холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.
Гуравдагч этгээд Б.П шүүх хуралдаанд “Б.Б ч гэсэн өвлөх эрхийн гэрчилгээ сэм бичүүлж авсан байсан, 3 гэрчилгээ гарч ирсэн” гэж тайлбарлаж байна. Талийгаачийн өвлөгдөх хөрөнгийг дан ганц Б.П өмчилсөн нь буруу гэж иргэний хэргийн шат шатны шүүх шийдвэрлэж буйтай адил Б.Б ч тухайн газар болон үл хөдлөх хөрөнгийг дангаараа өмчлөх боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Нөгөө талаар Б.П-аас “Б.Б-гийн сэм авсан өвлөх эрхийн гэрчилгээ”-ний талаар тайлбарлаж байгаа боловч тэрхүү өвлөх эрхийн гэрчилгээ нь захиргааны хэргийн шүүхийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарахад болон төрийн бусад байгууллагын шийдвэр гарахад нөлөөлөөгүй байна. Тэрхүү өвлөх эрхийн гэрчилгээг нь үндэслэн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн бүхэлд нь Б.Б-д өвлүүлсэн, өмчлүүлсэн, Б.П-ийг хохироосон зүйл алга. Шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу өвлөгдөх хөрөнгийг талуудад хуваарилж шийдсэн байна.
Эсрэгээрээ “Б.Б-ийн сэм авсан” гэх 3 ширхэг өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байлаа ч энэ нь Б.П-ийг тухайн газар эзэмших эрх, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг дангаараа өвлөж авах этгээд гэж үзэх үндэслэл болохгүй. /хэрэгт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 420/278510 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б-ийн 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 98 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон баримт авагдсан/
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох “Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Б.П-т олгосон улсын бүртгэлийн Y-22......... дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар гуравдагч этгээд Б.П нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст “Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Москвагийн гудамжинд байрлах .... дүгээр байрыг нийт 86.000.000 төгрөгөөр барьж босгосон. Одоо уг барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа ... тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг холбогдох баримтын хамт 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж, эрхийн улсын бүртгэлийн Y-22........ дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр авчээ.
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрээр тухайн барилгын өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Б-г тогтоожээ. Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны .... тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхрын өмчлөгчөөр Б.Б-г, мөн барилгын 2 дугаар давхрын өмчлөгчөөр Я.Ц-г тус тус тогтоон, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны .... тоот хаяг бүхий 3 давхар үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Б, Я.Ц, Б.П нарыг тогтоожээ.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд шүүхийн шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ гуравдагч этгээд Б.П-ийн нэг хүний өмч биш харин нэхэмжлэгч Б.Б-тэй хамтран өмчлөгч гэдэг нь тогтоогдсон байна.
Иймээс анхан шатны шүүх бүртгэл хийж, гэрчилгээ олгосон тухайн үеийн хууль болох Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.9, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 18 дугаар зүйлийн 18.4.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Хариуцагч давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасныг иш татаж байна.
Давж заалдах шатны шүүхээс хуулийн энэхүү заалтыг үнэн зөв гаргаагүй баримтыг үндэслэн хийсэн улсын бүртгэл хэвээрээ үлдээд, харин хохирлыг буюу хөрөнгийн ногдох хэсгийг төлөх нөхөн төлөх тухай ойлголт гэж дүгнээгүй, ингэж үзэх боломжгүй. Харин буруу бүртгэснээс шүүх, бүртгэлийн байгууллага зэргээр явж хохирол хүлээсэн бол гарсан зардлыг төлөх тухай ойлголт гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар хандана” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Нэгэнт шүүхийн шийдвэрээр “улсын бүртгэлийн гэрчилгээ” хүчингүй болсон байхад дахин урьдчилан шийдвэрлэх журмаар хандаад, гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл дахин шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тайлбарлаж хэрэглэх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой бөгөөд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа байхгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР