| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 188/2020/0366/Э |
| Дугаар | 507 |
| Огноо | 2020-09-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 507
Г.Б, Н.О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 767 дугаар магадлалтай Г.Б, Н.О нарт холбогдох эрүүгийн 2008005270422 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, зуурмагийн машины жолооч ажилтай, ял шийтгэлгүй Б овогт Г-ын Б
2. Монгол улсын иргэн, 1983 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, Сонгинохайрхан дүүргийн 188 дугаар цэцэрлэгт туслах багш ажилтай, ял шийтгэлгүй Б овогт Н-ын О
Г.Б, Н.О нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” нэртэй караоке дотор нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Б.Д, М.Т нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчин, хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
мөн Г.Б нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Д, М.Т нарыг зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Б, Н.О нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
Г.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Н.О, Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б, Н.О нарт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хүлээлгэхээр шийдвэрлэсэн байна.
Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж 767 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б, Н.О нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар хамтран гаргасан гомдолдоо: ”Давж заалдах шатны шүүх Г.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж магадлалын 4 дэх хуудасны доод хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрт бичигдээгүй зүйлийг магадлалд тусгаж, анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж гэм буруутайд тооцсон гэсэн нь үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” асуудлыг зохицуулсан. Анхан шатны шүүх хуульд заасан шинжийг хангасан гэж үзэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан.
Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд, хэдэн гэмт хэргийн шинжийг 1 удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснээр Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах явцдаа нийтийн хэв журам зөрчин, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг давхар үйлдсэн.
Гэтэл прокурорын эсэргүүцэл, давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан 2, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн эсвэл хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 1 дэх хэсэг хамаарахгүйгээр хуульчилсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бус гэж байгаа нь үндэслэлгүй.
Давж заалдах шатны шүүх “Г.Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ” гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокурорын яллах дүгнэлтэд үндэслээд ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жил 3 сарын хугацаагаар тэнссэн байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2020 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” караокед үйлчлүүлж байсан Н.О, Б.Д нар хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж үсдэлцсэн байсныг Б.Д-ийн нөхөр М.Т-ыг салгахаар очсон байх бөгөөд энэ үед Н.О-ийн нөхөр Г.Б нь мөн очиж Б.Д-ийн нүүрэнд цохих, цээж рүү нь өшиглөх, М.Т-ын нүүрэнд цохиж, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн, тухайлбал, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа эсэх талаар буюу хэргийн зүйлчлэлийн тухайд анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт учир дутагдалтай болжээ.
Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, зан заншлыг үл тоомсорлон, ичгүүр сонжуургүй авирлан, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсамнах, доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг гэмт этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон, түүний идэвхтэй үйлдлээр илрэн гардаг билээ.
Түүнчлэн энэ гэмт хэрэг нь өөрөөсөө бусдыг дорд үзэх, илэрхий үл ойшоох басамжлах, дээрэлхэх, бүдүүлэг догшин авирлах, өөрийн ичгүүргүй зан авир, балмад жигшүүрт үйлдлээр бусдын анхаарлыг татахыг эрмэлзэх зэрэг сэдэлтэй байдаг бөгөөд өөрийгөө бусад хүмүүсээс бүх талаар илүү, давуу, гэдгийг ямар ч аргаар хамаагүй батлан харуулах зорилготой байдаг болно.
Тэгвэл хохирогчийн зүй бус ажиллагаа болон хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдах, харилцан хүч хэрэглэх нь дээр дурдсан сэдэлт, зорилгыг агуулдаггүй тул уг үйлдлийг олон нийтийн амгалан тайван байдлын алдагдуулсан гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.
Тухайн үед болсон үйл явдал хэрхэн эхэлсэн, өрнөсөн талаар хохирогч Б.Д, М.Т, гэрч Б.С, Ш.Д, Т.Э, Б.С, шүүгдэгч Н.О, Г.Б нар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд эдгээр мэдүүлгээр харилцан үсдэлцсэн эхнэрүүдээ (Б.Д, Н.О) салгахаар очсон хоёр нөхөр нь (М.Т, Г.Б) үүнд татагдан оролцож, энэ явцад Г.Б нь Б.Д, М.Т нарын эсрэг цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, хоёр эмэгтэйн хоорондох хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр эхэлсэн уг үйл явдалд хоёр нөхөр нь өөр өөрсдийн эхнэрийг өмөөрөх байдлаар оролцсоноор үргэлжилсэн байх бөгөөд үүнийг анхан шатны шүүх олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Иймд шийтгэх тогтоолын Н.О, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Харин Г.Б-д холбогдох хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэм буруу, ялын тохирооны талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон байх тул шийтгэх тогтоолын эдгээр заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Хяналтын шатны шүүхээс Н.О, Г.Б нарт холбогдох олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлал ач холбогдолгүй болсон тул уг шийдвэрийг хүчингүй болгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.Б, Н.О нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн заалтуудын бүхэлд нь хүчингүй болгож, тэдгээрт прокуророос Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын Г.Бэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр ял оногдуулсан заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 767 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН