| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0843/Э |
| Дугаар | 884 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 884
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гансугар,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г....,
Шүүгдэгч Л....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайчинтагнуул овогт ...ийн ...-д холбогдох 1808036361057 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой тоноглолын засварчин мэргэжилтэй, хувиараа махны лангуу ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, Содон хороолол ...тоотод оршин суух, урьд
2013 оны 11 дүгээр зарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 575 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Дайчинтагнуул овогт ...ийн .../.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Л....нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй буудалд иргэн А....ыг “гар утас авлаа, ...тай хэрэлдэж маргалдлаа” гэх шалтгаанаар толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, жавьжинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи болон хэвлийн баруун доод хэсэг, цээжний зүүн хажуу дээд хэсгүүдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би орой ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирэхэд ... унтаж байхаар нь сэрээгээд чи хэнд зодуулсан юм бэ гэж асуусан чинь ... буюу ...зодсон гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад ...ыг нь хайж явж байхад манай байрны орчимд архи уудаг ...бас өөр танихгүй 3 залуутай байрны гадна талбайд сууж байсан. Тэгэхээр нь би ... дээр очоод хэн ...ыг зодсон бэ гэж асуугаад ...г чи худлаа хэлдэггүй юм байна лээ шударгаар эгчдээ хэлчих гэсэн чинь ... буюу ...зодсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 6-7 х /,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г....гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хэрэг болдог өдөр манай хүү над руу залгаад “... зодуулсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ очоод ...аас “юу болсон бэ” гэж асуухад ...“утас авлаа” гэх шалтгаанаар намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад ...гаас “...ыг хэн зодсон бэ” гэхэд “...зодсон” гэж хэлсэн. Миний охин ......ад зодуулснаас хойш сэтгэл санаагаар их унадаг байсан. Шүүгдэгчид гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3. Шүүгдэгч Л....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ..., ... хоёрыг хөөсөн чинь намайг тоохгүй хэрэлдээд байхаар нь би ...ын нүүрэн тус газарт нь 2 удаа алгадаж цохисон юм. ...ын биед учирсан гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 31 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4. Гэрч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ... эгч гар утсыг нь дамжуулчихсан байсан юм байна лээ. ... намайг цагдаагаас утас хулгайлсан гээд сэжиглээд байна гэж би ..., ...нарыг “Од” караокены дээр байдаг дэн буудалд байхад нь очиж уулзаад хэлсэн чинь ... эгч намайг чи яах гэж хэлж байгаа юм хэрэг задруулчихлаа мэдэхгүй гэхгүй яасан юм бэ гэсэн чинь ...шууд намайг цохиод би хэсэг ухаан балартаад буудлын өрөөнөөс гараад гэртээ орсон. ... миний баруун нүд хацар хавдаж хөхөрсөн, толгой шилэн хүзүү өвдөж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,
5. Гэрч С....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр найзуудын хамт архи ууж байсан чинь ... бид нар дээр ирчихээд цагдаад та нарыг хэлчихсэн гар утсыг нь өг гээд байсан юм. Тэгээд ... архи ууж байгаад ... руу чи гар утсыг нь авсан гэж хэлээд байсан. Тэгсэн чинь ... буюу ...би яахаараа гар утсыг нь авдаг юм гээд нүүр лүү нь цохиод авсан. ...намайг байхад нэг удаа нүүр лүү нь цохиж байсан. Би тэгээд гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/,
6. Шинжээчийн 8982 тоот дүгнэлт
1.А....ын биед баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, жавьжинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи болон хэвлийн баруун доод хэсэг, цээжний зүүн хажуу дээд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 9 х/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Л....ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Л....нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 06-07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй буудалд иргэн А.... “...ыг чи хүний гар утас авсан биз дээ” гэж хэлсэн асуудлаас болж түүний толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, завьжинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи болон хэвлийн баруун доод хэсэг, цээжний зүүн хажуу дээд хэсгүүдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г....гийн “...би орой ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирэхэд ... унтаж байхаар нь сэрээгээд чи хэнд зодуулсан юм бэ гэж асуусан чинь ... буюу ...зодсон гэж хэлсэн. ... ...г чи худлаа хэлдэггүй юм байна лээ шударгаар эгчдээ хэлчих гэсэн чинь ... буюу ...зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 6-7 х /,
- Шүүгдэгч Л....ын “... би ...ын нүүрэн тус газарт нь 2 удаа алгадаж цохисон юм. ...ын биед учирсан гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 31 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч А....ын “......шууд намайг цохиод би хэсэг ухаан балартаад буудлын өрөөнөөс гараад гэртээ орсон. ... миний баруун нүд хацар хавдаж хөхөрсөн, толгой шилэн хүзүү өвдөж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,
- Гэрч С....гийн “... ... буюу ...би яахаараа гар утсыг нь авдаг юм гээд нүүр лүү нь цохиод авсан. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/,
- Шинжээчийн 8982 тоот дүгнэлт
1.А....ын биед баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, жавьжинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи болон хэвлийн баруун доод хэсэг, цээжний зүүн хажуу дээд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 9 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Л....ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн дүгнэлт:
Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Шүүгдэгч Л....нь хохирогч А....ын толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 9 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.
Шүүгдэгч Л....өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Л....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч А.... КТГ-ын зураг авахуулсны төлбөр 120,000 төгрөгийн төлбөр нэхэмжилснийг төлсөн болох нь хавтаст хэргийн 77 дугаар хуудсан дахь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн.
Л....ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, урьд нь нэг удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан, хөдөлмөр эрхлэх боломжтой зэргийг харгалзан үзээд түүнд 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 120,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дайчинтагнуул овогт ...ийн ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л....ыг 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л....-д мэдэгдсүгэй.
4.Л....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 120,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л....-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ