Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Хохирогч Ч.Н,

Шүүгдэгч Б.О, М.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, М.Б нарт холбогдох эрүүгийн 1838002820333 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.О, М.Бнар нь бүлэглэж 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлах Эрдэнэс баарны гаднаас хохирогч Ч.Нийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О, М.Бнар нь бүлэглэж 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлах Эрдэнэс баарны гаднаас хохирогч Ч.Н-ийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “….АТМ орчоод ирье гээд Батболдтой хамт явсан. Тэгээд тэр мотоциклийг нь унаад Улаан-Уул сум ороод Мийгаа гэх хүнд 700.000 төгрөгөөр зарсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Бид хоёр Эрдэнэс баарнаас мотоциклиор нь АТМ орж мөнгө авчихаад Улаан-Уул сумруу яваад замдаа Арбулаг сумын нутагт байрлах айлд хоносон. Тэгээд маргааш нь Улаан-Уул сумын нутаг Дээд булаг гэх газарт очоод унаж явсан мотоциклио 700.000 төгрөгөөр зарсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Намайг Эрдэнэс бааранд бүжиглэж байхад голын эрэг дээр архи уугаад сууж байсан хоёр залуу над дээр ирээд ахаа та мотоциклийн түлхүүрээ өгөөч гэхээр нь би үгүй хүнд түлхүүрээ өгөхгүй гэж хэлээд Эрдэнэс баарны хамгаалагч залууд мотоциклийн түлхүүрээ өгөөд чи миний мотоциклийг унаад явчих ах нь жаахан юм уучихлаа гэсэн. Тэгээд би бүжиглэж байгаад тухайн баар хаах цаг болохоор нь гартал миний мотоцикль байгаагүй. Тэгэхээр нь би баарны хамгаалагч залуу дээр очоод миний мотоцикль хаана байгаа юм бэ гэж асуутал тэр залуу танай хоёр эрэгтэй дүү чинь унаад явсан гэхээр нь миний дүү биш шүү дээ гэтэл тэр хоёр залуу өөрсдийгөө таны төрсөн дүү байна. Мотоциклийнх нь түлхүүрийг өгчих банк орж карт уншуулчихаад ирье гэж хэлээд явсан гэсэн... Мотоциклийн номер, хамгаалалтын малгай, түлхүүр болон Улаан-Уул сумруу машин хөлсөлж явахад гарсан зардал нийт 250.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-15 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч О.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…манай гэрт танихгүй 20-30 орчим насны жижигхэн биетэй хоёр залуу улаан шар өнгийн хятад мотоцикльтой ирсэн. Манай гэрт орж ирээд арай өндөр биетэй дархад аялагатай яриад байсан залуу нь танайхыг мотоцикль худалдаж авна гэж байна. Мотоцикпь худалдаж авах уу гэхээр нь “Ямар үнэтэй зарах юм бэ” гэж асуутал “нэг сая гурван зуун мянган төгрөгөөр зарна гэхээр нь “манайх ийм үнэтэй мотоцикль авахгүй, худалдаж авбал нэг сая төгрөгөөр л авна” гэж хэлээд “энэ хэний мотоцикль юм бэ гэж асуутал намхан биетэй шар царайтай залуу нь “манай ээж надад энэ мотоциклийг ноднин хавар авч өгсөн гэсэн юм ... дараа нь бид нар сумын төв ороод Пүрэвбаяр гэж хүний дэлгүүрээс 700.000 төгрөгийг хүүтэй зээлж аваад тэр мотоциклийг худалдаж авсан юм. Би 700.000 төгрөгөө гаргуулж авмаар байна..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,

       Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг хэсэг бүжиглэж байгаад мотоциклийн эзэн надаас карт унших уу гэж асуухаар нь уншихгүй гэсэн чинь за за гээд яваад өгсөн. Ингээд 5-10 минут орчмын дараа намайг Эрдэнэс баарны гадаа зогсож байхад Нямка ахын мотоциклийн түлхүүрийг өгчих АТМ явж мөнгө авчихаад ирье гэж хэлээд мотоциклийнх нь түлхүүрийг аваад Баагий гэх залууг хойгуураа суулгаад яг хөдлөх гэж байснаа болиод Нямка ахыг аваад явья гэж Б.О нь хэлээд Баагий гэх залуу нь Эрдэнэс баар луу ороод буцаж гарч ирэхдээ бид хоёрыг яваад ир гэж байна гэсэн. Тэгээд тэр хоёр хөдөлсөн. Ингээд 23 цаг нилээн өнгөрсөн байхад мотоциклийн эзэн Нямка гэх ах миний мотоцикль хаана байна гэж надаас асуухаар нь танай хоёр дүү чинь АТМ явчихаад ирье гэж хэлээд аваад явсан гэхэд тэр хоёр чинь миний дүү биш ш дээ би тэр хоёрыг танихгүй, өдөр 1000-ын мотоциклийн үйлчилгээнд явж байгаад танилцсан гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-18 дугаар хуудас/,

       Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ч.Н ирээд би мотоциклио алдчихсан байсан чинь Улаан-Уул суманд нэг айлд зарагдчихсан байсан байна. Би чамд бинзен хийж өгий яваад өгөөч гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн 87-20 ХӨВ улсын дугаартай Парадо маркийн машинаар явсан. Мөрөнгийн төвөөс гарахдаа 80.000 төгрөгөнд бинзен, 3 литр тосол хийсэн. Соёо бригад руу явахаар болоод 40.000 төгрөгөнд бинзен хийсэн. Тэгээд буцаж орж ирэхэд 80.000 төгрөгөнд бинзен хийсэн. 50.000 төгрөгний хөлс өгнө гээд одоо болтол өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/,

      Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 40, 45 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О, М.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838002820333 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.О, М.Бнараас тус бүр 125.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Нт, шүүгдэгч Б.О, М.Бнараас тус бүр 350.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Мд тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О, М.Бнар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 68, 76  дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О, М.Бнар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч Б.О нь ..., шүүгдэгч М.Бам ... зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838002820333 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О, М.Б нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, М.Б нарыг тус бүр 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.О, М.Бнар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

     4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.О-аас 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг, шүүгдэгч М.Б125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-34-11 тоотод оршин суух хохирогч Чимэднамжилын Ч.Нт, шүүгдэгч Б.О-аас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч М.Б350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч О.М-д тус тус олгосугай.

     5. Эрүүгийн 1838002820333 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, М.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.ХҮРЭЛБААТАР