Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноопын Болормаа |
Хэргийн индекс | 137/2016/0069/э |
Дугаар | 75 |
Огноо | 2016-11-18 |
Зүйл хэсэг | 150.2., |
Улсын яллагч | С.Цэрэндалай |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 75
А.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж зааллдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
прокурор С.Ц,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж,
хохирогчийн төлөөлөгч Ц.Ө,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 77/А дугаар дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Бд холбогдох 201610010049 дугаартай, 2 хавтас, 358 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор С.Цгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б -нд холбогдуулан Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч А.Б нь ** *ХХК-ний Замын-Үүд дэх гэрээт борлуулагч ** *ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа давтан үйлдлээр 2015.11.14-ний өдөр Элсэн далай дэлгүүрээс өөрийн дансаар 645895 төгрөгийг, 2015.12.02-ны Ихэр-Овоо дэлгүүрээс өөрийн дансаар 2352800 төгрөгийг, 2015.12.31-ний өдөр Наран дэлгүүрээс 10571620 төгрөгийг Хаан банкны өөрийн дансаар, 2016.01.04-ний өдөр Арвай хутаг дэлгүүрээс бэлнээр 70300 төгрөг, 2016.01.05-ны өдөр Талст дэлгүүрээс бэлнээр 483570 төгрөг, 2016.02.05-ны өдөр Эс Эс дэлгүүрнээс бэлнээр 500000 төгрөг, 2016.02.08-ны өдөр Бөмбөөлэй дэлгүүрт 692400 төгрөгийн бараа өгсөн гэж барааг өөрөө авч борлуулсан, 2016.02.18-ны өдөр Сайхан хүнс дэлгүүрээс дансаар 301740 төгрөг, 2016.02.18-ны өдөр Э-Транс дэлгүүрээс бэлнээр 257385 төгрөг, 2016.02.23-ны өдөр “Ашиг Эрдэнэ” дэлгүүрээс бэлнээр 138340 төгрөг, 2016.02.25-ны өдөр Овоот дэлгүүрээс бэлнээр 152200 төгрөгийг тус тус авч нийт 16166250 төгрөгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Быг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бы тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 2 жилийн хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
шүүгдэгч А.Б нь 43 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгож,
шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Ц гаргасан эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй зэрэг байдлуудыг харгалзан үзлээ гэж дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, хуульд нийцээгүй дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно” гэжээ. Гэтэл шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн улмаас “** *” ХХК-нд 16166250 төгрөгийн хохирол учруулснаас 8480000 төгрөгийг төлж, 7686250 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайлбал: Шүүгдэгч А.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна. 800000 төгрөгийг төлсөн, өөрийн машинаа захиралдаа өгсөн. Нийт 8480000 төгрөгийг төлсөн, үлдэх 7686250 төгрөгийг график гарган төлж барагдуулахаар захиралтай гэрээ байгулсан...”, хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Өийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манай компанид нийт 16166250 төгрөгийн хохирол учирсан байсан. А.Б нь бэлэн бусаар нийт 8480000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 7686250 төгрөгийг график гарган манай компанийн захиралтай тохиролцож төлж барагдуулахаар гэрээ байгуулсан...” гэжээ. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодитой төлөгдөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 77/А дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хууль буруу хэрэглээгүй, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Учир нь Б уг хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж нөхөн барагдуулсан. Тиймээс ч иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө анхан шатны шүүх хуралдаан дээр биечлэн оролцож манай компанид төлөгдөх төлбөр байхгүй. Б нь төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж болно гэсэн мэдүүлгийг өгч энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дэх хэсгээр оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацааг тогтоосон нь хуульд бүрэн нийцсэн учраас улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн төлөөлөгч Ц.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанид нийт 16166250 төгрөгийн хохирол учирсан байсан. А.Б нь бэлэн бусаар нийт 8480000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 7686250 төгрөгийг график гарган манай компанийн захиралтай тохиролцож, 12 сард төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Одоог хүртэл мөнгө төлөгдөөгүй байгаа. Би хохирогч талыг төлөөлж байгаа, хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа шүү гэж хэлээрэй гэсэн. Тиймээс эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянахад шийтгэх тогтоолд дурдсан “...шүүгдэгч А.Быг хохирлыг нөхөн төлсөн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, энэ нь хууль ёсны, үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлжээ.
Тодруулбал шүүгдэгч А.Б нь иргэний нэхэмжлэгч байгууллага болох “** *” ХХК-нд нийт 16166250 төгрөгийн хохирол учруулснаас 8480000 төгрөгийг төлж барагдуулдсан, үлдэх 7686250 төгрөгийг хуваарь гаргаж төлөхөө илэрхийлж, компанийн захиралтай тохиролцож гэрээ байгуулсан болох нь хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Өийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон төлбөрийг цаг тухайд нь төлнө гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтын эх сурвалж зэргээр нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”-г харгалзан оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 77/А дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч А.Бд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА