| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/01536/И |
| Дугаар | 192/ШШ2026/03140 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2026/03140
| 2026 оны 03 сарын 20 өдөр | 192/ШШ2026/03140 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, шүүгч Т.Батсүх, Т.Уранзул нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ** тоотод оршин суух Б овогт О-ын Х /РД:УХ*****5/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ** тоотод оршин суух Н-ийн Т /РД:УХ*****/-д холбогдох,
Зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хорын хохиролд 1,473,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, М.Э,
Иргэдийн төлөөлөгч С.Ү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О овогтой Х миний барьж явсан 2018 оны Land cruiser 200 GXR маркийн** УНК улсын дугаартай автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нарны замын баруун /Энхтайваны гүүрны талаасаа/ зүүн тийш чиглэж яваад замын цагдаагийн урд талын буюу Олимпийн гүүр лүү хойноос урагш чиглэлд нэвтэрч орсоны дараа тус гүүрний хөдөлгөөнтэй нийлэх гэж дохио өгөөд шулуун замын автомашин зам тавьж өгөхийг хүлээн зогсож байхад ард талаас Nissan leat маркийн *** УАК улсын дугаартай авто машины жолооч болох Н.Т нь өөрийн автомашинаар хүчтэй мөргөсөн болно. /17:30 минутын орчимд/ Nissan leat автомашиныг жолоодож явсан Н.Т нь өөрийн автомашинаар мөргөсөн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч замын цагдаад ослын дуудлага өгөхгүй байхыг удаа дараа гуйж мөн автомашины болон жолоочийн даатгал нь дууссан тухайгаа хэлсэн тул тухайн үед Н.Т болон ээж н.Х-ийн хүсэлтээр замын цагдаагийн ослын дуудлага өгөөгү болно. Мөн тэр агшинд миний унаж явсан автомашины гэмтлийг бүрэн төлж барагдуулахаа удаа дараа амласан болно. Н.Т болон ээж н.Х нь миний автомашиныг гэмтлийг бүрэн засварлаж өгөхөө амласан тул тухайн үед замын цагдаагийн дуудлага өгөөгүй болно. Тус хүмүүс нь амласан ёсондоо миний автомашиныг бүрэн засварлах хохиролгүй болгох салалтаа биелүүлээгүй утсаа авахгүй байсан тул Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтэст 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргасан боловч одоог хүртэл утсаа авахгүй, зугтааж байгаа тул миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2024-01-03 ний өдөр 17:20 минутын орчим баруунаас зүүн тийш Олимпийн гүүр давах гээд дохиогоо өгөөд зогсож байтал Т ирж мөргөсөн. Осол болсны дараа өөрийнхөө ээжийг дуудсан ба битгий цагдаад дуудлага өгөөч, хохирлыг төлнө гэхээр нь бас хүүхэд шигээ хүнийг өрөвдөөд цагдаа дуудаагүй. Учир нь тухайн үед би дөнгөж шинэ машин Т ХХК-аас авсан байсан ба тэр газарт нь янзлуулж өгнө гээд байсан. Маргааш нь уулзалдаад төлөхөөр болоод салцгаасан ба би хэрэгт тухайн үеийн дуугүй дүрс бичсэн бичлэг гаргаж өгсөн байгаа, ингээд ээж нь утсаа өгөөд салсан. Тэгсэн утсаа авахгүй, тэгээд бас Т-оор биш үнэлгээ хийлгэх хэрэгтэй гээд , бүр 2 хүнийг миний машиныг үзүүлэхээр явуулсан тэд нар нь бас үнэлгээ хийх хэрэгтэй гэдэг. Ингээд би маргааш нь цагдаад өргөдөл бичсэн , тэндээсээ Ашид билгүүн гэдэг газраар үнэлгээ хийлгүүлсэн, үнэлгээ нь 1,375,000 төгрөг , үнэлгээний хөлс 98,000 төгрөг, нийлээд 1,473,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Н.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан зам тээврийн осолтой холбоотой камер шүүлгэж, шинжээч томилуулах хүсэлт болон гомдлыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гаргасан бөгөөд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд хариуцагч Н.Т нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу автомашины өмчлөгч нь Голомт банк байгаа учраас гэдэг үндэслэлээр маргана. Хоёрдугаарт: Болсон үйл явдлаа зөрүүтэй ярьдаг. Мөрдөгч Р-г өмнө нь гэрчээр асуусан ба энэ хүн хэрэгт хэн нэгний гэм буруу тогтоогдоогүй гэдэг. Энэ хүн зам тээврийн ослын акт, үнэлгээний тайлангаа үндэслэл болгоод байдаг. Гэтэл уг Ашид билгүүн гэх газар нь тусгай зөвшөөрөлтэй эсэх, тэгээд үнэлгээ хийлгэх заалтаа эрүүгийн хуулийг барьсан байдаг. Актын тухайд нөхөн үзлэг хийсэн гэж хэлдэг ч Р нь газар дээр очоогүй гэдгээ хэлдэг. Осол гарсан гэдэгтэй маргахгүй ч гэм буруутай эсэх дээр тогтоогдоогүй, хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2024.02.22-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, фото зураг, А ХХК-ийн 2024.01.05-ны өдрийн 0004733 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт,А ХХК-ийн 2024.01.05-ны өдрийн 1228 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, иргэний үнэмлэхийн лавлагаа, *****УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн тодорхойлолт, Т ХХК-ийн 2024.06.05-ны өдрийн үнийн санал, М ХХК-ийн 2024.05.24-ний өдрийн үнийн санал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2024.11.21-ний өдрийн 1/1810 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Тээврийн цагдаагийн албаны 2024.09.19-ний өдрийн 13-2г/1237 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 2596 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.
4. Хариуцагчаас Н.О-д олгосон итгэмжлэл, Н.О, М.Э нарт олгосон итгэмжлэл, М ХК-ийн 2024.06.21-ний өдрийн 18/368, 18/369 дугаартай албан бичиг, **УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүхээс гэрчээр Ч.Р-г асууж, шинжээчээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын томилж дүгнэлт гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...О.Х миний барьж явсан 2018 оны Land cruiser 200 GXR маркийн *** УНК улсын дугаартай автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Н.Т нь өөрийн автомашинаар хүчтэй мөргөсөн болно. Н.Т нь өөрийн автомашинаар мөргөсөн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч замын цагдаад ослын дуудлага өгөхгүй байхыг удаа дараа гуйж мөн автомашины болон жолоочийн даатгал нь дууссан тухайгаа хэлсэн тул тухайн үед Н.Т болон ээж н.Х-ийн хүсэлтээр замын цагдаагийн ослын дуудлага өгөөгүй...утсаа авахгүй болохоор нь маргааш нь цагдаад хандаж үнэлгээ гаргуулсан... гэв.
3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...осол болсонтой бол маргахгүй,...хохирол төлнө гэж тохиролцоогүй...сүүлд гаргасан зам тээврийн ослын акт нь нөхөн хийгдсэн, гэхдээ мөрдөгч нь ослын газар дээр очоогүй гэдгээ хэлдэг... Land cruiser 200 GXR маркийн *** УНК улсын дугаартай автомашины өмчлөгч нь Г ХХК байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй байна... гэдэг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 ** УНК улсын дугаартай Land cruiser 200 маркийн автомашин нь 2018-12-20-ний өдөр импортоор орж ирсэн, байх ба 2018-12-21-ний өдөр Г ХХК-н өмчлөгчөөр бүртгэгдсэн талаар автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигджээ. Харин ** УАК улсын дугаартай Nissan leaf маркын автомашин нь 2018-12-17-ний өдөр импортлогдсон, өмчлөгчөөр Б.Х бүртгэлтэй байна.
4.2 2024 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Олимпын гүүрэн дээр **9 УАК улсын дугаартай Nissan leaf маркын тээврийн хэрэгслийн жолооч Н.Т нь ** УНК улсын дугаартай Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гарсан байна. /1 хх , хуу 116-131/
Тодруулбал Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий прокурор Ц.Х-ын 2024-11-21-ний өдрийн 1/1810 дугаартай нэхэмжлэгч О.Х-т өгсөн хариу мэдэгдэх хуудаст ...Материалд авагдсан баримтаар Nissan leaf маркын тээврийн хэрэгслийн жолооч Н.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Олимпын гүүрэн дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа ** УНК улсын дугаартай Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөнд 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Гэвч Зөрчлийн тухай хуулийн .......гэж хуульчилсан бөгөөд дээрх зөрчил үйлдсэнээс хойш 11 сарын хугацаа өнгөрч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул ...энэ шийдвэр эцсийн шийдвэр ...гомдол гаргах эрхгүй гэжээ.
4.3 Уг 30194 дугаартай зөрчлийн хэрэгт А ХХК-н 204-01-05-ний өдрийн 1228 дугаартай Автомашин техникийн эвдрэл , хохирлын үнэлгээний тайлан гарсан байх ба хойд буфер, буферийн тавцан, яндан, будаг, ажлын хөлс нийт 1,375,000 төгрөг гэж, О.Х нь үнэлгээний хөлсөнд 98,000 төгрөгийг тушаасан байна.
4.4 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Н.Т-аас цагдаагийн ахмад А.С тайлбар авсан байх ба тус тайлбарт Би тухайн өдөр буюу 2024 оны 1 дүгээр сарын 03-ний өдөр Nissan leaf маркийн ** УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Олимпийн гүүрэн дээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад Ланд Круйзер маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Зам тээврийн осол болсон талаар тухайн үед цагдаагийн байгууллага, удирдлагад мэдээлэл өгөөгүй. Би тэр үед ээжийгээ дуудаад ээж маань удалгүй осол болсон газарт ирсэн ба тэр Ланд круйзер маркийн автомашины жолоочтой уулзаад тэгээд бид нар ослын газраас хөдлөн явцгаасан ...зохицуулагч Ц.Р манай ээж болон намайг дуудаад ослын газарт үзлэг хийнэ гэж байсан. Гэхдээ ээж бид хоёр очиж ослын газарт үзлэг хийлгээгүй...ослын улмаас миний жолоодож явсан машины урд хэсэгт их хэмжээний хохирол учирсан...би хохирлын үнэлгээ хийлгээгүй ... гэж хариуцагч Н.Т хэлсэн нь тусгагдсан байна.
4.5 Шүүхээс Тээврийн Цагдаагийн албыг шинжээчээр томилсон боловч тус байгууллагаас 2025-02-13-ний өдөр 14д/1396 дугаартай албан бичгээр хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус албаны алба хаагчид дүгнэлт гаргах боломжгүй болсон, харин Механик тээврийн сургууль, Шүүх шинжилгээний Ерөнхий газар дүгнэлт гаргаж байгаа талаар дурдаж, шинжилгээ хийх боломжгүй гээд буцаасан. Улмаар Шүүх шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилсон боловч 2025 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн ЕГ0225/627 дугаартай шинжээчийн дүгнэлтэд зам тээврийн осолд аль тээврийн хэрэгслийн жолооч буруутай гэдэг асуулт нь дүрмийн зүйл заалт ашиглан хариулагдана, автоинженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй байна гэжээ.
5. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зам тээврийн осол болсон тухайд маргаагүй ч , хариуцагч тухайн осолд гэм буруутай эсэх тухайд маргаантай.
5.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан тул хариуцагч Н.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч О.Х-рын унаж явсан тээврийн хэрэгсэлд учирсан 1,375,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хариуцлага ногдуулахад юуны өмнө гэм хор учруулагчийн гэм буруу байгаа эсэх, гэм буруу нь учирсан гэм хортой шалтгаант холбоотой эсэхийг тогтоодог
Дээрх зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч Н.Т нь нэхэмжлэгч О.Х-ын унаж явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн байх ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14 дэх хэсэг Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэх заалтыг Н.Т зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Учир нь : Хэрэгт авагдсан бичгийн баримт болоод зөрчлийн хэрэгт авагдсан фото зураг болон нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн цахим нотлох баримт болох бичлэг/шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үед шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогч нар үзсэн болно/ зэргийг харьцуулан дүгнэхэд, Н.Т-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл О.Х-ын жолоодон явсан тээврийн хэрэгслийн ард байрлалтай. Мөн Н.Т нь цагдаагийн байгууллагад очиж өгсөн тайлбартаа ...осол болоход ээжийгээ дуудсан...ээж О.Х-тай уулзсан... гэх ба өөрийнх нь унаж явсан тээврийн хэрэгсэл нь хэрэгт авагдсан фото зураг, цагдаагийн байгууллагад өгсөн тайлбараар их хэмжээний эвдэрч гэмтсэн байхад засварлахад шаардагдах өртгийг үнэлүүлж байгаагүй, О.Х-т холбогдуулан ямар нэг байдлаар гомдол , мэдээлэл эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдлаас шүүх хариуцагчийг тухайн зам тээврийн осолд гэм буруутай гэж үзлээ.
Хэрэгт нэхэмжлэгч талаас өгсөн дуугүй дүрс бичлэг нь зам тээврийн осол болсон цаг хугацаанд бичигдсэн байх ба энэхүү бичлэг нь цаасан суурьгүй баримт бичиг буюу цахим нотлох баримт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл ба цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, ...танилцуулдаг. Тодруулбал шүүх цахим баримтыг тухайн баримтын төрөл, хэлбэрээс хамаарч түүнд агуулсан мэдээллийг тохиромжтой аргыг хэрэглэн шинжлэн судлах бөгөөд шүүх хуралдааны явцад дэлгэц байршуулан, шинжлэн судалсан болно.
5.2 Түүнчлэн зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлын тайлан гаргуулахад 98,000 төгрөгийн зардал гаргасан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0004733 дугаартай А ХХК-н Бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон тул уг зардлыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид нэмж олгох нь зүйтэй.
5.3 Хариуцагчийн татгалзлын нэг үндэслэлд , ** УНК улсын дугаартай Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэл нь О.Х-ынх бус Г ХХК-н өмч учраас түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарладаг. Уг татгалзлын хариуд О.Х нь ...Г-аас зээл аваад Т ХХК-аас автомашин зээлээр авсан, одоог хүртэл зээлээ төлж дуусаагүй учир автомашины өмчлөгчөөр Г ХХК одоог хүртэл байгаа... гэж тайлбарладаг. Шүүх О.Х нь осол болсон цаг хугацаанд тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж замын хөдөлгөөнд оролцож байсан, холбогдох эрх бүхий байгууллага зөрчлийн хэргийг шалгах явцад О.Х хохирлын үнэлгээний зардлыг төлж байсан, шүүхэд 2024-02-26 -наас хойш иргэний хэрэг үүсээд, ажиллагаа явагдаж байхад ** УНК улсын дугаартай Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөлийн аливаа маргаан үүсээгүй байна.
Иймд нэхэмжлэгч О.Х нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар шударга эзэмшигч тул өмчлөгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж, эд хөрөнгөнд учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж үзнэ.
6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т-аас гэм хорын хохиролд 1,473,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Х-т олгож шийдвэрлэв.
7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Ү-ын Миний бие энэ хэргийн үйл явдлын хууль зүйн талын мэдлэг дутмаг учир хүн ёсны талаас авч үзлээ. Тухайн өдөр хоёулаа тохиролцоод утасны дугаараа өгсөн нь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж дүгнэн нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн дагуу олгох нь зүйтэй гэх дүгнэлт нь үндэслэл бүхий гэж үзлээ.
8. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,518 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т-аас гэм хорын хохиролд 1,473,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Х-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 38,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Н.Т-аас 38,518 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Х-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ
ШҮҮГЧИД Т.БАТСҮХ
Д.УРАНЗУЛ