Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 02

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн Ч.Батжаргалын нэхэмжлэлтэй мөн сумын Сонгуулийн хороонд холбогдох “Ч.Батжаргалыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амардэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн шаардлага: “Тарагт сумын Монгол ардын намын гишүүн Ч.Батжаргалыг Тарагт сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай”. Чулуунбат овогтой Батжаргал нь ...Монгол ардын намын гишүүнээр 2004 оны 05 сарын 24-нд элссэн, одоог хүртэл гишүүн хэвээр байгаа. Гэтэл сумын Сонгуулийн хороонд ИТХ-д нэр дэвшигчээр бүртгүүлэх гэсэн боловч хоёр намын гишүүнчлэлтэй гэсэн шалтгаанаар бүртгээгүй тул сонгогдох эрхээ эдэлж, эрх сэргээхийн тулд захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Сонгуулийн хороонд хандсан боловч амаар татгалзсан хариу өгсөн” гэж,

Нэхэмжлэгч Ч.Батжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”...миний бие нь 2016 оны 09 сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Тарагт сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Одоо энэ нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Батжаргал нь итгэмжлэгдсэн чөлөөлөгчөөрөө дамжуулан “Ч.Батжаргалыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай” шаардлагыг гаргасан. Гэвч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байгаа талаарх тайлбараа 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/2016/0021/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн Ч.Батжаргалын “Ч.Батжаргалыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Сонгуулийн хороонд холбогдох тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2016/0021/з/ дугаарын индэкстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ                                   Б.БАТЧИМЭГ