| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0295/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/309 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-д холбогдох эрүүгийн 1838004500237 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.Т нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багийн нутаг Сараалж гэх газарт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 23-41 СЭҮ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөхдөө Т.Тдайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Т нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багийн нутаг Сараалж гэх газарт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 23-41 СЭҮ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөхдөө Т.Тдайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…аав урдаас гүйж ирээд машины урдуур орж ирээд “ Чи наадхаа яах гээд байгаа юм бэ, тавь” гээд машины урдаас түлхээд байсан. Тэгээд би машиныхаа тоормозыг гишгэх гэж байгаад андуураад хаазан дээрээ гишгэчихсэн. Тэгсэн чинь аав унаад машин доогуур яваад орчихсон. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад харсан чинь аав бөөн цус нөж болчихсон, машины моторын доод эд ангиар баруун талын ташаа хэсгээр дарагдсан байдалтай байсан. Тэгээд би аавыг татаад үзсэн чинь авагдахгүй байсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-13 дугаар хуудас/,
Цогцос болон хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 14-18 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 19-22 дугаар хуудас/,
Хууль ёсны төлөөлөгч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ байж байтал манай хоёр хүүхэд ирж надад ийм зүйл болсон гэдгийг хэлсэн. Би хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сард ахтайгаа уулзсан, үүнээс хойш уулзаагүй байсан, утсаар ч яриагүй байсан. Энэ хэргийн талаар нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан хүүхдийнхээ гарт үрэгдсэн байсан ...Оршуулгын асуудлыг энэ хүүхдүүд нь зохицуулж байгаа. Зардлын тооцоог хүү нь мэдэх байх. Би хэн нэгнээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ...Надад санал хүсэлт шалгуулах зүйл алга байна. Төрсөн хүүхэд нь аавыгаа ийм байдалд оруулсанд маш их гомдох юм. Энэ хүүхэд нь үлдсэн амьдралдаа хүн шиг амьдраад хийсэн үйлдлээ гэмшээд амьдраасай гэж хүсэх юм...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч П.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Шарков би аавыгаа алчихлаа гээд орилоод байхаар нь юу болоод байгаа юм бол гээд гэрлүүгээ дөхөөд иртэл Шарковын хөх өнгийн Портер машин гэрийн хойхон талд зогсож байгаа харагдсан. Шарков болохоор машинаа тойроод орилоод гүйгээд байгаа харагдсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан болохоор гэртээ ороод гар чийдэн аваад машин байгаа газар луу нь алхаад явсан. Явж байхдаа Шарков аавыгаа алчихлаа гээд орилоод байна, хүн байна уу туслаарай гэж хашгираад алхаж явсаар байгаад Т.Тын гэрт очиход талийгаачийг байшин дотор оруулаад орон дээр хэвтүүлсэн байсан. Намайг гэрт ороход Шарков уйлж орилоод байсан. Би талийгаачийн судсыг нь барьж үзэхэд ямарч цохилт мэдэгдээгүй. Тэгээд би Шарковын хүүхдийг нь аваад гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-29 дүгээр хуудас/,
Гэрч Т.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Т.Тын гэрийн ардхан талд хөх Портер зогсчихсон Т.Т: ахаа ирээрэй нааш ирээрэй, энд болохоо байлаа гээд хашгираад байхаар нь би машины зүг гүйгээд явж байтал өөдөөс Т.Тийн эхнэр Пүрэвням ганцаараа гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би яасан юу болсон бэ гэсэн чинь Пүрэвням: Шарков аавыг дайрчихлаа та очоорой эмнэлэг дуудлаа гээд гүйгээд явсан. Би машины тэнд очиход Т.Тын бөгсөн тал нь машины кастер доогуур дарагдчихсан, Т.Т болохоор аавынхаа толгойг түшээд ааваа гээд хашгираад сууж байсан. Тэгэхээр нь би машиныг өргөх гэсэн болохгүй болохоор нь машин дотроос данхраадыг нь гаргаж ирээд машиныг урд хэсгээс нь данхраадаж өргөсөн. Намайг машин өргөж байхад Т.Т ааваа гээд орилоод уйлаад аавыгаа тэврээд сууж байсан. Би машины урд хэсгийг өргөөд хөндийрүүлээд Т.Т бид хоёр талийгаачийг машин доороос гаргаад өргөөд шууд машинд нь суулгаад Т.Т машинаа унаад шууд гэрийнхээ зүг явсан. Би газарт байсан данхраадыг нь аваад араас нь гэрт нь очиход Т.Т аавыгаа гэрт нь оруулаад орон дээрээ хэвтүүлчихсэн хажууд нь уйлаад байж байсан. Энэ үед гаднаас манай тэнд байдаг Цэнд-Аюуш эгч орж ирээд талийгаачийн судсыг нь барьж үзээд нас барсан юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-32 дугаар хуудас/,
Гэрч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... хадам аав маань хүү согтуу байсан. Согтуу машин унуулаад явуулж болохгүй аав нь яваад болиулъя гээд буцаад явсан. Би болохоор тугалаа туугаад уул руу явсан. Гүвээ даваад тугалаа туугаад явж байтал гэнэт: ааваа аавын минь амийг авраарай, Нямхай хурдлаарай гээд орилохоор нь тууж явсан тугалаа хаяад буцаад гэрийнхээ тийшээ гүйгээд очсон чинь байшингийн хойд тал руу машин зогсчихсон, нөхөр маань машиныхаа урд хашгираад сууж байхаар нь яваад очтол аав маань машин доор, машины урд хэсэгт орчихсон. Нөхөр маань аавын толгойг тэврээд ааваа, аавын минь амийг нь авраарай гээд орилоод байхаар нь би айгаад шууд Бат-Эрдэнэ ахын гэр лүү гүйсэн. Намайг Бат-Эрдэнэ ахын гэр лүү гүйж явахад өөдөөс Бат-Эрдэнэ ах ирэхээр нь: Шарков аавыг дайрчихлаа та очоорой гэж хэлчихээд шууд Бат-Эрдэнэ ахын гэрт очоод гар утсаар нь сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд буцаад гэрлүүгээ гүйгээд очиход нөхөр маань аавыг өргөөд гэрт оруулж байсан. Би гэрт оролгүй айгаад зогсож байтал манай хойно байдаг Цэнд-Аюуш эгч ирээд өмнө нь эмч байсан гээд аавын судсыг нь барьж үзээд өнгөрчихсөн юм шиг байна гэж хэлсэн. Ингээд удалгүй байж байтал сумын төвөөс эмч нар ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-35 дугаар хуудас/,
Гэрч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Дуудлага өгсөн айлд очиход Т.Т гэдэг айл байсан ба Т.Т гэдэг хүн нас барсан байсан. Би очиход талийгаачийг байшинд оруулаад орон дээр хэвтүүлээд толгой дээгүүр нь дээлээр хучсан байсан. Би хучсан дээлийг нь авахад тухайн хүн нас барсан байхаар нь ар гэрийнхэнд нь хэлээд сумын хэсгийн төлөөлөгчид хэлээд буцсан ...Т.Т гэдэг хүний хүүхэд Т.Т нь надад ярихдаа: би сумын төвөөс согтуу ирсэн, ирээд машинаа унаад явах гэсэн чинь аав явуулахгүй гэсэн. Тухайн үед би аавыг хараагүй гэснээ, нэг ярихдаа би аавыг мөргөөд л шууд зогссон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-38 дугаар хуудас/,
Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... манай эмнэлгийн урд хашаанд байдаг Оюун гэдэг настай эгч эмнэлэг дээр орж ирээд Сараалж гэдэг газар байдаг Т.Т гэдэг хүн машинд дайруулсан гэртээ байна гэж утсаар хэллээ, энэ утас руу яриач гээд 98800635 гэсэн утасны дугаар өгсөн. Тэгэхээр нь би энэ дугаар луу нь залгаад ярьсан чинь нэг эмэгтэй хүн утас аваад: Т.Т гэдэг хүн машинд дайруулсан байна, цус алдаад байх шиг байна, яаралтай ирээрэй гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь тухайн өдөр дуудлагын эмчээр ажиллаж байсан Отгонжаргал эмч болон жолооч Мөнхбат нарыг дуудаад нөгөө утасны дугаарыг цаасан дээр бичиж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/,
Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.Т над руу утсаар залгаад агаа би аавыгаа алчихлаа миний буруу гээд уйлаад байсан...Дүүгийн утсаар Их-Уул сумын эмнэлгээс ярьж байна ах дүү нартаа хэлээрэй энэ хүн нас барсан байна гэсэн...Т.Төөс юу болсон талаар би асуухад явах гээд машинаа унаад хөдөлсөн. Тэгтэл аав намайг явуулахгүй гээд урдуур орсон...гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-46 дугаар хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 570 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 53-54 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаартай дүгнэлтэд:
1.2 Задлан шинжилгээгээр талийгаачийн цогцост гавал тархинд хавсарсан гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь тээврийн хэрэгсэлд мөргүүлэх зэрэг хүний биеийн хүчнээс хэт давсан хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.5.7.8 Талийгаач Т.Т нь тээврийн хэрэгсэлд мөргүүлэх зэрэг хүний биеийн хүчнээс хэт давсан хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үйлчлэлийн улмаас гавал тархиндаа хавсарсан гэмтэл авч тухайн үедээ төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.
6. Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илэрээгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838004500237 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Т.Т нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 89 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Хууль ёсны төлөөлөгч Т.О нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838004500237 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Т хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Т.Т-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн 1838004500237 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР