Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01796

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01796

 

 

 

 

 

 

 

2022 09 23 210/МА2022/0

 

В.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 101/ШШ2022/03381 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Д-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Б.Б-тай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Б.Б-гаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөр гэрээгээр тохирсон хүү төлөхгүй хохироож, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00525 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, Б.Б-гийн хаягийг цагдаагийн байгууллагаас 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тогтоосон. Нэхэмжлэгч Б-д холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03081 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2166 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2022/00338 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

 

Иргэний хэргийг шийдвэрлэх явцад З.Д- нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө машин дотор Б бид хоёрт 3,000,000 төгрөгийг тус тус өгсөн. 6,000,000 төгрөгийг Б.Б-гийн нэр дээр гэрээ хийгдсэн, машин дотор мөнгө өгсөн гэж В.М- болон Б.Б- нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд заасан 6,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг З.Д- авсан болохыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мэдсэн. Хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэрчийн мэдүүлгээр өөрийн авсан 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэх боловч төлөөгүй. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2166 дугаартай магадлалд З.Д-аас 3,000,000 төгрөг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй талаар дурдсан. Иймд З.Д-ын зээлж авсан 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Би авсан мөнгөө буцаан төлсөн. Тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй үйл баримт шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч З.Д-аас 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бэсүд овогт В.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Б-тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тухайн гэрээний үүргийг 101/ШШ2020/03081 дугаартай шийдвэрээр Б-аас зээлийн 6,415,575 төгрөг гаргуулж, биелүүлэхээр болсон. Тухайн зээлийн гэрээний асуудлыг шүүх бүхэлд нь шийдвэрлэж дууссан мөн зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хуулиараа дууссан. Дэлгэржав нь нэхэмжлэгчид өмнө удаа дараа зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан авсан мөнгөө буцааж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч В.М- нь хариуцагч З.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь ...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2166 дугаар магадлалд ...хэрэгт гэрчээр асуугдсан З.Д-ын Машин дотор Б.Б- бид 2-т 3,000,000 төгрөг тус тус өгсөн гэх мэдүүлгийг үнэлэн нэхэмжлэгч В.М-ын хувьд үлдэх 3,000,000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлээ холбогдох этгээдэд гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй. гэж дүгнэсэн тул зээлийн гэрээгээр 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан гэж, хариуцагч нь Зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тус тус тайлбарласан.

 

4. В.М- нь Б.Б-д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,415,575 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,284,425 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Б.Б-г үндсэн зээл 3,000,000 төгрөг авсан гэж дүгнэж, үлдэх зээлийг нэхэмжлэгч В.М-ын хувьд үлдэх 3,000,000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийг холбогдох этгээдэд гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй гэж дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаар тогтоолоор хянаж, хэвээр үлдээжээ. /хх. 11-21/ Зээлийн гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

5. В.М- нь зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг З.Д-д шилжүүлэн өгсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар В.М-аас З.Д-д 3,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв.

6. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2166 дугаар магадлалаар В.М-ын нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 11,700,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Хариуцагч 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хангахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь мөнгөн хөрөнгө буцаан шилжүүлсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй болно. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

З.Д- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөгийг В.М-д буцаан төлсөн болохыг нотлоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/03381 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР