| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0308/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/300 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-д холбогдох эрүүгийн 1838006370379 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.У.
Шүүгдэгч Б.У нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны ... тоотод иргэн Б.С-ийн гарыг нь хөшиж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.У нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 4-42 тоотод иргэн Б.С-ийн гарыг нь хөшиж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би гадагшаа бие засах гээд гарах гээд С-ийн сууж байсан газрын урдуур гарахдаа хоорондоо тоглоом хийгээд барилцаж авч байгаад бие биенийхээ хөлөнд орооцолдоод давхралдаад газар унасан. Тэгсэн газар унаснаа С гар гар гээд орилоод байсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ...Тэгээд хэсэг сууж байгаад ажил руугаа явах гээд гарах гэхэд У гэх залуу намайг бариад авсан. Барьж авахаар нь би адилхан бариад авахад У миний зүүн гарыг хойш нь дарж хөшөөд тэр чигээр нь газарт унагаачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ...Х-ийн гэрт яваад очиход эхнэр С маань газарт гар болохоо больчихлоо гээд орилчихсон хэвтэж байхаар нь гарыг нь харахад зүүн гар нь тахийчихсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С, У хоёр барилдах юм болоод ярилцаад байсан. Тэгж ярилцаж байхад С босч ирээд У-тэй барилцчихсан зогсож байсан. Тэгж зогсож байхад С дэгээдэх маягтай У рүү хөлөө явуулсан, тэгэхэд У нөгөө тийшээгээ дарахад хоёулаа эрчиндээ газарт уначихсан. С газарт уначихаад ёо ёо гар гээд орилоод унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаартай:
1. Б.С-н биед зүүн бугалганы дотор доод хэсэгт, гадна доод хэсэгт, зүүн шууны дотор дээд хэсэгт, дотор доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна.
4. Б.С-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838006370379 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.У нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.У нь хохирогч Б.С-тэй эвлэрч, эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 51 дүгээр хуудас/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.У-с 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч С-д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838006370379 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838006370379 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.У-с 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч С-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН