Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 894

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аяа овогт ...гийн ...т холбогдох 1808038030947 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаан... хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ...тоотод оршин суух, урьд

 Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1039 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, Аяа овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

           1.Д.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдер Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ...тоотод оршин суух иргэн Д....гийн амбаарт хадгалуулсан байсан иргэн Г....ий эзэмшлийн автомашины жанамны ирмен кольц, муфьт шаарик, хийн гуурсууд, хийн үрэгч, дугуй задлагч, домакрат, тасдагч, дрилл, татлаганы гинж, гинжний даруулга, хийн импакт, түлхүүр багажны ком, товуудны шприц, гантай лоом зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 2,073,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.Д.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 4 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ...тоотод оршин суух өөрийн гэртээ хохирогч ...тай “...мөнгө авсан...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний гар, мөр, гуян тус газруудад нь хөл гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

  1. Хохирогч Г....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Худалдан авалт хийсэн баримт сэлт гэхээр зүйл байхгүй. Зах болон худалдааны газруудаас цуглуулан авч байсан учир баримт сэлт гэхээр зүйл авч байгаагүй. Гэхдээ тэдгээр эд зүйлсийг ямархуу эд зүйлс байсныг манай дүү Б...., нагац ах Д...., нагац эгч Д.... нар мэдэж байгаа. ... илүү түлхүүр Д....т байх ёстой юм. Яагаад цонхоор орсон болохыг нь мэдэхгүй байна. Өөрөөс нь өөр хүн хулгай хийсэн гэж харагдуулах гэж л цонхоор орсон байх, ... би Д....аас жанаамны ирмен, кольц, муфьт шаарик, хийн гуурснууд, хийн үрэгч зэрэг эд зүйлсээ буцааж авсан. Одоо үлдсэн эд зүйлсээ нэхэмжилж байна. Эд зүйлийн үнэлгээнд заагдсанаар 1,663,000 төгрөг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,

 

  1.  Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар оарын 16-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо ...тоотод оршин суух найз ...ынд очсон юм. ... гэртээ архи уусан ганцаараа байсан. Тэгээд ...ынд байж байсан чинь ...ын найз Сүрэн гаднаас 0,75 литрийн “Монгол Стандарт” гэсэн архи авч орж ирсэн. Тэгээд бид гурав хувааж ууж байгаад мөнгөний асуудлаас болоод маргалдаад ... миний нүүр рүү нэг удаа зүүн гараараа алгадаад, зүүн мөр лүү нэг удаа баруун гараараа цохиод зүүн гарын сарвуунуудыг чанга базаад байсан. Тэгэхээр нь би гарах гэсэн чинь миний зүүн мөрнөөс барьж дарж унагаагаад, 2 удаа баруун гуя руу өшиглөчихөөд, ... орилж, чарлаад байхаар нь би гэрийн гадаа байж байгаад буцаж орж унтсан юм. Тэгээд маргааш өглөө 8 цаг өнгөрч байхад цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх 63-65 х/,

 

            3. Шүүгдэгч Д....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би өөрийн дүү Г....ий эд зүйлсийг хулгайлсан, бас Б....ыг зодож гэмтээсэн үйлдлүүддээ гэмшиж байна. Би Б....д учруулсан хохирлоо төлж барагдуулсан Түүнд өвчин намдаах эм авч өгсөн бас гарын сойлт авч өгч байсан. Тэгээд Б....тай эвлэрсэн байгаа. Харин дүү Г....д учруулсан хохирлоо арай төлж амжаагүй байгаа. Би Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо ...тоот хашаа, байшингаа зараад төлж барагдуулна гээд Г....тэй ярилцаж тохирсон байгаа. ... хохиролд 01 сая төгрөгийг сүүлд бэлнээр төлсөн. ... үлдэгдэл төлбөрийг төлнө” гэх мэдүүлэг /хх 144-145 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

4. Гэрч Л....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... ... намайг очихоос өмнө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан. Намайг очсоны дараахан цагдаа нар ирж үзлэг хийсэн. Цагдаа нарын авч ирсэн нохой үнэрлэж явж байгаад манай хажуу талын хашаанд байдаг манай төрсөн ах Д....ын гэр лүү дагуулж орсон юм. Тэдний гэрээс ... өөрийнхөө машины эд зүйлсийг таньж цагдаа нарт хэлсэн юм. ... Д....ыг хашаа болон хашаанд байгаа эд зүйлсийг харж хандаж байгаарай гэж захиж үлдээсэн юм. Хулгай орсон төмөр амбаарыг Д.... харж хандъя гэж үлдсэн юм. ... Түүнд илүү түлхүүр үлдээсэн байсан. ... Миний санаж байгаагаар том oврын ачааны машины дугуй задлагчнууд /нарийн урт төмөр байдаг юм/, Хово машины кольц, тасдагч, гар дрилл, хийн имфакт, түлхүүрийн ком багаж, татлагын гинж, гинжний даруулга төмөр, мүфт шаариг. том машины домакрат, товуудны шифриз /силиконон цавууны гадуурх шахуурга бүрхүүл төмөртэй ижил, гэхдээ том хэмжээтэй/ зэрэг байсныг нь мэдэж байна. ...” гэх мэдүүлэг /хх 13-19 х/,

 

5. Гэрч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... хашаанд байдаг амбаарт байсан том машины эд зүйлсийг гаргаж хэрэгтэй, хэрэггүйгээр нь ялгаж цэгцэлсэн юм. Г ...ий эд зүйлс алдагдсан гэдэг нь үнэн, харин ямар эд зүйлс гэдгийг нь мэдэхгүй. Машины багаж зэрэг эд зүйл байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х/,

 

  1. Гэрч Т....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2018 оны 06 дугаар сарын 17-ны өглөө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Ачит 10-аас Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо ...тоотод “... гэх хүн намайг зодоод байна” гэх дуудлагын дагуу очиход Б.... гэх эмэгтэй байсан. Д.... гэх эрэгтэй согтуу байдалтай байсан. Тэгээд би Б.... гэх эмэгтэйгээс хэн чамайг зодсон юм бэ” гэж асуухад Б.... энэ байна гээд Д.... гэх хүнийг заасан. Тэгээд би Д.... гэх эрэгтэйг цагдаагийн хэлтэс дээр шалгуулахаар авч ирсэн юм. Тухайн үед намайг дуудлагаар очиход Б.... нь зүүн гарын бугалга болон зүүн гарт нь цус хурсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 63-65 х/,

 

7. Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Би тэр хэргийн талаар Г.... ахаас сүүлд сонсож мэдсэн юм. Би өөрийн ах Г....тэй түүний том оврын ачааны автомашинаар хөдөө тээвэрт хамт явж ажил хийдэг юм. Г.... надад Д.... ахын гэрээс алга болсон юмнууд гарч ирсэн гэж хэлж байсан. Өнгөрсөн наадмаар Д.... эгч, Д.... ах, Д.... ах, Г.... ах нарын хамт очиж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо ...тоот хашаанд очиж хашаа, амбаараа цэвэрлэсэн юм. Тэрнээс хойш мөн 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Г.... ахын хамт очиж амбаарт 50 тонны домакрот, том тэрэгний дугуй задлагч, том тасдагч, дрилл, төмөр лоом, хийн импакт зэрэг багаж хэрэгслийг авч тавьсан юм. Тэгээд хулгай орсоны дараа очиж Г.... ахын хамт амбаараас алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 20-21 х/,

 

8. Шинжээчийн 11642 тоот дүгнэлт

1.Б....ын биед зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт зүүн сарвууны ар дээд хэсэгт, баруун шууны гадна дунд хэсэг, зүүн гуяны урд доод хэсгүүдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

       4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарлиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 82-83 х/,

 

       9. Шинжээч эмч Ц.Нандин-Эрдэнийн “...Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...хүний гар, хөл мохоо зүйлд орно. гэх мэдүүлэг /хх 83-84 х/

 

10. “Арвижих Эстимейт” ХХК-ийн үнэлгээний тайлан “ ... автомашины 16 нэр төрлийн сэлбэг, хэрэгслийг нийт 2,073,000 төгрөгөөр үнэлсэн” /хх 28-29 х/

11. Д....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 114 х/

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 116 х/

13. Шийтгэх тогтоолын хуулбар /хх 121-126 х/

14. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11 х/

            15. Хулгайн эд зүйлсийн хохиролд “1 сая төгрөг төлсөн” төлсөн баримт /хх 158 х/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д....ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

           1.Д.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ...тоотод байрлах Д....гийн амбаарт хадгалуулсан байсан Г....ий эзэмшлийн автомашины жанаамны ирмен кольц, муфьт шаарик, хийн гуурсууд, хийн үрэгч, дугуй задлагч, өргөгч, тасдагч, дрилл, татлаганы гинж, гинжний даруулга, хийн импакт, түлхүүр багажны иж бүрдэл, товуудны шприц, гантай лоом зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,073,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:        

           - Хохирогч Г....ий “... би Д....аас жанаамны ирмен кольц муфьт шаарик, хийн гуурснууд, хийн үрэгч зэрэг эд зүйлсээ буцааж авсан. Одоо үлдсэн эд зүйлсээ нэхэмжилж байна. Эд зүйлийн үнэлгээнд заагдсанаар 1,663,000 төгрөг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,

          - Шүүгдэгч Д....ын “... Би өөрийн дүү Г....ий эд зүйлсийг хулгайлсан нь үнэн. ... Би Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо ...тоот хашаа, байшингаа зараад төлж барагдуулна гээд Г....тэй ярилцаж тохирсон байгаа. ... шүүх дээр хэрэг ирсэн байхад хохиролд 1 сая төгрөг төлсөн, үлдсэн хохирлыг төлнө ...” гэх мэдүүлэг /хх 144-145 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          - Гэрч Л....гийн “... Миний санаж байгаагаар том oврын ачааны машины дугуй задлагчнууд /нарийн урт төмөр байдаг юм/, Хово машины кольц, тасдагч, гар дрилл, хийн имфакт, түлхүүрийн ком багаж, татлагын гинж, гинжний даруулга төмөр, мүфт шаариг. том машины домакрат, товуудны шифриз /силиконон цавууны гадуурх шахуурга бүрхүүл төмөртэй ижил, гэхдээ том хэмжээтэй/ тоймтой эд зүйлсийг нь мэдэж байна. ...” гэх мэдүүлэг /хх 13-19 х/,

- Гэрч Д....ийн “... хашаанд байдаг амбаарт байсан том машины эд зүйлсийг гаргаж хэрэгтэй, хэрэггүйгээр нь ялгаж цэгцэлсэн юм. Г ...ий эд зүйлс алдагдсан гэдэг нь үнэн, харин ямар эд зүйлс гэдгийг нь мэдэхгүй. Машины багаж зэрэг эд зүйл байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х/,

- Гэрч Б....гийн “... Г.... ахын хамт очиж амбаарт 50 тонны домакрот, том тэрэгний дугуй задлагч, том тасдагч, дрилл, төмөр лоом, хийн импакт зэрэг багаж хэрэгслийг авч очиж тавьсан юм. Тэгээд хулгай орсоны дараа очиж Г.... ахын хамт амбаараас алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 20-21 х/

- “Арвижих Эстимейт” ХХК-ийн үнэлгээний тайлан “ ... автомашины 16 нэр төрлийн сэлбэг, хэрэгслийг нийт 2,073,000 төгрөгөөр үнэлсэн” /хх 28-29 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

2.Д.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 17-ны шөнийн 4 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ...тоотод оршин суух өөрийн гэртээ Б....тай “мөнгөний асуудлаас болж” маргалдан, улмаар түүний гар, мөр, гуян тус газруудад нь хөл гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

           - Шүүгдэгч Д....ын “... Б....ыг зодож гэмтээсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би Б....д учруулсан хохирлоо төлж барагдуулсан Түүнд өвчин намдаах эм болон гарын сойлт авч өгч байсан. Тэгээд Б....тай эвлэрсэн байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 144-145 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           -  Б....ын “... ... миний нүүр рүү нэг удаа зүүн гараараа алгадаад, зүүн мөр лүү нэг удаа баруун гараараа цохиод зүүн гарын сарвуунуудыг чанга базаад байсан. Тэгэхээр нь би гарах гэсэн чинь миний зүүн мөрнөөс барьж дарж унагаагаад, 2 удаа баруун гуя руу өшиглөчихөөд, ... орилж, чарлаад байхаар нь би гэрийн гадаа байж байгаад буцаж орж унтсан юм. Тэгээд маргааш өглөө 8 цаг өнгөрч байхад цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх 63-65 х/,

           - Гэрч Т....ы “...Тухайн үед намайг дуудлагаар очиход Б.... нь зүүн гарын бугалга болон зүүн гарт нь цус хурсан байдалтай байсан.. Б.... нь Д.... намайг зодсон энэ байна гэж заасан. ...” гэх мэдүүлэг /хх 63-65 х/,

- Шинжээчийн 11642 тоот дүгнэлт

1.Б....ын биед зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт зүүн сарвууны ар дээд хэсэгт, баруун шууны гадна дунд хэсэг, зүүн гуяны урд доод хэсгүүдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

       4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарлиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 82-83 х/,

            - Шинжээч эмч Ц.Нандин-Эрдэнийн “...Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ... хүний гар, хөл мохоо зүйлд орно. гэх мэдүүлэг /хх 83-84 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

           Д....ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийн болон түүнд оногдуулах ял шийтгэл, бусад нөхцөл байдлуудын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Б....ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Д.... түүний гар, мөр, гуян тус газруудад нь хөл гараараа цохиж, зодсоноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

              

Айлын амбаарт хадгалаатай байсан Л....ий эзэмшлийн автомашины сэлбэг хэрэгслийг Д.... эзэнгүй байсан амбаараас хэн нэгэнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогч эд хөрөнгөөрөө хохирсон хор уршигт хүргэсэн нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан Хулгайлах гэмт хэрэг нь нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөн хууль тогтоогчийн тайлбараар бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаардсан.

 

Д....ын хүний эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл болон хулгайлагдсан эд зүйлс 2,073,000 төгрөгөөр үнэлэгдсэн зэрэг нь дээрх гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

 

Шүүгдэгч Д.... бусдын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй

 

Иймд дээрх гэмт хэргүүдийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Б.... хохирол нэхэмжлээгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 63-65 х/-ээр тогтоогдсон, харин хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийн үнэлгээ нийт 2,073,000 төгрөгөөр тогтоогдсоноос 6 нэр төрлийн 410,000 төгрөгийн эд зүйлсийг буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр, мөн 01 сая төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь хохирол төлсөн баримт /хх 158 х/-аар тус тус нотлогдож байгаа тул үлдэгдэл төлбөр 663,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн.

 

            Шүүгдэгч Д....ын үйлдсэн гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн хор уршиг их биш, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд нь нэг удаа гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлого байхгүй, хөдөлмөр эрхлэх боломжтой зэргийг харгалзан хулгайлах гэмт хэрэгт 480 цагийн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оноож уг ялуудыг нэмж нэгтгэн эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Аяа овогт ...гийн ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Д....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д....т мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д....аас 663,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо ...тоотод оршин суух УМ90071132 регистрийн дугаартай Г....д олгосугай.

 

6. Д....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, 1,410,000 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ