Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01695

 

 

 

 

 

 

 

2022 09 09 210/МА2022/01695

 

 

 

Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03092 дугаар шийдвэртэй, Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.О т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,225,540 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2018 оны 06 дугаар сарын 21, 2018 оны 09 дүгээр сарын 01, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Л.О нь манай компанитай 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр БЗГ/18/06/11 тоот зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр БЗГ/18/09/01 тоот зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр БЗГ18/10/01 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээлсэн. Л.О нь зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөлгүй гэрээний 2.6, 2.8, 4.2.1, 5.6-д заасныг ноцтой зөрчсөн. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд БЗГ/18/06/11 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөр 2,250,000 төгрөг, хүү 862,500 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,612,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй.

БЗГ/18/09/01 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөр 3,665,000 төгрөг, хүү 1,881,370 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 7,546,370 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болно.

БЗГ/18/10/01 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 5,000,000 төгрөг, хүү 2,566,670 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 10,066,670 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болно.

Иймд нийт 22,225,540 төгрөгийг хариуцагч Л.О аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ф ХХК-ийн захирал Б.З болон түүний найз Э.Энхбат нар 2018 оны 04 сарын 15-нд өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ривер Гарден хотхонд үсчин гоо сайхны салон ажиллуулъя, бид 2 хөрөнгөөрөө чи үйл ажиллагаагаар хөрөнгө оруулалт хийе, эхний ээлжид 28,000,000 төгрөг бэлнээр өгч, салон ажилд орохоор орлогоос үл хамаарч сард 1,500,000 төгрөгийн цалин өгье, мөн салоны олсон орлогын ашгийн 20 хувийг чамд эзэмшүүлье гэх санал тавьсныг зөвшөөрч хамтарч ажилласан. Энэ асуудлаар гэрээ байгуулан баталгаажуулъя гэхэд янз бүрийн шалтаг тоочоод гэрээ байгуулаагүй.

Би Б.З аас амласан 28,000,000 төгрөгөө авъя гэхэд эхлээд 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг өгөхдөө компаниас мөнгө гаргаж байгаа тул гарын үсэг зуруулах хэрэгтэй байна гээд зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан.

Би түүнд хүү төлж өрөнд ормооргүй байна гэхэд зүгээр ажил эхлэхээр энэ зээлийг тэглэнэ, Япон захиралд үзүүлэх гэж л чамаар зуруулж байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед миний бие сарын 6,000,000 төгрөгийн орлоготой ажилладаг байсан ба үсчин гоо сайхны салоны ажлыг эхлүүлэхийн тулд 9 cap орлогогүй ажилласан. Ф ХХК-аас би ямар нэгэн зээл аваагүй. Зээл авч хүү төлөх санаа зорилго болон зээл авах шаардлага ч байгаагүй. Иймд би 22,225,540 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Ривер гарден хотхоны 110 м.кв талбай бүхий байранд Үсчин гоо сайхны газар байгуулахад шаардлагатай ажлуудыг хийж эхэлсэн.

2018 оны 09 дүгээр сарын 03-нд БНХАУ-ын Гуанжи хот руу Б.Энхбат, н.Э нарын хамт явж бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө судалсан. Дараа нь 2019 оны 10 дугаар сард БНХАУ руу 21 хоног явж тоног төхөөрөмжөө авчирч суурилуулсан.

Мөн 11 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Япон улсаас мэргэжилтэн ирж сургалт зохион байгуулсан. Салон 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад орж би 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилласан.

Б.З д гэрээг бичгээр байгуулъя ажлын хөлс, амлалтаа тооцъё гэхэд чамд амласан 28,000,000 төгрөгөөс үлдэгдэл 14,000,000 төгрөгийг өгч чадахгүй, салоны ашгийн 10 хувийг ч өгөхгүй гэсэн.

Б.З нь салон байгуулах ажлыг хийлгэж, аваад тохиролцсон амлалтаасаа буцаж намайг хуурч мэхэлсэн. Би хуучин ажлаа хийгээд явсан бол сард дунджаар 3,500,000-4,000,000 төгрөгийн орлого олох байсан. Надад ажлын хөлсөнд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг тус тус өгсөн. Мөн 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Б.З нь надад өгөхөөр тохиролцсон 28,000,000 төгрөгийн 14,000,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн.

Иймд Ф ХХК-тай байгуулсан гэх 2018 оны 06 дугаар сарын 21, мөн оны 09 дүгээр сарын 01, оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг дүр үзүүлэн байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, намайг тус компаниас зээл аваагүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргаагүй болно.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.О аас 10,681,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ф ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,544,040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2018 оны 6 дугаар сарын 21, 2018 оны 9 дүгээр сарын 01, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Л.О ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,100 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,150 төгрөгийн 206,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.О т, хариуцагч Л.О аас 185,854 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ф ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Ф ХХК-ийн захирал Б.З , түүний эхнэр н.Урантуяа, дүү Энхбат нарын хамт Классик бьюти ХХК-ийг байгуулаад хамтран ажилласан. Миний бие үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажилласан ба даалгасан ажлыг бүрэн хийсэн.

Ф ХХК-аас мөнгө зээлээгүй ба 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-ын Гуонжу хот руу явж тоног төхөөрөмж судалсан, 2018 оны 10 дугаар сард 21 хоног явж тоног төхөөрөмж авчирсан. Мөнгө миний данс руу орсон өдөр томилолтоор явсан ба худал ярьж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Надад 3 удаа томилолтын мөнгө өгсөн. Надад зээл авах хүсэл сонирхол байгаагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Талуудын хооронд нийт 3 удаа зээлийн гэрээ байгуулагдаж, Хаан банк ХХК дахь хариуцагчийн эзэмшлийн 5027564234 тоот данснаас 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 400,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 387,500 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 370,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг зээлийн гэрээний дугааруудыг бичсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн. Энэ талаарх баримт хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 5-7, 42-78, 204-210 дахь талуудад авагдсан.

Хариуцагч зээл авах хүсэлтээ бичгээр гаргасан. Зээлийг өөрийн дансаар хүлээн авч, эргэн төлөлтийг хйисэн. Зээлийн гэрээний дугаарыг гүйлгээний утгад бичиж зээлийн эргэн төлөлтийг хийж байсан нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болохыг нотолно. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хариуцагч нь 12 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулах хүсэлт гаргаснаар 12 сараар гэрээг байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан 12 сард хуваасан хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийдэг байсан нь зээлийн дансны хуулга болон бусад холбогдох баримтуудаар тогтоогдож байхад шүүхээс зээлийн тооцооллыг 1 сараар тооцож, тогтоосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

8.2. Шүүхээс алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

9. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Л.О т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 22,225,540 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2018 оны 06 дугаар сарын 21, 2018 оны 09 дүгээр сарын 01, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөгийн, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөгийн, 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийн тус тус зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг 30 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нь зээлийг эргэн төлөх графикийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх16-19/

 

4.а. Хариуцагч Л.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дээрх гэрээнүүдийг зээл авах зорилгоор байгуулаагүй, хамтран ажиллах үйл ажиллагааны ажлын хөлсийг зээл гэх утгаар шилжүүлсэн гэж татгалзлаа тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагчийг татгалзлын тайлбар хуульд заасан журмын дагуу баримтаар нотолсон гэж үзэх боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан гоо сайхны салоны үйл ажиллагаа хамтран явуулсан талаарх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй болно.

 

4.б. Түүнчлэн, хэргийн 1 дүгээр хавтасны 42-70 дахь талд авагдсан баримтаар хариуцагч нь 2018 оны 07 дугаар сарын 21, 08 дугаар сарын 20, 09 дүгээр сарын 19, 10 дугаар сарын 01, 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд нэхэмжлэгчийн Хаан банк ХХК дахь дансанд нийт 1,918,500 төгрөгийг БЗГ/18/06/11, БЗГ/18/09/01, БЗГ Отгонбаатар зэрэг утгаар зээл, хүүд шилжүүлснээс дүгнэвэл эдгээр баримтуудаар хариуцагчийн зээлийн гэрээ байгуулаагүй гэх татгалзлын үндэслэл няцаагдаж байна.

 

Талуудын тайлбар болон хэргийн баримтаар зохигчид үсчин гоо сайханы салоны үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтарсан Класси бьюти ХХК байгуулсан, уг салоны тоног төхөөрөмжийг оруулж тохижуулан ажиллуулж байгаа тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө нь хамтран ажиллах гэрээний болон компанийн үйл ажиллагаанд зориулан шилжүүлсэн мөнгө гэх нөхцөл байдлуудыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй. Иймд хариуцагчийн хамтран ажиллах гэрээний дагуу 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

5.а. Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Л.О ын өмчлөлд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь хэргийн 5-7 дахь талд авагдсан Хаан банк ХХК дахь Ф ХХК-ийн эзэмшлийн дансны хуулгаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцно.

 

5.б. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан, зээлийн дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

6.а. Зээлдэгч Л.О нь зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс гадна Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд зээлдүүлэгч Ф ХХК нь зээлдэгч Л.О аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

6.б. Нэхэмжлэгч нь 3 удаагийн зээлийн гэрээний дагуу нийт 12,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх ба үндсэн зээл, хүү, алдангид нийт 22,225,540 төгрөг шаардсаны зарим хэсгийг хангах үндэслэлтэй. Учир нь талууд дээрх зээлийн гэрээнүүдийг тус бүр 30 хоногийн хугацаатай байгуулж, гэрээний 2.4-т энэхүү гэрээний 2.3-т заасан хугацаа дуусмагц зээлдэгчийн хүсэлтээр гэрээг 330 хүртэлх хоногоор сунгаж болно гэж заасан байна.

 

6.в. Нэхэмжлэгчийн 3 удаагийн зээлийн хүүгийн төлбөрт шаардсан нийт 5,310,540 /862,500+1,881,370+2,566,670/ төгрөгийг анхан шатны шүүхээс багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг сунгасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн тооцооллыг буруутгахгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн тооцооллыг 1 сараар тооцсон нь буруу гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.а. Талууд гэрээний хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж заажээ.

 

7.б. Гэрээний энэ заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу үгийн шууд утгыг анхаарч нэхэмжлэгчийг хариуцагчаас алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

8.а. Хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 21, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээгээр Hyundai sonata 7 маркийн 08-39 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалжээ. /хх 87-89, 90-92/

 

8.б. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...тус автомашины бичиг баримтаас үзвэл 4 удаа өмчлөгч солигдсон, зээл авах гэж ирсэн хүн урьд барьцаанд тавьсан, энэ зээлийн гэрээнд хамааралгүй ба гэрээт ажилтан алдаа гаргасан гэх тайлбарыг гаргасныг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасанд нийцсэн тул энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

9.а. Сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Л.О нь нэхэмжлэгч Ф ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус гэрээнүүдийг дүр үзүүлсэн, хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэх агуулгаар тайлбарласан байна.

 

9.б. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхаар, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй талаар тус тус зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан зээл хүсэгчийн анкет болон хариуцагчийн гараар бичсэн зээлийн өргөдөл зэрэг баримтуудаар хариуцагчийн зээл авах хүсэл зоригийн илэрхийлэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэйгээс гадна хэргийн баримтаар хуурч мэхлэгдсэн гэх байдал тогтоогдсонгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгахгүй, хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,000 төгрөг, нэхэмжлэгч Ф ХХК-ийн төлсөн 200,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ